Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/93

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1804002510093 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:                    

 Нарийн бичгийн дарга                                Б.Баттуяа

 Улсын яллагч                                                 Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                    Х.М- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 аав ээж, эгч дүүгийн хамт .. аймгийн ..сумын .. дугаар баг, асгатын .. дугаар гудамжны  .. тоот хашаанд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х- овгийн Х-ын М- /РД:....................../.

Прокурорын яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч Х.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн үед .............. тоотод оршин суух иргэн Э.Т-ын гэрт очиж “гар утсаа өгөөч, яриад өгье” гэж хэлээд түүний 280.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-7 маркийн гар утсыг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Багануураас урагш 20 км орчим зайд байх газарт Г. гэх хүн.........ий туслах малчинаар ажиллаж байгаад 11 сарын эхээр гараа гэмтээгээд Багануурт ирж үзүүлсэн юм. Тэгээд Г.......... ахын очдог байсан Т-ынх гэдэг айлд очоод гар утсыг нь гуйж аваад гадаа гарч утсаар яриад өгье гэж хэлээд гар утсыг нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48, 49-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч Э.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 16-17 цагийн орчим гэртээ буюу Багануур дүүргийн ........... тоотод байж байхад Г....... ахтай хамт манайд ирж байсан залуу ирээд хөдөөнөөс дөнгөж сая орж ирлээ утсаа өгөөч би гадаа гарч нойлд бие засангаа тухтай ярьчихаад өгье гээд гарсан юм. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь гараад хартал нойлд байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13, 14-р хуудас/

Гэрч Б.Б-ийн өгсөн “...манайд туслах малчин хийж байсан М- гэх залуу 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр .......... тоотод байх Т-ын гар утсыг худал хэлээд аваад тэр чигтээ явсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-р хуудас/

Гэрч М.Г-ийн өгсөн “...манай туслах малчин М- Залуусын 22 тоот хашаанд байх Т-ын гэрт урьд нь надтай хамт 2-3 удаа очиж байсан юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ганцаараа Т-ынд очоод гар утсыг нь гуйж аваад буцааж өгөлгүй явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-р хуудас/

Эд хөрөнгийн үнэлгээний: “...Самсунг Жи-7 маркийн гар утас 280.000 төгрөг...” гэсэн тайлан /хх-ийн 27 дугаар хуудас/

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай “...2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 16 минутад цагдан хорих байранд хүлээлгэн өгөв...” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-н 30, 31-р хуудас/

Яллагдагчаар цагдан хорих тухай 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамж /хх-н 36, 37-р хуудас/

Шүүгдэгч Х.М-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “…Ял шийтгэлгүй...” гэсэн хуудас /хх-ийн 103-р хуудас/

Х.М-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 107-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Х.М-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “...Ял шийтгэлийн хувьд тохиролцсон байгаа. Торгуулийн 450.000 төгрөгийг төлнө...“ гэжээ.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Х.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн үед ........... тоотод оршин суух иргэн Э.Т-ын гэрт очиж “гар утсаа өгөөч, гарч яриад өгье” гэж хэлээд түүний 280.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-7 маркийн гар утсыг залилан явч явсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, хохирогчийн мэдүүлгүүдээр батлагдсан. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн бодит байдлыг нотолж байгаа бичгийн нотлох баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

             Шүүгдэгч Х.М- нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийн гар утсыг авч “гарч утсаар чинь яриад өгөе” гэж хэлэн гар утсыг нь авч явсан үйлдлээр нь тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч  нь “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлээд Э.Т-ын гар утсыг авсан үйлдэл нь бусдыг хуурч мэхлэх аргаар эд зүйлийг нь авсан гэж үзэх объектив шинжийг агуулжээ

Иймд Х.М-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр “...хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Х.М- нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Х.М-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүйг тэмдэглэе.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 15 хоног цагдан хоригдсон болох нь шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Х.М-ын цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг 15000 төгрөгөөр тооцож /15х15000=225.000/ түүнд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялаас хасч /450.000-225.000=225.000/ торгуулийн ялыг 225.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн

1, 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х- овгийн Х-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х- овгийн Х-ын М-ыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Х.М-ын цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг 15000 төгрөгөөр тооцон /15х 15000=225.000/ түүнд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялаас хасч /450.000-225.000=225.000/ торгуулийн ялыг 225.000 төгрөгөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Х.М-т мэдэгдсүгэй.
  5. Хохирогч Э.Т- нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
  6. Тогтоол хүчин төгөлдөр болтол Х.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7. Х.М-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                А.БЯМБАЖАВ