Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 142

 

                                                                        З.Э, Э.О нарт холбогдох

                                                                         эрүүгийн хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч С.Саруултөгөлдөр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 655 дугаар магадлалтай, З.Э, Э.О нарт холбогдох 2211014261657 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч С.Саруултөгөлдөр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. З.Э1996 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, нийгмийн эрүүл мэнд судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, 

2. Э.О,1995 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, олон улсын эрх зүйч мэргэжилтэй, Эрүүгийн цагдаагийн албаны ***** хэлтсийн ****** ажилтай, ам бүл 4, эхнэр, 

Шүүгдэгч З.Э, Э.О нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж 2022 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ***** дүгээр хороо, ***** тоотод оршин суух Ж.А-ийн байнга амьдрах орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, мөн дээрх хэрэг болсон цаг хугацаа, орон байранд З.Э нь Ж.А-ийг эхнэртэйгээ хардсаны улмаас түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, иргэн Ж.А-ий эзэмшлийн 2 ширхэг модон сандлыг хугалж, гал тогооны баганыг тахийлгаж бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна. 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч З.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,900,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Э.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. 

Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч С.Саруултөгөлдөр нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх Э.О-ийн үйлдлийн талаар дүгнэлт хийхдээ “...Харин шүүгдэгч Э.О нь хохирогч Ж.А-ийн гэрт очсон зорилго нь найз З.Э-ыг биеэ барьж чадахгүй элдэв асуудал гаргаж, гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэн түүний араас орсон...” гэж үзсэн хэрнээ “найз З.Э-ыг гэмт хэрэг үйлдэхээс сэргийлээгүй, бусдын орон гэрт зөвшөөрөлгүй нэвтрэх болон бусдын бие, эд хөрөнгөд халдахад нь таслан зогсоогоогүй” гэж буруутгасан. Шүүхээс шүүгдэгч Э.О нь хохирогч Ж.А-ийн гэрт очиж найз З.Э-ыг биеэ барьж чадахгүй элдэв асуудал гаргаж, гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэн араас нь орсон хэмээн түүний үйлдлийн зорилго /субъектив тал/-ыг хэргийн бодит байдалтай нийцсэн зөв дүгнэлтийг шүүхээс хийсэн. Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн субеъктив тал үгүйсгэгдэж байгаа бол түүнийг бусдын гэмт үйлдэлтэй шууд хамаатуулж, гэмт хэрэг хийсэн гэм буруутай гэж үзэх ёсгүй. Улсын дээд шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 259 дүгээр “Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлгийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1 дүгээр зүйлийн 11-д “Хууль бусаар нэвтрэх” гэдэг нь тухайн орон байр, агуулах саванд янз бүрийн аргаар хүмүүсийг хуурч мэхлэх, түлхүүр тааруулах, багаж ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдлэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэргээр нэвтрэн орохыг аль алиныг ойлгох нь зүйтэй” гэж тайлбарласан. Харин “болъё, буцъя” гэж найзыгаа ятгаад явах гэж байтал З.Э нь түгжээгүй байсан хаалганы бариулыг дарж үзээд онгойхоор нь орчихсон тул арга буюу араас нь орсон байдаг. Тодруулбал, анхнаасаа Э.О-д оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах санаа зорилго байгаагүйг шүүх дүгнэсэн хэрнээ уг санаа зорилго нь хэрэгжээгүй тул гэм буруутай гэж үзсэн нь ойлгомжгүй байна. З.Э-ын үйлдэлтэй Э.О нь холбоогүй тохиолдолд түүнийг хамтран оролцсон гэж үзэх ёсгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байдаг. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор нь яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авах ёсгой байсан. Гэрч, хохирогч нар хүртэл гар утсаар бичлэг хийсэн, түүнчлэн тухайн байрны давхар бүрт дүрс бичлэгийн төхөөрөмж /камер/ байдаг хэмээн мэдүүлсээр байхад тэдгээрт үзлэг огт хийлгүй, зөвхөн гэрч, хохирогчийн мэдүүлгээр асуудалд хандсан байдаг. Хэрэв мөрдөгч, прокурор нарын зүгээс ямар учраас мэдсээр байж тэдгээр дүрс бичлэгт үзлэг хийлгүй орхисон нь хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй талаас нь нотлох үүргээ биелүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил мөн юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.О-ийн санаа, зорилгыг хэргийн бодит нөхцөл байдалтай тохирсон, зөв дүгнэлт хийсэн хэрнээ санаа зорилго нь хэрэгжээгүй гэх үндэслэлээр гэм буруутай гэж үзсэн, түүнчлэн өөр хоорондоо зөрүүтэй, зөрчилтэй мэдүүлэг өгсөөр байтал тэдгээрийг хуульд заасан бусад аргаар мэдүүлгийн зөрүүг арилгах, тодруулах зэргээр хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоолгүйгээр эргэлзээтэй нөхцөл байдал бий болгож, шүүгдэгч Э.О-ийг буруутгасан нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн чанар, зарчимтай нийцэхгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шийтгэх тогтоол, магадлалыг хянаж, шүүгдэгч Э.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Шүүгдэгч Э.О-ийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн субьектив шинжийг зөв дүгнэсэн атлаа Э.О-ийг /дүгнэлтээсээ эсрэг байдлаар/ гэм буруутай гэж үзсэн нь ойлгомжгүй байгаа юм. Тодруулбал, Э.О нь Ж.А-ийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдах санаа зорилго байгаагүй буюу найз З.Э-ыг биеэ барьж чадахгүй, элдэв асуудал гаргаж, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, түүний гуйлтын дагуу очсон боловч энэ санаа зорилго нь хэрэгжээгүй гэдэг үндэслэлээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол” гэж заасан. Хавтаст хэргийн хүрээнд ярихад З.Э гэрт ороод дуу чимээ гарах үед найзыгаа авч гарахаар Ж.А-ийн гэрт орсон байдаг. Улсын дээд шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 159 дүгээр тогтоолд “хууль бусаар нэвтрэх гэдэг нь тухайн орон байр, агуулах саванд янз бүрийн аргаар буюу хүмүүсийг хуурах, түлхүүр тааруулах, багаж ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдлэх, цуургыг нь сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах” зэргийг ойлгохоор тайлбарласан байдаг.

Э.О-ийн үйлдэлд ийм үйл баримт тогтоогддоггүй. Онгорхой байсан хаалганы бариулыг найз З.Э дарж үзээд орсон гэдэг асуудал нотлох баримтын хүрээнд яригддаг. Э.О-ийн тухайд хохирогчийн гэрт орж хэрүүл, маргаан үүсгэх, эд хөрөнгийг нь эвдэж сүйтгэх, бусдын эрүүл мэндэд халдах, дураараа авирласан, зүй бус үйлдэл гаргасан зүйл байдаггүй. Найзынхаа гуйлтаар элдэв асуудал гаргаж, гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх зорилгоор очсон байдаг. Түүнчлэн хохирогчийн гэрт орохоос өмнө буюу очсон цагаасаа “хоёулаа буцаад явъя” гэж хэлсэн байдаг. Харин яг явахын үед найз З.Э хаалганы бариулыг дарахад хаалга нь онгойж, гэрт орсон гэдэг асуудал яригддаг. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Э.О нь З.Э-той хамтран оролцсон, үйлдлээрээ нэгдсэн зүйл байхгүй. Хөрөнгийн үнэлгээ тогтоосон тогтоол, хохирогчийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт зэргийг Э.О-ийн үйлдэлд холбож гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Э.О-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинж үгүйсгэгдэж байна. Иймд Э.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл шүүх хуралаанд гаргасан тайлбартаа: “Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн аль хэсэгт зааснаар хурал хэлэлцэж байгаа гэдгийг ойлгохгүй байна. Э.О-ийн зүгээс хохирогч, хохирогчийн өмгөөлөгч рүү холбогдож хурал дээр аядуу зөөлөн байгаад өгөөч, хуралдаа ирэхгүй байгаад өгөөч гэдэг байдлаар үйл ажиллагаанд нөлөөлөхийг оролддог байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг ижил шийдвэрлэсэн. Яагаад энэ асуудал шүүх дээр орж ирснийг ойлгохгүй байна. Э.О-ийн хувьд хаалга түгжээтэй байна уу, онгорхой байна уу гэдэг хамаагүй, хохирогчийн гэрт ороод ирсэн. Өөрөөр хэлбэл гэрэл асаагаад унтлагын өрөөнд унтаж байгаа хүмүүсийг сэрээсэн байдаг. Хохирогч, гэрч нар “...нүдээ нээгээд харахад гэрэл асаагаад хоёр хүн зогсож байсан” гэж мэдүүлдэг. Ингээд хохирогчийг зодсон, эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн, зөвшөөрөлгүй бичлэг хийсэн үйлдэл гаргасан. Гэмт хэргээс сэргийлэх гэж орсон хууль сахиулагч юм бол анх байрны орцоор орох явцад найзыгаа зогсоох ёстой байсан.

З.Э хохирогчийг зодох, эд хөрөнгийг сүйтгэх явцад Э.О тумбо дээр байгаа хохирогчийн гадаад паспортыг үзэж байсан, иргэний үнэмлэхийг нь авсан гэдгийг хохирогч, гэрч мэдүүлдэг. Гараад үүрийн 5 цагт АСАП сан дээр хайлт хийсэн. Ингээд гэмт хэргээ мэдээлээгүй буюу хууль сахиулагчийн дүрээр очсон бол гэмт хэргээ мэдүүлэх ёстой. Гэтэл миний үйлчлүүлэгч эр хүмүүс байна учраа олъё гээд араас нь утасдаад гурав хоног хүлээсэн боловч хэн ч ирээгүй учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Б.А гэдэг охиныг гэр бүлтэй эсэхийг тухайн үедээ мэдээгүй, нөхөр нь юм байна гээд санаа зовсон гэж хэлдэг. Э.О-ийн хувьд болиулах оролдлого хийгээгүй, гурван төрлийн гэмт хэрэг гарсан, зарим гэмт хэрэгт нь хамтран оролцсон байгаа. Ийм учраас гэмт хэргийн шинжийг үгүйсгэх боломжгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэж заасан бөгөөд 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинж болох “энэ гэмт хэргийг үйлдэхдээ хүч хэрэглэж үйлдсэн бол” гэж заасан. Шүүгдэгч нар хохирогчийн гэрт шөнө 02 цагийн үед очиж хаалга үүдийг нь нүдсэн, хохирогч хаалгыг нь нүдээд байгааг мэдсэн мөртлөө босоогүй, хаалгаа тайлаагүй /хаалга нь цоожтой гэдэгт итгэлтэй байсан учир/ байна. Шүүгдэгч нарын үйлдэл “хүч хэрэглэж” гэх хүндрүүлэх шинжийг агуулж байгаа тул зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч С.Саруултөгөлдөр нарын хамтран гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 632 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч З.Э, Э.О нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ. 

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдал, санаа зорилго, үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна. 

2. Шүүгдэгч З.Э, Э.О нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж 2022 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ****** хороо, ****** тоотод оршин суух Ж.А-ийн байнга амьдрах орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, мөн дээрх хэрэг болсон цаг хугацаа, орон байранд З.Э нь Ж.А-ийг эхнэртэйгээ хардсаны улмаас түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, иргэн Ж.А-ий эзэмшлийн 2 ширхэг модон сандлыг хугалж, гал тогооны баганыг тахийлгаж бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцжээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

Хоёр шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүхээс шүүгдэгч З.Э, Э.О нартхолбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдал, нотолгооны хэмжээ хязгаар, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй дүгнэсэн байна. 

3. Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч С.Саруултөгөлдөр нарын хяналтын журмаар гаргасан “шүүгдэгч Э.О-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий гомдлыг хэргийн үйл баримтад тулгуурлан хянаж үзлээ. 

Тодруулбал, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээртүүний амьдарч буй байранд нэвтрэн орсон шүүгдэгч нарын үйлдэл нь  дээрх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.  

Шүүгдэгч Э.О “...Би З.Э-ыг хүн зодоод эсвэл уурласан уураа барьж дийлэхгүй ямар нэгэн үйлдэл гаргачихвий гэдэг үүднээс Ж.А гэх хүний гэрт орчихоор нь араас нь дагаж орсон. Тэрнээс биш би ямар нэгэн санаа зорилгоор Ж.А-ийн гэрт нэвтрэн орж хууль бусаар шалгаж, мөрдөж, олж тогтоосон асуудал бол байхгүй...” гэж мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд мэдүүлсэн байна. 

Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүйталаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэмэлтнөхцөлгүйгээр хуульчилсан тул нотолж буй баримт сэлт нь сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн шинжтэй байх ёстой. 

Хохирогч Ж.А, гэрч Б.А нарт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх хуульд заасан үүргийг тайлбарлан мэдүүлэг авсан байх бөгөөд тэдний мэдүүлгийг хууль зөрчиж бэхжүүлсэн, эсхүл тэдгээрийг хувийн сонирхлоор зориуд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Э.О-ийн гэм буруугийн талаар эргэлзээ төрүүлэхүйц баримт хэрэгт авагдаагүй байна. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заажээ. 

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр урьдчилан үгсэн тохиролцсоноос үл хамаарч нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой билээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч З.Э, Э.О нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, үйлдлийн илрэлийг үндэслэж тэднийг үйлдлээрээ санаатай нэгдсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд хохирогч Ж.А, гэрч Б.А нарын мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үнэлснийг буруутгах, шүүгдэгчЭ.О-ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно. 

5. Хоёр шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Э, Э.О нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж З.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 тус тус заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, тухайн зүйл хэсэгт заасан хэмжээний дотор,шүүгдэгч Э.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, тухайн зүйл хэсэгт заасан хэмжээний дотор тус тус оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг тус тус даалгаж шийдвэрлэснийг буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч С.Саруултөгөлдөр нарын хамтран хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 655 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч С.Саруултөгөлдөр нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                      С.БАТДЭЛГЭР 

                                           ШҮҮГЧИД                                     Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                     М.ПҮРЭВСҮРЭН 

                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                  Ч.ХОСБАЯР