| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/02072/И |
| Дугаар | 210/МА2025/01569 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01569
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/05016 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 187,500,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. *******тай 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр ******* нь ******* дүүргийн ******* тусгай хамгаалалттай газар нутгийн ******* байрлах 0.23 га талбай бүхий газрыг өөрийн хувьцаа эзэмшдэг “*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаагаар дамжуулж, 700,000,000 төгрөгөөр тооцон *******д, ******* нь хариу төлбөрт өөрийн эзэмшлийн 4 ширхэг амины орон сууцыг нэг бүр нь 190,000,000 төгрөгөөр тооцож нийт 760,000,000 төгрөгөөр *******д тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
1.2. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул харилцан тохиролцож 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Төлбөр барагдуулах гэрээний 2.5-д зааснаар ******* нь гэрээг байгуулмагц 100,000,000 төгрөг, компанийн хувьцаа худалдах, эрх шилжих гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 7 хоногийн дотор 20,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл 130,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон.
1.3. ******* нь төлбөр барагдуулах гэрээгээр тохиролцсоны дагуу “*******” ХХК-ийн хувьцааг *******д буцаан шилжүүлж, ******* нь надад 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 100,000,000 төгрөгийг төлсөн. Гэвч төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр болох 150,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна.
1.4. Талууд төлбөр барагдуулах гэрээний 2.6-д “Төлбөр төлөгч нь гэрээний 2.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, тогтоосон хугацаанаас 3 хоногоос илүү хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож төлнө.” гэж харилцан тохиролцсон.
******* нь гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл 150,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул 1 хоногт 0,5 хувийн алдангийг 750,000 төгрөгөөр тооцож 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 50 хоногийн алдангид нийт 37,500,000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн.
1.5. Мөн төлбөр барагдуулах гэрээний 3.1-д “Гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор барьцаалж буй барьцаа хөрөнгө, түүгээр үүргийн биелэлт хангахтай холбоотой асуудлыг талууд Барьцааны гэрээ байгуулж зохицуулна.” гэж заасныг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр миний бие *******тэй барьцааны гэрээ байгуулсан.
Тус барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* /*******/, ******* тоот хаягт байрлах, 168.08 м.кв талбайтай, аялал жуулчлал, АОС зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
1.6. Иймд хариуцагч *******гаас төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөрт 150,000,000 төгрөг, алдангид 37,500,000 төгрөг, нийт 187,500,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр “*******” ХХК-ийн Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* байрлах 0.23 га талбай бүхий газрыг 700,000,000 төгрөгөөр үнэлж, ******* дүүргийн Баянголын аманд байрлах 120 м.кв талбай бүхий 4 ширхэг амины орон сууцыг тус бүрийн 175,000,000 төгрөгөөр тооцож худалдан авалт хийсэн.
2.2. Төлбөр барагдуулах хэлцэл хийгдэх болсон шалтгаан бол аль аль тал гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл учруулсан. Газар эзэмших эрхтэй холбоотой асуудал, төрийн байгууллагын шийдвэр гарахгүй удсан асуудлаас болоод 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэлцэл хийгдсэн. Өмнө байгуулсан худалдан авах гэрээтэй уялдан, энэ гэрээнээс үүдэж хэлцэл хийгдэж байна. Энэ гэрээний дагуу 100,000,000 төгрөг өгсөн ба 150,000,000 төгрөг өгөөгүй дээр маргах зүйл байхгүй. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бид нар мөнгөө төлнө гэсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй дээр маргах зүйл байхгүй.
2.3. Алданги хэрхэн тооцсон, алдангийн үнийн дүн эргэлзээтэй байна гэжээ.
3. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. ******* нь *******гийн өмнө ямар нэгэн байдлаар үүрэг хүлээгээгүй.
3.2. Яг аль гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан, барьцаа бүртгүүлсэн тухай асуудал яригдана. *******ийн хувьд барьцааны бүртгэл хийгдсэн зүйл байхгүй. Төлбөр барагдуулах хэлцлийн хувьд барьцаалсан эсэх нь тодорхойгүй байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
4.1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 166 дугаар зүйлийн 166.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 187,500,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *******д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,165,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 1,095,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Нэхэмжлэгч төлбөр барагдуулах гэрээний дагуу алдангийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тооцсон 50 хоногийн хугацааны талаар нэхэмжлэгчээс шүүх хуралдааны үед мэтгэлцэх зарчмын хүрээнд тодруулахад ямар нэгэн тайлбар өгч, баримтаар няцаадаггүй.
5.2. Шүүхээс төлбөр барагдуулах гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, харин холимог гэрээний шинжийг агуулсан гэрээ үзэх үндэслэлтэй. Учир нь өмнөх худалдах, худалдах авах гэрээний үйлчлэл үргэлжилж байгаа болно.
5.3. Төлбөр барагдуулах гэрээ хэзээ дуусгавар болсон эсэх, мөн үйлчлэх хугацаа ямар болох талаар харилцан тохиролцоогүй, мөн гэрээний зөрчлийн талаар нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй байж хариуцагчаас 50 хоногийн алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
5.4. Иймд 10 хоногийн алданги болох 7,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
6.1. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй. Үндсэн төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Ямар үндэслэлээр 50 хоногийн алдангийг тооцож байгаа нь тодорхойгүй гэх агуулгаар тайлбарласан.
6.2. Төлбөр барагдуулах гэрээ буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болгож буй гэрээний 2.5.3-т 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор гэрээнд заагдсан сүүлийн үүрэг биелэгдэхээр буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 130,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон.
6.3. Гэрээ дуусгавар болсон эсэхэд хариуцагч маргасан. Төлбөр барагдуулах гэрээний 12.1-д “Төлбөр төлөгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх буюу төлбөр төлөгч нь төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар гэрээ дуусгавар болно.” гэж заасан.
6.4. Нэхэмжлэгч нь алдангийг 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тооцсон. Тухайн өдөр нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг тооцоогүй.
6.5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6-д заасны дагуу 0,5 хувиар алдангийг тооцсон. Анхан шатны шүүх алдангийн хэмжээг үндэслэлтэй тооцож, шийдвэрээ гаргасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний төлбөрт 150,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 37,500,000 төгрөг, нийт 187,500,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч *******д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч ******* нь үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийн тооцоолол дээр, хариуцагч ******* нь барьцааны гэрээ бүртгэл хийлгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж тус тус маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, мөн гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.
4. Хэрэгт авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үйлчлүүлэгчийн боловсруулсан гэрээ гэрчилсэн тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, зохигчдын тайлбараас үзвэл, талууд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “*******” ХХК-ийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгож, уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид “*******” ХХК-ийн өөрийн эзэмшдэг хувьцааг заасан этгээдэд буцаан шилжүүлэх, хариуцагч нь төлбөрт шилжүүлсэн амины орон сууцны үнийг 250,000,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчид 250,000,000 төгрөгийг 3 хувааж буцаан өгөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. /хх 5-7/
4.а. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.
4.б. Дээрх гэрээ хэрэгжих боломжгүй болсон үндэслэлээр талууд худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгож, гэрээний гүйцэтгэлээс “*******” ХХК-ийн хувьцааг биет байдлаар, харин амины орон сууцны үнийг харилцан буцааж өгөх үүрэг хүлээжээ.
Тодруулбал, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 2.1 дэх заалтаар төлбөр төлөгч нь 250,000,000 төгрөгийг төлбөр авагчид хэсэгчлэн шилжүүлэн өгөх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулах, тодорхой хөрөнгө барьцаалах, 2.2 дахь заалтаар төлбөр төлөгч энэхүү гэрээ байгуулагдсан өдөр 100,000,000 төгрөгийг төлбөр авагчид төлөх, 2.3 дахь заалтаар компанийн хувьцааны эрх шилжсэнээс хойш 7 хоногийн дотор 20,000,000 төгрөгийг төлбөр авагчид төлөх, 2.4 дэх заалтаар гэрээний 2.2-т заасан төлбөрийг төлбөр төлөгч нь төлбөр авагчид шилжүүлэн өгсний дараа төлбөр авагч нь “*******” ХХК-д эзэмшдэг өөрийн бүх хувьцааг төлбөр төлөгчөөс санал болгосон этгээдэд шилжүүлэн өгөх, 2.5 дахь заалтаар 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 130,000,000 төгрөгийг *******гийн Хаан банкин дахь ******* тоот дансанд төлж барагдуулах, 2.6 дахь заалтаар төлбөр төлөгч гэрээний 2.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, тогтоосон хугацаанаас 3 хоногоос илүү хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох талаар тус тус тохиролцож, харилцан гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байна. /хх 6-7/
4.в. Дээрх хэлцлийг байгуулсны дараа 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, *******, *******, ******* нар нь “*******” ХХК-д эзэмшдэг нийт 100 хувийн хувьцаагаа *******д шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
4.г. Харин үлдэгдэл төлбөр 150,000,000 төгрөгийг төлөх хугацааг 50 хоног хэтрүүлсэн гэж тооцож, 37,500,000 төгрөгийн алданги төлөх ёстой гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасанд нийцээгүй.
Тодруулбал, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлээр тохиролцсон төлбөр төлөх хугацаа, алдангийн талаарх тохиролцоо хүчин төгөлдөр байна. Иймд хариуцагч ******* нь уг хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул алданги төлөх үүрэгтэй.
Төлбөр барагдуулах гэрээний 2.6-д зааснаар тогтоосон хугацаанаас 3 хоногоос илүү хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор байхад гэрээнд заасан хугацаа болох 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 50 хоногийн алданги тооцсон нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, гэрээний дээрх заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлабал төлбөр төлөх хугацаа дууссанаас хойш 3 хоногийн дараагаас алданги тооцохоор тохиролцсон гэж үзнэ.
Ийм учраас 3 хоногийн алданги болох 2,250,000 төгрөгийг хасаж, төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр 150,000,000 төгрөг, 47 хоногийн алданги 35,250,000 төгрөг, нийт 185,250,000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4.д. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 2.1-д заасны дагуу мөн өдөр *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* /*******/, ******* тоот хаягт байрлах 168.08 м.кв талбай бүхий аялал жуулчлал, ОАС зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулжээ.
Анхан шатны шүүх “Талуудын байгуулсан барьцааны гэрээ нь бүртгэлд бүртгэгдээгүй буюу Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д нийцээгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн уг шаардлагын талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй, харин хууль хэрэглээний заалтыг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/05016 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 156 дугаар зүйлийн 156.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас 185,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,250,000 төгрөг гаргуулах хэсэг болон хариуцагч *******д холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,165,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,084,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ