Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/01587

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/06143 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

 

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 253,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “*******” ХХК-тай байгуулсан №КН4-425  дугаартай үндсэн гэрээгээр ******* дүүргийн ******* хороо, ******* баригдах ******* IV хотхоны S05 загварын амины орон сууцны ******* тоот хаягт байрлах, 80 м.кв талбай бүхий таун хаусыг захиалгаар бариулахаар тохиролцож, “*******” ХХК-аас амины орон сууцыг 2024 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх байсан.

1.2. Гэтэл захиалсан амины орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөх боломжгүй болж, талуудын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №КН4-425 дугаартай нэмэлт гэрээг байгуулж, орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг нэмэлт гэрээ байгуулсан өдрөөс хойш 18 сарын хугацаагаар 1 удаа сунгасан. 

1.3. Амины орон сууцны үндсэн үнэ нь 235,000,000 төгрөг бөгөөд гэрээний 3.2, хавсралт №01-д заасан уг гэрээний үнийн дүнгээс 10 хувь хөнгөлж, 211,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Уг төлбөрийг хариуцагч “*******” ХХК-ийн Голомт банкны ******* тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр урьдчилгаа төлбөр 100,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 60,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 11,500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болно.

1.4. Нэмэлт тогтоосон хугацаа дуусах үед “*******” ХХК нь амины орон сууцыг барьж дуусгаагүй бөгөөд ажлын үр дүн гараагүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Иймээс хариуцагчид нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч ямар нэгэн үр дүн гараагүй, мөн цаашид гарахааргүй байна.

1.5. Үндсэн гэрээний 8.2.а-д зааснаар захиалагч тал гүйцэтгэгч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн, нэмэлт хугацаа тогтоогоод үр дүнд хүрээгүй тохиолдолд захиалагч гэрээнээс татгалзах талаар бид гэрээгээр тохиролцсон.

Мөн үндсэн гэрээний 8.4.1-д “Энэхүү гэрээний 8.2.а-д заасны дагуу захиалагч гэрээнээс татгалзсан, ийнхүү гүйцэтгэгч тал үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь илт тодорхой болон холбогдох баримтаар нотлогдож байгаа тохиолдолд гэрээний 7.2.1-д заасны дагуу захиалагч тал төлсөн нийт төлбөрөө 100 хувь буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж заасан.

Үндсэн гэрээ болон автозогсоолын гэрээний төлбөр болгон шилжүүлсэн нийт 211,500,000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна.

1.6. Нэмэлт гэрээний 1.8-д “Гүйцэтгэгч талд нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүнгүй, гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд амины орон сууцыг гэрээ цуцлах үеийн ханшаар буюу анх гэрээ байгуулсан үнийг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож гүйцэтгэгчээс амины орон сууцны төлбөрийг шаардана” гэж тохиролцсон.

1.7. Иймд дээрх зохицуулалтын дагуу “*******” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №КН4-425 дугаартай гэрээний үндсэн төлбөр 211,500,000 төгрөгийн 20 хувь болох 42,300,000 төгрөгийг хохиролд тооцож, нийт 253,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын 211,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ингэхдээ 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төлөх саналтай байна.

2.2. Харин нэмэгдүүлсэн шаардлагын тухайд анзын зохицуулалтад талуудын тохиролцоо нь хамааралгүй байх тул 42,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 211,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 42,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,584,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,215,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

            4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.  Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох 42,300,000 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу өгсөн, авснаа буцаах зохицуулалтад хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

            4.2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага нь анз буюу алданги биш учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх агуулгаар татгалзлаа илэрхийлсэн. Нэхэмжлэгч нь тухайн 42,300,000 төгрөгийг ямар нэгэн алданги болгож эсхүл анзын төрөлд хамааруулж нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тодорхойлоогүй.

            4.3. 2022 онд манай үйлчлүүлэгч гэрээнд заасны дагуу төлбөрийг 100 хувь төлсөн. Түүнээс хойш 2 жил хүлээсний эцэст барилгын ажил бүрэн зогссон буюу төсөл зогссон нөхцөл байдалд хүрсэн учраас гэрээний хугацааг нэг удаа сунгасан. Ийнхүү гэрээг сунгахдаа 2 жилийн хугацаанд гэрээ зөрчсөнтэй холбоотой ямар нэгэн алдангийн хариуцлага нэхэхгүй байх тохиролцоо хийлгүүлээд, тухайн үед барилга нэгэнт баригдахгүй байгаа учраас мөнгөө буцааж авъя гэсэн боловч дэд бүтэц холбоогүй байдлаар 18 сарын дотор хүлээлгэж өгөх нөхцөлөөр тохиролцсон.

            4.4. Гэвч энэ хугацаанаас хойш тухайн барилга огт өөрчлөгдөөгүй, төсөл бүрэн зогссон учраас мөнгөө нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, талууд хохирлын хэмжээг тодорхойлсон гэж үзсэн. Хэрэв нэмэлт гэрээний үүргийг зөрчвөл үндсэн гэрээний дагуу төлсөн төлбөрийн 20 хувиар тооцож хохирол төлж, мөнгөө буцааж өгөхөөр тохиролцсон байхад энэ үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнээгүй.

            4.5. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Энэ зохицуулалтад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нийцсэн гэж үзсэн учраас хэрэгсэхгүй болгосон 42,300,000 төгрөгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд  хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 211,500,000 төгрөг, хохирол 42,300,000 төгрөг, нийт 253,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь “...нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 211,500,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 42,300,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэсэн үндэслэлээр зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. *******, “*******” ХХК нар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №KH4-425 дугаартай “******* дүүрэг, ******* хороо, ******* баригдах ******* IV хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр ******* дүүрэг, ******* хороонд байрлах, ******* IV хотхонд S05 загварын ******* тоотын 80 м.кв талбай бүхий дотор засалгүй таун хаусыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, таун хаусны үндсэн үнэ 235,000,000 төгрөгөөс 10 хувийн хөнгөлөлт үзүүлж, 211,500,000 төгрөг төлөхөөр тохиролцож, захиалагч ******* нь 5 удаагийн шилжүүлгээр 211,500,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлж, үүргээ гүйцэтгэсэн; /хх-ийн 6-11, 13-30 дугаар тал/

3.2. Улмаар *******, “*******” ХХК нар нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр №KH4-425 дугаартай “******* тоот амины орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээ” байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу “*******” ХХК нь дэд бүтцийн ажлыг бүрэн гүйцэтгэхийг тулд нэмэлт хугацааг нэмэлт гэрээ байгуулагдсанаас хойш 18 сараар сунгах, нэгдсэн дэд бүтцэд холбогдоогүй амины орон сууцыг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон; /хх-ийн 12 дугаар тал/

3.3. Дээрх нэмэлт гэрээнд тохиролцсоны дагуу “*******” ХХК нь нэгдсэн дэд бүтцэд холбогдоогүй амины орон сууцыг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, тохирсон хугацаанд барьж гүйцэтгээгүй;

3.4. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр №KH4-425 дугаартай “******* тоот амины орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээ”-ний 1.8-д зааснаар захиалагч нь орон сууцны төлбөрт төлсөн 211,500,000 төгрөгийг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, нийт 253,800,000 төгрөгийг гүйцэтгэгчээс шаардсанаар “*******” ХХК төлөлт хийгээгүй, 20 хувиар нэмэгдүүлсэн тооцжээ.

 

4. Анхан шатны шүүхийн талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

5. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан ажлын үр дүнг хүлээлгэн өгөх нэмэлт хугацаа тогтоосон боловч гүйцэтгэгч нь амины орон сууцыг барьж гүйцэтгээгүй, үр дүн гаргаагүй байх тул захиалагч гэрээнээс татгалзсан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний хөлс 211,500,000 төгрөгийг буцаан төлөх талаар маргаагүй тул анхан шатны шүүх хариуцагчаас 211,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцсэн байна. Энэ талаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй.

 

6. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол 42,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцэхгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

6.1. Ажил гүйцэтгэх гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс ажил гүйцэтгэх гэрээ цуцлахтай холбоотой хохирлыг шаардах эрхийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д нарийвчлан зохицуулжээ.

6.2. Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаанд нь гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй  буруутай байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол шаардах эрхтэй.

6.3. Талуудын хооронд байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн нэмэлт гэрээний 1.8-д “Гүйцэтгэгч талд нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүнгүй, гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд амины орон сууцыг гэрээ гэрээ цуцлах үеийн ханшаар буюу анх гэрээ байгуулсан үнийг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож гүйцэтгэгчээс амины орон сууцны төлбөрийг шаардана” гэх тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар шууд үгийн утгаар тайлбарлахад талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 20 хувиар хохирол тооцохоор тохиролцсон байна.

6.4. Дээрх гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд харшлахгүй бөгөөд талууд гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг нэмэлт гэрээгээр тодорхой хувиар тохиролцох эрхийг хуулиар хязгаарлаагүй.

Талууд гэрээний агуулгыг чөлөөтэй тохиролцох эрхийн хүрээнд хохирлын хэмжээг харилцан зөвшилцөж тодорхой хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан гэрээ цуцалсантай холбогдсон учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхийг үгүйсгэхгүй.

6.5. Хариуцагч байгууллагын гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 42,300,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх тул хариуцагч “*******” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээ цуцлахтай холбоотой хохирол 42,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосон өөрчлөлт оруулна.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ажил гүйцэтгэх гэрээ цуцлахтай холбоотой хохирол шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулах нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцнэ.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг  хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/06143 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 253,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.” гэж,

 

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,584,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,426,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 369,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

                                                          ШҮҮГЧИД                                   Б.УУГАНБАЯР

 

                             Ч.МӨНХЦЭЦЭГ