Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/55

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-эд холбогдох эрүүгийн 1904001200082 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Г.

 Улсын яллагч                                              Б.Б.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Л.Г-

 Шүүгдэгч                                                  Л.Б- нар оролцов.

 

Монгол улсын иргэн, ...................... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ........ аймгийн ..............суманд төрсөн,..........., .. настай........... боловсролтой, .......... мэргэжилтэй, хувиараа том оврын машинаар хайрга зөөдөг ажилтай, ам бүл .., .............. хамт .. дугаар хороо, ..оршин суух, урьд Багануур дүүргийн  шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн, мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Т- овгийн Л-ын Б- /РД:...................../

        

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Л.Б- нь ............оны ...........дугаар сарын .........-ны шөнө ........цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..................... байрны гадна эхнэр Ц.Б-г “яагаад чамд хүн дарс авч өгдөг юм, намайг бааранд орхиж явлаа” гэх зэргээр бусадтай хардаж, үүгээрээ шалтаглаж хэрүүл маргаан үүсгэн, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ц.Б-гийн нүүрэн тус газарт цохиж газарт унаган, толгой, цээж, нуруу, хөл зэрэг газарт хөлөөрөө олон удаа өшиглөх, дэвсэх зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь зүүн талын 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, тархины доргилт, нүүр, баруун, зүүн гарын бугалга, ар нурууны хэсгүүдэд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацар, цээжний зүүн хэсэгт зулгаралтууд бүхий хүндэвтэр хохирлыг бие махбод, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Л.Б-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би том охиноо 1 нас 2 сартай байхад Б-тай суусан бөгөөд бид хоёрын дундаас бага охин Дөлгөөн төрсөн. Хэрэг гарснаас хойш эхнэр бид хоёр тусдаа амьдарч байгаа. Би одоогоор том охинтойгоо хамт амьдарч байна. Харин эхнэр маань бага охиноо аваад хот явсан. Хэрэг гарсны маргааш эхнэрээ ямар болгосноо харсан. Би хүн гэхэд түүнийг арай л аймар болгосон байсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Байрны гадна ирээд таксинаас буугаад такси эргээд явангуут Б- намайг гараараа цохиж элэгдсэн. Ингээд миний нүүр лүү гараараа цохиж газар унагаад нүүр, толгой, цээж, хөл, нуруу гэх мэт биеийн бараг бүх хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, дэвсэж эхэлсэн. Би нүүрээ хамгаалаад хоёр гараараа хаасан. Б- намайг зодож байхдаа “чи намайг шоронд явуулсан билүү” гэж хэлж байсан. Би Б-эд зодуулж байгаад хэсэг ухаан алдсан. Би гэртээ ороод цагдаа нарыг гэрт орж ирэх үед ухаан орсон. Эмнэлэг дээр очиход миний биеийн байдал муу байсан, 13-ны өдөр 13 цагийн үед Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг дээр очиж 9 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо миний биеийн байдал дунд зэрэг байна, толгой өвдөнө, удаан суух үед нуруу өвдөнө, одоог хүртэл өвчин намдаах эм хэрэглэж байна. Б- нилээн их согтсон би бага зэрэг манаралттай байсан. Одоогоос 6-7 жилийн өмнө Б- намайг зодож хамар хугалж байсан. Мөн энэ оны цагаан сарын үед намайг зодсон. 2003 онд Б-тэй хамт амьдарч эхлэхэд түүний охин Ц- 11 сартай байсан. Б- сардаа 2-3 удаа архи уудаг бөгөөд Төмөр замд ажилладаг байхдаа хардаж хэрүүл маргаан хийдэг байсан. Архи уухаараа хэрэгтэй хэрэггүй юм яриад амар тайван байлгадаггүй. Б-ээс эмчилгээний зардалд 1.600.000 төгрөг авсан, гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-17, 126/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Ц-ий мэдүүлсэн: “...2019 оны 6 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед аав Б- байрны гадна тоглоомын талбай дээр найзтайгаа архи ууж байгаад ээжийг утсаар дуудсан. Ингээд шөнө 2 цагийн үед намайг гэртээ байж байхад байрны гадна орцны урд “яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэх ээжийн чанга хашгирах дуу сонсогдсон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад очиход орцны урд ээж газар хэвтчихсэн аав ээжийн толгой дээрээс дэвсээд, хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр үед ээж толгой нүүр хэсгээ хоёр гараараа дараад хааж байсан. Би аав дээрээ очоод “болиоч” гээд түүнийг чангааж байгаад газар унагаад дээр нь гарч суусан. Тэр үед аав уурлаад босч ирсэн. Би ээжийг босгож аваад явах гэтэл ээжийн бие нь өвдсөндөө ч юм уу, архи уугаад согтсондоо ч юм уу явж байгаад газар унаад босч чадахгүй байсан. Тэр үед аав газраас тоосго аваад ээж бид хоёрыг цохих гээд дайраад байсан. Тэгэхээр нь би гүйгээд эсрэг талын байр луу орж аавын эгч Туяажаргалыг дуудчихаад буцаад гараад иртэл аав мөн л ээжийн дээрээс хөлөөрөө өшиглөөд зогсож байсан. Би гүйж очоод аавыг түлхэж унагаад ээжийг гэр лүүгээ аваад орсон. Аав ээжийг зодоод байхаар нь би “болиоч” гэж хэлэхэд “чамд хамаагүй” гээд байсан. Аав ээжийг газар уначихсан байхад нь толгой, нүүр, цээж гээд бараг биеийн бүх хэсэг рүү өшиглөөд байсан. Аав энэ онд ээжийг зодоод баривчилгаанд явсан. Аав ер нь бусад хүмүүстэй их даруухан юм шиг харьцдаг. Харин гэртээ ээж бид нарт их ууртай, хараал үгээр дууддаг. Ялангуяа зээл нь дөхөөд ирэхээр их уур уцаартай болдог. Аав ээжийг ер нь ямар ч хамаагүй хүнтэй хардаад маргаад байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

Мөрдөн байцаалтад гэрч М.М-ийн мэдүүлсэн: 2019 оны 6 дугаар сарын 12-ноос, 13-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс ..................... байрны орцонд хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход орцонд хүн байхгүй байсан. Би байрнаас гараад байрыг ажиглахад ганц цонх гэрэлтэй байсан. Уг байрыг шалгахад нэг охин ээжтэйгээ хамт байсан бөгөөд ээжийг нь Б- гэж байсан. Б-гийн үс нь сэгсийсэн байдалтай нүүрээ хоёр гараараа дараад сууж байсан. Би гарыг нь аваад нүүрийг нь харахад цус болчихсон байсан. Хэнд зодуулсан талаар асуухад манай нөхөр намайг зодсон, одоо эгчийндээ байгаа гэж хэлсэн. Үүний дагуу Л.Б- гэгчийг эгчийнх нь гэрээс аваад эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Эхнэр нь халамцуу, нөхөр нь нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Гэрч П.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...Б- нь хүн чанарын хувьд сайн залуу, машин тэрэг сайн засдаг. Б-, Б- хоёр хааяа нийлээд уучихдаг. Архи уусан үедээ нэг нэгнийхээ үгийг даахгүй таарч тохирохгүй хоорондоо маргаад байдаг...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23/

Гэрч Б.Г-ын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...Б- нь дуу цөөтэй, ажилдаа цэмцгэр залуу. Хүмүүс дунд нэр хүндтэй, харьцаа сайтай хүн гэж боддог...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24/

Гэрч Л.Т-ын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...Намайг эмнэлэг дээр очиход Б-гийн нүүр, гар, хөл нь нилээн хэсэг газартаа хөхөрчихсөн байсан. Б- зан чанарын хувьд ажилд сайн, хариуцлагатай. Б-гийн хувьд даруухан, дуу цөөтэй эмэгтэй. Ер нь Б- тэр хоёр дуу цөөтэй хүмүүс эрүүлдээ эвтэй сайхан байдаг. Гэм нь архи уухаараа л хэрүүл маргаан болоод байдаг...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-28/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №09шэ/143 дугаартай дүгнэлтэд: “Ц.Б-гийн биед зүүн талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, тархины доргилт, нүүр, баруун зүүн гарын бугалга, ар нурууны хэсгүүдэд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацар, цээжний зүүн хэсэгт зулгаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл. Дээрх 4, 5, 6, 7-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэргийн тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 34/,

Хохирогчийн биед үүссэн гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 32-33/,

Яаралтай тусламжийн хуудсаар “2019 оны 6 дугаар сарын 13-ны шөнө 04 цаг 10 минутад Ц-ын Б-гийн одоогийн өвчний түүхээр нөхөртөө зодуулсан” гэжээ. /хх-н 104/,

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээгээр “Гэр бүлийн харилцаа тогтворгүй, хүчирхийлэлтэй, хэвийн бус” гэжээ. /хх-н 41-44/,

Хохирогч Б-, охин Дөлгөөн, Ц- нарын ярилцлагын тэмдэглэлүүд /хх-н 47-51/,

Аюулын зэргийн үнэлгээгээр “дунд” түвшингийн үнэлгээтэй гэжээ. /хх-н 52-53/

Гэрлэлтийн №0111950, Г-26 дугаартай гэрчилгээний хуулбараар “ Т- овогт Л-ын Б-, Боржигин овогт Ц-ын Б- нар нь 2003 оны 6 сарын 15-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов” гэжээ. /хх-н 89/

Багануур дүүргийн шүүхийн 2009 оны 3 сарын 17-ны өдрийн 174 дугаартай шийдвэрээр Х- овогт Ө-гийн Ц-ий үрчлэн авсан Х- овогт Ч-гийн М-р тогтоосон үрчлэлтийг хүчингүйд тооцжээ” /хх-н 131/

Хүүхдийн төрсний гэрчилгээний №0246725, Г-295 дугаартай хуулбараар “Т- овгийн Б-ийн Ц- 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эцэг нь Т- овогт Л-ын Б-, эх нь М-ын Ө-” гэжээ. /хх-н 132/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “Б-ийн Ц- нь Багануур дүүрэг 3 хороо, Төмөр замын 2 дугаар байрны 9 тоот” гэжээ./хх-н 130/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлээр “Л-ын Б- нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны шөнө 03 цаг 05 минутад эхнэрээ зодсон гэх үндэслэлээр эрүүлжүүлэгдсэн” гэжээ. /хх-н 98-99/,

Шүүгдэгч Л.Б- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд 3 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 77/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 79-88/, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 64 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-н 86-88/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 67/ оршин суугаа газрын тодрхойлолт /хх-ийн 68/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Л.Б- нь согтуугаар ..........оны 6 дугаар сарын ...........-ны шөнө 2.........цагийн үед ..................... байрны гадна эхнэр Ц.Б-г “яагаад чамд хүн дарс авч өгдөг юм бэ?, намайг бааранд орхиж явлаа” гэх зэргээр бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүнийг цохиж газар унагаад толгой, нүүр, цээж, нуруу, гар, хөл зэрэг газарт хөлөөрөө олон удаа өшиглөх, дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн талын 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, тархины доргилт, нүүр, баруун, зүүн гарын бугалга, ар нурууны хэсгүүдэд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацар, цээжний зүүн хэсэгт зулгаралтууд бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би хүн гэхэд эхнэрээ арай л аймар зодсон байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б-гийн “Б- намайг гараараа цохиж элэгдсэн. Ингээд миний нүүр лүү гараараа цохиж газар унагаад нүүр, толгой, цээж, хөл, нуруу гэх мэт биеийн бараг бүх хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, дэвсэж эхэлсэн. Би нүүрээ хамгаалаад хоёр гараараа хааж байсан. Б- намайг зодож байхдаа “чи намайг шоронд явуулсан билүү” гэж хэлж байсан. Би Б-эд зодуулж байгаад хэсэг ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-17/, насанд хүрээгүй гэрч Б.Ц-ий “би гэрээсээ гараад очиход орцны урд ээж газар хэвтчихсэн аав ээжийн толгой дээрээс дэвсээд, хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр үед ээж толгой нүүр хэсгээ хоёр гараараа дараад хааж байсан. Би аав дээрээ очоод “болиоч” гээд түүнийг чангааж байгаад газар унагаад дээр нь гарч суусан. Тэр үед аав уурлаад босч ирээд ээж бид хоёрыг тоосгоор цохих гээд дайраад байхаар нь аавын эгчийн дуудчихаад буцаад ирэхэд аав мөн л ээжийн дээрээс хөлөөрөө өшиглөөд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/, гэрч М.М-ийн “дуудлагын дагуу тухайн айлд ороход хохирогч гэх эмэгтэйгийн үс нь сэгсийсэн нүүр нь цус болчихсон байсан ба манай нөхөр намайг зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18/, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №09шэ/143 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, ярилцлагын тэмдэглэлүүд, Аюулгүйн зэргий үнэлгээ /хх-н 41-53/, хохирогчийн нүүр, гар, хөл дээр үүссэн олон тооны хөхрөлт, няцралт, зулгаралт бүхий гэмтлүүдийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 32-33/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч Л.Б- нь эхнэр Ц.Б-гийн 4 хавиргыг хугалах гэмтлийг учруулах явцдаа түүний толгой, цээж, нуруу, нүүр, гар, хөл рүү нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож, биеийн ихэнх хэсэгт олон тооны хөхрөлт, няцралт, зулгаралт бүхий гэмтлүүдийг учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч Б-гийн “миний биеийн бараг бүх хэсэг рүү өшиглөж дэвссэн” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц-ий“ манай аав ээжийг газар хэвтэж байхад нь толгой дээрээс нь дэвсээд хөл, гар гээд бараг биеийн бүх хэсэг рүү нь өшиглөөд байсан, мөн аав ээж бид хоёрыг тоосгоор цохих гээд дайраад байсан. Би эгчийгээ дуудаад ирэхэд аав бас л ээжийг дээрээс нь өшиглөөд зогсож байсан” гэсэн мэдүүлгүүд болон хохирогчийн биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн хохирогч Б-гийн “6-7 жилийн өмнө Б- намайг зодож хамар хугалж байсан. 2019 оны 2 дугаар сар буюу цагаан сарын үед намайг зодсоны улмаас баривчилгаанд явсан. Сая намайг зодохдоо “чи намайг шоронд явуулсан билүү” гээд зодоод байсан. Б- сардаа 2-3 удаа архи уудаг бөгөөд Төмөр замд ажилладаг байхдаа хардаж хэрүүл маргаан хийдэг байсан. Архи уухаараа хэрэгтэй хэрэггүй юм яриад амар тайван байлгадаггүй” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц-ий “аав энэ онд ээжийг зодоод баривчилгаанд явсан. Аав ер нь бусад хүмүүстэй их даруухан юм шиг харьцдаг. Харин гэртээ ээж бид нарт их ууртай, хараал үгээр дууддаг. Ялангуяа зээл нь дөхөөд ирэхээр их уур уцаартай болдог. Аав ээжийг ер нь ямар ч хамаагүй хүнтэй хардаад маргаад байдаг” гэсэн мэдүүлэг, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулгүйн зэргийн үнэлгээ, ярилцлагын тэмдэглэлүүд зэргийг дүгнэхэд Л.Б-ийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэхээр байна.

Багануур дүүргийн Прокурорын газраас Л.Б-ийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчид бие махбод, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэж дүгнэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Хохирогч Б-гийн “такси явангуут Б- намайг зодож эхэлсэн, “чи намайг шоронд явуулсан билүү гээд зодоод байсан” гэсэн мэдүүлгийг дүгнэхэд шүүгдэгч Л.Б- нь үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Уг гэмт хэрэг гарахад эр эмийн хардалт болон шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг нь нөлөөлжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед зүүн талын 4, 5, 6, 7-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол учирснаас гадна түүнд тархины доргилт, нүүр, баруун зүүн гарын бугалга, ар нурууны хэсгүүдэд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацар, цээжний зүүн хэсэгт зулгаралтууд үүссэн байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Б- нь эмчилгээний зардалд 1.600.000 төгрөг авсан, гомдолгүй гэж мэдүүлжээ. /хх-н 126, 92-94, 17/ Иймд шүүгдэгч Л.Б-ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульд заасан.

Л.Б-эд “хувиараа том оврын машин жолоодож хайрга зөөдөг ажил эрхэлдэг,  ам бүл дөрвүүлээ, эхнэр Б-, охин Дөлгөөн, Ц- нарын хамт ..................... байрны 9 тоотод оршин суудаг боловч, хэрэг гарснаас хойш ..........настай охин Ц-ий хамт амьдарч байгаа, урьд ..............удаагийн ял шийтгэлтэй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Улсын яллагчаас Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс  “шүүхээс оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү” гэж мэтгэлцсэн болно.

 

Л.Б- нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол болох эмчилгээний зардалд 1.600.000 төгрөг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Л.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эмчилгээний зардалд 1.600.000 төгрөгийг төлсөн боловч түүний урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан хувийн байдал мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй. Харин Л.Б- нь 17 настай охины хамт амьдардаг болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, хуульд заасан хорих ялын доод хэмжээг баримтлах нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж хуульд заасан байна.

Иймд Л.Б-ийг хорих ялаа эдэлж байх хугацаанд түүний асрамжид байсан .........нас, ...........сар, ........хоногтой охин Б.Ц-д асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох үүргийг Багануур дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т- овгийн Л-ын Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн бие махбод, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,3 дахь заалтад зааснаар Т- овгийн Л-ын Б-ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б-эд оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л.Б- нь гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-гийн эрүүл мэндэд учирсан хохирлын хор уршгийн зардалд 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг төлснийг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Б-эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  6. Л.Б-эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Т- овгийн Б-ийн Ц-д асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох үүргийг Багануур дүүргийн Засаг даргад даалгасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БАЙГАЛМАА