| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 197/2025/20199/И |
| Дугаар | 210/МА2025/02017 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02017
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/12011 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
12,985,500 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хөлс 3,150,000 төгрөг, үүнд холбогдох алдангийг 48 хоногоор тооцож 756,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны хөлсийг хоцроож төлсөнтэй холбоотой алданги 609,500 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны гэрээг хугацаанаас өмнө цуцалсны хохиролд 7,700,000 төгрөг, зуучлалын агентын төлбөрөөс гэрээг цуцалсан хугацаанд ногдох төлбөр 770,000 төгрөг, нийт 12,985,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь байр хүлээлгэн өгснөөр гэрээ дуусгавар болсон, барьцааг суутгаж тооцсоноор төлбөрийн үлдэгдэлгүй болсон гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Стадион оргил /17013/ Удирдлагын академийн гудамж 220 байр, 1504 тоот хаягт байршилтай 79,35 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаагаар хөлслүүлэхээр, хариуцагч нь 1 сарын 3,500,000 төгрөг төлөх, мөн барьцаа болгож 3,500,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцжээ.
3.1. Хариуцагч нь гэрээний 4.7-д заасан хугацаанд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр талууд гэрээг цуцалж, орон сууцыг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээлцжээ.
Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч нь нэхэмжлэгчид барьцаа 3,500,000 төгрөгийг өгсөн бөгөөд харин 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хөлс 3,150,000 төгрөгийг төлөөгүй.
3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4.1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2, гэрээний 4.7-т зааснаар хариуцагчийн гэрээ цуцлах саналыг нэхэмжлэгч хүлээн авснаар талууд гэрээг цуцалсан. Гэрээ цуцлагдах үеийн байдлаар хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хөлсийг төлөөгүй байсан.
Иймд шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хөлс 3,150,000 төгрөгийг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв.
4.2. Мөн хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны хөлсийг төлсөн боловч гэрээний 3.2-т заасан сар бүрийн 07-ны өдөр төлөх хуваарийг зөрчсөн тул үүнд холбогдох алданги 609,500 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна. Энэ талаар шийдвэрт тодорхой үндэслэл дурдаагүй байгааг дээрх байдлаар залруулж дүгнэв.
4.3. Ийнхүү хариуцагчийн орон сууц хөлслөх гэрээний хүрээнд төлөх мөнгөн төлбөрийн үүрэг 3,759,500 төгрөг болсон байх боловч энэ дүнгээр нэхэмжлэлийг хангахдаа анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
4.4. Нэхэмжлэгч нь хариуцагчаас барьцаа болгож 3,500,000 төгрөг хүлээн авсан болохыг өмнө дурдсан.
Хэдийгээр гэрээний 3.7-д хөлслөгч тал нь гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцлахаар болсон тохиолдолд хөлслүүлэгч тал барьцааны мөнгийг буцааж олгохгүй гэж заасан ч энэ нь барьцаанаас хариуцагчийн төлөх ёстой мөнгөн төлбөрийн үүргийг хасч тооцоход саад болохгүй.
Учир нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 231 дүгээр зүйлийн 231.1.4-т зааснаар барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд зөвхөн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилготой. Өөрөөр хэлбэл, барьцаа нь үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлага болж үүрэг гүйцэтгүүлэгчид үлдэх зориулалттай биш юм.
Иймээс хариуцагчийн төлөх ёстой үүрэг болох 3,759,500 төгрөгөөс барьцаа 3,500,000 төгрөгийг хасч, үлдэх 259,500 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байна.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны хөлсөд холбогдох алданги 756,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны гэрээг хугацаанаас өмнө цуцалсны хохиролд 7,700,000 төгрөг, зуучлалын агентын төлбөрөөс гэрээг цуцалсан хугацаанд ногдох төлбөр 770,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон.
5.1. 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны хөлсөд холбогдох алдангийг хэрэгсэхгүй болгож шүүхээс шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Учир нь гэрээ цуцлахаас өмнөх 1 сарын хөлсийг төлөхөд үүргийн зөрчил гарсан ч гэрээ цуцлах өдрийн байдлаар барьцаа хөрөнгөөс суутган тооцох ёстой тул үүнд алданги бодогдохгүй.
5.2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээ цуцлагдсаны улмаас учирсан алдагдал, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцон арилгуулахаар шаардах эрхтэй.
Гэхдээ анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны гэрээг хугацаанаас өмнө цуцалсны хохиролд 7,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын болон гомдол гаргагчийн эрх зүйн байдлын дордуулахгүй байх зарчмуудын хүрээнд гэрээг хугацаанаас өмнө цуцалсны хохирол шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг давж заалдах шатны шүүхээс хөндөх, дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/12011 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад 3,759,500 /гурван сая долоон зуун тавин есөн мянга таван зуун/ гэснийг 259,500, 9,226,000 /есөн сая хоёр зуун хорин зургаан мянга/ төгрөгийг гэснийг 12,726,000 төгрөг гаргуулах хэсгийг гэж,
2 дахь заалтад 75,102 гэснийг 8,435 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Т.БАДРАХ