Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ж.Э, Б овгийн Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1834008770432 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

      

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Зуунмод суманд 1981 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 4 дүгээр баг, А-13 оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 810529 дугаарын регистртэй, Б овгийн Ж.Э,

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Зуунмод суманд 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, 3б гудамж 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 871025 дугаарын регистртэй, Б овгийн Ц.Б

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ж.Э, Ц.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг 3В-3 тоотод оршин суух Б.Дамдинпүрэвийн байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж 351.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...,

 

Эрүүгийн 1834008770432 дугаартай хэрэгт хохирогч Б.Дамдинпүрэвийн /хх-ийн 11-12 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгийн /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Н.Энхмаагийн /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Ж.Э-ын /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Х.Навчинхүүгийн /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Д.Дуламсүрэнгийн /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч Л.Насантуяагийн /хх-ийн 25 дугаар хуудас/, яллагдагч Ж.Э-ын /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, яллагдагч Ц.Б-ын /хх-ийн 44-45 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

“Уваа Уул Аудит” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/52 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 27-30 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 52 дугаар хуудас/, цагдаагийн байгууллагын цахим санд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58-60 дугаар хуудас/, эрэн сурвалжлалт зарлах тухай баримт /хх-ийн 77-80 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46-51, 54-57 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Ж.Э, Ц.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг 3В-3 тоотод оршин суух Б.Дамдинпүрэвийн байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж 351.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Дамдинпүрэвийн ...орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хашааны хаалганы цоожыг эвдэлчихсэн байхаар нь дотогшоо ороход хананд өлгөөтэй байсан 32 инчийн самсунг маркийн телевизорыг тоглуулагчийн хамтаар аваад явсан байсан. Ингээд би цагдаад дуудлага өгсөн... би телевизороо 2017 оны 07 дугаар сард 300 мянган төгрөгөөр худалдаж авсан тоглуулагчийг нь 100 мянган төгрөгөөр худалдаж авсан одоо худалдаж авсан үнээрээ үнэлж байна... ...би Батаа, Дамнаа хоёрыг сэжиглэж байна. Энэ хоёр хүн надтай 2018 оны 10 дугаар сарын 30-ны орой гэртээ байж байхад архи ууя гэж манайд орж ирэхээр нь би маргааш ажилтай уухгүй гэж хэлсэн байгаа. Ингээд энэ хоёр хүн манайхаас гараад явсан...,

иргэний нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгийн ...манай бэр Насантуяа миний утас руу яриад “дөнгөж сая Батаа орж ирээд зурагт зарна” гэж ярьж та авах уу гэж асуусан. Би янз бүрийн асуудалтай юм биш биз дээ, ямар зурагт юм гэж асуусан. Харин тухайн үед манай бэр Насантуяа цаашаа Батаатай яриад янз бүрийн юм биш биз дээ гэж асуугаад байсан. Тэр үед утасны цаанаас манай найз эхнэртэйгээ салж байгаа, эд зүйлээ хувааж байгаа юм гэж ярьж байсан. Тэгэхээр нь би ажиллуулаад үз гэхэд сайхан гарч байна гэсэн. Тэгээд үнийг нь асуухад 130.000 төгрөг гэж байсан. Би байгаа нь 110.000 төгрөг байна өгвөл авна гэхэд зарахаар тохирсон. Тэгээд би хүнээс 100.000 төгрөг зээлээд өөрт байсан 10.000 төгрөг нэмж өгөөд уг зурагтыг авсан. Би худалдаж авсан зурагтыг 2-3 хоног хэрэглэхгүй байлгаад байсан. Тэгээд чимээгүй болохоор нь ханандаа тогтоогоод хэрэглэсэн. Удалгүй цагдаагаас ирээд зурагтыг хурааж авсан. Би 110.000 төгрөгөөр хохироод үлдсэн. Би хүнээс зээлсэн 100.000 төгрөгөө төлчихсөн байсан. Өөр зүйл болоогүй... ...би 110.000 төгрөгөө Бат болон түүний найз нараас олж авмаар байна...,

гэрч Н.Энхмаагийн ...Би тэдний гэрт зун 7 сард бахь гуйх гээд орж байсан бөгөөд тэгэхэд гэрийнх нь хойд талын хэсэгт байршуулсанбайсан. Манай гэрийн зурагтаас жижигхэн нимгэн дэлгэцтэй зурагт байсан... ...Манай зурагт бол 32 инчийн зурагт байгаа юм... ...Дамдинпүрэв архи их уудаг. Тэдний гэрээр Дэнжийн архичид байнга цуглаж архи уудаг. Дамдинпүрэвт эхнэр байдаггүй тэр ганцаараа амьдардаг...,

гэрч Б.Ж.Э-ын ...Би энэ Дамдинпүрэв гэдэг хүнийг сайн танихгүй, зүс л мэднэ. Учир нь манай гэрийн хойд талын хашаанд амьдардаг юм... ...Намайг түүнтэй таарахад архи уучихсан явж байдаг... ...би орой 18 цагийн орчим хүүхдээ цэцэрлэгээс аваад гэртээ ирсэн юм. Тухайн үед сэжигтэй тээврийн хэрэгсэл хүн явж байгаа харагдаагүй...,

гэрч Х.Навчинхүүгийн ...Дамдинпүрэвийн гэрт ихэнхдээ Дамнаа, Батаа /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ гэж дууддаг залуучууд орж гарч архи уудаг... ...Дамдинпүрэвийн гэрт нимгэн дэлгэцтэй зурагт байдаг байсан. Гэрийнхээ хойд талын хананд өлгөдөг байсан. Намайг сүүлд гэрт нь ороход зурагт нь байсан... ...тэдний зурагт 32 инчийн зурагтаас арай жижиг зурагт байсан юм... ...Би өглөө 08 цаг өнгөрөөгөөд хот яваад үдээс өмнө 11 цагийн үед гэртээ ирсэн бөгөөд тухайн өдөр би гэрээс гараагүй, тийм зүйл  ажиглагдаагүй...,

гэрч Д.Дуламсүрэнгийн ...Нарантуяа миний утас руу залгаад “Батаа гэдэг хүн зурагт авах уу гээд ганцаараа орж ирсэн. Та зурагт авах юм уу 130.000 төгрөг гэж байна гэхээр нь янз бүрийн хулгайн эд зүйл биш биз дээ гэхэд үгүй йгэж байна гэсэн. Тэгэхээр нь би зурагтыг нь гараад үздээ гэж бэр Насантуяад хэлсэн. Тэгтэл тэр зурагтыг үзээд сайхан гарч байна гэсэн... ...тэгэхээр нь байгаа нь 110.000 төгрөг байна 110.000 төгрөгөөр авъя гэж хэлсэн чинь тэг тэг гэж байна гээд би ажлынхаа Идэрболд гэдэг хүнээс 100.000 төгрөг зээлээд өөрт байсан 10.000 төгрөгтэйгөө нийлүүлээд ажлынхаа Одгэрэл гэдэг хүнээр манай бэр Насанбуянд аваачаад өгчих гээд 110.000 төгрөг өгөөд явуулсан юм...,

гэрч Л.Насантуяагийн ...Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний орой 16 цаг өнгөрч байхад гэртээ байсан юм. Тэгтэл гаднаас Цэрэннадмидын Бат гэдэг залуу орж ирээд “Та зурагт авах уу гэхээр нь манай зурагттай юм чинь би авахгүй хадам ээжээс асууя гээд ээжийн утас руу залгаж асуусан. Тэгээд тухайн зурагтыг авахаар болсон юм... ...Бат эхлээд ганцаараа орж ирсэн. Тэгээд намайг зурагтыг чинь үзье гэсэн чинь Бат манай хүүхдийг ахын дүү гадаа байгаа хүнийг зурагт аваад ороод ир гэж хэл гэсэн. Тэгээд манай хүүхэд гараад нөгөө хүнийг нь дуудсан чинь ахиад 1 залуу тухайн зурагтыг цагаан өнгийн шуудайн дотор хийчихсэн орж ирсэн юм... ...дээрх зурагтыг гаднаас барьж орж ирсэн танихгүй залуугийн зурагт гэж байсан. Тэгэхээр нь энэ чинь хулгайн зурагт биш биз дээ гэсэн чинь тэр залуу “Би эхнэртэйгээ муудалцаад салах гэж байгаа. Тэгээд тавилгануудаа хувааж авч байгаа. Миний зурагт гэж байсан... ...манай ээжийн худалдан авсан зурагт байсан. Мөн зурагтын удирдлагыг Батаа энгэрийн халааснаасаа гаргаж өгсөн... ...тухайн зурагт нь шар өнгийн хүрээтэй “Шарп” брендийн 32 инчийн зурагт байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, хэвийн ажиллаж байсан...,

яллагдагч Ж.Э-ын ...би 2018 оны 10 сарын 31-ний өдөр найз Баттай гэртээ уулзаад 1 шил архи уусан юм. Тэгээд бид хоёр манай Төв аймаг Зуунмод сум Ланс 2-р баг 3д гудамж 01 тоотоос гараад Маам ахын гэрт очсон. Тэдний гэр цоожтой байсан тул Бат намайг үлдээгээд ганцаараа гараад урагш явсан. Тэгээд удаагүй ирээд 2-уулаа энэ айлд орно гээд цоожтой айлд ороод байшингийн цоожыг Бат эвдлээд дотогш орж хананд нь байсан шарп маркийн зурагтыг авсан. Тэгээд бид хоёр зурагтыг оройдоо Батын таних хүнд 110.000 төгрөгөөр зарж архи уусан. Өөр зүйл болоогүй... ...би төлнө, надад эд хөрөнгө байхгүй, ээжээсээ гуйна гэж бодож байна...,

яллагдагч Ц.Бын ...би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ж.Э-тай уулзаад түүний гэрт 1 шил архи уусан. Тэгээд архи ууж байх үед Ж.Э “маамын гэрт мод хөрөөддөг цахилгаан хөрөө байна лээ, хоёулаа тэрийг авчъя” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай Төв аймаг Зуунмод сум ланс 2-р баг 3в-3 тоотод байрлах бид нар Маам гэж дууддаг албан ёсны нэр нь Дамдинпүрэвийн хашаанд очиход байшингийн хаалга нь цоожтой байсан. Би хаалганы цоожыг нь үүдэнд нь байх тоосгоор цохиж онгойлгоод дотогш орсон. Бид хоёр хөрөөг нь хайсан боловч байхгүй байсан. Тэгээд ярилцаад бид хоёр гэрт нь байсан зурагтыг аваад гарсан. Хулгайлсан зурагтаа Дуламсүрэн гэх айлд 110.000 төгрөгөөр зарсан. Олсон мөнгөөрөө архи уусан. Өөр зүйл болоогүй... гэх мэдүүлгүүд,

“Уваа Уул Аудит” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/52 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 27-30 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 52 дугаар хуудас/, цагдаагийн байгууллагын цахим санд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58-60 дугаар хуудас/, эрэн сурвалжлалт зарлах тухай баримт /хх-ийн 77-80 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Ж.Э, Ц.Б нар нь бүлэглэн иргэн Б.Дамдинпүрэвийн байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж 351.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Ж.Э, Ц.Б нар Б.Дамдинпүрэвийн гэрт нууцаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авахаар урьдчилан үгсэн тохиролцсон байдлаараа бүлэглэсэн, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг гэрт нэвтэрч авч байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, дээрх бага бус хэмжээнээс дээш хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Э, Ц.Б нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ж.Э, Ц.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Дамдинпүрэвийн “Самсунг” маркийн 32 инчийн зурагт хулгайд алдагдсан хохирол хор уршиг учирсан.  

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж хулгайлсан гэх “Самсунг” маркийн 32 инчийн зурагтыг хохирогч Б.Дамдинпүрэвт биет байдлаар нь буцаан хүлээлгэн өгсөн тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ж.Э, Ц.Б нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Э, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Б овгийн Ж.Э, Б овгийн Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл,

                                    заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ж.Э, Б овгийн Ц.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж.Э, Б овгийн Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж.Э, Б овгийн Ц.Б нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б овгийн Ж.Э, Б овгийн Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ж.Э, Б овгийн Ц.Б нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх тус бүрийн хугацааг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ж.Э, Б овгийн Ц.Б нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ГАНДАНСҮРЭН