Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01341

 

“М” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 144 дүгээр шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00074 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч ““М”” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч ““Ж”” ХХК-д холбогдох,

120 000 ширхэг тоосгоны үнэ 20 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, А.Базар, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн "“Ж”" ХХК-ийн захирал А.Береке нь 2015 оны 8 дугаар сард Өлгий сумын хүүхдийн цэцэрлэг барихаар тендерт шалгарч “М” ХХК-ийн менежер Х.Нурболат надтай тохиролцон Тавалтайн тоосгоны үйлдвэрээс улаан тоосгыг “Ж” ХХК-ийн Айхан жолоочтой УБО-39-85 машинаар татаж газар дээрээс 1 ширхэг тоосгыг 170 төгрөгөөр тооцож тоосгоны үнийг цэцэрлэгийн барилгын санхүүжилт орсон үед төлөхөөр болж бүгд 120000 ширхэг тоосгыг бүгд 20,400,000 төгрөгөөр авч цэцэрлэгийн барилгыг барьж 2015 онд ашиглалтад оруулан санхүүжилтийг бүрэн авсан боловч одоо хүртэл манай компанид уг мөнгийг төлөхгүй хохироож байгаа тул “Ж” ХХК-аас улаан тоосгоны үнэ болох 20,400,000 төгрөгийг гаргуулан өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “М” ХХК-аас шүүхэд хандаж 20,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж үзлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус компани 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Акбоар ХХК-ийн захиралтай харилцан тохиролцож “Ж” ХХК-ийн эзэмшлийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий ZL-30 маркийн авто ачигчийг Акбоар ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, үүний оронд 10,000,000 төгрөгийн үнэ бүхий Универсал-80 маркийн тракторыг авч, үлдсэн 20,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгт нь цемент, 15,000,000 төгрөгт нь тоосго авахаар болж арилжааны гэрээг бичгээр байгуулсан. Тухайн үед 1 ширхэг тоосгоны зах зээлийн ханш дунджаар 130 төгрөг байсан ба талууд 1 ширхэг тоосгыг 150 төгрөгөөр тооцож нийт 100,000 ширхэг тоосго авч өгөлцөхөөр болж харилцан тохиролцсон юм. Ингэхдээ уг тоосгыг Тавалтайн ам гэх газар дахь “М” ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авч өгөхөөр болсон. Акбоар ХХК болон манай компани хооронд арилжааны гэрээ байгуулагдсаны дараа Акбоар ХХК-ийн захирал Р.Төлеу нь “М” ХХК-ийн менежер Х.Норболаттай тохиролцсоны үндсэн дээр Акбоар ХХК-ийн манай компанид өгөхөөр тохиролцсон тоосгыг “М” ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авч өгсөн юм. Нэг үгээр хэлбэл бид Акбоар ХХК-ийн захирал Р.Төлеугийн зааж хэлж өгсөн газраас л эдгээр тоосгыг компанийн жолооч н.Айханаар тээвэрлүүлсэн юм. Түүнээс биш манай компани “М” ХХК-тай тоосго зээлээр худалдаж авахаар гэрээ байгуулж байгаагүй, тийм тохиролцоо ч байгаагүй юм. Өөрөөр хэлбэл Акбоар ХХК-ийн захирал Р.Төлеу нь “М” ХХК-ийн менежер Х.Нурболаттай хамаатны холбоотой байсан тул надад өгөх ёстой тоосгыг түүнээс зээлдэж авч өгсөн. Өөрөөр хэлбэл манай компани энэхүү маргааны жинхэнэ хариуцагч биш бөгөөд “М” ХХК хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Энэхүү нэхэмжлэлийг гардан авсны дараагаар нь миний бие нэхэмжлэгчтэй биечлэн уулзаж яагаад манай компанийг хариуцагчаар татах болсныг нь асууж лавлахад тэд: ... Акбоар ХХК-ний захирал Р.Төлеу нь манай компаниас авсан тоосгоны үнийг одоо хүртэл өгөөгүй болохоор танай компанийг хариуцагчаар татсан гэж хэлэв. Манай компани Акбоар ХХК-тай байгуулсан арилжааны гэрээний дагуу л төлбөр арилжаа хийсэн учраас тодруулбал өөрсдийнхөө авах ёстой авлагын оронд энэхүү тоосгыг авсан учраас шударга эзэмшигч нь болж байгаа юм. Үүнийг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Тийм учраас “М” ХХК болон Акбоар ХХК-ийн хоорондох төлбөр тооцооны асуудалд манай компани хариуцагч болох ёсгүй тул “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 144 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан “Ж” ХХК-иас 104000 ширхэг тоосгоны үнэ 17680000 (арван долоон сая зургаан зуун наян мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2720000 (хоёр сая долоон зуун хорин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259950 (хоёр зуун тавин есөн мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Ж” ХХК-аас 246350 (хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00074 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Ж” ХХК-аас 20400000 /хорин сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай. гэж, 2 дахь заалтын 246350 /хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун тавин/ төгрөгийг гэснийг 259950 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58470 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1.Нэхэмжлэгч ““М”” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: тоосгоны үнийг цэцэрлэгийн барилгын санхүүжилт орсон үед төлөхөөр болж..." гэж тайлбарладаг. Хариуцагч ““Ж”” ХХК-ийн захирал А.Береке шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхэд гаргасан тайлбартаа: “манай компани 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр “Акбоар” ХХК-ийн захиралтай харилцан тохиролцож ““Ж”” ХХК-ийн эзэмшлийн 30’000’000 төгрөгийн үнэ бүхий ZL-30 маркийн автоачигчийг “Акбоар” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, үүний оронд 10’000’000 төгрөгийн үнэ бүхий “Универсал-80” маркийн тракторыг авч, үлдсэн 20’000’000 төгрөгийн 5’000’000 төгрөгт нь цемент, 15’000’000 төгрөгт нь тоосго авахаар болж арилжааны гэрээг бичгээр байгуулсан. Ингэхдээ “Акбоар” ХХК нь тоосгуудыг “Тавалтайн ам” гэх газар дахь ““М”” ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авч өгөхөөр болсон. Нэг үгээр хэлбэл бид “Акбоар” ХХК-ийн захирал Р.Төлеугийн зааж хэлж өгсөн газраас л /““М”” ХХК-ийн тоосгоны үйлдвэр/ эдгээр тоосгуудыг авсан. Түүнээс биш манай компани ““М”” ХХК-тай тоосго зээлээр худалдаж авахаар гэрээ байгуулж байгаагүй, тийм шаардлага ч байхгүй.” гэж нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг тайлбарладаг. Хэрэгт авагдсан нотлох баримт болох иргэн Х.Мусагийн 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтод: “...үлдсэн 15 сая төгрөгт “М” компаниас улаан тоосго авахаар тохиролцсон" гэжээ. Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Х.Мусагийн шүүхэд өгсөн мэдүүлэгт: “...хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан: ““Ж”” ХХК болон “Акбоар” ХХК-ийн хооронд 2015.07.13-ны өдөр арилжааны гэрээ байгуулагдаж байсан байна. Ингэхдээ “Акбоар” ХХК-д 15 сая төгрөгийн үнэ бүхий тоосгыг хаанаас авч өгсөн бэ? энэ талаар мэддэг зүйлээ ярина уу? гэсэн асуултад Гэрч: Тоосгыг Тавалтайн ам дахь ““М”” ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авч өгөхөөр болж тохиролцсон, ...хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан: Тоосгыг ““М”” ХХК-иас авч өгөхөөр тохиролцсон гэсэн үг юм уу? гэсэн асуултад Гэрч: ““М”” ХХК- ийн захирал Нурболат өгнө гэсэн, Даргалагчаас: ““М”” ХХК-иас тоосго авъя гээд хэн хэлсэн бэ? гэрч: Береке тоосгыг хаанаас авах уу гээд Төлейгээс асуухад ““М”” ХХК-ийн захирал Нурболат би өгнө гэсэн” гэжээ. Иргэний хуулийн 195 дугаар зүйлд гэрээ байгуулах саналын талаар, мөн гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байх талаар хуульчилсан бол мөн хуулийн 196 дугаар зүйлд гэрээ байгуулсанд тооцох талаар хуульчилжээ. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар зохигчдын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх буюу үүргийн харилцаа үүссэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй атлаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж хийсвэр дүгнэлт хийж, мөн нотлох баримтыг үнэлэхдээ урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний гол зүйлүүдийн нэг нь гэрээний үнэ юм. Худалдах-худалдан авах гэрээг байгуулахын тулд талууд дор хаяж шилжүүлэх эд хөрөнгө болон үнийн талаар харилцан тохиролцоонд хүрсэн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд хандаж 20’400’000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч гэрээний үнийг өөрөө нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчид 120000 ширхэг тоосго худалдсан гэж тайлбарладаг боловч чухам хэдэн төгрөгийн үнэтэй тоосгыг худалдсаныг, нийт хэдэн удаагийн үйлдлээр тээвэрлүүлж байсныг огт нотолж чадаагүй байдаг. Хэрэгт авагдсан 2 ширхэг зарлагын баримтад тоосгоны үнэ болон нийт дүн бичигдээгүй байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ 1 ширхэг тоосгыг 170 төгрөг байсан гэж дурдсан бол, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт”-нд хохирогчийн үнэлгээ 210 төгрөг байсан гэжээ. Үүнийг комисс 180 төгрөг байсан байна гэж үнэлжээ. Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд нотлох баримт болгож “Толбожай” ХХК-ийн тодорхойлолтыг гаргаж өгсөн ба үүнд 1 ширхэг тоосго 180 төгрөгийн үнэтэй байсан гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчид худалдсан гэх тоосгоны үнийг хөтлөшгүй баримтаар нотолж чадаагүй юм. Үүнээс үзвэл энэхүү тоосгоны маргаан нь “Акбор” ХХК-тай байгуулсан арилжааны гэрээтэй шууд холбоотой гэдэг нь харагдаж байна. Нөгөө талаар нэхэмжлэгч хэлэхдээ хариуцагч ““Ж”” ХХК тоосгыг 2015 оны 8 дугаар сараас эхэлж татаж эхэлсэн гэж тайлбарладаг боловч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн зарлагын баримтад тоосгыг хүлээж авсан огноо 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэж бичигдсэн байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчээс: хэрэгт авагдсан зарлагын баримтууд эргэлзээтэй байна. Та 20’400’000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг хариуцагчид худалдсан гэдгийг хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлох ёстой. Энэ тухай татварын тайлан, эсхүл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж байсан тухай баримт байна уу? гэж асуухад нэхэмжлэгч: байхгүй гэж хариулсан болно. Дээрх баримтуудаас үзэхэд хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зарлагын баримт нь бодит байдал дээр хариуцагч ““Ж”” ХХК-ийн “Акбоар” ХХК-аас гэрээний дагуу хэлэлцэн тохиролцсон 15’000’000 төгрөгийн үнэ бүхий улаан тоосгыг авч, өгөлцсөнийг л гэрчлэх баримт болох нь харагдаж байна. /““М”” ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс/. Түүнээс биш зохигчдийн хооронд үүргийн гүйцэтгэлийг нотлох санхүүгийн бөгөөд төлбөрийн баримт биш юм.

2. Мөн ““Ж”” ХХК болон ““М”” ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байхад хоёр шатны шүүх зарим нэгэн огт хамааралгүй нотлох баримтыг эргэлзээгүй, баталгаатай гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, хариуцагч тайлбарлахдаа: “эдгээр тоосгуудыг жолооч Х.Айхан авсан байж болно. Гэхдээ үүнийг ““Ж”” ХХК хариуцахгүй, Х.Айхан нь компанийг төлөөлөн бусадтай гэрээ байгуулж, тоосго худалдан авах бүрэн эрхгүй этгээд юм. Түүнд компанийн захирлын зүгээс итгэмжлэл, зөвшөөрөл өгөөгүй. Хэрэв Х.Айхан нь ““М”” ХХК-аас 120’000 ширхэг тоосго авсан бол өөрөө хариуцах ёстой. Миний авсан тоосго бол зөвхөн “Акбоар” ХХК-аас авах ёстой тоосго байсан юм” гэж маргадаг. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шийдвэрийн үндэслэл болгосон гол нотлох баримтууд болох 2015 оны 8 дугаар сарын 20-ны болон 9 дүгээр сарын 30-ны өдрийн зарлагын баримт болон 9 дүгээр сарын 30-ны өдрийн баримтуудыг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбартай харьцуулан судлалгүйгээр шууд эргэлзээгүй хэмээн үнэлснээр хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр шинээр 2 төрлийн нотлох баримт гаргаж өгсөн ба үүнтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс “Акбоар” ХХК-ийг давхар хариуцагчаар татах шаардлагатай гэж үзэж хуульд заасан эрхийнхээ дагуу хүсэлтээ шүүхэд гаргасан байсан. Гэтэл анхан шатны шүүх уул хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай шийдвэрээ танилцуулалгүйгээр хэргийг шүүхээр хэлэлцүүлж шийдвэрээ гаргасан. Ингэснээр хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн юм. Анхан шатны шүүхээс энэ мэт нөхцөл байдлыг анхаараагүй бөгөөд нэхэмжлэгчийн өөрт нь ашигтай байдлаар тайлбарласан тайлбарыг л гарцаагүй бөгөөд туйлын үнэн гэж үзээд ерөнхийдөө түүний тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулж бичээд буюу хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах учиртай. Гэтэл анхан шатны шүүх тус маргааныг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хянан шийдвэрлэсэн хэрнээ шийдвэрийн бичгийн хэлбэрийг зохигч нарт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гардуулсан. Ингэснээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд ““Ж”” ХХК болон ““М”” ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээ байхгүй бөгөөд “Акбоар” ХХК-ний ““Ж”” ХХК-тай байгуулсан арилжааны гэрээний үүргийн гүйцэтгэл буюу 15000000 төгрөгт ноогдох улаан тоосгыг ““М”” ХХК-аас авч өгсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлэг, тайлбараар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, ““Ж”” ХХК болон ““М”” ХХК-ийн хооронд тоосго зээлээр худалдах, худалдан авах гэрээ /бичгээр/ байгуулагдаагүй. Мөн ойролцоо төрлийн гэрээ болох тоосго худалдах худалдан авах гэрээ ч гэсэн байгуулагдаагүй гэж дүгнэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 144 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2012/МА2017/00074 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадсан, зохигчдын хоорондох эрх зүйн маргааны талаар дүгнэлт хийх хангалттай нотлох баримт хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ж” ХХКомпаниас худалдан авсан 120 000 ширхэг тоосгоны үнэ 20 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Хариуцагч “Ж” ХХК нь нэхэмжлэгч “М” ХХК-иас 104 000 ширхэг тоосго хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь уг тоосгыг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэж, хариуцагч нь худалдсан авточирэгч машины үнийн тооцоонд Акбоар ХХКомпани өгч, нэхэмжлэгчээс ав гэсний дагуу тоосгыг хүлээж авсан, нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэж маргажээ. 

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх асуудал маргааны зүйл болсон байна.

Эд хөрөнгийг шилжүүлсэн буюу тоосго хүлээн авсан үйл баримт худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэдгийг нотлохгүй бөгөөд эд хөрөнгийг шилжүүлэх болсон үндэслэлийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй юм.

Хэрэгт авагдсан гэрч Х. Муса “...Би Акбоар ХХКомпанид ажиллаж байсан. А.Береке болон Р.Төлеу дарга тохиролцоод Телей дарга авточирэгчийг 30 сая төгрөгөөр худалдаж авсан, машины үнэд ковш трактор 10 сая төгрөгт, 5 сая төгрөгт цемент өгөөд 15 сая төгрөгийн улаан тоосгыг Нурболатаас авч өгөхөөр тохиролцсон, гэрээнд хэлснээр нь бичиж өгсөн, ...”М” ХХКомпаний захирал Нурболат тоосгыг өгнө гэж амаар хэлж байсан ...“ гэсэн мэдүүлэг /хх-41,42  /, гэрч Х.Аймухан “...”М” ХХКомпаниас 104 000 ширхэг тоосгыг “Ж” компанид тээвэрлэж өгсөн..”/хх-134, 135/, гэрч Р.Телеу “ ...энэ гэрээнд байгаа гарын үсэг минийх юм шиг байна, гэрээг би бичээгүй, ..би нэг трактор өгсөн, 7,5 сая төгрөгт цемент өгсөн... машины бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй учраас ямар ч тооцоо хийх боломжгүй, тоосго өгье гэдэг нь тодорхой байгаа, гэхдээ тоосго худалддаг 4 компанийн аль нэгнээс авч өгнө гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-132,133/, хариуцагч болон Акбоар ХХК-ийн захирал Р.Төлеу нарын байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтаар хариуцагч нь худалдсан автомашины үнэд тооцон тоосго авсан, уг тоосгыг “М” ХХКомпаниас авахыг Акбоар ХХК-ийн захирал Р.Төлеу хэлсэн, “М” ХХКолмпани зөвшөөрч, тоосгыг өгсөн үйл баримт тогтоогдсон, эдгээр баримтыг нэхэмжлэгч өөр баримтаар үгүйсгэж чадаагүй болохыг хоёр шатны шүүх дүгнэж чадаагүй, нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэйгээ нотолж чадаагүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 144 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 212/МА2017/00074 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Ж” ХХКомпаниас 20 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “М” ХХКомпанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                                   

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА