| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2021/00307/И |
| Дугаар | 204/МА2025/00021 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 204/МА2025/00021
2025 оны 10 сарын 20 204/МА2025/00021
Д.Т, С.Я нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нэхэмжлэгч С.Я,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Золзаяа /цахимаар/,
Хариуцагч Б.Б,
Хариуцагч Д.А,
Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Адъяатогтох,
Нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 314/ШШ2025/00375 дугаар шийдвэртэй Д.Т, С.Я нарын нэхэмжлэлтэй Б.Б, Д.А, Ц.Г нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Г, Б.Б, Д.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Т-ын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд эхнэр С.Я-ийн хамт шатахуун борлуулах зорилгоор очсон. Тэгэхэд ***-ийн аманд алтны бичил уурхай ажиллуулж байсан *** сумын *** дүгээр сургуулийн захирал Б.Б найз Д.А, Ц.Г гэх залуучуудтай хамтран уурхай ажиллуулж байсан бөгөөд надтай уулзаж зээлээр дизель түлш өгөхийг хүссэн. Би Б.Б-тай нэг суманд адилхан төрийн байгууллага удирдаж ажиллаж байсан тул мөнгөө найдвартай өгнө гэсэн итгэлээр эхлээд 2016 оны 7 дугаар сарын 16-нд 14,310 литр дизель түлш, дараа нь 2021 оны 7 дугаар сарын 23-нд 10,000 литр дизель түлшийг тус тус өгсөн.
Дараа нь эдгээр залуучуудын хойноос Баянхонгор аймгийн ***, *** гэх газарт хойноос нь очоод хүнд байдалтай байхад нь ажил, албаны шугамаар тусламж, дэмжлэг үзүүлж байсан. Эхний үед түлш тооцооны төлбөрийг өгч байсан боловч төлбөрийг төлөхгүй байгаагаас бид нар *** ХХК-ны өмнө гэрээний үүргээ биелүүлж чадахгүй өөрсдөө өр төлбөрт орж, улмаар шатахуун тээврийн авто машинаа хураалгасан боловч өр төлбөрийг гүйцэд төлж чадаагүй хүнд байдалд байна.
Тухайн үед Б.Б-аас бусдыг нь огт таньдаггүй байсан бөгөөд ганцхан түүнд итгэж явсаар ийм хүнд байдалд орсон. 2020 оны 8 дугаар сард *** суманд очиж Б.Б-тай уулзах гээд гэрт нь удаа дараа очиход зугтаагаад уулзаагүй бөгөөд утсаар ...та нар өдий хүртэл хүлээсэн юм чинь 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүлээчих... гэсэн боловч нэг ч төгрөг өгөөгүй. Мөн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ***-т найз Д.А-ынх нь гэрийг олж уулзахад сар бүр 1,000,000 төгрөг төлөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй.
Манай гэр бүлийн хувьд эдгээр залуучуудад итгэл үзүүлэн, эрхэлж байгаа ажилд нь тусалж дэмжсэн хэдий ч мөнгө өгнө гэж хуурсаар цаг хугацаа алдсан тул 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч С.Я анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.А, Ц.Г нарыг худлаа хэлүүлж, бид нараас авсан түлшийг аваагүй гэж гүтгэж байгаа хүн нь Б.Б гэж үзэж байгаа. Д.А бид нар хурдан өгөөд дуусгачихъя, сая, сая төгрөгөөр нь өгөөд ч хамаагүй дуусгана гэж хэлж байсан. 2016 оны 06 дугаар сараас эхлээд авч эхэлсэн. 29810 литр түлшний 20000000 төгрөг үлдчихсэн байгаа энэ мөнгийг 3 хүнд хуваахаар нэг хүнд 6600000 төгрөг л оногдоно. Амьдрал хэцүү байгаа л гээд байх юм. Бид нарын амьдрал ч гэсэн сайн яваад байгаа юм байхгүй байна. 6600000 төгрөгөөсөө 600000 төгрөг юм уу 1000000 төгрөгийг хасаад өгчих л дөө. Өдөр, хоног тооцъё гэвэл би хүлээн зөвшөөрнө. Д.А надад зовлонгоо хэлээд саяхан эхнэр аваад хүүхэдтэй болсон гэж хэлж байсныг нь би ойлгоод л хүлээсэн. Жинхэнэ баруун зүүнээрээ түлшийг хүлээж авсан хүн нь Д.А. Хэчнээн литр түлшийг яаж хүлээж авснаа дэвтэр дээрээ бичиж хүлээж авсан нь Д.А. Би хөлөө гэмтээгээд тэр асуудлаар олон жил явсан. Хөлийнхөө асуудлаас гадна даралт ихсээд зүрхний асуудалтай байгаа. Энэ асуудлаас болоод хэсэг хугацаанд эмнэлгээр явсан. Энэ хүндэтгэн үзэх шалтгаан мөн. Анхнаасаа тохиролцсон шүү дээ. Хэрвээ хүлээж авсан гээд гарын үсэг зуруулаад баримттай байсан бол энэ асуудал аль хэдийн шийдэгдчихсэн байсан байх. Тэгээд 29810 л түлш авчихаад аваагүй гэж гүрийгээд байх юм. Ч, А гэж шилжүүлсэн мөнгөнүүд та нарын шилжүүлсэн мөнгө биш. 11000000 төгрөгийн А гэдэг нь А-ын шилжүүлсэн мөнгө. Энэ мөнгийг та нар андуурах хэрэггүй. Яасан ч байсан та гурав түлш авсан. Одоо би *** ХХК-д өртэй явсаар түлш ордог машинаа хураалгасан. Би та нарт түлш зээлүүлснээрээ өөрөө давхар давхар өрөнд орж байна. Тэр ***-ийн гол дээр уулзаж байхад ах, эгч хоёр нааш цааш явсан замынхаа зардалд хэрэглэчихээрээ гээд бараг тэврэлцээд салцгаасан. Бор хавтастай дэвтрийн баруун доод талд юу гэж бичиж байснаа ч мэдэж байна. Бүр нарийн тооцох юм бол 20000000 төгрөгөөс ч илүү мөнгө байгаа гэв.
3. Хариуцагч Ц.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэн миний нэр дээр төлбөрийн мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Миний бие 2016 оны 7-9 дүгээр сар хүртэл зун ажлын амралтаараа *** сумын *** гэдэг газарт өөрийн найз Ц.Г, Д.А нарын уул уурхайн ажилд тусалж хамтран ажиллаж байтал манай суманд цагдаагийн дарга хийж байсан Д.Т 2016 оны 07 дугаар сард манай уурхай дээр ирж ах нь түлшний бизнес хийж байгаа уурхайнуудаар яваад ирлээ ахынхаа бизнесийг дэмжиж түлш ав гэхээр нь одоохондоо бэлэн мөнгө байхгүй зээлээр авч мөнгөө цувруулж өгч байя гэж тохиролцоод 2016 оны 07 дугаар сард 5 тонн түлш, 2016 оны 8 дугаар сард 6 тонн түлш, мөн 8 дугаар сарынд 8 тонн түлш авсан бөгөөд Д.Т-ын хэлж байгаа шиг 2 удаа 24310 л түлш аваагүй бөгөөд 3 удаа 20 тонн түлш авсан. Манай уурхай 5 тонн литрийн багтаамжтай нэг ёмкос, 3 тонн 800 литрийн багтаамжтай нэг ёмкостой байсан бөгөөд 10 тонн, 14 тонн авах сав ч байхгүй байсан. Харин сүүлийн удаа түлш авахад түлшний машиныхаа тоолуурын хошууны ард хаймар хайчилж хийгээд дутуу шахаж байсныг илрүүлж өмнө нь бас ингэж биднийг хуурч байсан юм уу гэж уурлахад санаандгүй хаймар орсон байна уучлаарай гээд энэ түлшнээсээ 100 л түлш хасаж тооцъё гэж байсан. Иймд нийт авсан 19900 л түлшний 31,850,000 төгрөгийн тооцоо хийхээс манай уурхайгаас алт авдаг байсан П.Д-оор 10,600,000 төгрөг шилжүүлсэн. Д.Т-ыг 2021 оны 08 дугаар сард уурхай дээр ирэхэд миний бие 900000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд надтай хамт Д.А хамт байсан. Мөн найз Ц.Г, Д.А нар Баянхонгор аймгийн ***, *** гэх газарт уурхай ажиллуулах гэж очсон үедээ Д.Т, эхнэр С.Я нарыг өр нэхэж очих үед тухайн үеийн ханшаар 2,310,000 төгрөгийн 30.4 грамм алт өгсөн. Мөн Ц.Г эхнэр Д.Б-ийн данснаас 2,000,000 төгрөг шилжүүлж нийт 27,850,000 төгрөг өгч одоо 4,000,000 төгрөгийн өр үлдсэн бөгөөд түүнийгээ одоо хүртэл өгч чадаагүй нь үнэн. Бид үлдэгдэл өрийг тооцоо хийж өгнө гэж олон удаа хэлж байсан бөгөөд алт олдохгүй, техникийн эвдрэл их, зарлага өндөр байснаас уул уурхайн ажил бүтэлгүйтэж олон хүнд өртэй болж үйл ажиллагаа маань зогссон, манай 2 найз хоёулаа эрхэлсэн ажилгүй, би цалингийн зээлтэй тул өгөх боломж бололцоо байхгүй өдийг хүрсэн. Харин Д.Т 2 жил шахам чимээгүй байж байснаа утсаар ярихдаа болон уулзах үедээ бид олон жил хохирч байна хүү, алдагдал, хохирлоо төлүүлж 20-оод сая төгрөг авна гэж ярьдаг байсан. Би болон миний найзууд танд тийм их мөнгө өгч чадахгүй. Танд өгөх ёстой мөнгөө л өгнө гэж хэлдэг байсан. Ц.Г, Д.А бид гурав уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байхдаа бүх юм аа бичдэг дэвтэр дээр Д.Т-ын түлшний тооцоо бүх өгсөн мөнгөний тооцоо байгаа хамт сууж нийлье гэхээр хүлээж авдаггүй, уулздаггүй байсан гэжээ.
4. Хариуцагч Ц.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны зун *** сумын *** хэмээх газар алтны бичил уурхай ажиллуулж байхад уг нэхэмжлэлд хариуцагчаар татагдаж байгаа Б.Б нь зуны амралтаараа бидэнд туслах зорилгоор бидэнд туслах зорилгоор хамт ажиллаж байсан. Тухайн үед Д.Т эхнэр С.Я нар Улаанбаатар хотоос түлш зөөж алтны уурхайнуудаар борлуулдаг байсан бөгөөд манай уурхай дээр ирж түлш авах уу гэж асуухад Б.Б Д.Т-ыг таньдаг учраас зээлээр түлш авч мөнгөө цувруулж өгч байхаар тохиролцож 2016 оны 07 дугаар сард 5000 л, 2016 оны 8 дугаар сард 7000 л , 8000 л түлш тус тус зээлээр авч нийт 20000 л түлш авсан. Харин сүүлд түлш өгөхдөө дутуу шахсан гэх маргаанаас болж 100 л түлш хасахаар болсон юм. Тухайн үед 1 л түлшийг 1600 төгрөгөөр авсан байсан. Иргэн Д.Т-д нийт 19900 л түлшний 31,850,000 төгрөг өгөхөөс манай уурхайгаас алт авдаг байсан П.Д-оор 10,600,000 төгрөг, найз П.О-аар 10,000,000 төгрөг, эхнэр Д.Б-ийн дансаар 2,000,000 төгрөг шилжүүлж Д.Т-ыг манай уурхай дээр ирэхэд нь Б.Б, Д.А нар 90,0000 төгрөг, миний бие 2,000,000 төгрөг бэлнээр, Баянхонгор аймгийн *** *** байхдаа Д.А бид хоёр Д.Т, С.Я нарт 2,310,000 төгрөгийн алт өгсөн. Дээрх мөнгө шилжүүлсэн хүмүүс Б-аас, М-аас, Ц.Г-оос гэх мэт Д.Т-ын эхнэр С.Я-ийн данс руу мөнгө шилжүүлсэн ба банкны баримтууд нь гэрчлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл гэрчээр дуудаж болно. Мөн бэлэн мөнгө өгсөн нь бидний уурхайн үйл ажиллагааны тооцооны дэвтрийн тэмдэглэл, мөнгө өгөхөд хамт байсан хүмүүсээр нотлогдоно. Иргэн Д.Т-д 4000000 төгрөгийн өр үлдсэн бөгөөд энэ мөнгийг нь өгч чадаагүй өдий хүрсэн бөгөөд алтны уурхай ажиллуулж байх үедээ бид шатаж олон хүнд өрөнд орсон ба одоог хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй өдийг хүрсэн. 2021 оны 03 дугаар сард Д.Т, эхнэр С.Я нартай Д.А биеэр уулзаж Ц.Г утсаар холбогдож ярилцаад биеэрээ уулзаж тооцоо нийлсний дараа сар бүр 1,000,000 төгрөг 3-лаа ээлжилж төлье гэж тохиролцсон боловч Ц.Г-той *** аймагт 1 удаа таарах үедээ дараа тооцоо нийлье одоо завгүй байна гээд явсан бөгөөд дахин холбогдохгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Бид Д.Т-ын нэхэмжилж байгаа шиг 20,000,000 төгрөгийн өр байхгүй ба хоорондоо тохирсон гэрээ хэлцэл байхгүй бөгөөд хэн нэг хүний бизнесийн алдагдал, хүү, алданги, хохирлыг бид төлж барагдуулж чадахгүй. Иймд энэхүү асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Д.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд түлш өгсөн нь үнэн. Бензин зээлээр авахаар тохиролцоод ***-ын алтны уурхай дээр буулгаж байсан. Тухайн үедээ бид нарт их тус болж байсан баярлалаа гэдгээ хэлж байсан. Өмнөх шүүх хуралдаануудад ч энэ тухайгаа хэлж байсан. Бид нарт ч гэсэн нааш цааш явах ч гэсэн хэцүү байна. Ажил төрөл хиймээр байдаг, чөлөө авах болдог зүйл зөндөө л байгаа. Ц.Г гэдэг хүнээс мөнгө орж ирсэн нь адилхан нэртэй хүн байсан. Бас А гэдэг хүнээс мөнгө орж ирсэн гээд байна. Д.А гэдэг хүнийг хэлээд байх шиг байна. Тэр хүнээс 11,000,000 төгрөг орж ирсэн гээд байна. Манайх 11000000 төгрөг ерөөсөө хийгээгүй. гэдэг хүн бий. Бид нар Т гэдэг. Тэр хүний данснаас 11,600,000 төгрөгийг хийсэн байгаа байхгүй юу. Тэгээд П.О гэдэг хүний данснаас 10000000 төгрөгийг С.Я эгчийн данс руу хийсэн. Дараа нь Д.Б гэдэг хүнээс буюу Д.А-ын эхнэрээс 2,500,000 төгрөгийг С.Я-ийн данс руу хийсэн. Тэгээд ***-д байж байгаад 9,300,000 төгрөгийг өгсөн. Мөн Ц.Г өөрийн биеэр 2,000,000 төгрөгийг хотод өгсөн гэсэн. *** гол дээр байж байхад 2,310,000 төгрөгийн алтыг өгсөн. Энэ алтыг өгсөн байгаа. Гэхдээ та хоёр цагаан 80-тай ***-аас давж орж ирэхэд чинь тэр алтыг өгсөн. Та хэдийг энд ажиллаж байгаа гэхээр нь чинь би хоёр даваад ороод ирлээ, одоо бид нар буцлаа гэж хэлж байхад чинь бид 2,310,000 төгрөгийн үнэтэй алт өгсөн нь үнэн. Тэгсэн түлшиндээ зарцуулаарай гэж өгсөн гээд байна. *** руу ***-аас даваад ороод ирэхэд 2,300,000 төгрөгийн түлшний мөнгө гарахгүй. Аль аль нь нааш цааш явах үнэхээр хэцүү байна. Дэвтэр хөтөлдөг гээд байна. Би биш Ц.Г хөтөлдөг байсан. Ийм тонны түлш буулаа гэж хэлэхээр Ц.Г хөтөлдөг байсан. Тэрнээс би дэвтэр хөтлөөд байсан юм байхгүй. Одоо 31,850,000 төгрөг өгөхөөс 27,810,000 төгрөг өгсөн гэсэн дэвтэр дээр бичсэн болон дансны хуулгууд байгаа. Нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа мөнгөнөөс тооцож үзэхээр бид 4,040,000 төгрөг л өгөх юм байна лээ. Өөр өгөх мөнгө байхгүй гэв.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Б-аас 5,596,666.67 төгрөг, Д.А-аас 5,596,666.67 төгрөг, Ц.Г-оос 5,596,666.67 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Т, С.Я нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 2,310,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Б, Д.А, Ц.Г нараас 241,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
7. Хариуцагч Ц.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч бид Д.Т, С.Я нарт 2016 онд зээлээр авсан түлшний үнэд /19900 литр/ 31,850,000 төгрөг өгөхөөс 27,810,000 төгрөгийг данс болон бэлнээр, алтаар тус тус өгсөн. Бидэнд 4,000,000 төгрөг өгөх үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Гэтэл шүүх 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч С.Я-ийн *** тоот Хаан банкны данс руу 10,000,000 төгрөгийг Б.Б-аас түлшний үнэ гэсэн утгатайгаар найз Т.О-ын данснаас шилжүүлсэн баримт хавтаст хэргийн 180 дугаар хуудаст байхад бидний төлбөрт оруулж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Мөн Д.Т, С.Я нар нь биднээс бэлнээр авсан 900,000 төгрөг, 2,310,000 төгрөг /алт/ нийт 3,210,000 төгрөгийг төлбөрт оруулахгүй хассаныг мөн зөвшөөрөхгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж бидний эрх ашгийг хохироосон тул шүүхийн шийдвэрийг зөвтгөж өгнө үү. Мөн Д.Т-д миний өгсөн 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байхад тооцоонд оруулаагүй бөгөөд өгсөн нь гэрчийн нотлох баримттай хавтаст хэрэгт авагдсан.
Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8. Хариуцагч Б.Б, Д.А нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Бид Д.Т-д 2016 онд зээлээр авсан түлшний үнэд /19900 литр/ 31,850,000 төгрөг өгөхөөс 27,810,000 төгрөгийг дансаар, бэлнээр, алтаар тус тус өгсөн. Бидэнд 4,000,000 төгрөг өгөх үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Гэтэл шүүх 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч С.Я-ийн *** тоот Хаан банкны данс руу 10,000,000 төгрөгийг Б.Б-аас түлшний үнэ гэсэн утгатайгаар найз Т.О-ын данснаас шилжүүлсэн баримт хавтаст хэргийн 180 дугаар хуудаст байхад бидний төлбөрт оруулж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Мөн Д.Т нь биднээс бэлнээр авсан 900,000 төгрөг, 2,310,000 төгрөг /алт/ нийт 3,210,000 төгрөгийг төлбөрт оруулахгүй хассаныг мөн зөвшөөрөхгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж бидний эрх ашгийг хохироосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн Ц.Г-ийн Д.Т-д 2,000,000 төгрөг бэлнээр өгснийг мөн тооцоонд оруулаагүй гэжээ.
9. Хариуцагч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т, С.Я нарын нэхэмжлэлтэй хэрэг 2021 оноос хойш үндсэндээ 4, 5 жил үргэлжилж байна. Хэрэг олон жил удааширсан шалтгаан гэвэл нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг олон удаа хойшлуулж байсан. Бидний зүгээс 1 удаа хойшлуулж байсан. Шийдэгдэлгүй 4, 5 жил болж шийдэгдсэн боловч анхан шатны шүүх хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг дутуу судалж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь н.О гэх манай 10 жилийн найз маань тухайн үедээ ***-ийн уурхайд манай хажууд алтны уурхайтай байж байгаад сүүлд *** аймагт алтны уурхайн үйл ажиллагаа эрхлэхээр шилжсэн байдаг. *** аймагт үйл ажиллагаа нь гайгүй байх үед бид ***-ийн уурхайд дампуураад найзуудаасаа “энэ хүмүүс түлшний мөнгө нэхээд байна нэг удаа 10,000,000 төгрөг түр зээлээч” гэж гуйгаад тэр хүн маань С.Я-ийн дансанд тэр мөнгийг хийсэн. Тэр 10,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ Б.Б-аас гэж миний нэрээр шилжүүлсэн. Шилжүүлсэн дансны хуулгыг хэргийн материалд өгсөн боловч үүнийг тооцоогүй. Ц.Г, Д.А нар уурхай дээр байхад Д.Т, С.Я нар ирсэн ба энэ үед 2 сая төгрөг бэлнээр өгсөн байсан. Тэр мөнгийг өгөхөд хажууд нь байсан Б.Б гэх хүний гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Түүнийг мөн тооцоогүй гэх мэтчилэн бидний банкаар болон бэлнээр өгсөн мөнгөтэй холбоотой баримт, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байхад үүнийг дутуу тооцож анхан шатны шүүх шийдвэр гаргасанд гомдолтой байгаа учир гомдол гаргасан гэв.
10. Хариуцагч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-тай санал нэг байна. н.О-аас шилжүүлсэн 10,000,000 төгрөг, бэлнээр өгсөн 2,000,000 төгрөг, алтны 2,310,000 төгрөгийн үнийн дүнг анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцоогүй тул гомдол гаргасан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.
11. Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч нараас тус бүрээс нь 5,596,666 төгрөгийг 2016 онд түлш зээлээр авсан төлбөрт гаргуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авсан нотлох баримтыг дутуу үнэлсэн буюу н.О-аас С.Я-ийн дансанд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр төлбөрт тооцохгүй байгаа талаар шийдвэртээ дурдаагүй. Энэ нь банкны хуулгаар нотлогддог. Дараагийн зөвшөөрөхгүй байгаа үнийн дүн нь Б.Б гэх гэрчийн мэдүүлгээр 2 сая төгрөгийг Ц.Г-оос Д.Т, С.Я нарт өгснийг нотлогдсон талаар хуульд заасан үндэслэл, журмын давуу авагдсан нотлох баримт байхад энэ мөнгийг анхан шатны шүүх төлбөрт оруулж тооцоогүй нь буруу байна. Нэхэмжлэлд дурдагдсан 900,000 төгрөг, алтны 2,310,000 төгрөгийг шүүхийн шийдвэрт орсон байгаа. Ц.Г, Д.А нарын давж заалдах гомдолд ороогүй байна гэж дурдагдсан байна. Шүүхийн шийдвэр ойлгомжгүй бичигдсэн учраас ороогүй гэж ойлгосон байх. Тэгэхээр нийтдээ 16,990,000 төгрөгөөс нотлох баримтаар нотлогдож байгаа 12,000,000 төгрөгийг хасаад үлдэх үнийн дүнг хариуцагч нар төлөх шийдэлтэй байгаа. Шүүхийн шийдвэрийг зөвтгүүлье гэсэн байр суурьтай байгаа. Б.Б нарын тайлбарт дурдсанаар хэрэг удааширсан нөхцөл байдал байгаа. Энэ хугацаанд хариуцагч талын эд хөрөнгө буюу Б.Б-н 4 дансны зарлагын гүйлгээг хаасан, Д.А-ын үл хөдлөх хөрөнгө, Ц.Г-ийн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан ажиллагаанууд хийгдсэн. Цаашдаа уг битүүмжлэгдсэн хөрөнгийг хэрхэх талаар тусгагдаагүй байна. Иймд 12,000,000 төгрөгийг төлбөрийн үнийн дүнгээс хасуулах, битүүмжлэгдсэн хөрөнгүүдтэй холбоотой өөрчлөлтүүдийг магадлалд оруулж өгнө үү гэсэн хариуцагч нарын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл харагдахгүй байна гэв.
12. Нэхэмжлэгч Д.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг 2016 оноос эхэлсэн. Шатахууныг энэ хүмүүст хүлээлгэн өгсөн эд нар авсан. Тухайн үеийн нөхцөл байдал итгэлцлийн үндсэн дээр явагддаг байсан учраас гарын үсэг зуруулаагүй байдаг. Гарын үсэг зуруулаагүй учраас хариуцагч нар хүлээж авсан шатахуунаа огт аваагүй гэж тайлбар гаргадаг. 2016 оны 20,000,000 сая төгрөг ямар ханштай байсан, өнөөдөр ямар ханштай болсон байна. Энэ хугацаанд хариуцагч нарын хойноос маш их зардал гаргаж явсан. Хариуцагч нараас уг төлбөрийг төлнө гэдэг боловч шүүхийн шатанд ч мөнгө төлсөн зүйл байхгүй. Миний хувьд Улаанбаатар хотоос алслагдсан зайд ажиллаж байгаа тул шүүх хуралд нэг удаа ирээд буцахад 500,000 төгрөгийн зардал гарч байгаа. Энэ асуудлыг анх шүүх хуралдаан эхлэхэд хариуцагч нарт хэлэхэд түүнийг нь тооцож өгнө гэж ярьдаг. Өгнө гэдэг үгэнд нь итгээд 2016 онд шүүхэд өгөөгүй нь миний алдаа болсон. Нөгөө талаар Б.Б сургуулийн захирал хүн учраас энэ хүнд итгэсэн итгэл байсан. Алт бол байгалийн зүйл учраас олдохгүй үе байна. Гэхдээ сэтгэл гаргаад цувуулаад өгөөд байх хангалттай хугацаа өгсөн. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үнийн дүнд яригдаж байгаа 900,000 төгрөгийг 2016 онд хаа хамаагүй хөндлөнгийн гэрч намайг таниад тоолж авсан гэж зохиомол хүн гаргаж ирээд яриулж байгаа. Бид тэр 900,000 төгрөг дээр маргахгүй байгаа. Хариуцагч нар шатахуун авсан атлаа бидэнд хэлэлгүй нүүгээд явчихдаг учраас хойноос нь Баянхонгор аймгийн *** ***-т очсон. Тэгэхэд 30,4 грамм алт өгөхөд нь Ц.Г-т үүнийг бид шатахууны тооцоонд оруулахгүй, энэ бол та нарын хойноос явсан зардлын мөнгө гэж яриад өнгөрсөн. Гэхдээ шүүх үүнийг хасаж тооцсон байхад энэ мөнгийг шүүх буруу шийдсэн гэж ярьж байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нараас авах ёстой мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
13. Нэхэмжлэгч С.Я давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т-тай санал нэг байна. Хариуцагч нарт хэлэхэд худлаа хэлж, хүмүүсийн ажлыг алдагдуулж, цаг хугацаа хожиж явахаа болимоор байна. Яг шударга хэлэхэд ганц хоёр удаагийн шатахуун хүлээж авсан цаасаа үлдээгээд шатахуун хүлээж авсан дэвтрээ устгасан. Өөрсдөө цаанаа хараад байж байгаа. Бид энэ мөнгийг авах ёстой. Улаанбаатар хотоос шатахуун зөөвөрлөөд хувиараа уурхай эрхэлж байгаа хүмүүст борлуулж байхад та нар авъя гээд хөлдөж үхэх гэсэн хэдэн юм хүйтэн контейнер дотор хар усгүй сууж байсан. Тэгээд гуйгаад байхад нь манай нөхөр нэг байгууллагад ажилладаг юм гээд өгчих гээд өгүүлсэн. Гэтэл хүний итгэлийг эвдээд шүүх хурал гээд ажил төрөл ч хийлгэхгүй үл хүндэтгэж, цаг хугацаа алдагдуулж байгаа нь ядаргаатай байна. Анхан шатны шүүхээс хэн хэнд нь ашигтай байдлаар үнэн зөв шийдсэн. Алтны мөнгө 900,000 төгрөг нэхээд гаднаас хүн байсан гээд зохиогоод яриад байгаа нь үнэхээр зэвүү хүргэж байна. Ингэж худлаа яриад суухын оронд энэ мөнгөө яаж өгөх вэ гээд сууж байх ёстой. Өмгөөлөгчөө хүртэл тархийг нь угаагаад сууж байх хэрэггүй. Эцэст нь хэлэхэд анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан. 20,000,000 төгрөг нэхэмжилсэн ч энэ 3 хүнд ашигтай байдлаар шийдсэн. Би түүн дээр маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна гэв.
14. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Золзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хариуцагч нараас гаргасан гомдолтой танилцаад ойлгох боломжгүй хэд хэдэн зүйл байна. Хаан банкны данснаас 10,000,000 төгрөгийг манай найз н.О Б.Б гээд шилжүүлсэн байхад манай тооцоонд оруулахгүй байна гэсэн байна. Д.Т, С.Я нар нь хариуцагч нараас гадна зөндөө олон хүнтэй түлш худалдах, худалдан авах харилцаа хийгддэг байсан учраас тэр төлбөр юм. Жишээ нь дансны хуулга дээр А-аас түлшний үнэ гэж шилжсэн байна. Энэ бол Д.А гэдэг хүн байдаг. Мөн Ц.Г гэдэг нэртэй шилжүүлэг байдаг ч адилхан нэртэй буюу Ч-ийн Ц.Г гээд харилцагч нараас нь орсон төлбөрүүд байдаг. Эдгээр мөнгийг өөрийн тооцоонд оруулаагүй гэж гомдол гаргаад байгаа нь ямар ч үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт бэлнээр авсан 900,000 төгрөг, алтны мөнгө 2,310,000 төгрөг нийт 3,210,000 төгрөгийг төлбөрт оруулаагүй байна гэсэн агуулгаар гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт энэ мөнгийг тодорхой заагаад хассан, 20,000,000 төгрөгөөс үүнийг хасаад 16,790,000 төгрөгийг 3 хариуцагч нарт тэнцүү хуваагаад нэг хариуцагчид 5,596,666 гэсэн үнийн дүн гарсан. Шүүхийн шийдвэрээ ойлгоогүй гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нийт хүлээн авсан 12,600,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитой үнэлсэн гэж харж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас 29,810 л түлш хүлээлгэж өгсөн гэж маргадаг. Хариуцагч талаас 19,900 л түлш хүлээж авсан гэж маргадаг. Шүүхээс хариуцагч нарын зөвшөөрч байгаа хэмжээ буюу 19,900 л түлшээр нь хэргийг шийдсэн. Нэхэмжлэгч талаас 1 л түлшний үнийг 1750 төгрөгөөр тооцож өгсөн гэдэг. Хариуцагч нар 1600 төгрөгөөр тооцож авсан гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар ***-аас түлш худалдаж авахдаа 1490 төгрөгөөр авсан, түлшний үнэ өсөөд 1510 төгрөг болсон байхад Улаанбаатараас энэ үнээр аваад орон нутагт ижил үнээр яахаараа хүргэж өгөх ёстой юм гэдэг агуулгаар бид тайлбар гаргасан. Нэхэмжлэгчээс 29,810 л түлшийг 1750 төгрөгөөр тооцож хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа ч шүүхээс хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр 19,900 л түлшийг 1750 төгрөгөөр тооцсон. Зохигч нарын хэн аль нэг талын эрх ашгийг бодож үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хариуцагч нарын тайлбарлаад байгаа шиг эрх ашгийг нь хохироогоод байгаа нөхцөл байдал үүсээгүй. Ингээд хүлээж авсан 12,600,000 төгрөгийг хасаад 22,225,000 төгрөгийн тооцоо байна гэж шүүх дүгнэсэн. Үүнээсээ дахиад 2,225,000 төгрөгийг хассан буюу нэхэмжлэлийн үнийн дүн 20,000,000 төгрөг учраас энэ хүрээнд шийднэ гэж шүүх шийдсэн. Энэ 20,000,000 төгрөгөөс 900,000 төгрөг, 3,210,000 төгрөгийг мөн хасаад хариуцагч нарт үлдсэн үнийн дүнг хувааж шийдвэрлэсэн. Тэгэхээр хууль зүйн үндэслэлтэй, үндэслэл бүхий гаргасан гэж үзэж байна. Шийдвэрээ уншаагүй, ойлгоогүй юм уу. Ямар агуулгаар гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байгаа учраас анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 314/ШШ2025/00375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
16. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
17. Д.Т, С.Я нараас Б.Б, Д.А, Ц.Г нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
18. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Б-аас 5596666.67 төгрөг, Д.А-аас 5596666.67 төгрөг, Ц.Г-оос 5596666.67 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Т, С.Я нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 2310000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
19. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудыг үнэлээгүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт зарим тооцооллыг хэрхэн хийсэн нь тодорхойгүй байна.
Гэвч дээрх алдаа зөрчил нь Иргэний хуулийн 168 дугаар зүйлд заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагч нарын давж заалдах гомдол, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэтгэлцээнд үндэслэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нар Б.Б, Д.А, Ц.Г нарт 2016 оны 7 дугаар сарын 16-нд 14,310 литр дизель түлш, 2021 оны 7 дугаар сарын 23-нд 10,000 литр дизель түлшийг амаар тохиролцож өгсөн гэж шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон ба талууд дизель түлш худалдсан, худалдан авсан үйл баримтын талаар маргаагүй боловч гэрээний зүйл болох дизель түлшний хэмжээний талаар нэхэмжлэгч тал 24310 литр гэж, хариуцагч тал 19900 литр гэж, үнийн талаар нэхэмжлэгч тал 1750 төгрөг, хариуцагч тал 1600 төгрөг гэж, мөн хариуцагч нар тохиролцсоны дагуу төлбөрийг төлж байсан бөгөөд 4,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж маргасан.
Анхан шатны шүүх хариуцагч нарын авсан түлшний хэмжээг тэдний зөвшөөрсөн хэмжээ буюу 19900 литр түлшээр тооцож, нэгж үнийг 1750 төгрөгөөр тооцож хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар энэ тооцооны талаар ямар нэгэн гомдол гаргаагүй байна.
Хариуцагч нар давж заалдах гомдолдоо...10,000,000 төгрөгийг Б.Б-аас түлшний үнэ гэсэн утгатайгаар найз Т.О-ын данснаас шилжүүлсэн байхад бидний төлбөрт оруулж шийдвэрлээгүй, Д.Т нь биднээс бэлнээр авсан 900,000 төгрөг, 2,310,000 төгрөг /алт/ нийт 3,210,000 төгрөгийг төлбөрт оруулахгүй хассан, мөн Ц.Г-ийн Д.Т-д 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн мөнгийг тооцоонд оруулаагүй... гэжээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.Т-ын бэлнээр авсан 900,000 төгрөг, 2,310,000 төгрөг /алт/ нийт 3,210,000 төгрөгийг төлбөрт оруулан тооцсон, нэхэмжлэгч, хариуцагч нар болон тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт үүнийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
Т.О-ын данснаас 10,000,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч үүнийг Б.Б-аас шилжүүлсэн гэдэг нь эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч С.Я нь Т.О бид нарын хоорондын тооцоо байсан тул энэ маргаанд хамааралгүй гэж тайлбарлаж байгаа, хариуцагч Б.Б-аас давж заалдах шатны шүүх хуралдаанд... Т.О-аас үүнийг тодруулах ёстой байсан... гэсэн тайлбарыг гаргасан боловч шүүхэд энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.
Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч Д.А...Ц.Г Улаанбаатарт байхдаа 2 000 000 төгрөг өгч байсан... гэжээ /3 дугаар хавтаст хэргийн 166 дугаар хуудас/ . Гэтэл гэрч Б.Б шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Өвөрхангай аймгийн *** суманд байрлах ***-ийн уурхайд байхад Д.Т-д мөнгө өгсөн гэж /1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар хуудас/ үйл явдал болсон газрын талаар зөрүүтэй мэдүүлсэн байх тул энэ мэдүүлгийг эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэх боломжгүй юм.
20. Хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсан анхан шатны шүүхээс төлөгдсөн үнийн дүнг төлбөрөөс хасаж тооцоогүй гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Ц.Г, Б.Б, Д.А-ын нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 83,613 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Г, Б.Б, Д.А-ын нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 83,613 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ