Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/01753

 

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/05478 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

 

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дизель түлшний үнэ болон алдангид 348,993,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. “*******” ХХК нь “*******” ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/0326 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”, №МД/2 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай нэмэлт гэрээ” -г тус тус байгуулж, уг нэмэлт гэрээгээр “*******” ХХК нь литр тутам нь 1,480 төгрөгийн үнэтэй, 2,400,000 литр, нийт 3,552,000,000 төгрөгийн үнэтэй дизель түлшийг нийлүүлэх, “*******” ХХК нь дизель түлшний үнийг төлөх үүргийг харилцан хүлээсэн.

1.2. Талууд нэмэлтээр 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/3 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, энэ гэрээгээр “*******” ХХК нь нийт 1,776,000,000 төгрөгийн үнэтэй 1,200,000 литр дизель түлшийг нийлүүлэх, “*******” ХХК нь гэрээний үнийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлөхөөр тохиролцсон.

1.3. 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/03 тоот “Харилцан нууц хадгалах гэрээ”, №17/3 тоот “Хамтран ажиллах гэрээ”, №МД/0326 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуцийн гэрээ/-г тус тус байгуулж, уг “Фидуцийн гэрээ”-ний дагуу *******, ******* улсын дугаартай техникийн өмчлөх эрхийг “*******” ХХК-д шилжүүлж өгөхөөр болсон. “*******” ХХК нь ******* улсын дугаартай техникийн өмчлөх эрхийг бичиг баримтын хүрээнд шилжүүлэн авч, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр техникийн гэрчилгээг авсан боловч өнөөдрийг хүртэл тус техникийг бодит байдлаар хүлээн аваагүй, хаана байгааг нь мэдэхгүй байсаар байна.

1.4. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойших хугацаанд “*******” ХХК нь нийт 296,000,000 төгрөгийн үнэ бүхий 200,000 литр түлшийг “*******” ХХК-д шилжүүлэн өгсөн ба түлш тасалдсаны улмаас үлдэх түлшийг шилжүүлэх боломжгүй болсон. Дээрх нөхцөл байдлыг талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрч, 296,000,000 төгрөгийн үнэ бүхий түлшний үнийг төлөөд гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон.

1.5. Хариуцагчийн зүгээс нийт 200,000 литр түлшний нийт төлбөр болох 296,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн барагдуулахаа илэрхийлж хүсэлт ирүүлж байсан боловч үр дүнд хүрээгүй.

1.6. 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/0326 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 6.2-т “Захиалагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.01 хувийн алдангийг нийлүүлэгч талд төлнө” гэж заасны дагуу төлбөр төлөгдөх ёстой байсан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацааны алдангийг тооцвол 52,993,000 төгрөг болно.

1.7. Иймд, “*******” ХХК-аас дизель түлшний үнэ 296,000,000 төгрөг, алданги 52,993,000 төгрөг, нийт 348,993,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “*******” ХХК нь “*******” ХХК, “*******” ХХК нарт дизель түлш 1 жилийн туршид нийлүүлэхээр их хэмжээний үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Тус гэрээнүүдтэй холбоотойгоор 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “*******” ХХК-тай гэрээ байгуулан тухайн түлшний хэрэгцээгээ хангуулахаар болсон.

Гэтэл энэ үеэр “*******” ХХК нь манай байгууллагатай холбогдож, “манай компанид маш их хэмжээний түлш байгаа, дээрх 2 компанид жилийн хугацаанд хангалттай нийлүүлж чадна” гэж итгүүлсэн учраас манай компани “*******” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаад 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “*******” ХХК-тай гэрээ байгуулсан боловч ямар ч түлшний нөөцгүй байсан буюу манай компанийг төөрөгдөлд оруулах замаар гэрээ хийсэн байдаг.

2.2. “*******” ХХК-тай байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №МД/2 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай нэмэлт гэрээ”-гээр нэхэмжлэгч компани нь 2,400,000 литр зуны дизель түлшийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор манай компанид нийлүүлэхээр, манай компани 1 литр түлшний үнийг 1,480 төгрөгт тооцон худалдаж авахаар тус тус тохиролцсон.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч компани 200,000 литр түлшийг манай компанид нийлүүлсэн нь үнэн боловч үлдэгдэл 2,200,000 литр түлшийг гэрээгээр тохирсон хугацаанд огт нийлүүлээгүй болно. Тус гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж манай компанийн ажлууд доголдож, дээр дурдсан “*******” ХХК, “*******” ХХК-иудад нийлүүлэх түлшгүй болж, их хэмжээний хохирол харилцагч компаниудад учруулсан.

2.3. “*******” ХХК-аас нийлүүлсэн 200,000 литр түлшнээс “*******” ХХК-д 92,670 литр түлшийг 1,610 /1 литр/ төгрөгөөр тооцож, нийт 154,898,100 төгрөгөөр нийлүүлсэн. Энэ мөнгийг одоо болтол “*******” ХХК-аас аваагүй. Учир нь энэ компанид манай байгууллага түлшээ нийлүүлээгүйгээс бүх машин механизм нь зогсож ажлаа хийж чадахгүй болж, учирсан хохиролд нийт 300 гаруй сая төгрөг гарсан бөгөөд энэ мөнгийг одоо болтол манай байгууллагаас нэхэмжилж байгаа болно.

Харин нэхэмжлэгч компаниас нийлүүлсэн түлшний үлдэгдэл болох 107,330 литр түлшийг “*******” ХХК-д буюу Өмнөговь аймгийн Цагаан хаданд аваачиж нийлүүлсэн бөгөөд гэрээний үүргээ гүйцэд биелүүлж чадаагүйн улмаас мөн төлбөрөө тухайн компаниас авч чадаагүй.

2.4. Дээрх 2 харилцагч компанид нийлүүлэх түлшийг тээвэрлэлтийн компани болох “*******” ХХК-аар тээвэрлүүлсэн бөгөөд “*******” ХХК руу тээвэрлүүлсэн тээврийн хөлс нь 3,734,400 төгрөг, “*******” ХХК руу тээвэрлүүлсэн тээврийн хөлс нь 12,240,000 төгрөг болсон буюу тээврийн зардал нь нийт 15,974,400 төгрөг болсон. Энэхүү зардлыг мөн төлж чадаагүй.

2.5. Манай компанийн өр төлбөр, мөн харилцагч компаниудын хохиролд “*******” ХХК нь буруутай юм. Учир нь тухайн компани бодит байдал дээр гэрээгээр тохирсон хэмжээний ямар ч түлш байхгүй атлаа байгаа гэж худал хэлж, манай компанийн “*******” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлуулан гэрээ байгуулснаас болж дээрх 3 компанид маш их хэмжээний хохирол учруулах үндэс тавигдсан бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг буруутай тал нь хариуцах ёстой учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөх үүрэггүй юм.

2.6. Хэрэгт авагдсан төлбөр төлнө гэх баримт бичгийн тухайд хариуцагч компанийн гүйцэтгэх захирал ******* намайг дуудаж 5-6 залуучуудтай сууж байгаад намайг дарамталж, хууль хүчний байгууллагаар явсан ч танил тал ихтэй, мөн хувиараа явсан ч чамайг хэн ч биш болгоно, асуудалгүй амьдрахыг хүсэж байгаа бол энэ цаасан дээр бичээд өгчих гэж айлган сүрдүүлж, мөн нууцын гэрээтэй учир энэ талаар чи хэнд ч хэлж болохгүй гэх зэргээр төөрөгдөлд оруулан гар бичмэлийг бичүүлсэн. Энэ талаар ******* нь хууль хяналтын байгууллагад мэдүүлэг, тайлбар өгөхдөө хэлсэн байдаг. Энэ баримт нь манай компани сайн дураар хүсэл зоригоо илэрхийлж бичсэн зүйл биш болно.

2.7. Нэхэмжлэгч компани нь гэрээгээр тохирсон түлшээ хугацаанд нийлүүлэхгүй, энэ талаар огт арга хэмжээ авахгүй байсан тул манай компанийн зүгээс нэхэмжлэгч компанитай удаа дараа холбогдож, нийлүүлэх ёстой түлшийг нэхэмжилж, харилцагч компаниудад учирсан хохирлыг шийдвэрлүүлэхээр хөөцөлдсөн боловч ямар нэгэн хариу өгөхгүй алга болсон.

2.8. Иймд, нэхэмжлэгч компани өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн, үүнээс болж 3-4 компанид хохирол учруулсан, энэ асуудал нь одоо болтол шийдэгдээгүй хэвээр байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-аас дизель түлшний үнэ 296,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 52,993,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,904,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 1,637,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нотлох баримт болон бодит байдлыг дутуу, буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь “*******” ХХК нь өөрөө их хэмжээний түлш нийлүүлэх боломжгүй атлаа манай байгууллагад “нийлүүлж чадна” гэж итгүүлэн “*******” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзуулсан.

Нэхэмжлэгч гэрээний дагуу хугацаанд нь тохирсон хэмжээгээр түлшээ нийлүүлээгүйгээс болж манай компанийн ажлууд доголдож, харилцагч “*******” ХХК, “*******” ХХК-иудад нийлүүлэх түлшгүй болж, их хэмжээний хохирол харилцагч компаниудад учруулсан.

“*******” ХХК-аас нийлүүлсэн 200,000 литр түлшнээс “*******” ХХК-д 92,670 литр түлшийг нийт 154,898,100 төгрөгөөр нийлүүлсэн. Энэ мөнгийг одоо болтол “*******” ХХК-аас аваагүй. Учир нь энэ компанид манай байгууллага түлшээ нийлүүлээгүйгээс бүх машин механизм нь зогсож ажлаа хийж чадахгүй болж учирсан хохиролд нийт 300 гаруй сая төгрөг гарсан бөгөөд энэ мөнгийг одоо болтол манай байгууллагаас нэхэмжилж байгаа болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг буруутай тал нь хариуцах ёстой тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөх үүрэггүй юм.

4.2. Мөн манай компани “*******” ХХК-тай гэрээ байгуулахдаа гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан “Фидуцийн гэрээ”-гээр САТ маркийн, улсын *******, ******* дугаартай 2 ширхэг бульдозерыг барьцаалж, уг техникүүдийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн. Гэтэл энэхүү хөрөнгийг хэрхэх талаар анхан шатны шүүх шийдвэрлэхдээ орхигдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

4.3. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр цагдаад гомдол гаргаснаар дууссан байх тул 3 жилийн хугацаа өнгөрсөн. Мөн тус хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй. “*******” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цагдаад гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, төлбөрөө төлөхгүйгээс эрх нь зөрчигдсөн гэдгийг бол мэдсэн байдаг. Хариуцагч нь зөвшөөрөхгүй, иргэний маргаан гэдгийг хэлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдан, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдэгтэй маргахгүй атлаа цагдаад гомдол гаргасан. Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох үндэслэл байхгүй.

4.4. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Талууд 3,500,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий түлш худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал уг гэрээний дагуу 296,000,000 төгрөгийн дизель түлш нийлүүлсэн бөгөөд үүнд талууд маргаагүй.

5.2. Түлш нийлүүлсний барьцаанд талууд “Фидуцийн гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээнд САТ маркийн бульдозеруудыг барьцаанд тавих нөхцөл тусгагдсан. Гэвч хариуцагч тал бодитоор хүлээлгэн өгөөгүй, зөвхөн холбогдох бичиг баримтууд шилжсэн.

5.3. Хариуцагчийн зүгээс барьцааны зүйлийг бодитоор хүлээлгэн өгөөгүй бөгөөд дараагийн төлбөр тооцоогоо хийж чадахгүй байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст нэхэмжлэгч тал 296,000,000 төгрөгийн үүргээ биелүүлж, төлбөрийг барагдуулахаа амласан баримт хэрэгт авагдсан.

5.4. Харин хариуцагч байгууллагын дурдсан “Фидуцийн гэрээ”-г гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж хэлсэн нь үндэслэлгүй. Бодит байдалд уг бульдозерууд хариуцагч талд байгаа, харин бичиг баримтууд манай талд шилжсэн. Нэхэмжлэгч байгууллага нийлүүлсэн 296,000,000 төгрөгийн дизель түлшний төлбөрөө авахаар нэхэмжлэл гаргасан.

5.5. Хариуцагч тал хохирлын талаар тайлбарладаг бөгөөд уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй.

5.6. Иймд, давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 296,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 52,993,000 төгрөг, нийт 348,993,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. 

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/0326 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдах авах гэрээ”, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №МД/0326 тоот гэрээний Нэмэлт №2-оор №МД/2 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдах авах тухай нэмэлт гэрээ” тус тус байгуулагдаж, уг нэмэлт гэрээгээр худалдагч тал болох “*******” ХХК нь 2,400,000 литр зуны дизель түлшийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор нийлүүлэх, худалдан авагч тал болох “*******” ХХК нь дизель түлшний төлбөрт 1 литр тутмын үнийг 1,480 төгрөгөөр тооцон нийт 3,552,000,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тус тус тохиролцсон. /хх-ийн 8-10-р тал/

 

3.2. Улмаар 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №МД/0326 тоот гэрээний Нэмэлт №3-аар 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/3 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч “*******” ХХК нь 1,200,000 литр зуны дизель түлшийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор нийлүүлэх, захиалагч “*******” ХХК нь дизель түлшний 1 литр тутмын үнэ 1,480 төгрөг, нийт 1,776,000,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. /хх-ийн 11-р тал/.

 

3.3. Түүнчлэн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №МД/0326 тоот гэрээний Хавсралт №3-аар 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №МД/03 тоот “Харилцан нууц хадгалах гэрээ”, мөн өдрийн №17/3 тоот “Хамтран ажиллах гэрээ”, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №МД/0326 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуцийн гэрээ/”-г тус тус  байгуулжээ.

3.3.а. Дээрх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр “*******” ХХК нь ******* улсын дугаартай бульдозер, ******* улсын дугаартай бульдозерыг тус тус “*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон.

3.3.б. “Фидуцийн гэрээ”-ний дагуу ******* улсын дугаартай бульдозер, ******* улсын дугаартай бульдозерыг тус тус “*******” ХХК-ийн өмчлөлд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ шинээр авчээ. /хх-ийн 18-19-р тал/

 

3.4. 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/3 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “*******” ХХК нь 200,000 литр буюу 296,000,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг “*******” ХХК-д нийлүүлсэн.

3.4.а. Дээрх 200,000 литр дизель түлшийг “*******” ХХК хүлээн авч, 92,670 литр түлшийг “*******” ХХК-д, 107,330 литр түлшийг “*******” ХХК-д тус тус нийлүүлсэн болохоо тайлбарласан.

3.4.б. “*******” ХХК нь хүлээн авсан 200,000 литр дизель түлшний үнэ болох 296,000,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд үүнд талууд маргаагүй.

 

3.5. “*******” ХХК-ийн захирал ******* нь “*******” ХХК-аас 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хүлээн авсан дизель түлшний төлбөрийг өгөлгүй залилсан гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 178 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн ******* дугаар хэргийг хааж шийдвэрлэжээ. /хх-ийн 22-23-р тал/

Улсын ерөнхий прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 4/404 тоот хариу мэдэгдэх хуудсаар хэргийг татаж хянаад дээрх хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар мэдэгджээ. /хх-ийн 20-р тал/

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт зөв болжээ.

 

5. Хариуцагч нь дизель түлшний үнэ болон хугацаа хэтрүүлсэн алданги төлөх эсэх нь маргааны зүйл болсон бөгөөд “нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүйн улмаас өөрт нь болон харилцагчид хохирол учирсан, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр нийлүүлсэн шатахууны үндсэн төлбөр гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

 

6. Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн 200,000 литр шатахууны төлбөрт 296,000,000 төгрөг, төлбөр төлөх үүргээ үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаагаар тооцож 52,993,000 төгрөг, нийт 348,993,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Иймд, хууль болон гэрээнд зааснаар хариуцагч буюу худалдан авагч хүлээн авсан дизель түлшний төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

8. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмаар үнэлээд хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд хариуцагчийн “нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь цагдаад гомдол гаргаснаар 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дууссан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

9. “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, “...анзын гэрээг бичгээр хийнэ”, “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна”, “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6-д тус тус зохицуулсан.

Талуудын байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/0326 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдах авах гэрээ”-ний 6.2-т “Захиалагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.01 хувийн алдангийг Нийлүүлэгч талд төлнө” гэж тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/3 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.4-т төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр худалдагч талд төлөхөөр заасан, мөн хариуцагчийн төлөөлөгч *******ын “...296,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна.”  гэж тайлбарласнаас үзвэл төлбөр төлөх хугацааг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэж тохиролцсон байх бөгөөд худалдан авагч нь 296,000,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувиар алданги төлөхөөр байна.

Гэвч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангитай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс алдангитай холбоотой дэлгэрэнгүй дүгнэлт хийхгүй.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох зохицуулалт болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулсан өөрчлөлт, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй заалт буюу Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх заалтыг баримталсныг хассан өөрчлөлтийг анхан шүүхийн шийдвэрт тус тус оруулна.

 

10. Нэхэмжлэгч нь үндсэн гэрээний үүрэг шаардсан бөгөөд нэмэлт гэрээ болох үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээний үүрэг шаардаагүй учраас анхан шатны шүүхээс маргааныг худалдах, худалдан авах гэрээний үүргийн хүрээнд шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Ийм учраас хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан фидуцийн гэрээтэй холбоотой давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/05478 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад “Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1-д” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,637,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УУГАНБАЯР

 

              ШҮҮГЧИД                                  С.ЭНХБАЯР

 

                                             Ч.МӨНХЦЭЦЭГ