Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 204/МА2025/00022

 

 

2025 оны  10 сарын  20                                                  204/МА2025/00022                       

 

 

                                              Н.О-ы нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанд

                                            

                                           Нэхэмжлэгч Н.О /цахимаар/,

                                               Хариуцагч Ц.П,

Нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нарыг оролцуулан

           

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 314/ШШ2025/00569 дүгээр шийдвэртэй Н.О-ы нэхэмжлэлтэй Ц.П-оос 22,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Н.О-ы анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Миний бие өөрийн өмчлөлд байх Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг, *** гудамж, *** дугаар баг, *** тоотод байрлах 69,95 мкв хоёр өрөө байрыг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 172,000,000 төгрөгөөр зарж 150,000,000 төгрөгийг бэлнээр буюу дансаар дамжуулан авч үлдэгдэл 22,000,000 төгрөгөнд 2013 онд үйлдвэрлэсэн *** улсын дугаартай Тоёота приус-41 маркын тээврийн хэрэгслийг авсан.

            Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн үзлэгийн хугацаа болж авто тээврийн оношилгоонд ортол арлын дугаар зөрчилтэй гээд тэнцээгүй, цаашид ашиглах боломжгүй, замын хөдөлгөөнд оролцох хориотой, бусдад зарж, шилжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарч тухайн нөхцөл байдлаа нөгөө талд хэлээд 22,000,000 төгрөгөө бэлнээр төл гэхэд 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 90 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж хохиролгүй болгож өгнө гэж тохиролцон нотариатаар хэлцэл хийсэн. Тухайн өдрөөс хойш одоог хүртэл арга хэмжээ аваагүй тул тээврийн хэрэгслийг хариуцагч талд буцааж өгч байрны үлдэгдэл мөнгө болох 22,000,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү  гэжээ.

            2. Хариуцагч Ц.П-ын анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: Миний бие 2023 оны 12 дугаар сард фэйсбүүк зарын дагуу иргэн Л.Х-тай автомашин худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, Л.Х-ын эзэмшлийн *** улсын дугаартай Prius Alрha маркын автомашиныг *** улсын дугаартай Toyota harrier маркын автомашиныг болон нэмж 800,0000 төгрөг өгч, нийт 22,000,000 төгрөгөнд тооцон автомашиныг худалдан авахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу автомашинуудын улсын дугаарыг сольж, автомашинуудаа 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Да хүрээ захад байрлах Автотээврийн үндэсний төвийн байранд өөрсдийн өмчлөлд авсан. Үүний дараа буюу 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тухайн Prius Alрha маркын автомашиныг Н.О-д байр худалдан авах үнэд оролцуулан шилжүүлсэн.

            Гэтэл уг автомашиныг Н.О нь 2024 оны 6 дугаар сард авто тээврийн улсын үзлэгт оруулахад автомашины арлын дугаарыг сольж гагнасан нь шалгалтаар илэрсэн бөгөөд тухайн автомашины суудлыг салгаж авсны үндсэн дээр тухайн зөрчлийг илрүүлсэн. Миний бие дээрх зөрчлийг автомашиныг худалдаж авах үед мэдэх боломжгүй байсан бөгөөд Л.Х-ын буруутай үйл ажиллагааны улмаас эд хөрөнгөөрөө хохироод байна. Тус асуудлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч Н.О нь автомашины өмчлөгч байсан учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Миний бие тухайн автомашиныг шударгаар олж авсан, үнийг төлсөн хууль ёсны өмчлөгч бөгөөд тээврийн хэрэгслийн үзлэг хийлгэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон хүн биш. Өөрөөр хэлбэл үүссэн нөхцөл байдалд миний буруутай үйлдэл байхгүй болно.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            3. Нэхэмжлэгч Н.О-ы анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Би Ц.П-ыг бүтэн жил хүлээж миний хохирлыг барагдуулж өгөхийг шаардсан. Нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлж өгсөн. Би тухайн машиныг худалдаж авахдаа эхлээд үзлэгт оруулъя гэхэд тээврийн хэрэгслийн үзлэгийн хугацаа дуусах огноо нь нэг сарын дараа дуусна гэж байсан. Мөн оношилгоонд оръё гэтэл оношилгооны газар олдоогүй, үзлэгт орох хугацаа дуусаагүй байсан учраас Ц.П-д итгээд л авсан. Дараа нь үзлэгт оруулсан чинь асуудалтай байна гэж гарч ирэхэд нь Ц.П-оос асуухад ард, урдаасаа орсон асуудалтай машин гэдгээ бүгдийг нь хэлсэн. Дараа нь асуудалтай машин байсан юм аа гэдгээ хэлж хүлээн зөвшөөрөөд хэдэн сарын дотор оношилгоонд оруулж өгье гэж ч хэлж байсан. Би тухайн үедээ худалдаж авахдаа машины суудал, эрэг боолт гэх мэт бүх зүйл сул байна гэхэд би сайн мэдэхгүй байна, хүнээс авсан юм аа гэж хэлээд итгэл төрүүлж надад зарсан.

            Тухайн үед миний хүүхэд өвчтэй байсан, бас надтай хамт яваад машин үзэж, хараад, зөвлөөд, авалцаад өгөх хүн байхгүй байсан болохоор Ц.П-д итгээд л шууд авсан. Тэгээд хугацааг нь дуусахаар оношилгоонд оруулъя гээд асуудалтай машин зарсан гэдгийг нь мэдсэн. Дараа нь Улаанбаатар хотод очоод машин засварын газар очиж өчнөөн зүйлийг нь засуулж, янзлуулсан. Засварын газарт засвар хийлгэсэн гээд баримтаа хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Тухайн засварын газрын засварчин нь та комиссын машин авсан байна гэж хэлсэн. Тэгээд Ц.П-д хэлэхэд тоогоогүй. Тухайн үедээ надад бүх үнэнээ хэлээд, янзлуулж өгнө, оношилгоонд оруулж өгнө, даруулж өгнө гээд нотариатаар орж баталгаажуулж байсан хүн одоо ингээд үгүйсгэж байгаад нь гайхаж байна.

            Би машиныг 21,000,000 төгрөгт тооцож аваад, тухайн машинд 1,000,000 төгрөгийн засвар хийлгэсэн. Энэ мөнгийг оруулаад 22,000,000 төгрөг нэхэмжилсэн байна гэжээ.

            4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгийн доголдлыг засах хугацаа олгосон. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *** улсын дугаартай Приус Альфа маркын тээврийн хэрэгслийг Ц.П нь шилжүүлж авсан. Энэ хугацаанд автомашины техникийн үзлэгт тээврийн хэрэгсэл бүрэн байна гэсэн ойлголттой явсан. Мөн дээрээс нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Н.О-д тухайн автомашиныг шилжүүлж өгсөн. Түүнээс хойш тухайн тээврийн хэрэгсэл нь 2023 онд техникийн үзлэгт орсон гэж байгаад 6 дугаар сард арлын дугаар солигдсон гэх шалтгаанаар хүлээж авах боломжгүй гэсэн нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр эд хөрөнгийн доголдолтой нөхцөл байдалд хариуцагч Ц.П-ыг буруутгасан зүйл байхгүй.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Н.О нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон учраас эрсдэл 100% нэхэмжлэгч рүү шилжиж байгаа. Өмчлөл шилжиж байгаа учраас буруутай этгээдээс шаардах эрх үүснэ. Тийм болохоор арлын дугаар солигдсон гэх асуудал дээр худалдагчийг шууд буруутгах нөхцөл байдал байхгүй. Хэдийгээр нэмэлт хугацаа тогтоосон ч гэсэн тухайн нэмэлт хугацаанд засах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.П нь өмчлөгч биш учраас буруутай этгээдээс шаардах эрх үүсэхгүй. Мөн худалдах, худалдан авах гэрээнд тухайн нөхцөл байдлыг мэдсэн, нуун дарагдуулсан зэрэг нөхцөл байдал харагддаггүй

            Үзлэгийн хугацаа дуусаагүй гэдгийг талууд аль аль нь мэдэж байсан. Энэ нөхцөл байдал нь 2024 онд машиныг оношилгоонд оруулахад л мэдсэн байна гэж харахаар байгаа. Тухайн автомашин нь Ц.П-ын эзэмшил, ашиглалтад 3 сарын хугацаанд байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа гэжээ.

            5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.П-оос 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.П-оос 262,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний бие 2023 оны 12 дугаар сард фэйсбүүк зарын дагуу иргэн Л.Х-тай автомашин худалдах худалдан авах гэрээг амаар байгуулж, Л.Х-ын эзэмшлийн *** улсын дугаартай Приус альфа маркын автомашиныг *** улсын дугаартай Тоёота Харриер маркын автомашиныг, 800,0000 төгрөг өгч нийт 22,000,000 төгрөгөнд тооцон автомашиныг худалдан авахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу автомашинуудын улсын дугаарыг сольж, автомашинуудаа 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Да хүрээ захад байрлах Автотээврийн үндэсний төвийн байранд өөрсдийн өмчлөлд авсан болно.

Үүний дараа буюу 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тухайн Приус альфа маркын автомашиныг Н.О-д байр худалдах авах үнэд оролцуулан шилжүүлсэн. Гэтэл уг автомашиныг Н.О нь 2024 оны 06 дугаар сард авто тээврийн улсын үзлэгт оруулахад автомашины арлын дугаарыг сольж гагнасан нь шалгалтаар илэрсэн бөгөөд тухайн автомашины суудлыг салгаж авсны үндсэн дээр тухайн зөрчлийг илрүүлсэн. Тухайн автомашиныг 2023 оны 9 дүгээр сард техникийн үзлэг, оношилгоонд хамруулсан байх бөгөөд түүнээс хойш ямар нэгэн доголдол үүсээгүй байсан байна. Өөрөөр хэлбэл тухайн автомашиныг миний бие хүлээн авах, Н.О-д хүлээлгэн өгөх хугацаанд тухайн автомашины эд хөрөнгийн эрхийн доголдол илрээгүй болно. 

Миний хувьд тухайн доголдлыг мэдэх бүрэн боломжгүй байсан бөгөөд хууль ёсны өмчлөгчийн хувьд Н.О-д тус автомашиныг шилжүүлсэн. Тус автомашин нь Н.О-д 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шилжсэн, тус автомашины өмчлөгч тул буруутай этгээдээс өмчлөгчийн хувиар шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Мөн тухайн автомашинд үүссэн асуудлыг арилгах талаар шүүхэд хандсан боловч тус автомашины өмчлөгч биш учир ямар нэгэн шаардлага гаргах эрх үүсээгүй, Н.О-д үүссэн автомашины асуудлыг шийдвэрлэх үүрэг хэрэгжих боломжгүй байсан тул нэмэлт хугацаа тогтоон доголдлыг арилгах хугацаа өгсөн гэх хэлцэл үндэслэлгүй. Тус үйл баримтыг нотлуулах зорилгоор гэрчээр Л.Х-ыг асуулгах, үйл баримтаа нотлуулах хүсэлтэй байсан боловч тухайн гэрчийн хүсэлтийг шүүх хангалгүй, өмнө нь гарсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхаараагүй болно.

Иймд миний бие тус хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч Н.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 22,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,000,000 төгрөгийг татгалзаж 21,000,000 төгрөгийг хариуцагч нь надад 8 сарын хугацаанд буюу 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон гэв.

8. Хариуцагч Ц.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 21,000,000 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон гэв.

ХЯНАВАЛ:

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

10. Нэхэмжлэгч Н.О нь Ц.П-оос 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргаж хариуцагч Ц.П нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасныг анхан шатны шүүхээс 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж хариуцагч Ц.П-оос 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Од олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-ээс давж заалдах шатны шүүхэд ...хариуцагч Ц.П нь тус хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэх гомдлыг гаргажээ.

12. Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нь хариуцагч Ц.П-оос худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ 1,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 21,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.О-д 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан ба гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй буюу хариуцагч Ц.П нь Ц.С-д олгосон итгэмжлэлээ татгалзаж өөрөө шүүх хуралдаанд оролцсон  байх тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 314/ШШ2025/00569 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар сарын 168.2-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 131,475 төгрөгийг хариуцагч Ц.П-оос гаргуулан нэхэмжлэгч Н.О-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 314/ШШ2025/00569 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар сарын 168.2-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 131,475 төгрөгийг хариуцагч Ц.П-оос гаргуулан нэхэмжлэгч Н.О-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ЭНХМАА

                   ШҮҮГЧИД                               Л.НЯМДОРЖ                 

                                                                                                                       Б.ЦЭРЭНПҮРЭВ