Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/98

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.С- О.Г- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904001310086 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

       Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                          Б.Баттуяа

 Улсын яллагч                                                          Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                               М.С-

 Өсвөр насны шүүгдэгч                                        О.Г-

 Хууль ёсны төлөөлөгч                                         Л.Я-

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                 Д.Ц-нар оролцов.

             Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 20.. оны .. дугаар сарын ..ны өдөр .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .. .. .. тоот хашаанд оршин суух Г- овгийн М-ын С- /РД:................./.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 20.. оны .. дугаар сарын ...-ны өдөр .. төрсөн, .., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .. тоот хашаанд оршин суух хаягтай  Б- овгийн О-ийн Г- /РД:.................../.

Прокурорын яллах дүгнэлтэд:

            Шүүгдэгч М.С-, О.Г- нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 4-5-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 16 дугаар гудамжны 9 тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Хоёр Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн гадна хаалганы цоожний нүхийг төмрийн хуурайгаар хөшин орж, дэлгүүрээс 330.050 төгрөгийн үнэ бүхий хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бэлэн 2000 төгрөг нийт 332.050 төгрөгийн эд зүйл болон бэлэн мөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 04-ний 20 цагийн үед “Аваргууд” нэртэй цахим тоглоомын газар очиж тоглож байгаад 21 цагийн үед гарсан. Гэртээ ирээд байж байгаад Нарийны 6 дугаар гудамжны 12 тоотод аав байж магадгүй гээд бид хоёр гэрээс гарсан. Тэгэж явахдаа “Хоёр Эрдэнэ” дэлгүүрт хүн байхгүй байгааг хараад Г- “хоёулаа энэ дэлгүүрийг ух хуу” гэхээр нь би “яах юм бэ” гэхэд Г- “зүгээрээ дэлгүүрийн эгч бид хоёрыг таньдаг юм чинь сэжиглэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь аавын цүнхтэй багажнаас нь төмрийн хуурай аваад 23 цагийн үед “Хоёр Эрдэнэ” дэлгүүрийн цоожийг хуурайгаар эвдэж хаалгыг нь онгойлгосон. Бид хоёр дэлгүүр рүү 3 удаа орж эд зүйл авсан. Бид хоёр авсан юмаа гэрт тавьчихаад эргэж гараад Г-ийн найз охинтой уулзсан. Өглөө босоод гэрээ цэвэрлэж байсан чинь цагдаа нар ирсэн. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62, 63 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 04-ний оройн 23 цагийн үед С-ын гэрт байж байхад Хүрлээ гэдэг ах нь С- руу залгаад “аавыгаа ирж ав” гэсэн юм. Тэгээд бид хоёр гэрээс нь гараад явж байхад С- аав дээр очихоо болъё гээд Хүрлээ ах руугаа залгаж аавыг наанаа унтуулчих гэж хэлсэн. Бид хоёр Нарийны цагаан худгийн зүүн урд талд байдаг Тосон дэлгүүрийн урдах сандал дээр суусан. Би С-т хандаж “Хоёр эрдэнэ” дэлгүүрийг ух хуу гэхэд С- харин яах уу, за тэгье гээд бид хоёр С-ын гэр үү буцаж очоод хаалга онгойлгох төмрийн хуурай аваад буцаж гарсан. Тэгээд “Хоёр Эрдэнэ” дэлгүүр дээр ирээд С- хүн байна уу үзье гээд хашаа руу нь орж үзэхэд хүн байхгүй байсан. С- надад иргэний үнэмлэх байдаг, чамд байхгүй юм чинь чи дэлгүүр рүү ор, би хүн хараад байж байя гэхээр нь би авчирсан хуурайгаар дэлгүүрийн хаалгыг хөшиж онгойлгосон. Тэгээд бид хоёр гэр рүүгээ буцаж очоод ардаа үүрдэг үүргэвчээ авчраад дэлгүүрт орж бараануудаас авсан. Бид хоёр 3 удаа дэлгүүр рүү орж эд зүйл бараа авсан. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 73, 74-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч С.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хөдөө явж байгаад 2019 оны 7 дугаар сарын 04-ний шөнө гэртээ ирсэн. Тэгээд өглөө сэрээд дэлгүүрээ онгойлгох гэтэл дэлгүүрийн хаалгыг эвдлээд хулгай орсон байсан. Манай дэлгүүрээс нийт 330050 төгрөгийн бараа алдагдсанаас 250 мянга гаруй төгрөгийн барааг буцаан авсан ба үлдэгдэл 110.000 гаруй төгрөг болон хаалганы засварын 35000 төгрөг зэргийг нэхэмжлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эдгээр хүүхдүүдэд хөнгөн ял шийтгэж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

Гэрч Л.Я-гийн өгсөн “...Би О.Г-ийн ээж байгаа юм. Нөхөр бид хоёр хоорондоо салсан бөгөөд хүү Багануур дүүрэгт нөхрийн эгчийнд амьдардаг юм. Манай хүү бага насаа Улаанбаатар хотод эцэг эх гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлсэн. Ер нь дуу цөөтэй даруухан, хүний үгэнд амархан ордог, хүний үгээр байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 30, 31-р хуудас/

Гэрч Г.Т-ийн өгсөн “...Би С-ын өвөө нь байгаа юм. Манай ач бүрэн бус дунд боловсролтой, зан ааш сайтай, дуулгавартай янз бүрийн муу зуршил байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 35-р хуудас/

Гэрч Ц-ын өгсөн “...манай дүүгийн хүүхэд Г- нь над дээр 13 настай байхдаа ирж байсан. Ээж, аав нь салаад над дээр ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...dabliss тамхи 3 хайрцаг, Эссэ тамхи 4 хайрцаг, Улаан шонхор тамхи 3 хайрцаг, LD тамхи 4 хайрцаг, Bohem тамхи 2 хайрцаг, 0.5 литрийн савтай ундаа 10 ширхэг, Проро ундаа 4 ширхэг, 23 литрийн савтай ундаа 4 ширхэг, Кофе 10 ширхэг, Хуруу зай 12 ширхэг, Олон өнгийн чихэр 5 уут, нүүр гарын саван 5 ширхэг, нэг удаагийн шампунь 8 ширхэг, Хатаасан жимс 1 боодол, лаазалсан загасны мах 3 ширхэг, шилтэй крем 3 ширхэг, Шоколад 10 ширхэг, цагаан самар 2 уут, бахь 1 ширхэг, отверка 1 ширхэг, ариун цэврийн хэрэглэл 4 ширхэг, гал тогооны алчуур 3 ширхэг, гутлын тос 2 ширхэг, ууттай бялуу 3 ширхэг, гутлын сойтог 2 ширхэг, гутлын улавч 1 хос, ариун цэврийн цаас 1 ширхэг, бохь 8 боодол, шилтэй огурцы 1 ширхэг, 63 ширхэг ирис, жижиг шоколад 15 ширхэг, 1.2 кг чихэр, угаалгын нунтаг 2 уут, ууттай хуурай сүү 3 уут, аяга угаагч төмөр 1 ширхэг, 1 хайрцаг чокопай, 1 уут үзэм, 50 төгрөгийн дэвсгэрт 36 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, mm чихэр 2 уут, сникерс шоколад 1 ширхэг, хөзөр 1 ширхэг, шүүдэр сальфитка 2 ширхэг зэргийг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хх-н 12-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...ажлын хэсэг нь 26.5 см урт, бариул хэсэг нь 6.5 см урт нийт 33 см урттай төмрийн хуурайг эд мөрийн баримтаар хураан авав...” гэсэн тэмдэглэл /хх-н 15/

Эд хөрөнгийн үнэлгээ “...цагаан шонхор тамхи 7600 төгрөг, Dabliss тамхи 6900 төгрөг, LD тамхи 12.000 төгрөг, Эссэ тамхи 14.000 төгрөг, Парламент тамхи 11.000 төгрөг, Воhem тамхи 12.000 төгрөг, puzetea ундаа 22.400 төгрөг, Пороро ундаа 19800 төгрөг, том puzetea ундаа 14400 төгрөг, мак кофе 7000 төгрөг, хуруу зай/батерай/ 3600 төгрөг, алаг үрлэн чихэр 6400 төгрөг, Анита гар нүүрийн саван 1800 төгрөг, Camay саван 1300 төгрөг, Lux саван 2000 төгрөг, хатаасан жимс 6000 төгрөг, сайра загас 3200 төгрөг, килка загас 5400 төгрөг, ниско крем 12000 төгрөг, алпенголд шоколад 9600 төгрөг, roshen шоколад 8000 төгрөг, Maxcruch жижиг шоколад 3200 төгрөг, maxcruch том шоколад 3400 төгрөг, alpanella шоколад 6900 төгрөг, хямд шоколад 1500 төгрөг, сникерс том шоколад 4200 төгрөг, сникерс жижиг шоколад 1300 төгрөг, mm үрэл 2900 төгрөг, ghana шоколад 2600 төгрөг, аллибаба 4500 төгрөг, скоч 1000 төгрөг, гутлын тос 1000 төгрөг, фанта ундаа 3000 төгрөг, хөзөр 500 төгрөг, гал тогооны 3 хос алчуур 4500 төгрөг, шүүдэр нойтон сальфитка 1000 төгрөг, сойтог 1000 төгрөг, обух нойлын цаас 850 төгрөг, огурци 2200 төгрөг, молоко 2000 төгрөг, оргиналь самар 2700 төгрөг, софи ариун цэврийн хэрэгсэл 3200 төгрөг, Омо угаалгын нунтаг 3200 төгрөг, вит угаадгын нунтаг 2000 төгрөг, голден милк 8400 төгрөг, улавч 1300 төгрөг, төмөр угаалтуур 500 төгрөг, рулет 7500 төгрөг, 5 ширхэгтэй рулет 1600 төгрөг, нэг бүрийн үнэ 100 төгрөгний 9000 төгрөг, самар 4800 төгрөг, үзэм 5000 төгрөг, клер жижиг шампунь 1400 төгрөг, вазелин шампунь 800 төгрөг,  сироп 200 төгрөг, бахь 4500 төгрөг, отверка 1300 төгрөг, милк сүү 3000 төгрөг, чихэр 16500 төгрөг, далайн байцаа 6400 төгрөг, lady ариун цэврийн хэрэгсэл жижиг 2400 төгрөг, lady ариун цэврийн хэрэгсэл том 3200 төгрөг, bodyfit ариун цэврийн хэрэгсэл 2900...” гэсэн үнэлгээ /хх-ийн 28-р хуудас

Шүүгдэгч нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “…Ял шийтгэлгүй...” гэсэн хуудас /хх-ийн 94, 95  хуудас/

О.Г-ийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн М.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа \хх-ийн 79-80,84 дэх тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагч дүгнэлтдээ: “…Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна…” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “…М.С-, О.Г- нар гэм буруугаа хүлээж байна.. Шүүгдэгч нар нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно…” гэжээ

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

              Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй  шүүгдэгч нар маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэгээр давхар батлагдлаа. Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч М.С-, О.Г- нар бүлэглэн нь эд зүйлсийг авч хохирогчид хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч хохирогчийн мэдүүлэг зэрэг дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах үйлдэлдээ санаатай хандсан болох нь цоожийг онгойлгон орж эд зүйл хулгайлсан үйлдлээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын хулгайлах үйлдлийн улмаас хохирогчид 330.050 төгрөгийн бараа болон бэлэн 2000 төгрөг нийт 332,050 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд хөрөнгийн хохирлын үнэлгээгээр /хх-н 44-р хуудас/ тогтоогдож байх ба шүүгдэгч нарыг хулгайн үйлдэл хийхдээ хохирогчийн дэлгүүрийн хаалгыг эвдэж онгойлгон орсон тул үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.

Шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.

Шүүгдэгч нар хэрэг үйлдэлдээ шунахай сэдэлтээр хандсан болох нь тэдний дэлгүүрийн хаалга хөшиж орон эд зүйл хулгайлсан үйлдлүүд болон шүүгдэгч Г-ийн “Хоёр эрдэнэ” дэлгүүрийг ух хуу гэхэд С- харин яах уу, за тэгье гэсэн”, С-ын “Г- хоёулаа энэ дэлгүүрийг ух хуу гэсэн“ мэдүүлгүүдээр нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ” гэж тус тус зааснаар М.С-, О.Г- нар хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ санаатай нэгдэж үйлдсэн байх тул бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.С-, О.Г- нар нь бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “…Шүүгдэгч О.Г-, М.С- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. ...Энэ гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюулыг харгалзан үзэж энэ хоёр шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж болно гэж үзэж байна..” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…Өсвөр насны шүүгдэгч О.Г- нь насанд хүрээгүй 17 настай бөгөөд ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хохирол төлбөрөө төлсөн байдлыг харгалзан үзэж хүмүүжлийн чанартай албадлагийн арга хэмжээг хэрэглэж өгөөч.

Шүүглэгч нар нь  хүүхэд бөгөөд хоорондоо насаа мэдэхгүй нөхөрлөж байгаа байдал болон тэднийг харахад хүртэл насны зөрүүгүй харагдаж байгаа байдлыг харгалзан үзнэ үү. М.С- 18 нас 2 сартай байхдаа хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн боловч 21 нас хүрээгүй хүүхэд насаа гээж амжаагүй байдлыг харгалзан үзэж 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар багасгаж тогтоогоод 8.7 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хүмүүжлийн чанартай албадлагийн арга хэмжээ хэрэглэж өгөхийг хүсье...” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч О.Г-ийн хууль ёсны төлөөлөгчөөс “...Би хүүхдээ гэртээ хараа хяналтандаа авна. Дахин ийм алдаа гаргуулахгүй…” гэжээ

Хохирогч С.Ж- нь “…хулгайд алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан, ямар нэгэн гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй…” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

              М.С-, О.Г- нар нь өдөр тутам харьцаж чөлөөт цагаа хамт өнгөрөөдөг найз нөхөрлөлийн холбоотой болох нь гэрч Г.Т-ийн “Ноднингоос хойш цуг найзалж байна” гэсэн мэдүүлэг /хх-35 дэх тал/, хохирогчийн “энэ 2 хүүхэд нэг нь насанд хүрээгүй нөгөөх нь дөнгөж насанд хүрч байгаа, багаасаа ээжгүй өссөн хүүхэд зангаараа хүүхдүүд... манайд орж ирж тусалдаг...” /хх-24 дахь тал/ гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон.

            Шүүгдэгч О.Г- нь хэрэг үйлдэх үедээ 16 нас, 11 сар, 23 хоногтой, шүүх хэргийг шийдвэрлэх үед 17 нас 2 сар 8 хоногтой, шүүгдэгч М.С- хэрэг үйлдэх үедээ 18 нас, 1 сар, 18 хоногтой, шүүх хэргийг шийдвэрлэх үед 18 нас 4 сар 3 хоногтой болох нь төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаанаас \хх-ийн 79-80,84 дэх тал\ харагдаж байна. М.С- нь хэдийгээр насанд хүрсэн боловч үерхэж нөхөрлөдөг нөхөр нь өсвөр насны дээрх хүүхэд байдаг, одоо эмээ өвөөтэйгөө хөдөө мал маллаж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч нар гэм буруугаа ухамсарлан ойлгож хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлууд тогтоогдлоо.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

            Иймд МУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн НҮБ-ийн Ерөнхий ассамблейн 217/А/ III тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдний насыг болон засч хүмүүжихэд нь дэмжлэг үзүүлүүштэйг харгалзсан байх ёстой” гэсэн заалт, 1985 оны 11 сарын 29-ний Ерөнхий Ассамблейн 40/33 тоот тогтоолоор батлагдсан “Насанд хүрээгүй хүмүүсийн талаар шүүн таслах ажиллагаа явуулахтай холбогдсон наад захын журам” ын 2 дугаар зүйлийн 2.1-д заасан “Журамд тусгасан зарчмуудыг гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн залуу хүмүүст хэрэглэх талаар хүчин чармайлт гаргавал зохино” гэсэн заалт, МУ-ын Эрүүгийн хуулийн Өсвөр насны хүнд хариуцлага хүлээлгэх тухай бүлгийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалт зэргийг үндэслэн насанд хүрээгүй О.Г- болон залуу хүмүүсд хамаарах М.С- нарын ирээдүйн засрал хүмүүжил, сайн сайхан байдал, цаашид өөрийн зөв амьдарлын төлөө хичээл зүтгэл гаргахаа шүүх хуралдаанд илэрхийлсэн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэх явдлыг хойшлуулах, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйл засах сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 33.5 см урттай төмрийн хуурайг шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул төмрийн хуурайг устгах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.       

              Шүүхийн өмнөх шатанд шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглээгүй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г- овгийн М-ын С-, Өсвөр насны шүүгдэгч Б- овгийн О-ийн Г- нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г- овгийн М-ын С-, Б- овгийн О-ийн Г- нарыг тус тус хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг журамлан 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж нэг /1/ жилийн хорих ял болгосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г-эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж нэг /1/ жилийн хорих ял болгосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар М.С-т нэг /1/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг /1/ жилийн хугацаагаар хойшлуулж Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар М.С-т зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Г-эд нэг /1/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг /1/ жилийн хугацаагаар хойшлуулж Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар О.Г-эд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ял эдлүүлэхийг М.С- О.Г- нарт мэдэгдсүгэй.
  8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 33.5 см урттай төмрийн хуурайг тогтоол хүчин төгөлдөр болмогч устгасугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.С- О.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
  11. М.С-, О.Г- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  13. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              А.БЯМБАЖАВ