Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 589

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Ц.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ын Т-д холбогдох эрүүгийн 1910009610427 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ц.Т- нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” хүнсний дэлгүүрийн орчим иргэн Д.Б-тай маргалдан зодолдож, улмаар нүүрэн тус газар нь чулуу шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910009610427 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 15 дугаар гудамжны тоотыг нь сайн санахгүй байна энэ хаяганд амьдраад 5 орчим жил болж байна. 2019 оны 4 дүгээр сарын 14-ний орой найз Намхай /Н-/, Цогтоо /Ц-/ нарын хамт Нисэхийн Төрийн банктай байрны орчим 2 ширхэг том савтай “Сэнгүр” пиво хувааж уусан. Пивоо уучихаад найз Намхайг гэр рүү нь хүргэж өгөхөөр гэр хорооллын гудамжаар явж байтал Намхай /Н-/, Ц- хоёрын танил Ц.Т-тэй тааралдахад тэрээр Б.Ч- гэх залуутай хамт явж байсан. Л.Н- Ц.Т-тэй маргалдаад барьцалдаж аваад бие биенийгээ тэврээд чанга орилоод байхаар нь би болиулах санаатай дундуур нь орсон. Тэгээд Н-ыг “чи яагаад байгаа юм бэ, боль” гээд аваад явтал Т- чулуу шидэж миний уруулыг оносон. Миний уруулийн дээд хэсэг язарч цус гарсан байхаар нь уур хүрээд Ц.Т-ийг хөлөөрөө хавсарч унагаасан. Т- босож ирээд намайг барьж авахаар нь бид хоёр бие биенийгээ хэд хэдэн удаа цохисон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-14-р хуудас/,

 

Гэрч Э.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 14-ний орой найз Н-, Б- хоёр манай байрны гадаа ирж намайг дуудсан. Тэр хоёр “чиний баримт бичгээр ломбарданд гар утас тавих гэсэн юм” гэж хэлсэн. Байрны хажуу талын ломбард ажиллахгүй болохоор нь 25 дугаар эмийн сангаар дээшээ эргээд “Лэго” гэх нэртэй ломбарданд 60.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Бид Нисэхэд ирээд Төрийн банктай байрны орцонд 2.5 литрийн савлагаатай “Сэнгүр” пиво 3 савыг уусан. Б- бид хоёр Н-ыг гэр рүү нь хүргэж өгөхөөр явж байтал Ч-, Т- хоёртой тааралдсан. Тэр үед Т- согтуу байсан. Т- Н- руу “найз охиноосоо салсан” гээд орилоод байхаар нь Б- тэр хоёр дээр очоод Т-ийг татаж газар унагаасан чинь босож ирээд тэд хоорондоо маргалдаж зодолдсон. Т-ий хоёр тохой, эрүү, цээж нь зулгарсан байсан. Мөн толгой руу нь хавтангаар 2 удаа цохисон. Харин Сайхнаагийн /Б-/ уруул нь сэтэрсэн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

Гэрч Л.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны гадаа найз Э.Ц-, Д.Б- нарын хамт пиво уучихаад манайх  руу явж байтал Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” дэлгүүрийн гадаа Ц.Т-, Б.Ч- хоёртой тааралдсан. Тухайн үед Ц.Т- найз охинтойгоо муудалцсан талаар надад хэлээд “хэн ч намайг ойлгохгүй байна” гээд чанга дуугаар орилоод байхаар нь Т-ийг тэврээд “битгий сэтгэлээр уна” гээд тайвшруулж байтал Д.Б- бид хоёрыг муудалцаж байна гэж буруугаар ойлгоод дундуур орсон. Тэгээд Ц.Т-ийг “чи яагаад байгаа юм бэ” гээд хоорондоо зодолдсон. Ц.Т- Д.Б-ы нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон. Маргааны дараа Д.Б-ы уруул сэтэрч цус гарсан байсан. Тэнд байсан бусад хүмүүс маргаанд оролцоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

 

Гэрч Б.Ч- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Намайг 2019 оны 4 дүгээр сарын 14-ний орой гэртээ байхад Т- хашааны ард ирээд намайг дуудахаар нь гартал тэрээр согтуу байсан. Бид хоёр жаахан юм ярьж байгаад Т-д “чамайг гэрт чинь хүргээд өгье” гэж хэлээд явж байтал замд Ц-, Н-, Сайханаа /Б-/ нартай тааралдсан. Н- Т- хоёр юм ярьж байхад Т- Н-ын урдаас орилсон чинь Сайхнаа /Б-/ дундуур нь орж ирээд Т-ийг татаж газар унагаагаад өшиглөсөн. Тэгээд тэр хоёр зодолдсон. Т-ий хоёр тохой, эрүү, цээж нь зулгарсан байсан. Мөн толгой руу нь хавтангаар 2 удаа цохисон. Харин Сайхнаагийн /Б-/ уруул нь сэтэрсэн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №4671 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын баруун дээд хэсэгт 0.5х5см хүрэн улаан өнгийн зах ирмэг тэгш шарханд мэс заслын оёдол тавигдсан, эрүүний баруун дээд хэсэгт 2х2см хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун дээд шүднүүд өвчин эмзэглэл ихтэй. Дүгнэлт:

1. Д.Б-ы биед уруулын шарх, эрүүний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 30-р хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6-р хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Т- яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 14-ний орой найз Ц-, Ч- нартай Туул голын эрэг дээр пиво уучихаад гэр рүүгээ явах замдаа 134 дүгээр цэцэрлэгийн зүүн талд Н-, Б- хоёртой тааралдсан. Би Н-ад хандаж “чи намайг багаасаа мэднэ, намайг тоохгүй байна” гэж хэлсэн. Б- Н- бид хоёрыг зодолдож байна гэж бодоод над дээр ирээд “Н-ыг яагаад дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлээд хөлөөрөө хавирч унагаагаад нүүрэн тус газарт 2-3 удаа өшиглөж, гараараа хүзүү хэсэг рүү 2-3 удаа цохисон. Би газраас жижиг чулуу аваад Б- руу шидэхэд нүүрээ дараад эргээд харсан. Б- дахин над дээр ирээд хавсарч унагаагаад нүүр рүү 5-6 удаа өшиглөсөн, гараараа толгой хүзүү рүү 4-5 удаа цохисон. Миний биед үзүүлэх бэртэл, гэмтэл, шарх байхгүй. Б-ы эмчилгээний зардалд 100.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 42-46-р хуудас

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Э.Цэндлхамын мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64-р хуудас/, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 50-р хуудас/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 51-54-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Т-ий гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Ц.Т- нь 2019 оны 4 дүгээр сарын 14-ний орой Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “...” хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч Д.Б- руу чулуу шидсэний улмаас биед нь “уруулын шарх, эрүүний цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Б-ы “...найз Н-ыг гэр рүү нь хүргэж өгөхөөр  явж байтал Намхай /Н-/, Ц- хоёрын танил Ц.Т-тэй тааралдсан. Ц.Т- нь Б.Ч- гэх залуутай хамт явж байсан. Л.Н- Ц.Т- хоёр маргалдаад барьцалдаж аваад бие биенийгээ тэврээд чанга орилоод байхаар нь би салгах санаатай дундуур нь ороод Н-ыг “чи яагаад байгаа юм бэ, боль” гээд аваад явтал Т- чулуу шидээд миний уруулыг оносон...гэх мэдүүлэг /хх-ийн 11-14-р хуудас/,

 

Гэрч Э.Ц-ын “...Н- Б- бид гурав 2.5 литр савтай пиво гурвыг уусан. Б- түр унтсан. Н- бид хоёр Б-ыг сэрээгээд Н-ын гэр рүү нь хүргэж өгөхөөр явж байтал Ч-, Т- хоёртой тааралдсан. Т- Н- руу “найз охиноосоо салсан” гээд орилоод байхаар нь Б- тэр хоёр дээр очоод Т-ийг татаж газар унагаасан. Тэгээд тэд хоорондоо маргалдаж зодолдсон. Т-ий хоёр тохой зулгарсан, эрүү нь зулгарсан харин Б-ы дээд уруул сэтэрсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

Гэрч Л.Н-ын “... Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” дэлгүүрийн гадаа Ц.Т-, Б.Ч- хоёртой тааралдсан. Ц.Т- надад найз охинтойгоо муудалцсан талаар хэлээд “хэн ч намайг ойлгохгүй байна” гээд чанга дуугаар орилоод байхаар нь би Т-ийг тэврээд “битгий сэтгэлээр уна” гээд тайвшруулж байтал Д.Б- бид хоёрыг муудалцаж байна гэж буруугаар ойлгоод бид хоёрын дундуур орсон. Тэгээд Ц.Т-ийг “чи яагаад байгаа юм бэ” гээд хоорондоо зодолдсон. Ц.Т- Д.Б-ы нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон. Маргааны дараа Д.Б-ы уруул сэтэрч цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

 

Гэрч Б.Ч-ын ...Н- Т- хоёр юм ярьж байхад Т- Н-ын урдаас орилсон чинь Сайхнаа /Б-/ дундуур нь орж Т-ийг татаж газар унагаагаад өшиглөсөн. Тэгээд хоорондоо зодолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №4671 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Б-ы биед уруулын шарх, эрүүний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 30-р хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 Хэрэгт авагдсан баримтаар: 2019 оны 4 дүгээр сарын 14-ний орой энэ хэргийн хохирогч Д.Б-, шүүгдэгч Ц.Т-, гэрч Л.Н-, Э.Ц-, Б.Ч- нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тааралдсан ба Ц.Т- Л.Н- нар нь тэврэлдэж чангаар ярилцаж байсныг хохирогч Д.Б- “тэднийг муудалцаж байна” гэж салгахаар очоод маргаан үүсэж, харилцан зодолдох явцад шүүгдэгч Ц.Т- хохирогч Д.Б- руу чулуу шидсэний улмаас хохирогчийн биед “уруулын шарх, эрүүний цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 Шүүгдэгч, хохирогч нар харилцан зодолдсон талаар тэдний хэн аль нь мэдүүлдэг боловч Ц.Т- нь мөрдөн байцаалтанд “миний биед үзүүлэх бэртэл, гэмтэл, шарх байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэж шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүлээн авахаас татгалзаж, хүсэлтээ бичгээр гаргасан тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ц.Т-ий хохирогч Д.Б- руу чулуу шидэж биед нь  “уруулын шарх, эрүүний цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

          

           Шүүгдэгч Ц.Т- нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь “Ц.Т- миний эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлсөн. Бид хоёр эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг /хх-ийн 60-р хуудас/ мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар.

          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид сайн дураараа эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлсөн, энэ гэмт хэрэг гарахад хохирогч Д.Б-ы шүүгдэгчийг хавсарч газарт унагааж, цохисон зэрэг зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тэрээр Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Т-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ц-ын Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ийг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Т-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Т- нь хохирогч Д.Б-д эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Т-д авсан Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.ОДБАЯР