Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 581

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл /томилолтоор/,

шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Н.М- холбогдох эрүүгийн 1710008120099 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.М- нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн ажилчдын байранд амарч байсан Ц.И-ийн өмдний халааснаас түрийвчийг нь хулгайлан дотор нь байсан Хаан, Голомт банкны карт, цахим үнэмлэх зэргийг авч Хаан банкны данснаас 98.000 төгрөг, Голомт банкны данснаас 353.790 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1710008120099 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ц.И- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн гахайн аж ахуйд гахайчин ажилтай юм. Би 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлынхаа Нямдорж, Одончимэг, Нямгэрэл, Энхзул, Алтантуяа, Г-, Мягмарбаяр нарын хамт Нисэхийн караокед орж пиво уусан. Ажилчдын байранд  Б- үлдсэн. Бид нар шөнө 01 цаг 30 минутын үед “Аеро” баарнаас гарч байрандаа ирсэн. Г-, Мягмарбаяр бид гурвыг ирэхэд Б- унтаж байсан. Мягмарбаяр найз эмэгтэйтэйгээ утсаар яриад байсан харин би унтсан. Өглөө 07 цагийн үед сэрэхэд Мягмарбаяр байхгүй байхаар нь “ажилдаа гарсан юм болов уу” гэж бодоод ажлынхаа байранд ирэхэд алга байсан. Манай ажлын ахлах Нямдорж Мягмарбаярын утас руу нь залгасан чинь эмэгтэй хүн аваад “энэ хүн чинь үхлээ ш дээ” гээд орилж байгаад салгасан. Тэрнээс хойш утас руу нь залгасан боловч холбогдоогүй. Орой ажлаа тараад түрийвчээ үзтэл байхгүй байсан. Тэгээд би түрийвчин дотор байсан Хаан, Голомт банкны картуудаа хаалгасан. Картаа хаалгахаасаа өмнө Голомт банкны лавлах руу залгаад “миний картнаас мөнгө гарсан байна уу, та шалгаад өгөөч” гэхэд “таны картнаас нийт 11 удаагийн давтамжтай 353.790 төгрөгний гүйлгээ хийсэн байна” гэсэн. Мягмарбаяр Хаан банкны картнаас 80.000 төгрөг авсан байна. Миний түрийвчинд Хаан, Голомт банкны карт, иргэний үнэмлэх зэрэг байсан. Би Хаан банкны картаа 5.000 төгрөг, Голомт банкны картаа 9.000 төгрөг, хүрэн өнгийн арьсан түрийвч 15.000 төгрөг, иргэний үнэмлэхээ 25.000 төгрөгөөр үнэлж байна. Надад нийт 433.790 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг барагдуулчихвал гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/,

 

Гэрч Д.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн харьяа гахайн аж ахуйд гахайчин ажилтай юм. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай ажилчдын цалин буусан. Манай нэг ажилтаны төрсөн өдөр болоод бид Нисэх рүү очиж караокед сууж байгаад И-, Мягмарбаяр бид 3 ажилчдынхаа өрөөнд ирэхэд Б- унтаж байсан. Б-ийг сэрээгээд 4-үүлээ жаахан юм ярьж байгаад унтсан. Өглөө 07 цаг 10 минутын үед сэрэхэд Мягмарбаяр байхгүй байхаар нь “эрт ажил руугаа явсан юм байхдаа” гэж бодоод И-, Б- бид 3 ажил руугаа явсан. Ажилд дээр очиход Мягмарбаяр ажлын байрандаа байхгүй байсан. 16 цаг өнгөрч байхад И-, Б- 2 ажлаасаа түрүүлж буугаад, араас нь би өрөөндөө очиход И- дэлгүүр рүү явахаар болж түрийвчээ үзэхэд түрийвч нь алга болсон байсан. Б-, И- бид 3 түрийвчийг нь хамт хайсан боловч олоогүй. И-ийн Хаан болон Голомт банкны картнуудаас мөнгө уншуулсан байхаар нь тэрээр Хаан, Голомт банкны данснуудаа хаалгуулсан. Би И-ийн картнуудаас хэдэн төгрөг авсныг мэдээгүй. И- хэлэхдээ “Мягмарбаяр миний түрийвчийг аваад явсан нь тодорхой боллоо” гээд цагдаад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн харьяа гахайн аж ахуйд фермерийн инженер ажилтай юм. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажилчдын цалин буугаад Нисэх рүү караокед суухаар явсан. Би тэр үед 3 хоног нойргүй ажилласан тул ажилчдын өрөөндөө унтаад хоцорсон. Намайг унтаж байхад манай өрөөнд байдаг И-, Мягмарбаяр, Г- 3-уулаа орж ирэхээр нь хамт 1 цаг гаруй юм ярьж байгаад унтсан. Өглөө 06 цагийн үед сэрэхэд Мягмарбаяр байхгүй байхаар нь “түрүүлээд ажил руугаа орчихсон юм байхдаа” гэж бодоод буцаж унтаад 07 цаг 30 минутын үед сэрээд ажил дээрээ очиход Мягмарбаяр ажил дээр байхгүй байсан. 16 цаг өнгөрч байхад И- бид хоёр ажлаасаа буугаад өрөөндөө орж ирээд И- мөнгөний хэрэг гараад түрийвчээ үзэхэд түрийвч нь алга болсон байсан. Би И-тэй хамт түрийвчийг нь хайсан боловч олоогүй. Тэгээд И- Хаан банкны дансаа хаалгуулсан. И- хэлэхдээ “Мягмарбаяр миний түрийвчийг аваад явсан нь тодорхой боллоо” гээд цагдаад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

 

Хохирогчийн Голомт, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 44-46-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: хүрэн өнгийн түрийвч 10.800 төгрөг, Хаан банкны карт 5.000 төгрөг, Голомт банкны карт 5.000 төгрөг, цахим үнэмлэх 18.500 төгрөг, нийт 39.300 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 80-81-р хуудас/,

Шүүгдэгч Н.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд гахайн аж ахуйн фермд гахайчинаар ажиллаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай ажлынхан цалин буусан гээд Нисэх рүү очиж караокед сууж пиво ууцгаасан. Бид 22 цаг өнгөрч байхад ажилчдын байр руугаа явсан. Би И-ийг унтаж байхад нь өмдний халаасанд нь байсан түрийвчийг аваад тэр шөнөдөө гахайн фермээсээ явсан. Замдаа 19-н үйлчилгээний төвийн АТМ-ээс И-ийн Хаан банкны виза картнаас 100.000 төгрөг авсан. Тэгээд би цайз 16-д хөлсний байр түрээслэсэн. 2 хоногийн хугацаанд И-ийн Голомт банкны виза картнаас нийт 400.000 гаруй төгрөгөнд дэлгүүрээс хоол унд, архи, пиво авсан. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр И- над руу яриад “дүүгийнхээ түрийвчийг хулгайлсан байна, дотор нь байсан виза картнаас мөнгө авсан байна, та үнэнээ хэлээд хүрээд ирвэл дүү нь цагдаад өгөхгүй” гэж хэлэхээр нь хаширлаад утаснуудаа хаагаад очоогүй. ...Би И-ийн Хаан, Голомт банкны виза картны нууц дугааруудыг мэддэг байсан. Урьд нь И- намайг дэлгүүр рүү ундаа, тамхинд явуулахдаа виза картуудаа өгч явуулж байсан юм. Тухайн өдөр ажилчдын цалин буусан, бас надад мөнгө хэрэгтэй болж миний шунал хөдлөөд хулгай хийсэн. Би картнаас авсан мөнгөнүүдээ хувийн хэрэгцээндээ зарцуулаад 2 хоногт үрж дууссан. Би Ц.И-ийн Хаан банкны картнаас нь Хан-Уул дүүргийн 19-н автобусны буудлын хойд талын Хаан банкны АТМ-с 3 удаа 18.000, 60.000, 20.000 төгрөгийн гүйлгээ хийж нийт 98.000 төгрөг авсан. Тэгээд автобусанд суугаад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Кино үйлдвэрийн буудлын баруун талд байдаг “Хатантулга” хүнсний дэлгүүр орж Голомт банкны картнаас нь 11 удаа гүйлгээ хийж 353.790 төгрөгний архи, пиво, хүнсний бүтээгдэхүүн авсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байсан учраас зарим нэг гүйлгээгээ санахгүй байна. Ц.И-ийн түрийвчтэй баримт бичиг болон Хаан, Голомт банкны виза картыг нь архи ууж явж байгаад хаяж гээгдүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Н.Отгонсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, гэрч Ч.Нарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/62 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 73-75-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.М-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Н.М- нь 2017 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн ажилчдын байранд хамт амьдарч байсан хохирогч Ц.И-ийн халааснаас “Хаан”, “Голомт” банкны карт, мөн иргэний үнэмлэх бүхий эд зүйлстэй түрийвчийг авч, “Хаан” банкны данснаас 98.000 төгрөг, “Голомт” банкны  данснаас 353.790 төгрөгийг хууль бусаар хулгайлан авч, нийт 491.090 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.И-ийн ...Өглөө 07 цагийн үед сэрэхэд Мягмарбаяр байхгүй байхаар нь “ажилдаа гарсан юм болов уу” гэж бодоод ажлынхаа байранд ирэхэд алга байсан. ...Орой ажлаа тараад түрийвчээ үзтэл байхгүй байсан. Тэгээд би т Голомт банкны лавлах руу залгаж мөнгөний зарлага гарсан эсэхийг лавлахад “таны картнаас нийт 11 удаагийн давтамжтай 353.790 төгрөгний гүйлгээ хийсэн байна” гэсэн. Миний тооцоолж байгаагаар Мягмарбаяр Хаан банкны картнаас 80.000 төгрөг авсан байна. ...Надад нийт 433.790 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг барагдуулчихвал гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/,

Гэрч Д.Г-ийн ...Өглөө 07 цаг 10 минутын үед сэрэхэд Мягмарбаяр байхгүй байхаар нь “эрт ажил руугаа явсан юм байхдаа” гэж бодоод И-, Б- бид 3 ажил руугаа явсан. Ажилд дээр очиход Мягмарбаяр ажлын байрандаа байхгүй байсан. 16 цаг өнгөрч байхад И-, Б- 2 ажлаасаа түрүүлж буугаад, араас нь би өрөөндөө очиход И- дэлгүүр рүү явахаар болж түрийвчээ үзэхэд түрийвч нь алга болсон байсан. Б-, И- бид 3 түрийвчийг нь хамт хайсан боловч олоогүй. И-ийн Хаан болон Голомт банкны картнуудаас мөнгө уншуулсан байхаар нь тэрээр Хаан, Голомт банкны данснуудаа хаалгуулсан. Би И-ийн картнуудаас хэдэн төгрөг авсныг мэдээгүй. И- хэлэхдээ “Мягмарбаяр миний түрийвчийг аваад явсан нь тодорхой боллоо” гээд цагдаад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

Гэрч Б.Б-ий ...Өглөө 06 цагийн үед сэрэхэд Мягмарбаяр байхгүй байхаар нь “түрүүлээд ажил руугаа орчихсон юм байхдаа” гэж бодоод буцаж унтаад 07 цаг 30 минутын үед сэрээд ажил руугаа очиход Мягмарбаяр ажил дээрээ байхгүй байсан. 16 цаг өнгөрч байхад И- бид хоёр ажлаасаа буугаад өрөөндөө орж ирээд И- мөнгөний хэрэг гараад түрийвчээ үзэхэд түрийвч нь алга болсон байсан. Би И-тэй хамт түрийвчийг нь хайсан боловч олоогүй. Тэгээд И- Хаан банкны дансаа хаалгуулсан. И- хэлэхдээ “Мягмарбаяр миний түрийвчийг аваад явсан нь тодорхой боллоо” гээд цагдаад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

 

Хохирогчийн Голомт, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 44-46-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: хүрэн өнгийн түрийвч 10.800 төгрөг, Хаан банкны карт 5.000 төгрөг, Голомт банкны карт 5.000 төгрөг, цахим үнэмлэх 18.500 төгрөг, нийт 39.300 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 80-81-р хуудас/,

 

Шүүгдэгч Н.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Би И-ийг унтаж байхад нь өмдний халаасанд нь байсан түрийвчийг нь аваад тэр шөнөдөө гахайн фермээсээ явсан. ...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр И- над руу яриад “дүүгийнхээ түрийвчийг хулгайлсан байна, дотор нь байсан виза картнаас мөнгө авсан байна, та үнэнээ хэлээд хүрээд ирвэл дүү нь цагдаад өгөхгүй” гэж хэлэхээр нь хаширлаад утаснуудаа хаагаад очоогүй. ...Би И-ийн Хаан, Голомт банкны виза картны нууц дугааруудыг мэддэг байсан. ...Би Ц.И-ийн Хаан банкны картнаас нь Хан-Уул дүүргийн 19-н автобусны буудлын хойд талын Хаан банкны АТМ-с 3 удаа 18.000, 60.000, 20.000 төгрөгийн гүйлгээ хийж нийт 98.000 төгрөг авсан. Мөн Голомт банкны картнаас нь 11 удаагийн гүйлгээ хийж 353.790 төгрөгний архи, пиво, хүнсний бүтээгдэхүүн авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          Иймд шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

                 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:

                  Хохирогч Ц.И-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 39.300 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 80-81-р хуудас/, Хаан банкны данснаас 98.000 төгрөг, Голомт банкны данснаас 353.790 төгрөг, нийт 491.090 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь хохиролд 491.090 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 122-р хуудас/ гэсэн хүсэлт шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар.

           

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж заажээ.

Гэмт хэрэг 2017 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө гарсан ба шүүхийн шатанд шүүгдэгч Н.М- нь урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, хаана байгаа нь тогтоогдохгүй гэх үндэслэлээр 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба  2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа” дуусаагүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Н.М-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т 06 сарын хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амараас “хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, оргон зайлсан хугацаанд өөрчлөгдөж гэр бүлтэй болж төлөвшсөн, эхнэр нь жирэмсэн, тогтмол орлоготой болсон зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Н.М-  нь шүүхийн шатнаас оргон зайлсан үндэслэлээр 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байсан боловч 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн санаачилгаар шүүх дээр ирсэн ба тэрээр хувиараа ногоо тарьж хөдөлмөр эрхэлж орлого олдог болсон нь банкин дахь харилцах дансны хуулгаар, тэрээр тодорхой оршин суух хаягтай, гэр бүлтэй болсон төдийгүй эхнэр нь 6 сартай жирэмсэн болох нь жирэмсэн эхийн хөтөч картаар, хохирогч Ц.И-т учруулсан 491.090 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ын 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг /хх-ийн 20-р хуудас/ нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож шүүхээс оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцон, үлдэх 492 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Тайж овогт Нарантуяагийн Мягмарбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Н.М-ыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.М-ын цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон хасч, үлдэх 492 /дөрвөн зуун ерэн хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.М-т мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.М- нь хохирогч Ц.И-т 491.090 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР