| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/03012/И |
| Дугаар | 210/МА2025/01640 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01640
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05575 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******тэй 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 30 хоногийн дотор үйлдвэрийн аргаар бэлтгэсэн хонь, ямаа, үхрийн мах бэлтгэж өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 100,000,000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны дансанд шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж, тохирсон хугацаанд махаа өгөөгүй.
1.2. Хариуцагч нь 2022 оны 11, 12 дугаар сард мал нядалгааны үед бэлдэж, нийлүүлэхээ амаар илэрхийлж хугацаа авсан. Гэтэл тухайн үед мөн “махыг чинь өгч чадахгүй нь, мөнгийг чинь буцааж өгье” гээд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн.
1.3. Нэхэмжлэгч нь үлдэх 80,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн өгсөн тул мах худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь өөрийн ихэр болох *******ийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар 50,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан.
2.2. Мөн ******* нь над руу залгаад “манай агуулах дүүрсэн тул та манай ээжийн дүү *******ын агуулахад манай махыг буулгачих” гэж хэлсний дагуу ******* дүүрэг дэх ******* үйлчилгээний төвийн хоолны газарт мах буулгасан.
Дараа нь ******* нөхөр н.*******ын хамт ******* дүүргийн ******* хороонд байрлах мах маркетын зоориноос ирж мах авсан. Нийт 2 удаагийн татан авалтаар манайхаас 17,000,000 төгрөгийн мах авсан. ******* залгаж “энэ махыг *******д өгөөрэй” гэсэн болохоор би өгсөн.
2.3. Нагац эгч *******ын дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба *******тай тооцоо дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******гээс 30,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч өөрийн татгалзлаа нотлох зорилгоор *******аас гэрчийн мэдүүлэг авхуулсан ба гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гийн махыг өөрөө гэрч *******д өгүүлж, мөнгийг нь гэрч төлөх ёстой болохыг мэдэж байгаа нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр мах өгсөн болох нь нотлогдож байна. Гэрч *******ын “17,000,000 төгрөгийг 5 хоногийн дотор *******д өгнө” гэсэн мэдүүлгээс харахад хариуцагч ******* төлөх ёсгүй, гэрч өөрөө нэхэмжлэгчид төлөх ёстой мөнгө гэдгээ тодорхой илэрхийлсэн байх ба энэхүү гэрчийн мэдүүлгийг няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан нөхцөл байдал шүүх хуралдааны явцад бий болсон гэж хариуцагч үзээд мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т зааснаар хүсэлт гаргасан байхад хүсэлтийг шийдвэрлэлгүй хариуцагчийг шүүх хуралдааны танхимаас гаргаж, шүүх хуралдааны үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.
4.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. ******* нь *******тэй байгуулсан гэрээний дагуу мах бэлтгүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 100,000,000 төгрөгийг *******гийн эзэмшлийн Хаан банкны дансанд шилжүүлсэн.
5.2. Гэтэл хариуцагч гэрээний үүргээ зөрчиж, тохирсон хугацаанд махаа өгөөгүй бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болон 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус тус 100,000,000 төгрөгөөс нийт 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, мах нийлүүлж чадахгүй гэж хэлсэн байдаг.
5.3. Хариуцагч нь үлдэгдэл 80,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй тул уг мөнгийг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь *******ын ихрийн өрөөсөн ******* гэх хүнд *******д өгөөрэй гээд 50,000,000 төгрөгийг дамжуулан өгсөн гэх тайлбар гаргасан. Энэ тухай нэхэмжлэгч нь өөрийн ихрээсээ асуухад надад 50,000,000 төгрөг өгсөн гээд тус мөнгийг нь шилжүүлэн өгсөн байдаг.
Нэгэнт гуравдагч этгээдээр дамжуулан үүрэг гүйцэтгүүлсэн учраас түүнийг нь хүлээн авч нэхэмжлэлийн дүнгээсээ 50,000,000 төгрөгийг хасаж, 30,000,000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
5.4. Мөн *******, ******* нарт тус тус 15,392,000 төгрөг болон 20,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий мах өгсөн гэж хариуцагч ярьдаг. Гэтэл энэ нь нэхэмжлэгч буюу захиалагчийн зөвшөөрлөөр хийгдээгүй тул ******* нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 30,000,000 төгрөгөө гаргуулна гэх хүсэл зоригоо илэрхийлсэн. Уг асуудалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
5.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж, хариуцагчийн хариу тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж, нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр *******, ******* нарт мах өгсөн, бэлэн мөнгө шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж тус тус үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
5.6. Мөн мах нийлүүлсэн гэх үйлдэл нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн, хүлээн авагч этгээдүүдийн хүлээн авсан махны хэмжээ, үнэ, бодит нийлүүлэлтийг нотлох баталгаажсан баримт байхгүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас хасах үндэслэлгүй гэх дүгнэлтийг анхан шатны шүүх зөв хийж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон гэж үзэж байна.
5.7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд нотлох баримтыг үнэлээгүй гэж дурдсан. *******аас гэрчийн мэдүүлэг авахад “17,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий мах авсан нь үнэн, тус махны төлбөрийг *******д өөрөө төлж болно” гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн байдаг. Харин ******* нь тус мэдүүлгийг хүлээн зөвшөөрдөггүй.
Учир нь ******* болон ******* нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн ба тус харилцааны дагуу 100,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий мах бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцсон боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу гэрээний үүргээ зөрчсөний улмаас өөрт учирсан хохирлыг гэрээний нөгөө тал болох *******гээс шаардах үндэслэлтэй. Хэрэв *******д 17,000,000 төгрөгийн, *******д 20,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий махыг тус тус өгсөн бол ******* нь тухайн мах хүлээн авсан хүмүүстэйгээ тооцоо хийх ёстой болохоос биш ******* нь би *******гээс мөнгө авах ёстой учраас надад махны мөнгөө өгөөрэй гээд өөр хүмүүсээс шаардах хууль зүйн үндэслэл байхгүй.
5.8. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаах үүргийн хүрээнд 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэгчийн нагац эгч *******д 17,000,000 төгрөгийн махыг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр нийлүүлсэн, мөн нагац эгч н.*******ын дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул төлбөр тооцоо дууссан гэх үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч ******* нь хонины мах 30 тн, ямааны мах 50 тн, нийт 80 тн махыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 30 хоногийн дотор бэлтгэн нийлүүлэх, нийт махны төлбөр 100,000,000 төгрөгийг худалдан авагч нь урьдчилж төлөхөөр тохиролцож, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 100,000,000 төгрөгийн төлбөрийн үүргээ худалдан авагч бүрэн биелүүлсэн болохыг /хх-ийн 8, 10-р тал/,
3.2. Дээрх гэрээгээр хүлээсэн мах нийлүүлэх үүргээ хариуцагч хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр талууд гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар өгсөн авснаа харилцан буцаахаар болж, худалдагч тал 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй болохыг /хх-ийн 9, 24-р тал/,
3.3. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нагац эгч *******д 2023 оны 05 дугаар сард 4 удаагийн нийлүүлэлтээр 15,392,000 төгрөгийн мах нийлүүлсэн болохыг тус тус тогтоосон /хх-ийн 33-34-р тал/.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт зөв болжээ.
5. Анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчид нийт 100,000,000 төгрөгийн мах нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар талууд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хариуцагч 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн тул үлдэх 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэхдээ хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр түүний нагац эгчид мах нийлүүлсэн, уг махны үнийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан тооцох ёстой гэх татгалзал гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байдлыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гэрчээр асуугдсан гэрч ******* нь “...2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд өгсөн махны мөнгийг *******д өгөөрэй гэж ******* хэлсэн. Би одоогоор өгөөгүй байгаа. ******* мэдэж байгаа. ******* нь энэ 15,392,000 төгрөгийн махнаас гадна өөр махны төлбөр тооцоог *******гээс авахаар байгаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг өгсөн байна.
Гэрч *******ын дээрх мэдүүлгээр хариуцагч ******* нь 15,392,000 төгрөгийн үнэ бүхий махыг нэхэмжлэгч *******ын нагац эгч *******д нийлүүлсэн, энэ талаар ******* болон ******* нар ярилцаж, 15,392,000 төгрөгийг ******* нь *******д өгөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байх тул зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдах авах гэрээ 15,392,000 төгрөгийн хэмжээнд хэрэгжсэн, ******* нь 15,392,000 төгрөгийн үнэ бүхий махыг *******ын нэрлэн заасан этгээдэд хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан, хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгээр ******* нь 15,392,000 төгрөгийн үнэ бүхий махыг *******ын нэрлэн заасан этгээд болох *******д хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
7. Хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр *******д 17,000,000 төгрөгийн мах нийлүүлсэн гэж маргасан боловч хэргийн баримтаар 15,392,000 төгрөгийн мах нийлүүлсэн болох нь тогтоогдсон, мөн нэхэмжлэгчид түүний нагац эгч *******ын дансаар дамжуулж 20,000,000 төгрөгийг шилжүүлж, төлбөр тооцоо дууссан гэх боловч 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны ******* тоот дансанд 20,000,000 төгрөгийг “*******д ямаа буцаалт махаа авна” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байх тул уг мөнгийг нэхэмжлэгч *******д буцаан шилжүүлсэн төлбөр гэж үзэхгүй.
8. Иймд хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээсэн үүргээ 15,392,000 төгрөгийн хэмжээнд биелүүлсэн гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 30,000,000 төгрөгөөс 15,392,000 төгрөгийг хасаж тооцон анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******гээс 14,608,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосон өөрчлөлт оруулна.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05575 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 14,608,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,392,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 230,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ