| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/07544/И |
| Дугаар | 210/МА2025/01568 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01568
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/09286 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Хариуцагч: *******,
Түрээсийн гэрээний үүрэгт 2,097,372 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2,097,372 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “гэрээнд бусдын өмнөөс гарын үсэг зурсан, түрээсийн өрөөг ******* ашигласан” гэж эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх “*******” ХХК болон ******* нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хөөн хэлэлцэх хугацааны талаар алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.
3.1. “*******” ХХК, ******* нарын хооронд 2019 оны 12 сарын 06-ны өдөр ******* дүүргийн ******* хороо, ******* төвийн 4 дүгээр давхрын ******* тоот хаягт байрлах, 45 м.кв талбайг оффисын зориулалтаар 1 жилийн хугацаатай ашиглуулахаар ажлын байрны түрээсийн гэрээ байгуулагдаж, 1 сарын түрээсийн төлбөр 1,035,000 төгрөг байхаар тохиролцжээ. /хх-ийн 16-23 тал/
3.2. Түрээсийн гэрээ 2021 оны 04 сарын 09-ний өдөр дуусаж, түрээсийн өрөөг хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх-ийн 25 тал/
4. Талуудын байгуулсан ажлын байрны түрээсийн гэрээ нь энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг хангасан буюу бичгээр байгуулагдаж, гэрээний талууд гарын үсэг зурж, компанийн тэмдэг дарж баталгаажсан, хариуцагч нь гэрээнд түрээслэгч буюу Б талаар оролцсон байх тул түүний бусдын өмнөөс хэлцэл байгуулсан, хариуцагч биш гэсэн татгалзал үндэслэлгүй.
5. Дээрх гэрээ нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж оффисын зориулалттай өрөөг шилжүүлж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээнд хамаарахгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага тус гэрээнд хамаарахгүй.
6. Иймд дээрх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.
7. Түрээсийн өрөөг хүлээлцэх актын 7-д “Түрээслэгч түрээсийн байрыг хүлээлгэн өгөхдөө түрээсийн төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх /хэрэв байгаа бол тухайн төлбөрийг түрээсийн гэрээ болон авлага барагдуулах актаар зохицуулна/ үлдэгдэл үнийн дүнг бичих: хэсэгт ня-ботой тооцоо нийлэх” гэжээ.
Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,398,248 төгрөг, алданги 699,129 төгрөг, нийт 2,097,377 төгрөг гэх агуулгатай нэхэмжлэхийг дээрх тооцоо нийлсэн баримт гэж тайлбарласан.
Гэвч дээрх баримт нь нэг талын үйлдсэн төлбөрийн нэхэмжлэх байх бөгөөд хэзээ үйлдсэн, төлбөр төлөгчид хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй, тооцоо нийлсэн баримт биш байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн авлагатай байсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх мөнгөн төлбөр юм.
Талууд гэрээний 3.2-т “Б тал түрээсийн сарын төлбөрөө сарын эхний 5 хоногт урьдчилан төлнө. Хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцон үндсэн төлбөр дээр нэмж А талд төлнө” гэж тохирсон байх боловч үлдэгдэл төлбөрийн дүнгээ тооцоо нийлж баталгаажуулаагүй тул алдангийн тооцоолол бодитой болж чадаагүй байна.
9. Хариуцагч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаагүй байхад шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь талуудын зарчимд нийцээгүй байна.
10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/09286 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас түрээсийн төлбөрт 2,097,372 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ