| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 128/2025/0733/З |
| Дугаар | 001/ХТ2026/0049 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2026/0049
Б.Б***-ийн нэхэмжлэлтэй,
Нийгмийн даатгалын ерөнхий газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Г.Банзрагч
Д.Батбаатар
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0906 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2026/0107 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2026/0137 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн эрх залгамжлагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б***, өмгөөлөгч Ч.Анар (№3035), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*** нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Нэхэмжлэгч Б.Б***-аас Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “... тус газар нь 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1783 дугаартай албан бичгээр Б.Б*** миний тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчилсөн байдлаар цаашид олгож байхыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр:
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б***-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний 04/1783 дугаар албан бичгээр тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчилж цаашид олгож байхыг даалгаж, Б.Б***-ийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хүртэл хугацаанд дутуу олгосны хохирол 50,049,550 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулж нэхэмжлэгч Б.Б***-т олгож;
2 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Б***-т олгож;
3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээг дараах байдлаар тогтоож; 3.1.Б.Б***-ийн тэтгэврийг 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хүртэл хугацаанд дутуу олгосны хохиролд 50,049,550 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, 3.2.Төрийн сангийн орлогоос 70,200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, 3.3.Б.Б***-ийн тэтгэврийн хэмжээг “А***” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Аудиторын дүгнэлтээр тооцоолсон дундаж цалинд үндэслэсэн, тухай бүрд нь итгэлцүүрээр нэмэгдүүлсэн олгох ёстой тэтгэврээр зөвтгөн тогтоож, тэтгэвэр тогтоолтын хувийн хэрэгт бичилт хийх, 3.4.Цаашид мөн дээрх Аудиторын дүгнэлтээр тооцсон аргачлалаар нэхэмжлэгчид тооцон олгож байхаар шийдвэрлэжээ.
3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 906 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэснийг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2026/0137 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г***, М.Б*** шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг гаргажээ. Үүнд:
5.1.Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Нийгмийн даатгалын багц хууль, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах, нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах, иргэд даатгуулагч, ажил олгогчийг албан журмын болон сайн дурын даатгалд хамруулах ажлыг эрхлэн гүйцэтгэж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.Засгийн газраас тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүр, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүрэн, хувь тэнцүүлэн тогтоосон болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод, дээд хэмжээг шинэчлэн тогтоосон Засгийн газрын тогтоолоор бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг дахин шинэчлэн тогтоодог.
5.2.Нийгмийн даатгалын байгууллага нь Засгийн газрын 2023 оны “Итгэлцүүр шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238, мөн “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 239 дүгээр тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулан, нийгмийн даатгалын сангаас нийт 521.5 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийг шинэчлэн бодсоноос 179.0 орчим мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсийг 1,404,000 төгрөгөөр хязгаарлан тооцож олгосон болно.
5.3.Учир нь, Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он)-ийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 1996 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай” 80 дугаар тогтоолын 1 дэх заалтад даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80,00 төгрөг байхаар тогтоосон. (нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоогдох үед мөрдөж байсан)
5.4.Засгийн газрын 1998 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож, Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүйд тооцож, 2 дахь заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн. Энэ хугацаанаас хойш даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар мөрдөж байгаа болно.
5.5.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2010 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно” гэж заасны дагуу тус Үндэсний хорооны 2011 оны “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 01 дүгээр тогтоолоор сард 140,400 төгрөг байхаар тогтоосон тул Засгийн газрын 1998 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 92 дугаар тогтоолд заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 10 дахин нэмэгдүүлж 1,404,000 төгрөгөөр тогтоосон.
5.6.Түүнчлэн Монгол Улсын тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь цаашид суурилсан аргаар тэтгэврийг тогтоодог, хуваарилалтын зарчмаар санхүүждэг ба даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлогоос бүрдсэн мөнгөн хөрөнгийн сангаас одоогийн тэтгэвэр авагчийн тэтгэврийг санхүүжүүлдэг бөгөөд өндөр цалин хөлснөөс шимтгэл төлж өндөр тэтгэвэр тогтоолгон авах тогтолцоо биш юм.
5.7.Улмаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газраас тогтоож байсан нь тэтгэврийн тогтолцоонд илэрдэг шударга бус байдал гарахаас, тэтгэврийн зөрүүнээс хамгаалах бодлогын арга хэмжээ юм. Дээрх бодлогын арга хэмжээний хүрээнд Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох захиргааны актыг баталдаг. Иймд Засгийн газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ямар зарчмаар тогтоох нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал юм.
5.8.Засгийн газрын 2023 оны “Итгэлцүүр шинэлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоолын 3-т Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тооцох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1,404,000 төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар заасан.
5.9.Засгийн газрын 2024 оны “Итгэлцүүр тогтоох тухай” 10 дугаар тогтоолын 2-т Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 он 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2011 оны 01 дүгээр тогтоолд заасан сарын дүнг 10 дахин нэмэгдүүлсэн тэнцүү байхаар, мөн өдрөөс хойш 2023 оныг дуустал хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд албан журмын даатгуулагчийн хувьд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тогтоосон.
5.10.Дээрх тогтоолд заасны дагуу тэтгэвэр авагчийн тэтгэвэр тогтоолгосон цалин хөлс нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанаас өмнө бол тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн дээд хэмжээ болох 1,404,000 төгрөгөөр тогтоохоор баталсан байна.
5.11.Нийгмийн даатгалын ерөнхий хууль (2023 он)-ийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байна” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх Засгийн газрын тогтоол болон Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг бус анхан шатны шүүхийн шийдвэртэй адилтган үзэж шийдвэр гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй байна.
5.12.Шүүхийн шийдвэр хууль тогтоомжид зааснаар өөрөөр гарч байгаа нь цаашид Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоог алдагдуулах, тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг нэмэгдүүлэх, тэтгэвэр авагчдад тэгш бус байдлыг бий болгож, ялгаатай тэтгэвэр олгох эрсдэл үүсгэж байна. Шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий ёстой байдал аль ч зарчим хангагдахгүй байна.
5.13.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргасан.
ХЯНАВАЛ:
7.Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
8.Нэхэмжлэгчээс тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчилж өгөхгүй хохирол учруулсан гэж үзэн, 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны тооцоо буюу “А***” ХХК-ийн дүгнэлтийг хавсарган тэтгэврийг яаралтай өөрчлөн тогтоож, хохиролгүй болгож өгөх тухай өргөдлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандан гаргасан байна. Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас дээрх 2023 оны 238 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох дундаж цалин хөлсийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ 1,404,000 төгрөгийг баримтлан тооцсоныг зөв гэж үзэж, нэхэмжлэгчийн гаргасан тооцооллын дагуу тэтгэврийг өөрчлөн тогтоохоос татгалзсан.
9.Нэг.Нэхэмжлэгчээс “2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал авч үзвэл, Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолоор 1997 оны цалингийн итгэлцүүр болох 31.86-аар нэмэгдүүлсэн, мөн 239 дүгээр тогтоолоор 10 хувиар нэмэгдүүлснээр тооцоход 2,960,810.14 төгрөгийн тэтгэврийн нэмэгдэл олгох ёстой. Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр тогтоолоор тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлснээр тооцоход 42,400,378 төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон зөрүү шинээр үүссэн, үүнээс үүссэн мөнгөний ханшийн уналтын эдийн засгийн алдагдал 7,649,172 төгрөг шинээр үүссэн, эдгээрийн нийлбэр нийт хохирлын дүн 50,049,550 төгрөг болно ... 238 дугаар тогтоолын 3 дахь заалт нь Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолын 3 дахь заалтаар хүчингүй болсон” гэж;
10.Хариуцагчаас “… хууль болон тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын тогтоолоор нэхэмжлэгч Б.Б***-ийн сарын цалинг 1,404,000 төгрөгөөр хязгаарлан тэтгэврийг нэмэгдүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаж байна. ... Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүртэл хугацаанд 1,404,000 төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар заасан. ... Засгийн газрын 2024 оны 231 дүгээр тогтоолын 2-т “даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан сарын дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй ...” ... тэнцүү байхаар тус тус баталсан” гэх үндэслэлээр тус тус маргажээ.
11.Гэтэл шүүхүүд нь хэрэгт ач холбогдол бүхий талуудын тэтгэвэр тогтоох цалингийн үндэслэл болсон Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоол, мөн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Итгэлцүүр батлах тухай” 231 дүгээр тогтоолын цалингийн итгэлцүүрийг маргаанд хэрхэн хэрэглэх талаар эрх зүйн дүгнэлт хийлгүй, энэ хэрэгт шууд хамааралгүй өмнөх шүүхийн шийдвэрийг дурдах байдлаар тухайн хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг энэхүү маргаанд хамааруулан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцээгүй байна.
12.Тодруулбал, анхан шатны шүүх “... “А***” ХХК-ийн аудиторын дүгнэлт нь нэхэмжлэгч Б.Б***-ийн 2022 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд шүүхээс тогтоосон тэтгэвэр болон олгосон тэтгэврийн зөрүү болон дээрх хугацааны тэтгэврийн зөрүүгээс үүссэн эдийн засгийн алдагдлын өртгийг тооцож, инфляцын өөрчлөлтөөс үүссэн эдийн засгийн алдагдлын өртгийг тооцсон тооцооллыг нэхэмжлэгчийн өмнө нь гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн захиргааны хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр үндэслэлтэй зөв гэж үзсэн аргачлалаар дахин тооцоолол хийсэн байх тул үндэслэлтэй” гэж, мөн давж заалдах шатны шүүх “… хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч Б.Б***-ийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд зааснаар тогтоох талаар хууль зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ...” гэж тус тус дүгнэсэн.
13.Өмнөх хэрэг нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоох дундаж цалин хөлсийг 5 жилийн дунджаар бус, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу сүүлд авч байсан цалингийн дунджаар тооцох тухай буюу тэтгэвэр тогтоох аргачлалыг буруу тодорхойлсон эсэх, мөн үүнтэй холбогдуулан өмнө олгосон болон олговол зохих тэтгэврийн зөрүүг гаргуулах асуудлыг шийдвэрлэсэн.
14.Энэхүү маргааны тухайд, нэхэмжлэгчийн тэтгэврийг Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу шинэчлэгдсэн итгэлцүүрээр дахин бодохдоо 1,404,000 төгрөгийг баримтлан тооцсон нь хуульд нийцсэн эсэх, өөрөөр хэлбэл тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоох үед мөрдөх цалингийн итгэлцүүр болон тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хэрхэн хэрэглэх асуудал маргааны зүйл болжээ. Энэ талаар шүүхүүд дүгнээгүйг хяналтын шатны шүүхээс нөхөн дүгнэх боломжгүй.
15.Хоёр.2023 оны “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоол батлахаас өмнөх хугацаа болох 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд нэхэмжлэгчид 843,086 төгрөгийн тэтгэврийг олгосон байх ба “А***” ХХК-ийн аудиторын дүгнэлтээр дээрх хугацаанд олговол зохих тэтгэврийн хэмжээг 1,232,407 төгрөг гэж тооцоолсон. Нэхэмжлэгчээс “… шүүхийн шийдвэрийг биелүүлсэн боловч түүнээс хойш хугацаанд Засгийн газраас тэтгэврийн хэмжээг шинээр удаа дараа нэмэгдүүлсэн байх боловч тэтгэврийг зөвтгөн өөрчлөхгүй байгаа тул нэхэмжлэгч хохирсоор байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.
16.Шүүхүүд дээрх 2023 оны 06 дугаар сарыг дуусталх хугацааг тусад нь авч үзэн, уг хугацаанд нэхэмжлэгчид олгосон 843,086 төгрөгийн тэтгэврийн хэмжээ болон аудиторын дүгнэлтээр 1,232,407 төгрөгийн тэтгэврийн хэмжээг ямар аргачлал, тооцоолол, хууль хэрэглээний үндсэн дээр гаргасан талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан, мөн шаардлагатай нотлох баримтыг цуглуулах ажиллагааг гүйцэтгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь, өмнөх шүүхийн шийдвэрээр хохирол болох 1997 оны 09 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны дутуу олгосон тэтгэврийн зөрүүг олгож шийдвэрлэсэн хэдий ч тэтгэвэр тогтоох орлогын дээд хэмжээг 1,404,000 төгрөгөөр хязгаарлах эсэх асуудлаарх маргааныг шийдвэрлээгүй.
17.Гурав.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан, ялангуяа нэхэмжлэгч “тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчилсөн байдлаар цаашид олгож байхыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасанд зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газрыг хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хангалтгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нийгмийн даатгалын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна”, 37.13.1-д “нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тушаал, дүрэм, журам, заавар, аргачлал, зөвлөмж, чиглэл гаргах”, 37.14.1-д “нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг сайжруулах” гэж тус тус зааснаар нийгмийн даатгалын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг сайжруулах чиг үүрэгтэй болохоос тодорхой нэг этгээдийн тэтгэврийг тооцох чиг үүрэггүй.
18.Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагч, эсхүл даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэвэр тогтоох асуудлыг түүний тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл тодорхой нэг иргэний тэтгэвэр тогтоох чиг үүргийг нийгмийн даатгалын хэлтэс, нийгмийн даатгалын улсын байцаагч хэрэгжүүлэхээр байна. Иймд шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж заасны дагуу зохих хариуцагчийг зөв тодорхойлон маргааныг шийдвэрлэх шаардлагатай.
19.Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0906 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2026/0107 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ