Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00421

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хасбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Мөнгөн Харандаа ХХК-д холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал бүгд 27463741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00372/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Мөнгөн Харандаа ХХК нь Хас банкны Булган салбараас 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 1310007871 тоот зээлийн гэрээгээр 30000000 төгрөгийн зээлийг сарын 2.5% хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэн авсан бөгөөд барьцаа хөрөнгөд үл хөдлөх, хөдлөх хөрөнгө барьцаалсан. Зээлдэгч Мөнгөн Харандаа ХХК нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг сар бүр хэтрүүлдэг байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр банкны зүгээс хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг сунгаж, зээлийн ангилалыг хэвийн болгож, үндсэн төлбөрөөс чөлөөлж өгч байсан. 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй 121 хоног хугацаа хэтрээд байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй, зээлийг төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлэх бүрэн боломжтой байгаа боловч зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд заасан үүргүүдээ зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 24475511.12 төгрөг, хүү 2948178.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14052.09 төгрөг, нотариатын зардал 26000 төгрөг, нийт 27463741 төгрөгийг Мөнгөн Харандаа ХХК-аас гаргуулж мөн зээлдэгч нарын өмчлөлийн эд хөрөнгөөр зээлийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Мөнгөн Харандаа ХХК-ийн захирал Г.Энхбилэг, М.Бямбадорж нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкны нэхэмжлэлтэй 27437741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Хас банкны нэхэмжлэлтэй Мөнгөн Харандаа ХХК холбогдох 27437741 төгрөгийг хариуцагч Мөнгөн Харандаа ХХК-ийн захирал Г.Энхбилэг, М.Бямбадорж бид нар төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлөхдөө 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хас банкны Булган аймаг дахь салбар нь Мөнгөн Харандаа ХХК-д холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал бүгд 27437741 төгрөг гаргуулаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 27437741 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Мөнгөн Харандаа ХХК-д холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал бүгд 27437741 /хорин долоон сая дөрвөн зуун гучин долоон мянга долоон зуун дөчин нэгэн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 295269 /хоёр зуун ерэн таван мянга хоёр зуун жаран есөн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 147634 /зуун дөчин долоон мянга зургаан зуун гучин дөрвөн/ төгрөг, хариуцагчаас 147634 /зуун дөчин долоон мянга зургаан зуун гучин дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН