Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 185

 

  2019           06             24                                           2019/ШЦТ/185

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

Улсын яллагчаар М.Гансувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батзолбоо

Шүүгдэгч Я.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн Я овгийн Я.Т-д холбогдох эрүүгийн 1934002720212 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн Буянт гэх газарт оршин суух хаягтай,  Я овгийн Я.Т, /РД:___75041517/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Я.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутгаас Д.Дашдоржийн эзэмшлийн 1 тооны гүүг хулгайлж, бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дараах нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч  Я.Т: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Д.Дашдоржийн мэдүүлэг /хх-ийн 4-6 тал/, гэрч З.Алимаагийн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/, гэрч О.Баатарсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/, гэрч М.Сарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 15 тал/, гэрч О.Батмөнхийн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, гэрч Ц.Цэвээнсамбуугийн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, Төв аймгийн Эрдэнэсант сумын үнэлгээний комиссын үнэлгээ /хх-ийн 21 тал/, шүүгдэгч  Я.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/, шүүгдэгч  Я.Т-ын ял шийтгэл шалгасан баримт /хх-ийн 30 тал/ зэрэг болон шүүгдэгч  Я.Т-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

Шүүгдэгч  Я.Т-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн мэдүүлгийг шүүх яллах нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч  Я.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутгаас Д.Дашдоржийн эзэмшлийн 1 тооны гүүг хулгайлж, бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 тал/

- Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын тамгын газрын Үнэлгээний комиссын адуу үнэлсэн үнэлгээ /хх-ийн 21 тал/,

- шүүгдэгч  Я.Т-ын 2018 оны мал тэжээвэр амьтадын тооллого /хх-ийн 25 тал/

-хохирогч Д.Дашдоржийн Төгсжаргалын 2018 оны мал тэжээвэр амьтадын тооллого /хх-ийн 30 тал/

-эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 36 тал/

-Хохирогч Д.Дашдоржийн: “...2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймаг руу эмнэлэгт хэвтэхээр явчихаад хэвтэж чадалгүй 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сумандаа буцаж ирээд маргааш нь гэртээ хэвтэж байтал над руу Баатарсүрэн залгаад “чиний адуунаас нэг зээрд гүү чинь алга болчихсон байна, машинд дайруулсан байж магадгүй гэж бодоод засмал замын хажуугаар харлаа байхгүй байна чи ирж адуугаа хайгаарай” гэж хэлэхээр нь маргааш нь өглөө нь адуундаа явтал манай адуу сумын төвөөс зүүн хойд зүгт Өндер толгойн хажууд манай нийт зургаан тооны адуу байхаас энэ жил унагалах нэг нас гүйцсэн бүдүүн гүү нь адуундаа байхгүй байсан. Тэгээд өөрийнхөө алга болсон гүүгээ олох гээд нийтдээ гурван өдөр хайж явтал олдохгүй болохоор нь сумын төвийн мах, арьс, нэхий авдаг түүхий эдийн цэгээр очиж үзтэл миний алга болсон адууны арьсыг нь Цэвээнсамбуу гэдэг ченжид өгчихсөн байсан.Тэгээд Цэвээсамбуугаас энэ адууг хэн өгсөн талаар асуутал надад “Төгсөө гэж хүн эхнэртэйгээ ирээд өгсөн” гэж хэлсэн. Тэгээд би урд өмнө нь адуугаа хайж явж байхдаа хөдөөний малчин айл Төгсжаргалын хамаатны Ооёо гэх айлынхаар алга болсон гүүгээ олчихсон харин танай хадам ах Төгсөө манай гүүг авчихсан байна надтай очиж уулз гэж хэлээрэй гэхэд тэрний маргааш өдөр намайг Эрдэнэсант сумын төвд өөрийнхөө гудамжи-л явж байхад Төгсөө надтай уулзах гэж ирж байна гээд өврөөсөө 0,75 литрийн нэг шил Хараа архи гаргаж ирээд надад өгөхөөр нь би түүнд “ах нь архи уудаггүй шүү дээ” гэж хэлэхэд “за за би харин айгаад зүрхээ чангалж тохирох гээд архитай ирж байгаа юмаа” гэж хэлж байсан...Миний зээрд гүү маань жил болгон унагалдаг гүү байсан юм энэ жил бас гэдэс нь нэлээн томорсон 2019 оны хавар унагалах хээлтэй л гүү байсан...Т надад бэлнээр нэг сая төгрөг өгсөн бидний хооронд одоо өр авлаганы асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 тал/,

- Гэрч З.Алимаагийн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын дундуур ганцаараа Улаанбаатар хот руу хувийн ажпаар явж нэг хоночихоод ирсэн. Намайг гэрт ирэхэд нөхөр маань гэртээ “би хүнтэй наймаа хийсэн юм” гээд нэг дауу хийгээд гэрийн үүдэнд юм дэвсээд дээр нь махыг нь хажууд нь арьс ширийг нь тавьчихсан байсан тэгээд махыг нь загсааж хоноод маргааш өдөр нь нөхөр төгсөө бид хоёр сумын төв рүү орж ченж Самбууд нөгөө адууныхаа шир, махыг нь найман зуун мянган төгрөгөөр зарчихсан юм. Одоо яг хэдний өдөр болохыг нь би сайн санахгүй байна...Нөхөр бид хоёр Самбууд нэг ширхэг адууны махыг арьсны хамт өгсөн. Би тэр адууны ширийг нь яг сайн дэлгэж хараагүй ямар ч байсан бараандуу зүсмийн адууны арьс байсан...адууны толгойг огт хараагүй намайг гэртээ харихад л тэр толгой байгаагүй...Бид хоёр малын гарал үүслийн бичиг мал эмнэлгээс авсан. Малын эмч Сарантуяагаас авсан...Би тухайн үед нь хулгайн мах болохыг мэдээгүй юмаа. Харин тэр ченжид мах зарсан өдрөөс хойш хоёр хоногийн дараа нөхөр маань надад “саахалт айлын Ооёотой уулзлаа залуу Дашдорж гуай намайг ирээд уулзаадах гэсэн гэнэ” гэж сумын төв рүү орж Дашдорж гуайтай уулзаад ирье гэж явчихаад ирээд надад “Дашдорж намайг адуу хулгайлсан байна гэж байна” гэж хэлэхээр нь “яасан юун адуу хулгайлсан юм бэ” гэж асуухад нөхөр “эртээдийн хоёулангийн чинь зардаг адууг би хулгайлчихсан юм аа” гэж хэлэхээр нь л мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

-Гэрч О.Баатарсүрэнгийн: “...Дашдорж...өөрийнх нь зургаан тооны адуу Эрдэнэсант сумын төвийн ойролцоо сумын төвөөс холгүйгээр бэлчдэг юм ерөнхийдөө тэдний адуунууд сумын зүүн хойд талын поолиор Өндөр толгой гэдэг газраар байдаг байсан.Дашдорж өөрөө сумын төвөөс машинтай ирж малаа хардаг юм тэгээд надад өөрийнхөө зургаан адууг харж байгаарай гэж захиж байсан би ч өөрийнхөө малд явахдаа Дашдоржийн адууг өдөр болгон дурандаж харж л байдаг юм тэгтэл нэг өглөө нэг гүү нь дутаж байхаар нь Дашдорж руу залгаад “чиний нэг гүү чинь алга болчихсон байна шүү замын машин тэрэг дайрчихсан юм болов уу гэж бодоод зам дагаж харахад байхгүй байна шүү ирж хайгаарай” гэж хэлсэн. Дараа нь харин Дашдорж надад “адуугаа олсон Төгсөө хулгайлаад ченж Самбууд арьс ширтэй нь аваачаад өгчихсөн байна” гэж хэлж байсан...Яг он сарыг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан 2019 оны цагаан сараас өмнө 01 дүгээр сарын 20-ны үеэр шиг л санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

- Гэрч М.Сарантуяагийн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төгсжаргал нь эхнэртэйгээ манайд ирээд мал эмнэлгийн бичиг адуун дээр авах гэсэн юм гэхээр нь би “за адуу чинь хаана байна” гэж асуухад ченж Самбууд арьсыг өгчихсөн байгаа юм та бичиг хийгээд өгчих” гэхээр нь би бичиг хийж өгсөн. Би тухайн үед нүдээр үзэж харж бичиг хийж өгөөгүй. Нэг адуун дээр малын бичиг авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

-Гэрч О.Батмөнхийн: “...Би энэ талаар Дашдорж гуайгаас өөрөөс нь сонссон юм. 2019 оны 01 дүгээр сарын дундуур нэг өдөр намайг гэртээ эхнэртэйгээ байж байхад сумын Батсүх гуайтай хамт ирсэн юм. Тэгээд надад “манай шарга азаргатай зургаан тооны адуунаас нэг ширхэг гүү алга болчихлоо” гэж надад хэлэхээр нь би “би мэдэхгүй байна чи Төв аймагт эмнэлэгт хэвтэж байгаад урд шөнө гэртээ ирлээ гэж хэлж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш гурав хоногийн дараа Дашдорж гуай манайд ганцаараа ирээд надад “Төгсөөг надтай уулзаадахаарай гэж хэлэээд  наад Төгсөө чинь миний алга болсон гүүг хийгээд Эрдэнэсантад Самбууд өгчихсөн байна” гэж хэлэхээр нь би “та ерөөсөө өөрөө очоод уулзаад хэлээ” гэж хэлэхэд надад “би ойрд Төгсөөтэй уулзаж ч үзээгүй мэнд ч мэдээгүй болохоор чи уулзаад хэлээдэх” гэхээр нь би Төгсөөтэй уулзаж энэ талаар хэлсэн.Би тэр зургаан тооны адууг харж байсан манай гэрийн урд талд дөрөв таван километрт л Өндөр толгой гэх газраар байнга байж байдаг байсан адуу байгаа юм. Би гэхдээ тэр адуунуудыг Дашдорж гуайн адуу гэдгийг мэдээгүй байсан харин Дашдорж гуайгаас өөрөөс нь сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

-Гэрч Ц.Цэвээсамбуугийн: “...Одоо яг хэдний өдөр гэдгийг нь би мэдэхгүй байна Дашдорж гуай нэг өдөр манайхаар ирж надтай уулзаад “танайхаар адууны арьч шир хүн авчирч өгөв үү?” гэж асуухаар нь би “Төгсөө л нэг адууны мах, арьстай нь цуг авчирч өгсөн малын эмч Сарантуяагийн бичигтэй байсан ойрд өөр хүн адууны арьс шир авчирч өгөөгүй ээ” гэж хэлэхэд Дашдорж тэр адууны арьсыг үзээд за энэ бараг миний адуу мөн болоод л явчихлаа би авч яваад гэсгээж үзээдэхье гэж хэлэхээр нь би Дашдорж ахыг машинтайгаа тэр арьсыг нь тэдний гэрт нь хүргэж өгсөн...Ямар ч байсан 2019 оны 01 дүгээр сард цагаан сарын өмнө нэг адууны мах, арьстай нь өгч байсан...адууны зүс хүрэн зээрд зүсмийн адууны арьс байсан.Тухайн үед мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй байсан болохоор нь би тэгж их онцолж анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

  • Шүүгдэгч  Я.Т-ын мөрдөн байцаалтын яллагдагчаар мэдүүлсэн: “...би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа болно...Би өөрийн нэр дээр бог, бод нийлсэн 600 орчим тооны малтай. Би хохирогч Дашдоржтой уулзаж уучлалт гуйгаад учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно. Би хохирогчид 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн мөн 5 төлөг, 5 эр хонь өгсөн...Би дахиж иймэрхүү асуудал гаргахгүй ээ. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч  Я.Т нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар: 

  Шүүгдэгч  Я.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутгаас Д.Дашдоржийн эзэмшлийн 1 тооны гүүг хулгайлж, бусдад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.

Шүүгдэгч  Я.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруутай байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч  Я.Т-н үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  Я.Т-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч  Я.Т нь хохирогч Д.Дашдоржид 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүхээс хохирогч Д.Дашдоржид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирол барагдуулсан тул гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч  Я.Т нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас шүүгдэгч  Я.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  350 цагийн нийтэд тустай ажил хийлэгх ял оногдуулах ялын дүгнэлтийг,  

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батзолбоо нь “Шүүгдэгч  Я.Т-ын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учирсан хохирлоо төлсөн гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, хор уршгийг арилгасан, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэн харгалзахаар заасан байна. Тиймээс торгох санктай учраас 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх  гэж заасан байгаа. Тиймээс шүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж, үүрэг хүлээлгэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч  Я.Т-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгч  Я.Т нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч  Я.Т-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч  Я.Т-д сануулав.

 

            Бусад асуудлаар:

Эрүүгийн 1934002720212 дугаарын хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч  Я.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

           

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Я овогт  Я.Т-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Я овогт  Я.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Я овогт  Я.Т-д үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Я овогт  Я.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я овогт  Я.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Эрүүгийн 1934002720212 дугаарын хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Я овогт  Я.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Я овогт  Я.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

  •