Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/01291

 

Т.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2017/00166 дугаар шийдвэртэй,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 203/МА2017/00020 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Т.Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г М”ХХК, М.Б нарт холбогдох,

8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.М нь “Г М”ХХК-даа 5.000.000 төгрөг зээлүүлээч гэж гуйсны дагуу бид харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг бичгээр баталгаажуулан 5.000.000 /таван сая/ төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай, хэрэв хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор болж, 5.000.000 төгрөгийг нь тус компанийн захирал байсан М.Бт бэлнээр хүлээлгэн өгсөн. Ингэхдээ М.Б нь компанийхаа нэрийн өмнөөс зээлийн гэрээг байгуулж, улмаар тус компанийхаа тамгыг дарж баталгаажуулсан . /Одоо тус компанийн ерөнхий захирал нь Г.М юм/. Тухайн үед зээлсэн мөнгөөрөө компанидаа тоног төхөөрөмж авахад зарцуулсан байдаг. Ингээд хариуцагч “Г М”ХХК буюу хариуцагч Г.М нь харилцан тохиролцсон гэрээ ёсоороо 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн үндсэн төлбөр 5.000.000 төгрөг, түүний хүү 500.000 төгрөг нийт 5.500.000 төгрөгийг төлөх ёстой атал зээлээ хугацаандаа төлөөгүй, харин зээлийн хүү 500.000 төгрөгийг төлөөд үндсэн зээлээ төлж чадахгүй нь, удахгүй төлнө гэж хэлснээс хойш нэг ч төгрөг төлөлгүй их цаг хугацаа өнгөрсөн. Үндсэн зээл, хүүгээ төлөхийг буюу зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараалан шаардсан боловч Г.М нь удахгүй өгчихнө санаа битгий зов гэсэн үгийг хэлэхээс өөр ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар бүтэн 1 жил өнгөрсний дараа 2015 оны 10 сарын 05-ны өдөр зээлийн үндсэн төлбөр болох 5.000.000 төгрөгийг төлөөд, хүү болон алданги төлөөгүй байна. Иймд үндсэн зээлийн хүү болох 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл хүү 5.500.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг буюу нийт 8.000.000 /найман сая/ төгрөгийг хариуцагч “Г М”ХХК-аас гаргуулан иргэн Т.Б намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Т.Баас 5.000.000 төгрөгийг “Г М”ХХК-ийн үйл ажиллагаанд хэрэглэхээр сарын 10 хувийн хүүтэйгээр тохиролцож зээлж авсан. Тухайн үед 2 тал хүлээн зөвшөөрөөд 5.000.000 төгрөгийг бэлнээр авч гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 5.000.000 төгрөгний 1 сарын хүүг нэхэмжлэгч Т.Б-ны дансанд хийсэн байдаг. Тохиролцсон хүү, алдангийг төлөөгүй байгаа учраас эвлэрэх хэлцэл хийгээгүй тул шүүхэд хандсан. Үндсэн зээлийн хүү болох 5.500.000 хүү, хугацаа хэтэрсэн хоногийн алданги 2.500.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг “Г М”ХХК, М.Б нараас гаргуулан олгож өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг “Г М”ХХК-ийн төлөөлөгч Г.М хүлээн зөвшөөрдөггүй. Хуурамч материал бүрдүүлж өгсөн гэдэг. М.Б шүүхэд хариу тайлбар өгсөн. Тайлбартаа М.Б нь нөхөр Г.Мөнх-Эрдэнийн хамт очиж мөнгө зээлж авсан гэдэг. М.Б нь тухайн үед тус компанийн эрх бүхий албан тушаалтан байсан. Тамга тэмдэгийг ашиглах эрх нь түүнд байсан. М.Б нь мөнгө зээлж авснаа хүлээн зөвшөөрдөг. Харин Г.М мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Гэрээнд хүү тохиролцоно гэж зааж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Иймд бид хүүг нэхэмжлэх эрх нь байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Тус хэргийг урьд нь шийдвэрлэхэд хүүг хангаж шийдвэрлээгүй. Алдангийг хангаж шийдвэрлэсэн. Иймд хүү, алдангийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 500.000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги нь 2.500.000 төгрөг нийлээд 8.000.000 төгрөг болж байгаа юм. Хүүнд нь 500.000 төгрөг өгсөн гээд байдаг. Гэтэл хугацаа хэтрээд бүтэн 1 жил өнгөрсөн. Бид 1 сарын 500.000 төгрөгийг төлснийг хасаад 11 сарын хүү 5.500.000, алданги 2.500.000 нийлээд 8.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.М миний бие “Г М”ХХК-г үүсгэн байгуулж захирлаар нь ажилладаг. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн зээлийн гэрээтэй танилцсан. Уг гэрээг байгуулж Т.Баас хүүтэй зээл авсан тухай би нэхэмжлэлтэй танилцах үед мэдсэн. Урьд өмнө нь энэ талаар мэдээгүй. Урьд нь М.Б бид хоёр гэр бүл цуцлуулах тухай маргаан шүүхэд шийдвэрлэгдэж байхад М.Б энэ талаар тайлбар мэдүүлэгтээ дурдаж байсан боловч тухайн үед энэ талаар баримт гаргаж өгөхгүй байсан болохоор нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихийн тулд үндэслэлгүй худал зүйл ярьж байна гэж бодоод өнгөрсөн. Т.Баас хүүтэй зээл авсан. М.Б бид хоёр хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлээ цуцлуулахад хүрсэн. Гэвч шүүхээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хангахаас татгалзсан. Одоо бид тус тусдаа амьдарч байна. М.Б нь хэдийгээр манай компанийн гүйцэтгэх захирал гэх боловч тухайн компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, гэрээ байгуулж байгууллагын нэрийн өмнөөс иргэн хуулийн этгээдээс зээл авах эрхгүй юм. М.Б нь өөрт хуулиар олгогдоогүй эрх хэрэгжүүлж, надад мэдэгдэлгүй Т.Баас зээл авсан байна. Иймд би нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ уг гэрээний дагуу зээлийн гэрээний хүү төлөх шаардлагатай гэж үзвэл гэрээ байгуулж, мөнгийг хүлээн авсан М.Б хариуцах ёстой гэж үзэж байна. Гэрээ байгуулсан гээд байгааг би хараагүй. Энэ баримтыг М.Б нь Т.Б гэж ахтайгаа нийлж хуурамчаар үйлдсэн тул би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүс нийлж компанийн тамга тэмдгийг ашигласан зүйл байгаа. Миний тамгатай цаасан дээр гэрээг бичсэн үү? эсвэл хамт амьдарч байх хугацаандаа нөхөөд дарсан байж магадгүй. Анх нэхэмжлэл өгөхдөө нугалж хуучруулаад нойлын цаас шиг зүйл хавсаргасан байсан. Анх 5.000.000 төгрөгийг авч байсан нь үнэн. Үүнээс хойш би дахин мөнгө авч байсан удаагүй. Бид хоёрын гарын үсэг зурсан гэх баримтыг энэ хүмүүс сүүлд нь гаргаж өгсөн. Тоног төхөөрөмж авсан гээд байдаг. Надад тоног төхөөрөмж хангалттай байдаг. Энэ хүмүүс нийлж хүнийг ингэж гүтгээд байдаг. Бид 2 гарын үсэг зураад авч байсан 5.000.000 төгрөгийг хүүгүй зээлж аваад, хүү төлөхгүйгээр эргүүлээд өгч байсан. Үүнээс хэд хоногийн дараа гарын үсэг зурж авсан баримт үйлдсэн байсан. Өмнөх мөнгийг нь төлсөн байхад, таньдаг хүмүүс хоорондоо сарын 10 хувийн хүүтэй зээлэх хатуу гэрээг хийхгүй шүү дээ. Энэ хүмүүс санаатайгаар хүнийг гүтгэж байна. Амьдрал дээр бодоход ийм зүйл хийх хүн байхгүй шүү дээ. Бид өөрсдөө 2, 3 зээлтэй байсан. Бид Мэнд констракшины мөнгө орж ирээгүй болохоор цонхийг нь хийж байсан. Тэгээд тэр компаний мөнгөө өгөхөөр нь зээлээ төлж байсан. Эхлээд бид хоёр 5.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, гарын үсгээ зураад аваад эргүүлж өгсөн. Дараа нь дахиад 5.000.000 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид ганцхан удаа л тэр хүнээс мөнгө зээлсэн. Нэхэмжлэлд дурдаад байгаа тамгатай гэрээг би хийгээгүй. Би ийм гэрээ хийж байсан удаагүй. Энэ гэрээнд итгэхгүй байна гэжээ.

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төмөрсүх овогтой Т.Б нь Мөнхтүвшин овогтой М.Б миний ээжийн талын ойрын хамаатан бөгөөд хариуцагч Ганхуягийн Мөнх-Эрдэнийн Эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна хүүтэй ч хамаагүй мөнгө олмоор байна гэсэн шаардлагын дагуу /тухайн үед хамт амьдарч байсан/ өөрийн ээж Р.Нарангэрэлээс гуйж, Т.Б ахтай холбоо барьж, мөнгө зээлэх тухайгаа хэлүүлж Г.Мтэй хамт очиж баримт үйлдэж 5.000.000 /Таван сая/ төгрөгийг бэлнээр авч байсан. Дээрх мөнгийг намайг авсан мэтээр хариуцагч тайлбартаа бичсэн нь үнэнд нийцэхгүй ба “Г М”ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан. Мөн тус компанийн Капитал банкны 2032012093 данснаас 2014 оны 12 дугаар сарьн 11-ний өдөр Т.Бд хүү төлсөн зарлага гарсан байдаг. М.Б миний бие тус дансанд зарлага хийх эрх байхгүй. Сүүлд тус зээлийг төлөх болоход Г.М нь компанийн хөрөнгө болох 20.000.000 /Хорин сая/-аас дээш төгрөгийг ээж болох Н.Оюунцэцэгийн дансанд хийж хэрэглэж байсан хэдий ч намайг дарамт шахалтанд оруулж цалингийн нэмэлт зээл авахуулж 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн данснаас Т.Бд материалын үнэ утгатай шилжүүлсэн байдаг. Үүний дараа удалгүй бид тусдаа амьдрах болсон. Г.М хамт амьдрах хугацаанд миний аав, ээжийн нэр дээр мөн зээл авч компанийхаа үйл ажиллагаанд хэрэглэсэн боловч одоог хүртэл төлөхгүй байгаа юм. Иймд хариуцагч Г.Мөнх-Эрдэнийн тайлбарыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2017/00166 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г М”ХХК-иас 1.250.000 төгрөг, хариуцагч М.Бээс 625.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Бы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г М”ХХК-иас 34.550 төгрөг, хариуцагч М.Бээс 19.400 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгож шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 203/МА2017/00020 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2017/00166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь “ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Бээс 1 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5 500 000 төгрөг, “Г М”ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дугаар заалтын “...19 400...” гэснийг “...34 550...” гэж тус тус өөрчилж, уг заалтын “...хариуцагч “Г М”ХХК-иас 34 550 төгрөг” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул түүнээс давж гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд гомдлоо гаргаж байна. Учир нь шийдвэр болоод магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй мөн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үндэслэл нь: Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг зөв тодорхойлж байгаа хэдий ч тухайн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхааран үзэлгүй хэт нэг талыг барьж үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч “Г М”ХХК-нийг төлөөлж Г.М, М.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад хариу тайлбараа ирүүлсэн байдаг. Хариу тайлбарт Г.М нь:...М.Б нь манай компаний гүйцэтгэх захирал боловч компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, гэрээ байгуулж байгууллагын нэрийн өмнөөс иргэн, хуулийн этгээдээс зээл авах эрхгүй. Надад мэдэгдэлгүйгээр зээл авсан байна, би хариуцахгүй гэх.

М.Б нь: ...Т.Баас зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг бэлнээр авч, “Г М”ХХК-ний үйл ажиллагаанд зарцуулсан тул би хариуцахгүй гэх тайлбарыг тус тус гаргасан. Хавтаст хэргийн хүрээнд авагдсан /хх2/ бичгээр зээлийн гэрээг байгуулж “Г М”ХХК-ний захирал М.Б гарын үсгээ баталгаажуулан, компаний тамга тэмдгийг дарж баталгаажуулсан. Мөн хэрэгт “Г М”ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ нотлох баримтаар авагдсан ба гэрчилгээний ар талд компаний захиралаар М.Б нь тухайн үед захирлын эрх, үүргийг Компаний тухай хуульд зааснаар бүрэн хэрэгжүүлж удирдаж байсан болох нь нотлогдсон. Зээлсэн 5 000 000 төгрөгийг захирал байсан М.Б нь би зээлсэн мөнгийг цалингийн зээл хийж байгаад Т.Бд 5 000 000 төгрөг шилжүүлэн төлсөн гэдэг ба энэ хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны хуулгаар тодорхой харагддаг. Уг банкны хуулган дээр М.Бээс материалын үнэ гээд мөнгийг шилжүүлсэн. Дээрх нотлох баримтуудаас үзвэл М.Бийн тайлбарт хэлсэн уг мөнгийг компаний үйл ажиллагаанд зарцуулсан гэдэг нь мөнгө шилжүүлсэн баримтын гүйлгээний утгад материалын үнэ гэж шилжүүлж байгаа нь компанидаа материал авсан болохыг нотолсоор атал шүүх ХААН банкны дипозет хуулгыг анхааран үзэлгүйгээр дүгнэлт хийсэн. Нөгөөтэйгүүр “Г М”ХХК-ний төлөөлөгч Г.М нь хамт амьдарч байх хугацаандаа хамт ажиллаж хөдөлмөрлөж, уг мөнгөө компанийн үйл ажиллагаанд хэрэглэснийг М.Б нь тайлбарладаг. Гэтэл гэр бүлийнхээ хүн болох хариуцагч М.Бээс салж тусдаа амьдрах болсон нь зээлийн мөнгийг хариуцах гэж маргаж, мөнгийг өрх толгойлсон эмэгтэйгээр төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үедээ мөнгөний хэрэгцээ гарч компанийхаа үйл ажиллагаанд зарцуулж хэрэгцээгээ хангачихаад өнөөдрийн байдлаар хувь хүн буюу хариуцагч М.Бээр төлүүлэхээр тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн компани зээлсэн болох нь зээлийн гэрээнд компаний тамга тэмдэг дарагдсан байгааг шүүх үүнд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Г.М нь хавтаст хэргийн хүрээнд өөрийн тайлбарыг няцаасан бичгийн нотлох баримтыг огт гаргаж өгөөгүй байхад шүүх үүнийг анхааран үзээгүй.

2. Алдангийн хэмжээг шүүх тооцож шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг барьж шийдвэрлэсэн хэдий ч ямар үндэслэлээр, ямар нотлох баримтыг үндэслэж хасаж тооцсон нь тодорхойгүй байна. Иймд шүүгч та бүхэн дээрх бичсэн нөхцөл байдлыг анхааран үзэж “Г М”ХХК-аас алдангийн мөнгийг бүрэн гаргуулан өгч шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шүүх нотлох баримтыг бодитой үнэлж чадаагүй, нэхэмжлэлийг Г М ХХКомпани хариуцах ёстой, алдангийг үндэслэлгүйгээр багасгасан...” тул нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн агуулгатай гомдлыг гаргасан ба гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

Нэхэмжлэгч Т.Б нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэж, “Г М”ХХК-иас зээлийн хүү 5 500 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг нийт 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн М.Бийг хамтран хариуцагчаар оролцуулжээ.

Хариуцагч Г М ХХКомпани нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэгчээс 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг зээлж, хүү 500 000 төгрөгийн хамт төлж барагдуулсан, нэхэмжлэлийн үндэслэл болох 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, уг гэрээг байгуулсан М.Б хариуцах ёстой гэж маргажээ. Хариуцагч М.Б нь зээлийн гэрээг компанийн гүйцэтгэх захирлын хувьд байгуулсан, мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул Г М ХХКомпани нэхэмжлэлийг хариуцах ёстой гэж мэтгэлцсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч Г М ХХКомпаниас 1 250 000 төгрөгийг, хариуцагч М.Бээс 625 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хариуцагч М.Б 5 000 000 төгрөгийг Т.Баас зээлж авсан тул гэрээний үүргийг хариуцах ёстой гэж үзэж, алдангийг багасгаж М.Бээс 1 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх шаардлагыг болон Г М ХХКомпанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан, харин нэхэмжлэлийн зарим хэсгийг хариуцахаар болсон хариуцагч нар гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх талуудын зарчмыг зөрчиж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлгүй болсон байна.

Хэрэгт авагдсан “2014 оны 10 сарын 10-ны өдөр Т.Баас Г М ХХК-г төлөөлж М.Б миний бие 5 сая төгрөгийг, сарын хугацаатай, 10%-ийн хүүтэй зээлэв...” гэсэн Г М ХХКомпанийн тамга бүхий, М.Бийн гарын үсэгтэй бичмэл баримт нь мөнгө зээлсэн агуулгатай, уг мөнгийг М.Б хүлээж авсан, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г М ХХКомпани 5 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтаас үзвэл хариуцагч нарыг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх ба нэмэлт үүрэг болох алдангийг хамтран хариуцах ёстой байна. Анхан шатны шүүх алдангийг багасгасан нь хуулийн хүрээнд тул өөрчлөх боломжгүй гэж үзэв.

Зээлийн гэрээнд хугацааг нэг сар гэж тогтоосон тул нэхэмжлэгч нь хугацаа хэтэрснээс хойш үндсэн үүрэг болох  зээлийн хүүг шаардах эрхгүй, зээлийн хүү 5 500 000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар 07-ны өдрийн 203/МА2017/00020 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2017/00166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 54 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

               ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА