Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 588

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч О.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Орхоны М-д холбогдох эрүүгийн 1910017260614 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч О.М- нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Оргил худалдааны төвд байрлах Төрийн банкны Яармаг тооцооны төвд Р.Э-ээс “утсаар яриад өгье” гэж иргэн М.Х-ы “Samsung S6 edge” маркийн гар утсыг хуурч, залилан авч бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Эрүүгийн 1910017260614 дугаартай хэргээс:

 

Хохирогч М.Х- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажил дээр байхад манай банкны үйлчлэгч Э- надаас “Алтай эгчийн хүүхэд утсаар чинь яриад өгье гэж байна” гэж хэлэхээр нь “Samsung S6 edge” маркийн гар утсаа өгсөн. Би цагийн дараа гар утсаа санаад Э- эгчээс асуухад “нөгөө залуу утсыг чинь аваад явсан байна, би очоод ээжээс нь аваад ирье” гэж хэлээд гараад явсан. Удалгүй Э- эгч орж ирээд “Алтай эгч манай хүүхэд хөдөө явсан гэнэ, одоо яах уу” гэхээр нь “та миний гар утсыг олж өг” гэж уурлахад “цагдаад мэдэгдье” гээд гарсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр миний гар утсыг авч явсан залуугийн ээж Алтай надад шинэ “Samsung S6 edge” маркийн гар утас авч өгч миний хохирлыг барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

 

Гэрч Р.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр “Оргил” худалдааны төвд байрлах Төрийн банкинд үйлчлэгчийн ажил хийдэг юм. 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд манай банкинд М- орж ирээд “утсаараа нэг яриулаач” гэхээр нь утсаа өгсөн боловч “таны утас гадагшаа залгаж болохгүй байна, Юнителийн дугаар руу залгах утас олоод өгөөч” гэхээр нь теллер Х-ы “Samsung S6 edge” маркийн гар утсыг авч өгсөн. М- “гадаа гараад ярьчихаад ирье” гээд гарсан. Х- надаас 20 минутын дараа утсаа нэхэхээр нь гараад хартал М- байхгүй байсан. Х-ы 89026698 дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Би А-ийн ажлын байранд очиж “танай хүүхэд манай теллерийн гар утсыг аваад явчихлаа” гэж хэлэхээр нь “манай хүүхэд хөдөө уурхайд ажиллаж байгаа” гэж хэлсэн. Х- алдагдсан гар утсаа 4 сарын өмнө бэлгэнд авч байсан гэж хэлсэн. Гар утсыг 360.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

 

Гэрч Ш.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ байхад Төрийн банкны Яармаг тооцооны төвийн үйлчлэгч Э- ирээд “танай хүүхэд манай теллерийн гар утсыг аваад явчихлаа, утасны эзэн уурлаад байхаар нь цагдаад өргөдөл гаргаад өгчихлөө, хүүхдээсээ манай теллерийн гар утсыг авч өг” гэж хэлэхээр нь “манай хүү хаана байгааг мэдэхгүй байна, чи яагаад хүний утас авч өгдөг юм бэ” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Samsung S6 edge” маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 17-р хуудас/,

 

Шүүгдэгч О.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банк руу ороод зүс таних тус банкны үйлчлэгч Э- эгчээс “утсаар яриулаач” гэж гуйсан. Тухайн үед би РС тоглоомын газар тоглоод гэртээ хэд хоног очоогүй. Тэр үед найз Бат-Амгалангийн ааваас мөнгө зээлсэн байсан. Гэтэл тэр мөнгө нь нэхэгдээд байсан тул Э- эгчээс утсыг нь худлаа хэлж аваад түр хугацаанд ломбарданд тавиад өрөө дараад, хэд хоногоос утсыг нь авч өгнө гэж бодож байсан боловч Э- тус банкны теллерийн шаргал өнгийн “Samsung S6 edge” маркийн гар утсыг надад авчирч өгсөн. Би банкин дотор утсаар нь ярьж байгаа дүр үзүүлэн гараад 3 дугаар хороолол руу такси бариад Модны 2-ын орчимд байх ломбарданд тухайн гар утсыг 70.000 төгрөгөөр барьцаанд тавьж, 15.000 төгрөгийг таксинд өгөөд үлдсэн мөнгийг өрөндөө өгсөн. Хэд хоногийн дараа миний ажиллаж байсан газраас үлдэгдэл цалинг миний данс руу хийхээр нь би ээж А-ийн данс руу мөнгө шилжүүлээд теллер эмэгтэйн гар утсыг нь авч өгсөн...гэх мэдүүлэг  /хх-ийн 37-38-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 21-р хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 22-р хуудас/, гадаад паспортын хуулбар /хх-ийн 23-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 25-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.М-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч О.М- нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Оргил худалдааны төвд байрлах Төрийн банкны Яармаг тооцооны төвд Р.Э-ээс “утсаар яриад өгье” гэж хуурч хохирогч М.Х-ы 200.000 төгрөгийн үнэтэй “Samsung S6 edge” маркийн гар утсыг залилан авсан болох нь:

 

Хохирогч М.Х-ы ...Манай банкны үйлчлэгч Э- надаас “Алтай эгчийн хүүхэд утсаар чинь яриад өгье гэж байна” гэж хэлэхээр нь “Samsung S6 edge” маркийн гар утсаа өгсөн. Би цагийн дараа гар утсаа санаад Э- эгчээс асуухад “нөгөө залуу утсыг чинь аваад явсан байна, би очоод ээжээс нь аваад ирье” гэж хэлээд гараад явсан. Удалгүй Э- эгч орж ирээд “Алтай эгч манай хүүхэд хөдөө явсан гэнэ, одоо яах уу” гэхээр нь “та миний гар утсыг олж өг” гэж уурлахад “цагдаад мэдэгдье” гээд гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Гэрч Р.Э-ийн ...Манай банкинд М- орж ирээд “утсаараа нэг яриулаач” гэхээр нь утсаа өгсөн боловч “таны утас гадагшаа залгаж болохгүй байна, Юнителийн дугаар руу залгах утас олоод өгөөч” гэхээр нь теллер Х-ы “Samsung S6 edge” маркийн гар утсыг авч өгсөн. М- “гадаа гараад ярьчихаад ирье” гээд гарсан. Х- надаас 20 минутын дараа утсаа нэхэхээр нь гараад хартал М- байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч Ш.А-ийн ...Төрийн банкны Яармаг тооцооны төвийн үйлчлэгч Э- ирээд “танай хүүхэд манай теллерийн гар утсыг аваад явчихлаа, утасны эзэн уурлаад байхаар нь цагдаад өргөдөл гаргаад өгчихлөө, хүүхдээсээ манай теллерийн гар утсыг авч өг” гэж хэлэхээр нь “манай хүү хаана байгааг мэдэхгүй байна, чи яагаад хүний утас авч өгдөг юм бэ” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Samsung S6 edge” маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 17-р хуудас/,

 

Шүүгдэгч О.М- яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн: ...Э- эгчээс утсыг нь худлаа хэлж аваад түр хугацаанд ломбарданд тавиад өрөө дараад, хэд хоногоос утсыг нь авч өгнө гэж бодож байсан боловч Э- тус банкны теллерийн шаргал өнгийн “Samsung S6 edge” маркийн гар утсыг надад авчирч өгсөн. Би банкин дотор утсаар нь ярьж байгаа дүр үзүүлэн гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

         Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Шүүгдэгч О.М- нь иргэн Р.Э-ээс “утсаар яриад өгье” гэж хуурч хохирогч М.Х-ы 200.000 төгрөгөөр үнэлэгдсэн “Samsung S6 edge” маркийн гар утсыг авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.М-ийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг хуурч бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.        

 

          Шүүгдэгч нь “хэргийн үйл баримт болон болон гэм буруугийн талаар маргаагүй” болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

                 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:

Хохирогч М.Х-ы эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 200.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 17-р хуудас/ ба шүүгдэгч О.М- нь “Samsung S6 edge” маркийн гар утас шинээр авч өгч, хохиролгүй болгосон нь хохирогч М.Х-ы “...2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр миний утсыг авч явсан залуугийн ээж болох Ш.А- нь надад шинэ “Samsung S6 edge” маркийн гар утас авч өгсөн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 9-10-р хуудас/ гэж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөхР төлбөргүй гэж үзэв.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар.

           

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.М-ийг “хуурч бусдын эд хөрөнгийг залилсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан, шүүгдэгч О.М- нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч О.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.М-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гөрөөчин овогт Орхоны М-ийг хуурч бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.М-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР