| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/01524/И |
| Дугаар | 210/МА2025/01585 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/01585
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05574 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Агуулахын зориулалттай талбайн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 55,272,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “*******” ХХК-тай агуулахын зориулалттай талбайн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний төлбөрт 55,272,000 төгрөг төлсөн.
1.2. Хариуцагч тал гэрээний үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг захиалагч талд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул уг гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 55,272,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагч “*******” ХХК нь хариу тайлбар гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас нийт агуулахын зориулалттай талбайн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 55,272,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 434,310 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 434,310 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. “*******” ХХК болон ******* нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан агуулахын зориулалттай талбайн худалдах, худалдан авах гэрээний нийт төлбөр нь 112,800,000 төгрөг бөгөөд нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу гэрээ байгуулагдсан өдөр 55,272,000 төгрөгийг урьдчилгаа болгон худалдагч тал болох “*******” ХХК-д төлснөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй.
Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
4.2. Анхан шатны шүүх “*******” ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 04 дугаартай гэрээний 3.1.6-д “Агуулахын зориулалттай талбайн нийт төлбөр болон холбогдох алданги, торгууль бүрэн төлж дуусах хүртэл агуулахын зориулалттай талбайн хууль ёсны өмчлөгч нь ******* байна” гэж заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлсний дараа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх, холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгөхийг шаардах эрх нэхэмжлэгч *******д үүсэхийг харгалзан үзэлгүй “*******” ХХК нь “...эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад холбогдох баримт, материалыг бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримт тогтоогдлоо” гэж хэргийн үйл баримтыг алдаатай тодорхойлсон байна.
Өөрөөр хэлбэл, ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байхад “*******” ХХК нь түүнд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй. Иймд “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй.
4.3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул гэрээнээс татгалзах, гэрээний дагуу 55,272,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэвч анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******ийн гэрээнээс татгалзах эрхийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар тодорхойлсон боловч хууль буюу гэрээнд заасан үндэслэлийн аль нь бүрдсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.
Нэхэмжлэгчээс “*******” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээ хангалттай нотлоогүй буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх ямар этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх нь тодорхой бус байхад анхан шатны шүүхээс хариуцагч “*******” ХХК нь үүргээ зөрчсөн нь тогтоогдлоо гэж үндэслэлгүй дүгнэж, “*******” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнийг тогтоосон мэтээр нэхэмжлэгчийн татгалзах эрхийг тодорхойлсон нь хэрэг хянан шийдвэрлэх ноцтой алдаа гэж үзэхээр байна.
4.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш ямар нэгэн хариу тайлбар огт гаргаж байгаагүй атлаа одоо давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.
5.2. Нэхэмжлэгч тал нь гэрээнд заасны дагуу төлбөрөө бүрэн төлж дуусгасан бөгөөд бид гэрээнээс татгалзах эрхтэй. Учир нь хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлдэггүй бөгөөд агуулахын зориулалттай объектоо дахин өөр гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. Нэхэмжлэгч тал нь өнөөдрийг хүртэл тухайн объектод ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Бид тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх талаар удаа дараа шаардсаар байхад хариуцагч тал нь бидэнд гэрчилгээг гаргаж өгөхгүй байсаар тухайн эд хөрөнгийг дараагийн хүнд худалдан борлуулсан тул одоо тухайн агуулахын зориулалттай эд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байхгүй.
5.3. Түүнчлэн тухайн объект нь барилгын подвалын давхарт байдаг тул 110,000,000 төгрөгийн үнэ хүрэх боломжгүй. Нэхэмжлэгч талын зүгээс тухайн объектыг зах зээлийн үнээр нь худалдаж авсан бөгөөд төлбөр мөнгөө төлж, гэрчилгээгээ авъя гэхэд гаргаж өгдөггүй. Хариуцагч тал нь биднийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж ярьж байна. Бидний зүгээс шаардах эрхээ эдэлж, гэрээний үүргээ биелүүл гэх шаардлагыг хариуцагч талд тавьсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан агуулахын зориулалттай талбайн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 55,272,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч “*******” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлээд гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
4. Талуудын хооронд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 04 дугаартай агуулахын зориулалттай талбайн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* дүүргийн ******* хороо, “*******” орон сууцны хотхоны ******* дугаар байрны ******* дугаар орц, ******* хаягт байрлах агуулахын зориулалттай 70.5 м.кв талбайг 112,800,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, худалдан авагч ******* нь 55,272,000 төгрөгийг худалдагч “*******” ХХК-ийн дансанд шилжүүлжээ.
6. Хариуцагч “*******” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулна.
6.1. Талуудын хооронд байгуулагдсан дээрх худалдах, худалдан авах гэрээний 2.2-т зааснаар талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг нийт 112,800,000 төгрөгөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна.
6.2. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хариуцагч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
Тухайн, үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлд бодитой байгаа нь тодорхойгүй байгаа нөхцөлд анхан шатны шүүх гэрээний дагуу шилжүүлсэн 55,272,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцжээ.
7. Анхан шатны шүүх хариуцагч “*******” ХХК нь хариу тайлбар гаргаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцсэн байна.
Хариуцагч нь гэм буруугүй, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй гэх боловч гэрээнд заасан хугацаанд үл хөдлөх эд хөрөнгө ашиглалтад ороогүй байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05574 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434,310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ