Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 587

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Г-т холбогдох эрүүгийн 19100 1900 0629 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ****** дугаар гудамжны ****** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын Г,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, ** дугаар байрны ** тоотод цуг байсан иргэн Х.Б-ын эзэмшлийн Айфоне 7 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 865.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:            

 

1. Шүүгдэгч Б.Г-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй. Би тухайн өдөр архи уусан байсан, хохирогчийн гар утсыг яагаад авсанаа санахгүй байгаа. Тэгээд Теди худалдааны төвийн үүдэнд зогсож байсан ченж залууд зарсан. Уг мөнгөөр нь архи аваад уусан. Би хэрэгт авагдсан эд хөрөнгийн үнэлгээтэй танилцсан, хүлээн зөвшөөрөөд хохирогчид хохирол төлбөрийг нь бүрэн төлж барагдуулсан. Би архины хамааралгүй, эх, дүү нарынхаа хамт амьдардаг. Одоогийн байдлаар нисэхэд талбайн үйлчлэгчийн ажилд орох гээд ярилцлагад нь тэнцсэн. Хохирогч надад 865.000 төгрөгөөр шинээр утас авч чадахгүй гэхээр нь үнэлгээгээр тогтоосон үнэ дээр 200.000 төгрөг нэмээд нийт 1.065.000 төгрөг хохиролд нөхөн төлсөн. Миний бие урьд нь авто замын осолд ороод тархиндаа хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар групп тогтоолгосон. Сардаа 360.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Хэрэгт холбогдсоноос хойш дахин архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадна.“ гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1900 0629 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Б-ын хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ********* тоотод эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Г-ийг бол зүс танина, Г бид хоёр урьд өмнө Нисэхэд харуулаар хамт ажилладаг байсан.

...2019 оны 8 сарын 04-ний өдөр Г, М- хоёр манай байрны гадаа хамт сууж байхаар нь би гэрээсээ гараад тэр хоёртой уулзаад, байрныхаа орчим гадаа хамт архи уусан. Тэгээд 23 цагийн орчимд бид гурав М-гийн найз гэх хүний гэрт нь очсон. Би тэр хүний нэрийг нь мэдэхгүй, гэр нь ****** дугаар байранд байсан байх.

Тэгээд бид гурав тэр айлын эзэн болох 40 орчим насны нэг эмэгтэй хүнтэй дөрвүүлээ нийлээд, 2 шил архи, том шар айраг нэгийг уусан. Тэгээд шөнө хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна, унтаж амарцгаасан юм. Би унтахдаа гар утсаа халаасандаа хийгээд унтсан. Тэгээд өглөө 06 цагийн орчим сэрээд, цаг харах гээд халааснаасаа утсаа гаргаж цаг харчихаад, утсаа хажуудаа цэнэглэж тавиад, буцаад хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Намайг 06 цагийн орчимд сэрэхэд Г сэрүүн байсан ба надаас архины мөнгө нэхээд байхаар нь би “дэлгүүр онгойхоор болъё” гэж хэлж байсан.

Тэгээд хэвтэж байхад нэг их удалгүй Г гараад явах шиг болсон ба би түүнийг миний утсыг аваад явчихна гэж бодоогүй. ...11 цагийн орчим сэрээд харахад миний утас байхгүй болсон байсан юм. Намайг сэрэхэд гэрийн эзэн гэх 40 орчим насны эгч бид хоёр л байсан. М- шөнө 01 цагийн үед гараад явчихсан юм. Би Г-аас анх утас авсан мөнгө буюу 1.590.000 төгрөгийг нэхэмжилж байна.

...Г надад учирсан бүх хохирлыг төлж барагдуулсан. Эд хөрөнгийн үнэлгээгээр миний утсыг 865.500 төгрөгөөр үнэлсэн хэдий ч Г надад 1.065.000 төгрөг өгсөн. Одоо надад Г-аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Хэргийг нь хөнгөн шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-08х/,

 

2. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ХУ2-19-460 дугаартай:

“...үнэлэгдэж буй Iphone 7 Plus маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 865.500 /найман зуун жаран таван мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 16-17х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г-ийн яллагдагчаар өгсөн:

“...Би Хан-Уул дүүрийн 10 дугаар хороо, ********* тоотод ээж Буянжаргал, охин дүү Хонгорзул нарын хамт амьдардаг. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ байгаа.

2019 оны 8 сарын 05-ны өдөр найз нар болох Б-, М- нартай Нисэхэд байрны гадаа архи хувааж уусан. Бид гурав байрны гадаа архи ууж байхад зүс таних 35 дугаар байранд байдаг хүүхэн явж байхад нь түүнийг дуудаад хамт архи уусан. Тэр хүүхэн “манай гэрт очъё” гэж санал тавиад, бид нар бөөнөөрөө гэрт нь очсон. Гэрт нь очихдоо дахин архи авсан. Тэгээд гэрт нь архи ууж байгаад архиа дуусгаад, М- “шөнө гэртээ харилаа” гээд явсан. Гэрт Б-, тэр хүүхэн, бид гурав үлдсэн.

Тэгээд хамт хоноод би өглөө дахин архи уумаар санагдаад Б-аас архины мөнгө асуухад Б “дэлгүүр онгойхоор авч өгье” гэж хэлж байсан. Би тухайн үедээ согтуу байсан болохоор өөрийгөө хянаж чадалгүй Б-ын хажуудаа цэнэглээд орхисон байсан ягаан өнгийн Айфон 7 плас утсыг нь түүнийг унтаж байхад нууцаар авч гарсан.

Тухайн утсыг Теди төв дээр очиж танихгүй хүнд 30.000 төгрөгөөр зарчихсан. Зарсан мөнгөөрөө архи аваад уучихсан. Би согтуудаа маш муухай, буруу зүйл хийсэн байна. Би дахин гэмт хэрэг хийхгүй. Би Б-т 865.000 төгрөг буюу хөрөнгө үнэлгээний компанийн гаргасан үнийн дүнг төлж барагдуулсан. Хийсэн хэргийг минь уучилж, хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Буянжаргалын мэдүүлэг /хэргийн 14х/, шүүгдэгч Б.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 20х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 23х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Г-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, ** дугаар байрны ** тоотод цуг байсан иргэн Х.Б-ыг унтаж байхад нь цэнэглээд орхисон түүний эзэмшлийн Айфоне 7 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 865.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Х.Б-ын: “...Би ...2019 оны 8 сарын 04-ний өдөр Г, М- хоёр манай байрны гадаа хамт сууж байхаар нь би гэрээсээ гараад тэр хоёртой уулзаад, байрныхаа орчим гадаа хамт архи уусан. Тэгээд 23 цагийн орчимд бид гурав М-гийн найз гэх хүний гэрт очсон. Тэгээд бид гурав тэр айлын эзэн болох 40 орчим насны нэг эмэгтэй хүнтэй дөрвүүлээ нийлээд, 2 шил архи, том шар айраг нэгийг уусан. ...шөнө хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна, унтаж амарцгаасан юм. Би унтахдаа гар утсаа халаасандаа хийгээд унтсан.

Тэгээд өглөө 06 цагийн орчим сэрээд, цаг харах гээд халааснаасаа утсаа гаргаж цаг харчихаад, утсаа хажуудаа цэнэглэж тавиад, буцаад хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Намайг 06 цагийн орчимд сэрэхэд Г сэрүүн байсан ба надаас архины мөнгө нэхээд байхаар нь би “дэлгүүр онгойхоор болъё” гэж хэлсэн юм. Тэгээд хэвтэж байхад нэг их удалгүй Г гараад явах шиг болсон ба би түүнийг миний утсыг аваад явчихна гэж бодоогүй. ...11 цагийн орчим сэрээд харахад миний утас байхгүй болсон байсан юм.

Намайг сэрхэд гэрийн эзэн гэх 40 орчим насны эгч бид хоёр л байсан. М- шөнө 01 цагийн үед гараад явчихсан юм. Би Г-аас анх утас авсан мөнгө буюу 1.590.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Г надад учирсан бүх хохирлыг төлж барагдуулсан. Эд хөрөнгийн үнэлгээгээр миний утсыг 865.500 төгрөгөөр үнэлсэн хэдий ч Г надад 1.065.000 төгрөг өгсөн. Одоо надад Г-аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Хэргийг нь хөнгөн шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07, 08х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ХУ2-19-460 дугаартай:

“...үнэлэгдэж буй Iphone 7 Plus маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 895.500 /найман зуун ерөн таван мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 16-17х/,

- шүүгдэгч Б.Г-ийн: “...Би 2019 оны 8 сарын 05-ны өдөр найз нар болох Б-, М- нартай Нисэхэд байрны гадаа архи хувааж уусан. Бид гурав байрны гадаа архи ууж байхад зүс таних 35 дугаар байранд байдаг хүүхэн явж байсан, бид гурав түүнийг дуудаад хамт архи уусан. Тэр хүүхэн “манай гэрт очъё” гэж санал тавиад, бид нар бөөнөөрөө гэрт нь очсон. Гэрт нь очихдоо дахин архи авсан.

Тэгээд гэрт нь архи ууж байгаад архиа дуусгаад, М- шөнө гэртээ харилаа гээд явсан. Гэрт Б-, тэр хүүхэн бид гурав үлдсэн. Тэгээд хамт хоноод би өглөө дахин архи уумаар санагдаад Б-аас архины мөнгө асуухад Б “дэлгүүр онгойхоор авч өгье” гэж хэлж байсан. Би тухайн үедээ согтуу байсан болохоор өөрийгөө хянаж чадалгүй Б-ын хажуудаа цэнэглээд орхисон байсан ягаан өнгийн Айфон 7 плас утсыг нь түүнийг унтаж байхад нууцаар авч гарсан. Тухайн утсыг Теди төв дээр очиж танихгүй хүнд 30.000 төгрөгөөр зарчихсан. Зарсан мөнгөөрөө архи аваад уучихсан. Би согтуудаа маш муухай буруу зүйл хийсэн байна, би дахин гэмт хэрэг хийхгүй. Би Б-т 865.000 төгрөг буюу хөрөнгө үнэлгээний компанийн гаргасан үнийн дүнг төлж барагдуулсан. Хийсэн хэргийг минь уучилж, хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44х/ болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн эзэмшилийнх болгож захиран зарцуулах бодит бололцоо бий болсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох материаллаг болон хэлбэрийн шинжтэй байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан.

 

Б.Г нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, ** дугаар байрны ** тоотод цуг байсан иргэн Х.Б-ыг унтаж байхад нь цэнэглээд орхисон түүний эзэмшлийн Айфоне 7 плас загварын гар утсыг авч, бусдад зарж борлуулан, мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулж ашигласан болох нь нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах”  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

 

Прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгч Б.Г-ийн гэмт үйлдэлд нь тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван  мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус тооцох, нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар хуульчилан тогтоосон.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-ын эд хөрөнгөд учирсан хохирлыг 865.500 төгрөг гэж тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ХУ2-19-460 дугаартай үнэлгээний дүгнэлт, тайлан /хэргийн 16-17х/ хэрэгт авагдсан ба уг үнэлгээний тайлан дүгнэлтийг эрх бүхий хөрөнгийн үнэлгээчин гаргасан, хохирогч болон шүүгдэгч нь талууд дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хууль ёсны үндэслэл бүхий гэж дүгнэсэн болно.

 

Хохирогч Х.Б-т учирсан эд хөрөнгийн хохиролд шүүгдэгч нь 1.065.000 төгрөг нөхөн төлсөн түүний хэрэгт хохирогчоор өгсөн “...Г нь надад учирсан бүх хохирлыг төлж барагдуулсан. Дамно компанийн үнэлгээ 865.500 төгрөг болсон хэдий ч Г нь надад 1.065.000 төгрөг өгсөн. Одоо Г-аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй, хэргийг хөнгөн шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 8х/, байримтаар тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Г нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай тэмдэглэгдсэн /хэргийн 23х/ байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

 

Шүүх, шүүгдэгч нь хорих ял шийтгүүлж болох Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлж арилгасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Х.Б нь гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.   

 

Шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Б нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ын Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Б.Г-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан Б.Г-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу  ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт Б.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Б нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД