| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00575/И |
| Дугаар | 210/МА2025/01639 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01639
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/05373 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 164,731,518.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******ыг *******” технологийн институтэд “Агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер” мэргэжлээр 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай суралцуулахаар сургалтын гэрээг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр *******, батлан даагч ******* нартай байгуулсан.
Тус газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж холбогдох бүх зардлыг буюу гэрээний хугацаанд нийт 48,722 ам.долларыг шилжүүлэн суралцуулсан.
1.2. Гэвч ******* нь 2016 оны 10 дугаар сард сургуулиа төгссөнөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй тул сургалтын гэрээний 3.6-д “Сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг *******т буцаан төлж, байгууллагыг хохиролгүй болгоно” гэж заасны дагуу гэрээний үүргийг хангуулж, суралцсан хугацааны нийт зардлыг буцаан төлөх үүрэгтэй.
1.3. Авлигатай тэмцэх газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/7902 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Зөвлөмж 4-т “Сургалтын гэрээний үүргийг хангаагүй, сургуулиа төгсөөгүй суралцагчдаар төлбөрийг эргэн төлүүлэх, сургалтын болон барьцаа гэрээний үүргийг хангуулах” гэж заасны дагуу *******ыг 2024 оны 03 дугаар сарын 15, 20, 27-ны өдрүүдэд *******т ирж ажлын ярилцлагад орох, эсвэл суралцсан хугацааны нийт зардал 48,722 ам.долларыг буцаан төлж барагдуулж, байгууллагыг хохиролгүй болгох арга хэмжээ авах талаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай мэдэгдэх хуудсаар өөрт нь болон батлан даагчид мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй.
1.4. Гэрээнд үүрэг гүйцэтгэх газрыг “*******т” гэж тусгайлан заасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна.
1.5. Иймд хариуцагч *******оос суралцсан хугацааны нийт зардал болох 164,731,518.01 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие нь 2008 онд ******* аймгийн ******* сумын ЕБС-ын 3 дугаар 10 жилийг сурч төгссөн бөгөөд тухайн жилдээ улсын техник технологийн олимпиадад оролцон 3 дугаар байр эзлэн ШУТИС-ын харьяа МИС-ын нисэхийн механик инженерийн ангид урилгаар суралцах эрхээр шагнуулсан. Суралцаж байх хугацаандаа идэвх санаачилгатай суралцаж байсан бөгөөд 2011 онд буюу 3 дугаар курст байхад *******аас гадаад улсад нисэхийн 6 мэргэжлээр суралцуулах тухай тэтгэлэг зарлагдсан.
*******аас зарласан тэтгэлэгт шалгалт өгч тэнцсэн бөгөөд ******* технологийн институтэд “агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженер” мэргэжлээр суралцахаар болж, *******тай тэтгэлгээр суралцуулах гурван талт сургалтын гэрээг байгуулсан юм.
2.2. Миний бие 2012 оны 08 дугаар сард ******* хотод очиж агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж эхэлсэн ба суралцаж байх хугацаандаа гэрээний үүргээ биелүүлж ямар нэгэн зөрчил гаргалгүй өөрийгөө бүрэн дайчлан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сургуулиа амжилттай төгссөн.
2.3. Ийнхүү гэрээний 3.6-д заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр *******ын Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежер ******* даргад ажиллах хүсэлтээ дипломын хуулбарын хамт өгсөн боловч гэрээний 2.3-т заасны дагуу шийдвэрлэж өгөөгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй, ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд удаа дараа утсаар өргөдлийн хариугаа тодруулсан боловч тодорхой хариу өгөлгүй байсаар 2018 оны 09 дүгээр сарыг хүргэсэн.
2.4. Би өөрийн биеэр дахин 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр *******ын дарга болох *******тэй /тухайн үеийн/ хадам аав болох *******гийн хамт уулзаж гэрээний үүргээ биелүүлэх болон ажилд орох хүсэлтээ уламжилсан боловч тодорхой хариу мөн өгөлгүй эргэж холбоо барина гэж хэлээд гаргасан болно.
2.5. Миний бие энэ хугацаанд төрсөн эцгээ алдсан, мөн эхнэр маань тухайн үед бие давхар, бага насны хоёр хүүхэдтэй байсан тул цаашид амьдрал ахуйгаа авч явахад хэцүү болж ирсэн. Ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх амьдралын шаардлага үүссэн тул 2 жил хувиараа олон ажил хийж явсаар 2018 оны 11 дүгээр сард “*******” ТӨҮГ-т ажилд орсон бөгөөд өнөөдрийн хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байна.
2.6. 2016 онд сургуулиа төгсөөд ******* Улсад үлдэх боломж байсан боловч улсын мөнгөөр сурч боловсрол эзэмшсэн болохоор ямар ч байсан монголдоо очиж ажиллана гэж бодон ирсэн.
2.7. 2012 оноос өнөөдрийг хүртэл *******тай байгуулсан гэрээнд бичигдсэн миний холбоо барих утас болон гэрийн хаяг өөрчлөгдөөгүй бөгөөд 2024 оны 04 дүгээр сард *******аас утсаар холбогдон ажлын ярилцлагад ирж орох талаар мэдэгдсэн. Тухайн үед би хөдөө томилолтоор ажиллаж байсан тул очих боломжгүй тухай хариу өгсөн болно.
2.8. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж, 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ” гэж, 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;” гэж тус тус заасан байх тул ******* 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/2471 тоотоор гэрээний үүрэгтэй холбогдуулж гэрээ байгуулснаас хойш 13 жил, сургууль төгсөөд ажиллах өргөдөл гаргасан 2016 оноос хойш 9 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******од холбогдуулан гаргасан 164,731,518.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Талууд 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу ******* нь нийт 48,722 ам.долларыг *******ын сургалтын төлбөрт зарцуулсан.
4.2. Гэрээний 3.6-д “Сургуулиа төгссөний дараа эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана, уг заалтыг биелүүлээгүй тохиолдолд суралцсан хугацааны нийт зардлыг *******т буцаан төлж барагдуулна” гэж заасан. Бид гэрээний дээрх заалтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4.3. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээс мэдүүлэг авсан ба тус гэрчийн мэдүүлэгт “******* нь *******т ажилд орохоор хүсэлт гаргасан, ирж уулзсан” гэж дурдсан. Гэвч хариуцагч нь *******т албан ёсоор ажилд орох өргөдөл өгөөгүй бөгөөд ямар нэгэн ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцсон зүйл байхгүй. Тус үйл баримтыг *******ын архивын мэргэжилтний лавлагаагаар нотолж байгаа бөгөөд тус лавлагаа хэрэгт нотлох баримтаар авагдсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.4. *******ын өөрийнх нь хүсэлтийн дагуу гэрээний хугацааг сунгасан буюу гэрээний үүргийг биелүүлэх нэмэлт хугацаа олгож, 2024 оны 03 дугаар сарын 15, 20, 27-ны өдрүүдэд *******т ирж уулзан ажилд орох болон ярилцлагад орох, эсхүл суралцсан хугацааны нийт зардал 48,722 ам.долларыг буцаан төлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч нь ирээгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй.
4.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хэрэгт авагдсан 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийг үндэслэн *******аас шүүхэд хандсан байдаг. Тус зөвлөмжид гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүстэй тооцоо хийхийг шаардсан агуулга тусгагдсан ба хариуцагч ******* нь 2016 онд сургуулиа төгсөөд эх орондоо буцаж ирсэн.
5.2. Нэхэмжлэгч тал ажилд орох өргөдөл гаргаагүй гэж тайлбарласан. Хариуцагч нь сургуулиа төгссөнөөс хойш нэг л удаа дипломоо хуулбарласан. Учир нь *******т ажилд орохын тулд дипломын хуулбарыг тухайн байгууллагад гаргаж өгсөн ба тус хуулбарыг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байдаг. Тухайн үед ******* нь ажилд орохын тулд талийгаач аавынхаа хамт гэрээний нөгөө тал буюу Захиргаа, хүний нөөцийн газраар даргаар ажиллаж байсан ******* гэх хүнтэй очиж уулзсан.
Гэрч ******* нь тухайн үед ирж уулзсан боловч манайд ажлын байгаагүй, ажилд орох өргөдлийн тухайд сургалт хариуцсан албан тушаалтан болон удирдах албан тушаалтан олон солигдсонтой холбоотой байх, тухайн үед өргөдлийг нь хариуцсан албан тушаалтанд нь өгч байсан гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн.
5.3. Захиргаа, хүний нөөцийн газрын дарга ажилд орох асуудлыг нь шийдвэрлэж өгөөгүй тул хариуцагч хадам аавынхаа хамт *******ын даргатай уулзсан байдаг. Хадам аав ******* нь энэ тухай дэлгэрэнгүй тайлбарласан. Өөрөөр хэлбэл, *******ын төрсөн аав нь хүүгээ ажилд оруулах гээд чадаагүй учраас өнгөрөхөөсөө өмнө надаас гуйсан тул хүнээр яриулж байж ******* даргатай уулзсан гэж мэдүүлсэн. Хариуцагч нь ажилд томилогдох гээд чадахгүй дипломоо бариад нэхэмжлэгч байгууллагад очиж уулзаж байсан. Үүнээс дүгнэвэл, хариуцагч гэрээний үүргээ биелүүлж байсан.
5.4. *******аас хариуцагчийг агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер гэх албан тушаалд томилсон тушаал гарчихсан байхад хариуцагч очиж ажиллаагүй тохиолдолд гэрээний уг заалт хэрэглэгдэх байсан гэж үзэж байна.
Тодруулбал, нэхэмжлэгч тал томилох үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагч мэргэжлээрээ ажилд орох гээд чадаагүй. Агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженерээр зөвхөн ******* компанид ажиллах боломжтой ба агаарын тээврийн авиа компаниудад ажиллах боломжгүй байсан. Ийм хязгаарлагдмал нөхцөл байдалд байсан учраас *******аас томилохоос өөр аргагүй ажлын байр байсан. Тухайн албан тушаалд томилогдож чадаагүй тул аргагүйн эрхэнд өөр ажил хийсэн.
5.5. Сургуулиа төгссөнөөс хойш 13 жилийн дараа буюу 2024 онд Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн биелэлтийг хангахаар хариуцагчийг ирж уулз, сонгон шалгаруулалтад оролц гэж мэдэгдсэн боловч тухайн үед мөн агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженерийн орон тоо байгаагүй. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн, *******аас хариуцагчийг албан тушаалд томилоогүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан,
5.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан сургалтын гэрээний төлбөрт төлсөн 48,722 ам.доллар буюу 164,731,518.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь ажлын байраар хангаагүй, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* болон ******* нарын хооронд “******* Улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ” байгуулж, уг гэрээгээр ******* Улсын British Columbia технологийн институтэд “Агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер” мэргэжлээр 2 жил суралцах, сургуулиа төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллахаар тохиролцсон;
3.2. ******* нь *******ын ******* Улсын British Columbia технологийн институтэд “Агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер” мэргэжлээр 2 жил суралцах хугацааны зардалд 48,722 ам.доллар төлсөн;
3.3. ******* нь ******* Улсын “British Columbia” технологийн институтэд суралцан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төгссөн;
3.4. ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тус тус *******т ажилд орох талаар өргөдөл гаргаж, уулзсан боловч ажилд томилоогүй;
3.5. *******аас 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09 тоот мэдэгдэх хуудас, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот мэдэгдэх хуудас тус тус хүргүүлж, *******ыг *******т ирж, ажлын ярилцагад орох, эсхүл сургалтын төлбөрийг буцаан төлөх талаар мэдэгджээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн алдаа гаргасныг залруулна.
4.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагчийн болон ажил гүйцэтгэгчийн зардлаар ажлыг гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болдог онцлогтой ба талуудын хооронд үр дүн гаргаж, хөлс төлөх талаар тохиролцоо байхгүй тул “******* Улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ”-г ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэхгүй.
4.2. Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээний шинжийг агуулж байх бөгөөд мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүрэг үүсгэсэн хэлцлийн шинжийг агуулж байна.
4.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
5. Анхан шатын шүүх талуудын хооронд байгуулсан үүргийн зөрчлийг харгалзан үзэхгүйгээр ******* нь талуудын байгуулсан гэрээгээр хүлээсэн *******ыг эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу ажлын байраар хангах үүргийг гүйцэтгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцэхгүй байна.
5.1. Талуудын байгуулсан гэрээний 1.2-т “...хоёр тал гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох ба суралцагч болон захиалагчид гэрээний нөхцөлд заагдсан хугацааг дуустал буюу коллежийг төгсөөд эзэмшсэн мэргэжлийн дагуу их сургуульд инженерээр элсэн суралцах болзлыг ханган цаашид үргэлжлүүлэн суралцах, сургууль төгсөөд тус газраас хэрэгцээ, шаардлагатай газарт томилогдсон ажилласан 10-аас доошгүй жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.” гэж зааснаар сургууль төгссөн 2016 оноос хойш 10 жилийн хугацаанд гэрээ хүчин төгөлдөр байхаар тохиролцсон тул хариуцагч нь “...нэхэмжлэгчийн сургалтын гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэсэн үндэслэлээр татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д нийцэхгүй байна.
5.2. Нэхэмжлэгч байгууллага нь *******ыг сургууль төгсөж ирсэн даруйд ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй боловч хэрэгт цугларсан баримтаар “******* Улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ”-ний 2.3-т заасан үүргээ биелүүлж, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09 тоот мэдэгдэх хуудас, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот мэдэгдэх хуудас тус тус хүргүүлсэн боловч ******* нь ажлын ярилцлага ороогүй байна.
Тодруулбал, хариуцагч нь өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа үндэслэлээр ажлын ярилцлагад ороогүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
5.3. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч *******ыг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн гэрээний үүргийн зөрчил, гэм бурууг харгалзан үзэх үндэслэлтэй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч байгууллага нь сургууль төгсөхөд ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй, мөн хариуцагч нь ажилд орох үүргээ биелүүлээгүй тул талуудыг харилцан гэм буруутай гэж үзэх тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар талуудын хэн алины гэм бурууг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувиар бууруулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч *******оос 82,365,759 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 82,365,759 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/05373 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 82,365,759 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 82,365,759 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нь 981,608 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 569,779 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдусгай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ