Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/94

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.О-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804002160091 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

           Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                             Б.Баттуяа

Улсын яллагч                                                               Б.Буяндэлгэр

Шүүгдэгч                                                                   Г.О- нар оролцов.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ээжийн хамт ... оршин суух, урьд Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгүүлж байсан О- овгийн Г-ын О- /РД:............../.

Прокурорын яллах дүгнэлтэд:

           Яллагдагч Г.О- нь 2018 оны 9 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........................ хашаанд байрлах хохирогч Т.Б-ын монгол гэрт нэвтрэн орж 32 инчийн зурагт, гэр интернет төхөөрөмж, төмөр гадартай халуун сав зэрэг эд зүйлсийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 29-ний орой найз М-гийн хамт архи уучихаад гэр рүүгээ буцаж явахад .... тоот хашааны хаалга онгорхой байхаар нь гал асуух санаатай хашаагаар нь шагайхад нохойгүй байсан ба гэрийнх нь хаалга онгорхой байсан. Тэгээд гэр рүү нь очоод хартал гэр дотор хүмүүс унтаж байсан, намайг гэрт ороход тэр хүмүүс сэрэхгүй байсан болохоор нь зурагтны хажууд байсан галыг халаасандаа хийгээд, зурагт, төмөр савтай айраг, гэр интернет, Нокиа маркийн гар утас зэргийг авсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-р дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цагийн үед манай найз Хэнтий аймгаас ирсэн бөгөөд бид хоёр архи хувааж уусан. Тэгээд орой 21 цаг 30 минутын үед эхнэртэйгээ утсаар ярьчихаад 2 хүүхэд болон найз Б-ын хамт гэртээ унтаж амарсан. Өглөөний 8 цагийн үед сэрэхэд манай гэрт байсан зурагт байхгүй байсан. Би тухайн үед юм бодоогүй хүүхдүүд хойд байшин руугаа аваад орсон гэж бодсон чинь эхнэр байшин руу орж ирээд зурагт байхгүй байна гэсэн. Тэгээд эд зүйлээ хулгайд алдсанаа мэдсэн. Би хулгайд алдсан эд зүйлсээс HKC маркийн зурагт болон гэр интернет төхөөрөмжийг эргүүлэн авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 22 дугаар хуудас/

Гэрч С.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны орой О-тай уулзсан. Тэгэхэд О- манай гэрээр цагдаа нар эргэлдээд байна, би нэг хүнээс зурагт худалдаж авсан чинь хулгайн зурагт байсан юм шиг байна гэж ярьж байсан. Мөн зурагттай хамт гэр интернетийг дагалдуулж өгсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 35-р хуудас/,

Гэрч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би ........................ хашаанд нөхөр Б- болон хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай гэрээс 32 инчийн HKC маркийн зурагт, гэр интернетийн төхөөрөмж, цайны халуун сав, товчлууртай гар утас, хүүхдийн малгайтай цамц зэрэг зүйлс алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 38, 39-р хуудас/

Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “..О- манайд ирэхдээ нимгэн дэлгэцтэй зурагт болон гэр интернетийн төхөөрөмж барьчихсан ирсэн. Тэгээд эдгээр зүйлс хулгайн эд зүйл байгаа юм би танайд хэд хоног нуучихаад буцаагаад авъя гээд байхаар нь үүдний амбаартаа  тавиулсан. Удалгүй цагдаа нар ирээд хулгайн эд зүйлсийг хурааж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 40, 41/

Насанд хүрээгүй гэрч Б.Мөнх-Оргилын өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 28-ны орой аав найзтайгаа хамт архи ууж байгаад зурагтын урдуур хоёулаа газарт унтаад өгсөн. Тэгээд дүү бид хоёр гэрийн баруун талын орон дээр унтахаар хэвтэж байхад гаднаас танихгүй хүн гуйваад ороод ирсэн. Би айсандаа унтсан хүн болоод нүдээ аниад хэвтсэн. Тэгсэн тэр хүн манай гэрийн зурагт, интернетийн төхөөрөмж, халуун савыг маань аваад явчихсан. Би аавыг дуудсан боловч аав сэрээгүй. Би хэвтэж байгаад нэг мэдэхэд унтчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 43/

Гэрч Б.Л..... өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр О- манайд ирэхдээ төмөр гадаргуутай цайны халуун саванд айраг хийчихсэн байсан. Тэгээд айрагнаасаа ууж байгаад халуун саваа манайд үлдээгээд явсан. О- надад хэлэхдээ манай ээжийн халуун сав гэж хэлсэн. Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-р хуудас/

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн “...Г.О-ын найз Б.Лхамдуламаас хохирогч Т.Б-ийн гэрээс алдагдсан цайны халуун савны мөнгө болох 12000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хх-н 46-р хуудас/

Эд хөрөнгийн хохирлын 441 дугаартай “...32 инчийн NKC нэртэй өнгөт телевизор 150.000 төгрөг, гэр интернетийн төхөөрөмж 125.000 төгрөг,  Нокиа маркийн товчлууртай гар утас 20.000 төгрөг, айраг 2 литр 6000 төгрөг, юүдэнтэй ноосон цамц 45.000 төгрөг, төмөр гэртэй халуун сав 12000 төгрөг, нийт 358.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-н 52-р хуудас/

Эд зүйл хураан авсан “...хар өнгийн 42 инчийн дэлгэц нь хагарсан зурагтыг хураан авав...” гэсэн тэмдэглэл /хх-н 11-р хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Т.Б- миний бие 32 инчийн зурагт болон гэр интернетийн төхөөрөмж зэргийг бүрэн бүтэн хүлээн авлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 23-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн ”...хэрэг болсон гэх газар нь Б................тоот хашаа байв. Уг хашааны хаалга нь ертөнцийн зүгээр урд зүгт харсан, хашааны хаалгаар ороход үүд хэсэг нь урд зүг рүү харсан байрлалтай монгол гэр байх бөгөөд гэрт орж үзлэгийг цагийн зүүний дагуу явуулав. Гэрийн баруун хойд талд байрлах авдар дээр зурагт, гэр интернетийн төхөөрөмж байсан гэх бөгөөд зурагт байсан газарт 1, гэр интернетийн төхөөрөмж байсан газрыг 2 гэсэн дугаараар тэмдэглэв...” гэсэн тэмдэглэл /хх-н 13, 14-р хуудас/

2019 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн 64 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх-н 98, 99/

Хэргийн газарт хийсэн үзлэгийн схем зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 15-17-р хуудас/

Г.О-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 108-р хуудас/

Шүүгдэгч Г.О-ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...урьд Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгүүлж байсан...” гэсэн хуудас /хх-ийн 122 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагч дүгнэлтдээ: “…Г.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай…” гэв.

Шүүгдэгчээс “…би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй…” гэжээ.

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

              Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй  шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа. Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.  Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.О- нь 2018 оны 9 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........................ хашаанд байрлах Т.Б-ын монгол гэрт нэвтрэн орж 32 инчийн NKC нэртэй зурагт, гэр интернетийн төхөөрөмж,  Нокиа маркийн гар утас, айраг 2 литр, юүдэнтэй ноосон цамц, төмөр гэртэй халуун сав зэрэг эд зүйлсийг хулгайлан авч хохирогчид 358.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.О- нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэлдээ санаатай хандсан болох нь айлын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээр нь болон түүний “...гэрт байсан хүмүүс сэрэхгүй болохоор нь эд зүйлсийг нь авсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.О-ын хулгайлах үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь 358.000 төгрөг болох нь эд хөрөнгийн хохирлын үнэлгээгээр /хх-н 52-р хуудас/ тогтоогдож байх ба шүүгдэгч Г.О- нь хулгайн үйлдэл хийхдээ хохирогчийн амьдардаг гэрт орсон тул хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.

Иймд Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “…Г.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай…” гэв.

Шүүгдэгчээс “…миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгөөч…” гэжээ.

Шүүгдэгч Г.О- нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Т.Б-ийн “…32 инчийн зурагт, гэр интернетийн төхөөрөмж болон халуун савны 12.000 төгрөгийг буцаан авсан. Бусад эд зүйлсийг нэхэмжлэхгүй, надад гомдол санал байхгүй…” гэсэн хүсэлтээр /хх-н 30-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Г.О-ад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.О-ыг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.

Шүүгдэгч Г.О-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтойн гадна мөн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч энэ хэрэгтээ 28 хоног цагдан хоригдсон болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүйг тэмдэглэе.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О- овгийн Г-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч О- овгийн Г-ын О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.О-ад оногдуулсан нэг /1/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.О-ын цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан  тооцсугай.
  5. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.О-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Г.О-ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 А.БЯМБАЖАВ