Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 128

 

                                                                           Б.У-т холбогдох эрүүгийн

                                                                                   хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Ч.Энхбаяр нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 574 дүгээр магадлалтай, Б.У-т холбогдох 2108010130844 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.У, 1978 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, 

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 205 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан байна. 

Б.У нь согтуурсан үедээ 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ****** дугаар гудамжны зүүн талд амь хохирогч Ж.Б-тэй “утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь элэгний 5,6,7-р сегментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хараа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсөгт зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт бүхий гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.У-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.У-ыг 10 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар цагдан хоригдсон 223 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.У-аас 3,866,400 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдан шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б.У-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.У-ыг цагаатган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар амь хохирогч Ж.Б-ийн нас барсан гэх хэргийг хэрэг бүртгэлдэд буцааж, хэрэгт Б.У нь нийт 287 хоног цагдан хоригдсон болохыг дурдан, түүнийг нэн даруй суллахаар шийдвэрлэжээ. 

Прокурор Ж.Сувданчимэг хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө-н “...Ж.Б босоод ирэхээр нь “цай уу, хоолоо ид” гэж хэлтэл “үгүй” гээд хүйтэн ус уугаад хувцсаа өмсөөд гараад явчихсан. Тэр үед нүүр нь зүгээр байсан. Гэрээс гарахдаа эрүүл байх шиг байсан. ...15 цагийн үед цагдаагаас залгаад “дүү чинь Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна, та ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 43-44-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1050 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр элэгний 5, 6, 7-р сегментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсгөнд зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

...Дээрх элэгний задрал, урагдал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэрэгт, баруун хацар, хоншоор ясны хугарал 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, баруун зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсгөнд зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. ...Талийгаачид эмнэлгийн зохих үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл элэгний эдийн урагдал, задралын улмаас цочмог цус алдаж цус алдалтын шоконд орж нас баржээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 159- 170-р хуудас/,

-Гэрч Б.Б-ын “...би яаралтай журмаар амь насны заалтаар Ж.Б гэх ...хүний биед хагалгаа хийсэн. Хэвлийн хөндий нээхэд их хэмжээний цэвэр цустай, давхар цусан хураатай байсан. Ж.Б-ийн элэгний баруун дэлбэн задарсан 5, 6, 7-р сегментийг хамарсан том хэмжээнд задарсан байсан. Өөрийнх нь асуумжаар бусдад зодуулсан 8 архи уусан болохоор хэнд зодуулснаа санахгүй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 47-р хуудас/,

-Гэрч С.С-ийн “...2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ...дэлгүүр ороод харьж явахад гудамжны буланд нэг танихгүй настай ахын нүүр хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байсан. Хажуугаар нь гараад цааш явж байхад урдаас бор царайтай, үсээ дээрээ боосон 40 гаруй насны эрэгтэй хүн зөрсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 75-77-р хуудас/,

-Гэрч Ж.Т-ний “...2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр... Т ах, С эгчийн дэлгүүр рүү алхаад гудамж өгсөөд явж байхад 30-40 метр зайд ажлын хувцастай хүн ганцаараа алхаж явахаар нь Б, Б хоёроос “хэн бэ” гэж асуухад “У байна” гэж хэлсэн. У нь нүүрс зардаг У байсан. Б, Б 2 “Өглөө У, шар Б гэж дууддаг Ж.Б нартай манай гудамжнаас дээшээ байдаг цэцэрлэгийн үүдэнд тааралдсан, тэр хоёр мөнгөтэй явж байна лээ, дэлгүүрээс архи авч чадахгүй байна” гэж ярьж байсан. У цэцэрлэгийн гудамжинд өөр хоёр хүнтэй нийлээд цаашаа алхаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 140-141-р хуудас/,

-Гэрч, Түргэн тусламжийн Сонгинохайрхан салбарын 1 дүгээр ээлжний эмч Т.Д-ийн “...Тухайн үед Ж.Б нэг их юм ярихгүй, хамраас нь нэлээн цус гараад байсан бөгөөд хэвлий хэсэг рүүгээ хүнд цохиулсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 144-145-р хуудас/,

-Гэрч, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сонгинохайрхан салбарын дуудлагын эмч С.З-ийн “...50 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд үзлэгийг хийхэд ил харагдах байдал нь баруун нүд хөхөрч хавдсан, доод уруулын дотор хэсэгт язарсан, цус гарсан шархтай, хэвлий орчим маш эмзэглэлтэй, тухайн хэвлий хэсэгт халуун оргисон байдалтай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 147-148-р хуудас/,

-Гэрч Э.Э-ын “...У 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 06 цагийн үед гэрээсээ гарсан. Өдөр 13-14 цагийн үед ирэхдээ бага зэрэг уучихсан бололтой халамцуу ирсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 153-р хуудас/,

-Гэрч С.П-ийн “...манай энэ хавьд надаас өөр шар Д гэх хүн байхгүй. Би У, шар Б буюу Ж.Б, Д буюу Т нарыг танина. ...У өөрөө архи нэлээд уудаг залуу бөгөөд би одоогоос 2 жилийн өмнө нэг удаа нийлж архи ууж байсан, өөрөөр уулзаж архи ууж байгаагүй. ...Би дээрх хүмүүстэй 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр уулзаагүй. Тэр өдөр би хөдөө байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 39-р хуудас/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 27- 32-р хуудас/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4862 дугаартай “Б.У-ын биед зүүн зовхи, өвдөг, шилбэ, баруун хөмсөг сарвуу өвдөг, шилбэ цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /1-р хх-172- 174-р хуудас/,

-Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 33-39-р хуудас,

-Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-р хх-ийн 87- 89, 118-120-р хуудас/ зэрэг болон бичгийн бусад нотлох баримтууд цугларсан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэвэл, шүүгдэгч Б.У, амь хохирогч Ж.Б нар нь бие биеэ урьд таньж мэддэг байх ба шүүгдэгч Б.У нь амь хохирогч Ж.Б-тэй 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр уулзсан, түүнтэй хамт байсан бөгөөд улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны ****** дүгээр гудамжинд хохирогч Ж.Б-тэй “утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь элэгний 5, 6, 7-р сегментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсөгт зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон гэж үзэх нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогддог. Иймд 2023/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 2023/ДШМ/574 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.У-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн “...амь хохирогчтой маргалдаж элэг рүү нь баруун гараараа нэг удаа, мөн зүүн хацар хэсэгт нь цохисон” гэх мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангахгүй байхад тухайн хүний эсрэг нотлох баримт болгон ашигласан нь Үндсэн хууль, Олон Улсын гэрээнд заасан хүний эрхийг ноцтой зөрчсөнд тооцогдоно, энэ мэдүүлэг нь бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоодохгүй байна гэсэн үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хэргийн материалтай танилцахад 2 дугаар хавтаст хэргийн 24-26 дугаар талд Б.У нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцаад өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлэгтээ гэмт хэрэг үйлдэгдсэн талаар буюу “амь хохирогч толгой хэсэгт чулуугаар цохих шиг болсон, тэгэхээр нь би баруун гараараа элгэн тус газарт нь цохисон” гэж тодорхой мэдүүлдэг бөгөөд мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр давхар нотлогддог. Анх хэргийн газрын үзлэг хийхэд хоёр хэсэг газраас хохирогчийн цус олдсон ба тухайн цусыг шинжилгээнд өгөхөд хохирогчийн ДНК-тай тохирсон гэх дүгнэлт байдаг. Мөн Б.У-ын биед үзлэг хийхэд нүүрний дух, өвдөг хэсэгт шалбарсан, баруун гарын сарвуу, үений хэсэгт зулгарсан гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтэл нь шинжээчийн 4826 дугаар дүгнэлтээр тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед учирсан байх боломжтой гэж тодорхойлогдсон бөгөөд хэргийн үйл баримттай тохирдог. Яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “шар Б буюу хохирогч Ж.Б-тэй хамт архи уусан” гэж байсан боловч энэ мэдүүлгийн дараагаас шар Б биш шар Д-той архи уусан гэж мэдүүлж эхэлсэн.

Үүний дагуу Д гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авахад “би энэ үед Өмнөговь аймагт ажиллаж байсан, хотод байгаагүй” талаар тодорхой мэдүүлдэг. Гэрч Ж.Т “үсээ толгой дээрээ боосон залуу явж байсан, хамт явж байсан хоёр хүнээсээ энэ хэн бэ гэхэд У буюу нүүрс зардаг У байна гэсэн” харсан гэдгээ тодорхой мэдүүлдэг. Эдгээр нотлох баримтуудаар яллагдагчийн мэдүүлэг давхар нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох саналтай байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Санчирбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгт холбогдсон этгээдийг шууд сэжигтнээр тооцон мэдүүлэг авч, мэдүүлгийн эх сурвалжийг нягтлах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн нь тухайн мэдүүлгийг /сэжигтнээр өгсөн/ үгүйсгэх үндэслэл болохгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.5 дугаар зүйлийг зөв хэрэглэх талаар 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар гарсан. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдсан бөгөөд давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-1.3-т заасан буюу “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байсан. Давж заалдах шатны шүүх “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч хуульд заасан үүрэг болгосон заалтыг нэг мөр хэрэглээгүй нь магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бий болсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. ...Анхан шатны шүүхээс Б.У-ыг гэм буруутайд тооцохдоо тодорхой гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг үнэлж, дүгнэсэн. Гэрч С-ийн хувьд тухайн хэрэг маргаан болсноос хойш хэдхэн хоногийн дараа өнгөт зургаар таньж олуулах ажиллагаа явуулахад Б.У-ын талаар ярьдаггүй. Шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсний дараа буюу жил гаруй хугацааны дараа гэрч С таньж олуулах ажиллагааны зургийг хараад “энэ хүн Б.У мөн байна” гэж таниад байдаг.

Мөн талийгаачийн олдсон газар, түүний өмсөж явсан хувцаснаас Б.У-ын цус олж тогтоогдоогүй. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэргийг хэн, яаж, хаана үйлдсэн” гэдэг нь тогтоогдоогүй. Гэрч нар амь хохирогч, Б.У нар нь хоорондоо муудалцаж, зодолдсоны улмаас Ж.Б-ийн амь нас хохирсон талаар мэдүүлдэггүй. Мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байхад гэм буруугийн асуудал яригдах боломжгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн гэм буруу, хэргийн үйл баримт хангалттай тодорхой бодитой байх зарчмын дагуу сэргээн тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах эсхүл хөнгөрүүлэн зүйлчлэх байдлаар ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг давж заалдах шатны шүүх зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан прокурорын эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 568 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.У-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ. 

2.  Анхан шатны шүүхшүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хянаад шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.У-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна.

3. Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах...” гэж тодорхойлон заажээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж  хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

4. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй болно.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож, шүүгдэгч гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой болно.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шийдвэр бүхэн тэр дундаа шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүйгээр тогтоож, гаргасан зан үйлд нь эрх зүйн зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэхэд хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт чухал юм.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой билээ.

Энэхүү хэрэгт Б.У-т холбогдох хэргийн нөхцөл байдлыг тогтооход эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны арга хэрэгслээр авагдсан гэх  баримтууд зөрүүтэй,хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс бүрэн авч хэрэгжүүлээгүй байна.

Тухайлбал, хэрэгт авагдсан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...уг хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ******-р хороо, Баянхошууны ****** гудамжинд болсон гэх ба төв засмал замын баруун талд ******-р хорооны автобусны буудлын баруун талд ****** гудамжны 26 гэх дугаартай ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны зүүн талд цагаан саарал өнгийн модон хашааны урд талд хохирогч хэвтэж байсан гэснийг шинжээч 3 гэж дугаарлав....хохирогч байсан гэх газраас ертөнцийн зүгээр зүүн урагш 7 метр зайд Арвай гэсэн архины шил байсныг 4 гэж дугаарлан хураан авав. 4 дугаараас баруун хойд зүгт 7 метр зайд  Ice tea” гэсэн хуванцар сав байсныг 5 гэж дугаарлаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” /1-р хх 6-9/,  2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Б.У-аас хаашаа явах талаар асуухад Сонгинохайрхан дүүргийн ****** хорооны автобусны буудал руу явна гэж жолоочид өөрөө замыг зааж явсаар Сонгинохайрхан дүүргийн ****** хорооны нутаг төв замын ертөнцийн зүгээр баруун талд байрлах ногоон өнгийн авто засварын хойд талд явган хүний зам дээр шар Б гэж дууддаг хүнтэй таарч уулзсан гэж өөрөө заав. ****** хүнсний дэлгүүрийн урд талын хашааны завсраар архи авсан гэж заав. Тэгээд ****** дэлгүүрийн урд талын гудамжаар ертөнцийн зүгээр зүүн зүг рүү явсан гэх бөгөөд тухайн гудамж нь Сонгинорхайрхан дүүргийн ****** хороо, Баянхошууны ****** дугаар гудамж гэсэн хаягтай байв. Уг гудамжаар дээш өгсөн гудамжны үзүүрээр урд зүгт эргэхэд үзүүрт бетонон суурь байх бөгөөд уг газарт шар Б-тай дэлгүүрээс авсан 0,5 литрийн Хараа архи хувааж уусан гэж өөрөө заав. ...бетонон суурьны баруун талд Хараа нэртэй архины хоосон шил 1 ширхэг, хуванцар тал савны хамт байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Яллагдагч нь шар Б гэж дууддаг хүнтэй архи уусан газрын хажууд зодолдсон гэж заах бөгөөд түүний дараа ертөнцийн зүгээр хойд зүгт явж худагтай 18 дугаар гудамжаар буцаж ганцаараа явсан...” /1-р хх 33-39/ гэж гэмт хэрэг үйлдэгдсэн газар зөрүүтэй тусгагдсан нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хоёр шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо,Баянхошууны ****** дугаар гудамжны үзүүрт байрлах бетонон суурь болон тус хорооны ****** дүгээр гудамжны 26 гэх дугаартай ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны зүүн талд хохирогч байсан гэх газрууд байршлыг харуулсан газар зүйн схем зурагт хоорондын зайг 200 метрийн /3-р хх 127, 128/ гэж тэмдэглэснээс өөр баримтаар бүрэн гүйцэт шалгаж тодруулаагүй, мэдүүлгийг газар дээр нь шалгасан Б.У амь хохирогч Ж.Б-ийг зодсон гэх хаяг, байршилтай газраас хохирогчийн хэвтэж байсан газар хүртэл хохирогч хэрхэн очсон болохыг  ямар нотлох баримтыг үндэслэж тогтоосон нь тодорхойгүй, ингэж очихдоо шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэлтэй хүн явж чадах эсэхийг батлахуйц баримт хэрэгт авагдаагүй, эсхүл хохирогчийн хэвтэж байсан гэх газарт шүүгдэгч хохирогчийг зодсон эсэхийг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй байх бөгөөд эдгээр нөхцөл байдлын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

Гэмт хэргийн үйл баримтыг нарийвчлан шалгаж, түүний дэс дараалалд тулгуурлан гэмт хэрэг үйлдсэн газрыг тогтоож, нотлогдсон нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд тусгай мэдлэг бүхий шинжээч томилон асуултуудыг оновчтой тавьж, хэрэв шинжээч дүгнэлт гаргасан тохиолдолд энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иймд хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйгэм буруугүйд тооцох зарчмыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан “...магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн агуулга бүхий прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 574 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

                                              

                                      ДАРГАЛАГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                         ШҮҮГЧИД                                       Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                С.БАТДЭЛГЭР 

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ                                                                                    

                                                                                                Ч.ХОСБАЯР