Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00435

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн Хөөвөр гэх газар оршин суух Боржигон овогт Тойвын Дагва /РД:ЙЕ64021712/-ын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Рашаант сумын Хар Чулуутын 2 дугаар багийн Шинэ хороололын 3-8 тоотод оршин суух Бархас овогт Цэвээний Даваасүрэн /РД:ГН65011811/-д холбогдох 10000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00375/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Дагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие Т.Дагва нь Ц.Даваасүрэнд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1 ширхэг хонийг 100000 төгрөгөөр бодож, 100 ширхэг хонь буюу 10000000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бэлэн мөнгөөр авахаар болж зээлдүүлсэн. Тухайн үед 100 ширхэг хонийг Ц.Даваасүрэн авч байхыг хамт явсан Шижээ гэгч нөхөр гэрчилнэ. Гэрчлүүлэхдээ бичгээр үйлдэж байлцсан гэрчээр нь гарын үсэг зуруулсан. Мөнгөө авахаар удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг зовлон тоочиж зээлээ өгөхгүй байгаа тул хариуцагч Ц.Даваасүрэнгээс зээлээр авсан хонины мөнгө болох 1000000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Даваасүрэн нь нэхэмжлэгч Т.Давгын нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 10000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлөхдөө 5000000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 5000000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлттэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Т.Дагва нь Ц.Даваасүрэнд холбогдуулан 10000000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 10000000 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарТ.Дагвын нэхэмжлэлтэй, Ц.Даваасүрэнд холбогдох 10000000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174950 /зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 87475 /наян долоон мянга дөрвөн зуун далан таван/ төгрөг, хариуцагчаас 87475 /наян долоон мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН