Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/99

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.У-өд холбогдох эрүүгийн 1904001600099 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Г.

 Улсын яллагч                                              Б.О.

 Шүүгдэгч                                                 Д.У- нар оролцов.

 

Монгол улсын иргэн,............. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн ...суманд төрсөн, .., .. настай, .............. боловсролтой, ... мэргэжилтэй, ...-ын ..-д............жилтай, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаяг: .. тоот/ одоо .. тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, Х- овгийн Д-ын У- /РД:....................../

       

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Д.У- нь ..............оны ..........дугаар сарын ..........-нд шилжих шөнө 3 цагийн үед согтуугаар Багануур дүүргийн 5 дугаар хороону нутаг дэвсгэрт орших “...........” амралтын газрын ойролцоо хохирогч Б.Н-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн  маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь хамар ясны шинэ хугарал, баруун хацарт зулгаралт, баруун болон зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.У-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “..............оны .........дугаар сарын ..........-ны өдөр ........ дулааны станцтай нөхөрсөг тоглолт хийсэн. Бид Азийн чоно амралтын газар очиж архи ууцгаасан. Н- бид хоёр нэг баг болж тоглосон. Н- согтуу машинаа барьж явна гэснээс болоод бид хоёр маргалдаад намайг цохихоор нь би зөрүүлээд гараараа хамарт нь 1 удаа цохьсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Н- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.............оны ............дугаар сарын .........-ны өдөр ............ тамирчид ..............-ийн тамирчидтай нөхөрсөг тэмцээн зохион байгуулж дуусчихаад.............. “..............” амралтын газар хүлээн авсан. Шөнө 03 цагийн үед Багануур луу У-, Б-, Д-, Э- бид нар миний машинтай явж байсан. Гэтэл У- ах бид 2 урд нь сагс тоглож байгаад муудалцсан асуудлаасаа болж нэгнийхээ үгийг даахгүй маргалдаж эхэлсэн тэгээд машинаас буугаад У- ах шууд миний нүүр лүү гараараа цохьсон. У- ах миний данс руу эмчилгээний 300.000 төгрөг шилжүүлсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ын мэдүүлсэн: “.................оны ............дугаар сарын ..............-ний шөнө 02 цагийн үед хүлээн авалт дуусаад Багануур луу У-, Н-, Д-, Э- бид нар Н-ын машинтай явах гэхэд Н- машинаа барина гээд тэр 2 муудалцаад байсан. Э- архи уугаагүй гээд машин бариад явсан. Н- жолоочийн арын суудалд сууж явснаа У-тэй “миний машин би өөрийнхөө машиныг мэдэж байна таньд хамаагүй шүү” гээд тэр 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд явж байснаа машин зогсоход У-, Н- хоёулаа машинаас бууж, машины ард зодолдох чимээ гарахаар нь бид нар буугаад очиход тэр 2 зууралдаад зогсож байхаар нь салгасан.  Машины гэрэлд харахад Н-ын хамраас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Д-ы мэдүүлсэн: “...Тэр хоёр машинаас хоёулахнаа түрүүлж буусан Б-, Э-  бид гурав машиндаа сууж байсан. Зодолдох чимээ гарахаар нь буугаад очиход тэр хоёр зодолдоод салчихсан заамдалцаад зогсож байхаар нь салгаад машины гэрэлд харахад Н-ын хамраас цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Э-ын мэдүүлсэн: “...Анх амралтнаас хөдлөх гэж байхад Н- машинаа барина гээд У- бариулахгүй гэж маргалдаж эхэлсэн. Тэгж байгаад Д-аар бариулаад явж байхад Н- би машинаа мэднэ гээд хэрэлдээд байсан. Машинаас буугаад зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №09шэ/202 дугаартай дүгнэлтэд: “Б.Н-ын биед хамар ясны шинэ хугарал, баруун хацарт зулгаралт, баруун болон зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Ш- гэжээ. /хх-ийн 33/,

Хохирогч Б.Н-ын согтуурлыг драггер багажаар шалгахад “0.143 хувьтай” гэжээ. /хх-н 5/

Шүүгдэгч Д.У- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд 2 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 63/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 66-72/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 56/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 57/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Д.У- нь согтуугаар .............оны ........дугаар сарын............-нд шилжих шөнө ..........цагийн үед Багануур дүүргийн .......дугаар хорооы нутаг дэвсгэрт байрлах  “.............” амралтын газрын ойролцоо хохирогч Б.Н-ын “согтуугаар машин барьж явна” гэсэн асуудлаас болж тэдний хооронд таарамжгүй харилцаа үүсэн  маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед нь хамар ясны шинэ хугарал, баруун хацарт зулгаралт, баруун болон зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Н- согтуу машинаа барьж явна гэснээс болоод бид хоёр маргалдаад намайг цохихоор нь би зөрүүлээд гараараа хамарт нь 1 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.Н-ын “У- ах шууд миний нүүр лүү гараараа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Б.Б-ын “машины ард зодолдох чимээ гарахаар нь буугаад очиход тэр 2 зууралдаад зогсож байхаар нь бид нар салгасан. Машины гэрэлд харахад Н-ын хамраас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч М.Д-ы “зодолдох чимээ гарахаар нь очтол тэр хоёр зодолдоод салчихсан байсан, машины гэрэлд харахад Н-ын хамраас цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Б.Э-ын “Н- би машинаа мэднэ энэ чинь миний машин гээд хэрэлдээд байсан. Тэгээд машинаас буугаад зодолдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №09шэ/202 дугаартай дүгнэлт /хх-ийн 33/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Б.Н-, гэрч Б.Б-, М.Д-, Б.Э- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл хохирогч Б.Н- нь “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явна” гэснээс болж шүүгдэгч, хохирогч нарын дунд хэрүүл маргаан үүсч, улмаар хохирогчийн биед хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад “шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн нь ” нөлөөлжээ.

Иймд Д.У-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учирчээ. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.У- нь хохирогчийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн байна. /хх-н 19, 88/ Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

Д.У- нь “Багануур ХК-нд ажилладаг, ам бүл гурвуулаа, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. Тэрээр хамгийн сүүлд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж, торгуулийн ялаа төлж барагдуулсан болох нь Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Түвшинжаргалын 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна. /хх-н 95/ Д.У- нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын хор уршгийн зардал болох 300.000 төгрөгийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас Д.У-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй ба прокурорын шатанд торгуулийн ялыг зөвшөөрсөн байна. Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.У-өд     600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй ба эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бор шаргал өнгийн сандлыг устгахаар шийдвэрлэлээ.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5- 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х- овгийн Д-ын У-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х- овгийн Д-ын У-өд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Д.У-өд мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.У-өд мэдэгдсүгэй.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.У-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.У- нь хохирогч Б.Н-ын эмчилгээний зардалд 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг төлснийг дурдсугай.
  7. Д.У-өд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА