Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/01469

 

   

 

 

 

 

     2025         09           01                                        210/МА2025/01469

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/07084 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

9,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан тээврийн хэрэгслийн буцах зардал 7,000,000 төгрөг, алданги 2,100,000 төгрөг, нийт 9,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “*******” ХХК эс зөвшөөрч “...нэхэмжлэгч “*******” ХХК гэрээнд заасан техникүүдийг ирүүлээгүй, үндсэн үүргээ зөрчсөн. Мөн уг техникүүд эвдэрч, ажиллаагүй тул гэрээний 4.8-т заасан түрээсийн зүйлийн буцах зардлыг хариуцах үндэслэлгүй ...” гэсэн агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

4. “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* дугаартай “Техник тоног төхөөрөмж түрээслэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч “*******” ХХК нь хоёр ширхэг ковшийг түрээслэх, түрээслэгч “*******” ХХК нь түрээсийн төлбөрт сарын 15,000,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-12-18/

Гэрээний агуулга, зорилгоос үзэхэд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг аж ахуйн зориулалтаар хариуцагчийн ашиглалтад шилжүүлж, гэрээний хугацаанд түүний үр шимийг хүртэх боломж олгосон, хариуцагч нь үүнд тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээсэн байна. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байх тул “талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, шүүх харилцааг буруу тодорхойлсон” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. 

5. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн гэрээ 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр цуцлагдсан үйл баримтад маргаангүй. Харин гэрээ дуусгавар болсонтой холбогдон түрээсийн зүйлийн буцах зардал шаардах эрх үүссэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ. 

Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “ ... нэхэмжлэгч гэрээний 4.1 болон 4.2-т заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслийг ирүүлээгүй тул гэрээний 4.8-т заасан тээврийн хэрэгслийн буцах зардлыг хариуцахгүй” гэх агуулгаар тайлбарласан боловч нэхэмжлэгчээс түрээсийн гэрээний дагуу ирүүлсэн хоёр ковшийг хариуцагч нь өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд болох “*******” ХХК-д шилжүүлж, зам барилгын ажилд ашигласан хэмээн талууд тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч “*******” ХХК нь гэрээгээр тохиролцсон *******, ******* дугаар бүхий тээврийн хэрэгсэл ирээгүй, өөр тээврийн хэрэгсэл ирсэн гэж маргасан боловч нэхэмжлэгчээс ирүүлсэн 2 тээврийн хэрэгслийг ажиллуулж, ажлын үр дүнг хүлээн авсан байх ба техникийн шаардлага хангаагүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул энэхүү хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй байна. Мөн түрээсийн гэрээний төлбөрийн урьдчилгаанд олгосон 9,000,000 төгрөгийн тооцоог дуусгасан талаараа үгүйсгээгүй.

6. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д “гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн” бол гэрээ дуусгавар болохоор заасан. Гэрээний 3 дугаар зүйлд “...Техникийн ажлын талбарт хүрсэн өдрөөс эхлэн түрээсийн хугацаа тооцогдоно. А талын ажлын гүйцэтгэлийн явцаас шалтгаалан ажлын талбарыг орхих хугацаа тодорхойлогдоно” гэж  тохиролцсон байх тул талуудыг тодорхой бус хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан гэж үзнэ. /хх-13/

Хариуцагч “*******” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Лот-3 төсөл дууссан тул хугацаагаар тасалбар болгон түрээсийн гэрээг дуусгавар болгож байгаа тухай нэхэмжлэгч “*******” ХХК-д мэдэгдсэн байна. /хх-19/ Энэ үйл баримтад маргаангүй тул зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж, мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт “талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө” гэж тус тус заасан байна. 

Талууд түрээсийн гэрээний 4.8-д “А тал буцах тээврийн зардлыг хариуцна. Б тал талбайд очих тээврийн зардлыг хариуцна” гэж харилцан тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ. /хх-16/ Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн зүйлийн буцах зардлыг шаардах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасан. Хариуцагч тал тээврийн зардлын үнийн дүнтэй холбоотой тайлбар, нотлох баримт анхан шатны шүүхэд гаргаагүй байхаас гадна татгалзлын үндэслэлээ “... түрээсийн төлбөрт шилжүүлсэн 9,000,000 төгрөгт уг замын зардал болох 7,000,000 төгрөгийг суутгасан ...” гэж тайлбарласан байх тул уг асуудлаар маргаангүй гэж үзнэ.

Иймээс “7,000,000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй байхад уг мөнгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 7,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч тал, алданги 2,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй учир дүгнэлт өгөхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

8. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шаардах эрхийн холбогдох зохицуулалт болох Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн заасантай нийцнэ.

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/07084 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ч.ЦЭНД

 

 

                                                   ШҮҮГЧИД                                         Б.АЗБАЯР

 

 

                                                                                                             Н.ГЭРЭЛТУЯА