Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01527

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04690 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

 

Хариуцагч: *******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай газрыг эзэмших, уг газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч ******* нь манай нөхрийн найз бөгөөд 2021 онд надад “*******эд 2 айлын газар зарна гэж байна, нэг нэгээр худалдаж авах уу” гэсэн санал тавьсан. Уг саналыг зөвшөөрч төлбөрийг хувааж төлснөөр 2 айлын газрыг нэг нэгээр нь хувааж, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг би авахаар тохиролцсон. Гэвч ******* тухайн үед 2 газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр авсан байсан.

1.2. Бид *******эд байрлах зуслангийн 2 айлын газрыг худалдаж аваад дээр нь 2 айлын адилхан байшин барьж, цуг байхаар тохиролцож байсны дагуу миний зүгээс тухайн газар, хашаа болон 90 хувийн гүйцэтгэлтэй дүнзэн байшингийн мөнгийг бүрэн шилжүүлж өгсөн. Тодруулбал, уг газар дээр манай 2 айл нийлж 10,670,000 төгрөгөөр евро хашаа авч барьсан ба би хашааны үнэ 5,335,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *******ийн данс руу шилжүүлсэн. 2021 онд хашаа барьснаас хойш 2 ширхэг 8х8 хэмжээтэй дүнзэн торх авчирч угсарсан. Нэг торх нь 10,000,000 төгрөг болж байсан ба би бусад зардлын хамт нийт 32,988,000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлсэн.

1.3. Миний бие нь өөрийн авсан газар дээр дүнзэн торхоор барьсан байшинд *******т шилжүүлж өгсөн мөнгөнөөс гадна 12,744,100 төгрөг зарцуулсан болно. Тухайн 2 айлын газар, хашаа нь 1 хаалгатай. Одоо би зусланд очиж өөрийнхөө байранд орох гэтэл хашааны түлхүүрийг өгөхгүй, өөрийнхөө эзэмшлийн газрыг эзэмшиж, үл хөдлөх эд хөрөнгөө өмчилж чадахгүй нөхцөл байдалд хүрч байна.

1.4. Миний бие мөнгөө бүрэн төлсөн учир маргаан бүхий газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийн шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

1.5. Иймд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, гэрээний ******* дугаартай, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай газрыг эзэмших, түүн дээр баригдсан 29,391,760 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие анх 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данснаас Хаан банкны ******* тоот данс руу  шилжүүлж, Ү.Эрдэнэцэцэг гэх хүнээс дээрх 2 айлын газрыг өөрийн мөнгөөр худалдан авсан.

2.2. Нэхэмжлэгчийн над руу 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “хөөс силикон” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн 1,223,000 төгрөг нь миний дансанд орж ирээгүй, түүний шилжүүлсэн гэх дансны эзэмшигч *******г би танихгүй.

Мөн 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр над руу “бетон үлдэгдэл” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн гэх 1,640,000 төгрөгийг би мэдэхгүй, миний дансанд орж ирээгүй, тухайн дансыг нь шүүж үзэхэд ******* гэх хүн гарч ирдэг ба би энэ хүнийг нь танихгүй, шилжүүлсэн данс нь миний данс биш.

2.3. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр над руу шилжүүлсэн 7,000,000 төгрөг нь нэхэмжлэгчийн нөхөр ******* бид хоёрын Дархан хотод хийсэн ажлын мөнгө бөгөөд энэ ажилд *******, ******* гэх хүмүүс туслахын хамт тусалсан тул энэ мөнгөнөөс би *******од 2,500,000 төгрөг, *******д 2,000,000 төгрөг тус тус шилжүүлэх ёстой байснаас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *******ын эзэмшлийн Хаан банкны ******* тоот данс руу нь 3,000,000 төгрөгийг *******ы мөнгөтэй хамт хийсэн. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин 810,000 төгрөгийг энэ мөнгөнөөс нь ажил хийсэн хүмүүсийн цалинд шилжүүлсэн.

Түүнчлэн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 400,000 төгрөгийг “хаалга урьдчилгаа” гэх утгатай, мөн өдөр 500,000 төгрөгийг “хаалга үлдэгдэл” гэх утгатай миний данс руу шилжүүлсэн гэж хуулга гаргаж өгсөн байгаа боловч уг мөнгө нь миний дансанд орж ирээгүй.

2.4. Харин ажилтай холбоотой, нөгөөтэйгүүр найз нөхдийн харилцаанаас үүдэлтэй над руу дээвэр, мал, торх, дүнз гэсэн утгатай нийт 25,988,000 төгрөгийг шилжүүлж байсан нь үнэн. Уг мөнгийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* тоот данс руу, мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөгийг, түүнчлэн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 18,000,000 төгрөгт тооцож ******* улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашиныг нэхэмжлэгч болон түүний нөхөр *******ын хэлснээр ******* гэх хүнд шилжүүлж өгсөн.

2.5. Надад нэхэмжлэгчид ямар нэгэн өгөх төлбөр байхгүй, би газраа зарсан ямар ч гэрээ, хэлцэл бидний хооронд хийгдэж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, гэрээний ******* дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай газрыг эзэмших, уг газар дээр баригдсан 29,391,760 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. *******ийн зусланд 2,069,100 төгрөгийн болон 5,000,000 төгрөгийн бетон зуурмаг захиалж хүргүүлсэн гэж хаанаас ирсэн нь мэдэхгүй тодорхойлолт авч ирснийг анхан шатны шүүх үнэлж ******* гэх хүнийг энэхүү газар, байрны өмчлөгч мөн гэж тогтоосон нь үндэслэлгүй. Учир нь ******* гэх хүн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000-15,000,000 төгрөгөөр маргаан бүхий 2 эзэмшлийн газрыг ******* гэх хүнээс худалдаж авсан гэрээ болон дансны хуулга нь хавтаст хэрэгт байдаг. Энэхүү гэрээнд нэхэмжлэгчийн оролцоо огт байдаггүй.

4.2. Мөн газар дээр өөрийн хөрөнгөөр байшин барьсан тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар ******* нь өмчлөх эрхтэй болсон. Нэхэмжлэгч нь уг газар болон байрны гэрчилгээ, худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтгүй байхад, анхан шатны шүүх 2 компаниас барилгын материал худалдан авсан баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д заасанд нийцээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар бодитой, эргэлзээгүй үнэлж чадаагүй.

4.3. Нэхэмжлэгч нь газар өмчлөх эрхийг тодорхой хугацааны дараа шилжүүлэхээр тохиролцсон гэж тайлбарладаг боловч энэ талаар тохиролцсон зүйл хавтаст хэрэгт огт байхгүй. Мөн нэхэмжлэгч нь мөнгө өгсөн гэж тайлбартаа дурддаг ч хүний эд хөрөнгийг ийм зүйлс зөөж, худалдаж авч байсан гэх баримтаар хамтран өмчлөгчөөр тогтоох болон өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй.

4.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт миний худалдаж авсан газартаа хашаа, байшин барихад зарцуулсан зардлын тооцоо буюу *******ийн данс руу шилжүүлсэн мөнгөний дүнг нэхэмжлэгч миний дансны хуулгаар нотлогдож байгаа талаар шүүх үндэслэлтэй дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй болсон.

5.3. Хариуцагч ******* бид нар нь гэр бүлийн найзууд байсан учир 2 айлын газар худалдан авч зуслангийн хашаа байшин барихаар амаар харилцан тохиролцож, хоёр талаасаа мөнгөө гаргаад хамтарч ажилласан үйл баримт нь хангалттай нотлох баримтаар нотлон тогтоогдсон учир анхан шатны шүүхээс ******* бидний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм.

5.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай газрыг эзэмших, уг газар дээр баригдсан 29,391,760 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, төлбөр тооцоогүй гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай захирамжаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалтаар иргэний газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээний дагуу, мөн ******* дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай захирамжаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалтаар иргэний газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээний дагуу тус тус ******* эзэмших эрхтэй болохыг,

3.2. Дээрх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай газар дээр 29,391,760 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй дүнзэн байшин баригдсан болохыг,

3.3. Нэхэмжлэгчийн дансны гүйлгээгээр *******ийн эзэмшлийн данс руу 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг “дээвэр урьдчилгаа” гэх, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2,335,000 төгрөгийг “дээврийн урьдчилгаа” гэх, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөгийг “ориг дүнз урьдчилгаа” гэх, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 4,053,000 төгрөгийг “дээвэр” гэх, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 11,600,000 төгрөгийг “дээвэр, ...торх үлдэгдэл...” гэх, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөгийг “газрын үлдэгдэл” гэх, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 7,000,000 төгрөгийг “ганаа 2,5+оогий2,5+мс2,0” гэх гүйлгээний утгаар нийт 32,988,000 төгрөг шилжүүлсэн  болохыг,

3.4. Мөн нэхэмжлэгч нь дүнзэн байшинтай холбоотой бусад этгээдийн данс руу 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1,223,000 төгрөгийг “хөөс, сетка” гэж, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,640,000 төгрөгийг “бетон үлдэгдэл” гэж, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 400,000 төгрөгийг “хаалга...” гэж, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг “хаалга үлдэгдэл” гэж, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2,0619,100 төгрөгийг “бохирын холболтод” гэж, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1,225,000 төгрөгийг “сетка төмөр, даацын хөөс” гэж, мөн тус өдөр 80,000 төгрөгийг “тээврийн зардал” гэж, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 5,300,000 төгрөгийг “шал цутгалт” гэж, мөн тус өдөр 3,000,000 төгрөгийг “вакум цонх” гэж, 170,000 төгрөгийг “сан материал” гэж тус тус шилжүүлсэн болохыг тогтоосон.

 

4. Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь хамтран ажиллах гэрээний үндсэн шинжийн нэг нь талууд хамтран ажиллах үүрэгтэй байдаг. Хамтран ажиллах үүрэг нь оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаанаас бүрдэнэ.

Хэрэгт авагдсан иргэний газар эзэмших эрх, нэхэмжлэгчийн газрын болон байшингийн төлбөр тооцоотой холбоотой мөнгөн шилжүүлгийн гүйлгээ, газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгө зэрэг баримтаар оролцогчид хураамж төлж, хариуцагчийн эзэмших эрхтэй 2 газар дээр 2 байшин барьж хамтын үйл ажиллагаа явуулж байгаа гэж дүгнэхэд учир дутагдалтай.

Өөрөөр хэлбэл, байшин барих зорилгоор хамтран ажиллах зорилготой байсан эсэх, хэн ямар хураамж төлөх, ашиг, алдагдлын хуваарилалтыг тохиролцсон гэх байдал тогтоогдохгүй байгаа тул хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.

 

5. Харин талуудын хоорондын чатад хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтаас нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмших эрхтэй 2 тусдаа газрын нэгийг худалдан авч, түүн дээр байшин барих зорилготой байсан болох нь тогтоогдож байх тул талуудын тохиролцоонд газар эзэмших эрхийн тухайд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт илүү хамаарч байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний ******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай газар эзэмших эрхийг нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас худалдаж авахаар тохиролцож, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр төлбөрийг төлснөөр тухайн газрыг эзэмших эрхтэй болохоо тогтоолгохоор шаардаж байгаа нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасантай нийцнэ.

 

6. Нэхэмжлэгч нь өөрийн худалдаж авсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай газар дээр өөрийн хөрөнгөөр 29,391,760 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө барьсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, тодорхойлолт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан боловч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч ******* нь өөрийн худалдан авсан газар дээр барьсан 29,391,760 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөх эрхтэй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04690 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай газрыг эзэмших, уг газар дээр баригдсан 29,391,760 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.УУГАНБАЯР

 

                                                            ШҮҮГЧИД                                  С.ЭНХБАЯР

 

                                           Ч.МӨНХЦЭЦЭГ