Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2026/0036

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сангийн яамны Худалдан авах ажиллагааны

улсын байцаагчид холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                           Г.Банзрагч

Танхимын тэргүүн:                        Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                             М.Батсуурь

                                                               Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                                 П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:                 Б.Энхжаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0857 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2026/0030 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.У, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагч Л.А нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 113 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах,

2.Хэргийн нөхцөл байдал: “Т” ХХК нь “ЭҮ” ТӨҮГ-аас зарласан “Төрөл бүрийн шаваас, эмульс” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон байх бөгөөд тухайн компанийг тендерт хавсаргаж ирүүлсэн “барааны шинжилгээний тайлангийн огноог өөрчилсөн” гэж үзэж, тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.

3.Нэхэмжлэгчээс “... Шинжилгээний огноог өөрчлөөгүй, үйлдвэрлэгчээс ирсэн баримтыг ямар ч засваргүйгээр тендерт хавсаргаж өгсөн, QR кодын мэдээллийн зөрүү нь үйлдвэрлэгчийн асуудал бөгөөд нэхэмжлэгчтэй холбоогүй, дахин тендерт оролцох эрхийг хааж, компанийн үйл ажиллагаа, ажлаа чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн” гэж,

4.Хариуцагчаас “ ... Тендерт хавсаргасан шинжилгээний тайлангийн огноо 2023 оны 09 дүгээр сарын 11, үйлдвэрлэгчийн QR кодоор гарч буй огноо 2023 оны 12 дугаар сарын 16, мөн QR кодоор харагдах мэдээлэл нь 2022 оны тайлан, эдгээр нь хоорондоо зөрүүтэй болох нь тогтоогдсон. Тендерт зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж зааснаас харвал тендер шалгаруулалтад оролцогч нь тухайн харилцаанд хариуцлагатай байх зарчмыг баримтлах үүрэгтэй.

5.2.Хариуцагч албан тушаалтан Z********* дугаар шинжилгээний бичиг нь 2023 оны 09 дүгээр сарын 11, QR кодыг уншуулан шалгахад 2022 оны 09 дүгээр сарын 11, захиалагчид үйлдвэрлэгчээс ирүүлсэн 2022 оны тайлангийн барааны QR кодыг уншуулан шалгахад 2022 оны 09 дүгээр сарын 11 буюу ижил огноотой, Z******** дугаар барааны 2023 оны шинжилгээний тайлангийн QR кодыг уншуулахад 2023 оны 12 дугаар сарын 16-ны огноотой байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

5.3.Тендерт оролцогч байгууллага нь тодорхой шаардлагуудыг хангах ёстой бөгөөд санхүүгийн чадавх, техникийн нөхцөл баримт бичгүүд нь хуурамч, худал, эсхүл бодит бус мэдээлэл бүхий баримт бичгийг ирүүлэхгүй байх шаардлагатай бөгөөд тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцах учиртай.

5.4.Нэхэмжлэгч хуулийн этгээд “ЭҮ” ТӨҮГ-аас зарласан тендерт хүргүүлсэн баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгаагүй, мэдээлэл зөрүүтэй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтан хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Дээрх хууль болон журмын зохицуулалт нь тендерт оролцогч тендерт ирүүлсэн баримтыг үнэн зөв эсэхийг өөрөө хариуцах үүрэгтэй бөгөөд алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө залруулах боломжийг тендерт оролцогчид олгосон агуулгатай.

6.2.Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Т” ХХК-иас “ЭҮ” ТӨҮГ-аас зарласан Төрөл бүрийн шаваас, эмульс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/********** дугаартай тендер шалгаруулалтад оролцохоор хүргүүлсэн тендерийн баримт бичигт хавсаргасан Z********** дугаартай барааны шинжилгээний тайлангийн огноо зөрүүтэй байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

6.3.Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендерт ирүүлсэн болохыг тогтоож, нэхэмжлэгч хуулийн этгээдийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Хууль хэрэгжүүлэгч нь төрийн байгууллага, албан тушаалтан болохоос хувь этгээд биш. Тиймээс захиргаанд хүлээлгэсэн үүргийг тендер шалгаруулалтад оролцогчид халдаан, үүрэгтэй хэмээн дүгнэх буруу. Түүнчлэн зөвхөн өөрийнхөө өмнө буюу өөртөө л хариуцлага хүлээдэг хувь этгээдийг хариуцлагатай байсангүй хэмээн буруутгаж байгаа нь хууль хэрэглээний алдаа болно.

7.2.Тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 17.5-д шинжилгээний тайлан ирүүлэх шаардлага огт байгаагүй. Тэгэхээр шаардаагүй баримтад тулгуурлан дүгнэлт гаргасан нь буруу. Нэхэмжлэгч ямар нэгэн баримтыг өөрчлөөгүй, үйлдвэрлэгчээс ирүүлсэн баримтыг тэр чигт нь өгсөн байгаа.

7.3.“Х" ХХК-ийн “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ 2027 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүчинтэй” тухай баримт хэрэг дотор байгаа. Хүчинтэй байх хугацаа нь дуусчихсан байсан бол нэхэмжлэгч талд маргах боломж байхгүй. Өөрөөр хэлбэл 2022, 2023 гэсэн тоонд бус харин хүчинтэй байх хугацаанд шат шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

7.4.Үйлдвэрлэгчээс өгсөн баримтыг захиалагчид өгсөн буюу огнооны зөрүү нь нэхэмжлэгчид хамаарахгүйг хүлээн зөвшөөрсөн баримтыг хуулийн шаардлага хангасан байдлаар шүүхэд гаргаж өгсөн ба түүнийг үнэлсэнгүй. QR код дээрх мэдээлэл 2022 он гэж гарах нь гэрчилгээ олгогч байгууллагын мэдээллийн системийн асуудал юм. Үйлдвэрлэгчийн эрх бүхий албан тушаалтан тайлбарлахдаа “огноо зөрөх нь QR код анхны дээж өгсөн огноогоор үлдсэн байх”, “үйлдвэрлэгчийн баримт бичиг хүчин төгөлдөр” гэсэн.

7.5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан “баримт бичгийг өөрчлөх” үйлдэл хийгээгүй. Үйлдвэрлэгч өөрөө 2022 оны баримт өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. QR кодын мэдээлэл өөрчлөгдөөгүй байж болно гэсэн. Үйлдвэрлэгч нь манай бичиг баримтыг засварлаагүй байна гээд байхад бичиг баримтыг өөрчилж, засварлалаа гэж байгаа нь хууль хэрэглээний алдаа болно. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

8.Анхан болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

9.Энэ хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай асуудал нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх санал гаргах хуулийн үндэслэл бүрдсэн эсэх байна.

10.Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерт ирүүлсэн Z********** дугаар бүхий шинжилгээний тайлангийн огноо нь 2023 оны 09 дүгээр сарын 11, захиалагчид үйлдвэрлэгчээс ирүүлсэн 2022 оны тайлангийн QR кодыг уншуулахад 2022 оны 09 дүгээр сарын 11 гэх огноотой, харин 2023 оны шинжилгээний тайлангийн QR кодыг уншуулахад 2023 оны 12 дугаар сарын 16-ны огноотой буюу хариуцагчаас “2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэгдсэн шинжилгээний тайланг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэж өөрчилсөн” гэж үзэж, нэхэмжлэгчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн байна.

11.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1-д “энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах” гэж, 56.5.1-д “худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн” гэж заасныг агуулгаар нь тайлбарлахад, тендерт оролцогч тендерт ялах, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор санаатайгаар, зөрчлийн субьектив талын шинжийг хангаж, хуурамч баримт бичиг бүрдүүлж ирүүлсэн, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилсөн идэвхтэй үйлдэл гаргасан бол дахин тендерт оролцох эрхээ хязгаарлуулах үр дагавар үүснэ.

12.Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь шинжилгээний баримт бичгийг өөрчилсөн санаатай үйлдэл тогтоогдоогүй, шинжилгээний тайлангийн QR кодыг уншуулахад огноо өөр байх нь нэхэмжлэгчийг буруутгах, хуулийн дээрх урьдчилсан нөхцөлд заасан “бусад этгээдийн баримт бичгийг өөрчилсөн” гэх үндэслэлд хамаарахгүй, “зөрүүтэй баримт өгсөн”-д тооцох үндэслэл болох ба энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс буруу дүгнэлт хийжээ.

13.Тодруулбал, үйлдвэрлэгчээс ирүүлсэн шинжилгээний тайлангийн “огноо зөрүүтэй байгаа” нөхцөл байдал нь тухайн тендерт оролцогч этгээдийг тендерт хуурамч баримт бичиг өгсөн эсхүл бусад этгээдийн баримтыг санаатайгаар өөрчилж ирүүлсэн “зөрчил үйлдсэн” гэж дүгнэх, улмаар дараа дараагийн тендерт оролцох эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэл болохгүй, харин уг баримтын зөрүүг тодруулах, учир шалтгааныг олох, холбогдох эх сурвалжаас нягтлах, бусад баримттай харьцуулан тендерийг үнэлэх үр дагавар үүсгэхээр байна.

14.Иймээс нэхэмжлэгчийн “дахин тендерт оролцох эрхийг хааж, компанийн үйл ажиллагаа, ажлаа чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн” гэх гомдлыг хангах үндэслэлтэй.

15.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж зааснаар тендерт оролцогч нь тендерт оролцохдоо өөрийн гаргаж өгсөн баримт бичгийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцах зарчимтай, энэ маргааны тухайд нэхэмжлэгчээс шинжилгээний тайлангийн QR кодыг уншуулж, огноо таарч байгаа эсэхийг нягтлан шалгаагүй, зөрүүтэй баримт өгснийг тендерт ялах зорилготой хууран мэхэлсэн санаатай үйлдэлд тооцохгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан тендерт оролцогчийн аливаа тендерт оролцох эрхийг хязгаарлах шууд үндэслэл болохгүй, харин зөрүүтэй баримт ирүүлсэнд тооцох, оролцсон тендертээ шалгарахгүй байх, үнэлгээнд сөргөөр нөлөөлөх үр дагавар үүсгэж болно.

16.Хариуцагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдийг “2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэгдсэн шинжилгээний тайланг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр болгож өөрчилсөн” гэж буруутгахдаа үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, нотлоогүй, 2022 он болон 2023 оны шинжилгээний тайлан тус бүрийг ялгаж зааглан ойлгомжтой тайлбарлаагүй, 2022 он зөрчилтэй бол 2023 он зөрчилгүй байгаад, тухайн барааны хүчинтэй хугацаа дуусаагүй байгаа зэрэгт дүгнэлт хийгээгүй, хэрэгт “үйлдвэрлэгч “Х” ХХК-иас тус бараанд шинжилгээ хийлгэсэн 2022, 2023 онуудын тайланг ирүүлсэн. “Д” ХХК нь 2022 оны тайланг 2023 он болгож засварласан байна” гэх баримт[1] авагдсан байх боловч нотлох баримтын шаардлага хангаагүй, ямар байгууллагаас гаргасан болох, эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг байхгүй, баталгаат орчуулгаар орчуулагдаагүй, харин  үйлдвэрлэгчээс “JL-029-02-05 тоот хяналтын дугаартай тус шинжилгээний хуудасны QR код нь 2022 оных хэвээр байгаа боловч дараагийн дээж илгээсэн огноо 2023 оноор бүртгэгдсэн байна, ... тухайн үед магадгүй анхны QR кодыг өөрчлөлгүй, зөвхөн дээж илгээсэн огноог шинэчилсэн байна, манай компани энэхүү шинжилгээний тайлангийн үнэн бодит хүчинтэй болохыг баталгаажуулж байна” гэсэн агуулгатай[2] баримт ирүүлжээ.

17.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно” гэж зааснаар техникийн тодорхойлолтод нийцэх эсэхийг нотлох баримтууд хооронд зөрсөн тохиолдолд хариуцагчаас холбогдох этгээдээс тодруулах ажиллагаа хийж, баримт бичгийн зөрүүг арилгаж, үндэслэл бүхий дүгнэлт гаргах, гаргасан шийдвэрийн үндэслэлээ нотлох үүрэгтэй, энэ үүргээ хариуцагчаас биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

18.Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмын тухайд, Сангийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 145 дугаар тушаалаар нэхэмжлэгч хуулийн этгээдийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн байх бөгөөд уг тушаалын үндэслэл болсон маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт хүчингүй болсон тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг эрхээ тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлээс хасах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0857 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2026/0030 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.6.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                             М.БАТСУУРЬ

                                                                                  Ц.ЦОГТ

   П.СОЁЛ-ЭРДЭНЭ


[1] Хавтаст хэргийн 55 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 68 дугаар тал