Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/96

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны Г.Г-д холбогдох эрүүгийн 1904001370089 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                              Д.Аянагүл

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.Цэнд-Аюуш

 Өсвөр насны шүүгдэгчийн

  хууль ёсны төлөөлөгч                           Р.Г-

 Өсвөр насны шүүгдэгч                           Г.Г- нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймагт төрсөн, эрэгтэй, ..настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ганцаараа, ..тоотод оршин суух хаягтай, Б- овгийн Г-ын Г- /РД:.............../

       

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар өсвөр насны Г.Г- нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ................................. тоотод байрлах гэртээ хүргэн ах Ч.Ч- тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хохирогч Ч.Ч-ийн биед хөмсөгний гадна хэсэгт 4,5*0,2 см хэмжээтэй язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Г.Г-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би гэртээ найзтайгаа байж байхад хүргэн ах согтуу орж ирээд эгчийг асуухаар нь мэдэхгүй гэж хэлтэл амандаа нэг юм үглээд гэр лүүгээ буцаад явсан. Удалгүй хүргэн ах ахуйн хэрэглээний газ барьж ирчихээд үүдэнд асаах гээд дуугаргаад байсан. Би гэрээс гараад ноцолдож байгаад газыг нь салгаж авч хаясан. Би хашаанаас гарч явах гэж байснаа утсаа гэрээсээ авах гээд буцаад явж байтал хүргэн ах миний нүүр лүү 2 удаа гараараа цохьсон. Би эргүүлээд нүүрэнд нь 1 удаа цохьсон. Би ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Р.Г-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Би хүнтэй суугаад хүү маань ганцаараа амьдардаг юм. Цаашид хүүдээ тавих анхаарал халамжаа улам сайжруулна” гэх мэдүүлэг

Хохирогч Ч.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хадам дүү Г-ын гэр лүү ортол манай хашаагаар эргэлдээд байдаг золбин царайтай залуутай хамт унтаж байхаар нь би Г-ыг “чи одоо гэрээр битгий золбин юмнууд цуглуулж хоноод бай ” гэхэд Г- над руу “манай найзыг золбин гэж хэллээ” гээд маргалдаад байхаар нь би “золбин юмнууд орогнодог гэр байснаас байгаагүй нь дээр” гэж хэлээд айлгах санаатай гэр лүү нь  шагайж байгаад “хохино шүү золбин хүүхдүүд цуглуулаад байвал гэрийг чинь шатаачихна шүү” гэж хэлэхээр гарч явж магадгүй гэж бодоод ахуйн хэрэглээний жижиг газыг асаалгүйгээр барьж байгаад айлгасан юм. Тэгтэл гэрээсээ Г- найзтайгаа хамт гарч ирээд намайг гэр шатаах гэж байна гэж ойлгосон уу? миний хоёр талаас гарнаас минь бариад авахаар нь би зайл пизданууд минь гэж хэлэхэд Г- надтай зууралдаад бид хоёр хоорондоо барьцалдаж авсан. Тэр үед би Г-ыг тавиулах гэж шанаа хэсэг рүү нь цохьсон байж магадгүй. Тэгээд бид хоёр барьцалдаж унаад босч байх үед миний зүүн нүд рүү зангидсан гараараа нэг удаа цохьсон. Намайг босч ирэхэд миний зүүн хөмсөгнөөс цус гарч байсан. Би эхнэртэйгээ өглөөнөөс оройн 23-01 цагийн хооронд мал нядалгааны газар ажил хийдэг. Энэ хугацаанд Г-ыг гэрээрээ элдэвийн хүмүүс цуглуулж байгаа болов уу яаж байгаа бол, манайх 4 хүүхэдтэй ба 6-13 насны 3 охинтой, ой гарантай 1 хүүтэй болохоор охидууддаа санаа зовоод янз бүр болгочихвий гэж бодоод хэцүү байдаг юм. Урьд нь над руу цагдаагаас залгаж хэлэхдээ “танайд орон гэргүй хүүхдүүд цуглаад байна гэх иргэдээс мэдээлэл ирээд байна, та өөрөө ийм олон охинтой хүн хараа хяналт сайтай байхгүй бол хэцүү шүү” гэж анхааруулж хэлж байсан болохоор намайг ажилтай хойгуур Г-ыг хүн гэртээ авчирч байгаа болов уу гэж бодоод хүүхдүүддээ санаа зовоод байдаг юм. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Х-ийн мэдүүлсэн: “...Ч- ах согтуу орж ирсэн. Тэгээд амандаа үглээд орж гарч байснаа гарахдаа “шатаанаа” гэж хэлэх шиг болоход Г- “юу гэнээ, юу шатаана гэж” гэж асуухад гэртээ хүн амьтан цуглууллаа гэсэн утгатай юм яриад байх шиг байснаа дахин шатаана гэж хэлээд Г-ынхаас гарахаар нь би Ганааг гаръя, явъя гээд бид хоёр хувцаслаад гэрээс нь гарахад Ч- ах өөрийнхөө гэрээс жижиг савтай ахуйн хэрэглээний газ гартаа барьчихсан асаах гээд байгаа бололтой хүр, хүр гэж дуугарч арай асаагаагүй Г-ынх руу чиглэн ирж байхаар нь Г- газыг нь булааж авч хаяхад Ч- ах Г-ын нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь би Г-ыг хоёулаа явъя гэтэл Г- гэр шатаачихвал яах юм бэ гээд явахгүй байсан. Тэгтэл Г- руу Ч- ах нь “чи эгчийгээ аваад зайлаарай” гээд дайраад байсан. Тэр үед Г- Ч- ахынхаа нүүр хэсэгт нь нэг удаа хүчтэй цохиход Ч- ах газар унасан. Тэр үед нь Ч- ахыг харахад зүүн хөмсөг нь язарчихсан байсан. Би цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх хэсгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №09шэ/173 дугаартай дүгнэлтэд: “Ч.Ч-ийн биед зүүн хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, хүзүүний баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, Дээрх хөмсөгний язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэргийн тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 23/,

Хохирогч Ч.Ч-т учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 11/

Хохирогчийн согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэлээр “Ч.Ч-ийн согтолтын зэрэг 1.04 хувийн согтолттой гарсан” гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 10/

Өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэлээр “2019 оны 8 сарын 6-ны өдрийн байдлаар Г.Г- нь17 нас 2 сар 21 хоногтой” гэжээ. /хх-ийн 42/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “Б- овогт Г-ын Г- нь 2002 оны 5 сарын 15-ны өдөр төрсөн” гэжээ. /хх-н 43/,

Өсвөр насны шүүгдэгч Г.Г- нь 2017 онд намрын спартикад болон олимпиадад амжилт гаргаж байсан талаарх өргөмжлөл, батламжууд /хх-н 51-52/,

Шүүгдэгч Г.Г- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 67/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 44/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Ч.Ч- нь согтуугаар 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед ................................. тоотод нэг хашаанд амьдардаг, эхнэрийн дүү болох Г-ын гэрт орж түүнд хандан “гэр орондоо золбин хүүхдүүд цуглууллаа, гэрийг чинь шатаана” гэж хэлээд  гарчээ. Уг хашаан дотор шүүгдэгч Г.Г- нь хохирогч Ч.Ч-ийн гэрээсээ авч гарсан ирсэн ахуйн хэрэглээний газыг булаан авч хаях явцад хохирогч Ч.Ч- нь Г-ын нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохьжээ. Улмаар өсвөр насны шүүгдэгч Г- нь хүргэн ах Ч.Ч-ийн “эгчийгээ аваад зайлаарай” гэж хэлэхээр нь хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, биед нь хөмсөгний гадна хэсэгт 4,5*0,2 см хэмжээтэй язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би эргүүлээд хүргэн ахынхаа нүүрэнд 1 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Ч.Ч-ийн “Г- миний зүүн нүд рүү зангидсан гараараа нэг удаа цохьсон” талаах мэдүүлэг /хх-ийн 14-15/, насанд хүрээгүй гэрч Б.Х-ийн “...Г- Ч- ахын нүүрэнд нэг удаа хүчтэй цохиход Ч- ах газар унасан. Тэр үед нь Ч- ахыг харахад зүүн хөмсөг нь язарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 17/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №09шэ/173 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/, хохирогчийн нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Г.Г- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн боловч “үйлдэл”-ээ хүлээн зөвшөөрөөгүй ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогч Ч- Г-ыг цохихоор нь зөрүүлж цохьсон. Хохирогч Ч-ийн Г- руу чиглэсэн довтолгоон үргэлжилж байсан. Иймд Г-ын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзнэ” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд хохирогч Ч- нь хэрүүл маргааныг эхлүүлсэн ба тэрээр “гэр шатаана” гэж дайрч байхдаа шүүгдэгч Г-ын биед халдсан байна. Насанд хүрээгүй гэрч Хувьтөгөлдөрийн “Ч- ахаас газыг авч хаясан. Мөн Ч- ах Г-ын нүүрэнд 2 удаа цохьсон. Би Г-ыг явъя гэтэл явахгүй байсан. Тэгтэл Ч- ах Г- руу “чи эгчийгээ аваад зайлаарай” гэж хэлсэн. Тэр үед Г- Ч- ахын нүүрэнд нэг удаа хүчтэй цохьтол хөмсөг нь язарсан” гэсэн мэдүүлгийг дүгнэхэд халдлага довтолгоон  дуусч, тухайн цаг мөчид орон зай, цаг хугацааны хувьд тасалдал үүссэн байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Ч-ийн хууль бус үйлдэл төгссөний дараа хашаан дотор “эгчийгээ аваад зайлаарай” гэж хашгирахад буюу амь насанд аюултай довтолгоон бодитойгоор тулгараагүй байхад Ч-ийг цохьсон нь аргагүйдсэн довтолгооны эсрэг чиглэсэн хамгаалалт гэж дүгнэх боломжгүй байна.

Харин хохирогч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дээрх зүй бус үйлдэл гаргасан нь уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Иймд Г.Г-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед зүүн хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирчээ. Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-н 15, 79/ Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар санал дүгнэлт гаргаагүй болно.

Өсвөр насны Г.Г-д “урьд ял шийтгэгдэж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа амьдардаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдсон болно.

Өсвөр насны шүүгдэгч Г.Г- хэрэг үйлдэх үедээ 17 нас 2 сар 3 хоногтой, шүүх хэргийг шийдвэрлэх үед 17 нас 4 сар 2 хоногтой болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаагаар \хх-ийн 43 дахь тал\ тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Г.Г-  нь гэмт хэрэг үйлдэх болон шүүх хэргийг шийдвэрлэх үед 18 насанд хүрээгүй байх тул түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс өсвөр насны Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний нас болон нийгэмд өөрийн байр суурийг олж, цаашид боловсрол, мэргэжил эзэмших, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ойлгож ухамсарлуулахад чиглүүлсэн бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Г-ыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Мөн өсвөр насны шүүгдэгчийн эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулвал зохино.

Хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний төрсөн эцэг Р.Г-од даалгаж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Өсвөр насны шүүгдэгч Б- овгийн Г-ын Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны Б- овгийн Г-ын Г-д ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
  3. Г.Г-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г.Г-д авагдсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг мэдэгдэж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний төрсөн эцэг Р.Г-од даалгасугай.  
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Хохирогч Ч.Ч- нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  7. Г.Г-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА