| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/08144/И |
| Дугаар | 210/МА2025/01754 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/01754
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05906 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 420,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. “*******” ХХК нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “*******” ХХК-тай ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 62.04 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 280,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож орон сууц захиалгын гэрээ байгуулсан.
1.2. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6-д гүйцэтгэгч нь барилгыг 2023 оны 08 дугаар сард хүлээлгэн өгөхөөр заасан боловч өнөөдрийг хүртэл барилга ашиглалтад ороогүй. Бид уг асуудлаар удаа дараа холбогдож, уулзалт зохион байгуулж байсан боловч бодит үр дүнд хүрээгүй, мөн хуульд заасны дагуу нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй.
1.3. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний 14.с-д зааснаар хоног тутамд 0.5 хувийн алдангийг захиалагчид төлөх тул 280,000,000 төгрөгөөс 0.5 хувиар 453 хоногт ногдох алдангийг тооцоход 634,200,000 төгрөгийн алданги өнөөдрийн байдлаар үүссэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээг бууруулан алдангид 140,000,000 төгрөгийг нэмж, нийт 420,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар үүргээ зөрчсөн этгээд буюу хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. “*******” ХХК нь “*******” ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 62.04 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 280,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, төлбөр төлөгдсөн.
2.2. Манай компани нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн газар дээр барилга бариулахаар иргэнтэй гэрээ байгуулсан боловч тухайн гэрээ биелэх боломжгүй байдалд хүрсэн. Үүнд манай талаас шалтгаалах зүйл байгаагүй.
2.3. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 14-т гэрээг цуцалсан бол өөр худалдан авагчид худалдаж, үнийг төлөхөөр тохиролцсон. Иймээс дараагийн худалдан авагчид үл хөдлөх эд хөрөнгийг худалдсаны дараа 280,000,000 төгрөгийг өгөх боломжтой.
2.4. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алданги шаардах эрхгүй, мөн хэрэгт хохирол учирсан нь баримтгүй тул хохиролд 140,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасны дагуу хариуцагч “*******” ХХК-аас 280,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 140,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 1,557,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 140,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.2. Шүүх гэрээний 14.с-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг захиалагчид төлөхөөр заасны дагуу алданги шаардсан боловч энэхүү тохиролцоо нь гэрээ хэрэгжиж буй нөхцөлд үйлчлэх ба гэрээг цуцалснаар гэрээний тохиролцоо мөн цуцлагдах талаар дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ цуцалсан болон цуцалж буй талаар нэхэмжлэл болон тайлбар гаргаагүй тул хууль зүйн буруу дүгнэлтийг шүүх хийсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гарах үед гэрээ цуцлагдаагүй байсныг шүүх анхаарч авч үзсэнгүй.
Шүүх гэрээний холбогдох заалтыг үндэслэн гэрээнд заасан хариуцлагыг зохих этгээдэд хүлээлгэх ёстой байсан.
4.3. Гэрээний үйлчлэл буюу хугацааны талаар нэхэмжлэлд 453 хоногт 634,200,000 төгрөгийн алданги өнөөдрийн байдлаар үүссэн хэмээн дурдсан ба 280,000,000 төгрөгөөс хоног тутамд 0.5 хувиар алдангийг тооцоолж үзэхэд 1,400,000 төгрөг болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээг 140,000,000 төгрөг болгон бууруулсан.
Гэтэл шүүх 453 хоногийн үйлчлэлийг хэрхэн үгүйсгэж байгаагаа хууль зүйн талаас нь тайлбарлаж чадаагүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
4.4. Шүүхийн шийдвэрийн 12-т “Мөн нэхэмжлэгч 140,000,000 төгрөгийн алдангийн шаардлагаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хохирол гэж тайлбарласан хэдий ч хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй. Нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэжээ.
Гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч тал биелүүлэхгүй байсан тул удаа дараа утас болон цахимаар холбогдож, мөн уулзалт зохион байгуулж байсан боловч бодит үр дүнд хүрээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар шүүхэд хандсан.
Хэдийгээр нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг иш татсан байх боловч шүүх хуулийн өөр зүйл, заалтыг хэрэглэх эрхтэй. Учир нь анхнаасаа алданги гаргуулах талаар нэхэмжлэлдээ тусгасан ба гэрээний 14.с дэх заалтыг иш татаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилго тавьсан.
Иймд алданги төлүүлэх хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг шүүх шалгах, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулах замаар хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангах боломж байсан. Өөрөөр хэлбэл, хохирол учирсан эсэх тухай маргаан бус, алданги нөхөн төлөх эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж байгааг шүүх анхаарсангүй. Түүнчлэн 280,000,000 төгрөгийг нь үнэ төлбөргүй хэрэглээд байгаа этгээд ашиг олоод, харин уг мөнгийг шилжүүлсэн этгээд нь бусдад зээлийн хүү төлж хохирч байгааг баримт байхгүй гэх байдлаар хариуцагчийг зөвтгөснийг зөвшөөрөхгүй.
4.5. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан буюу Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн.
5.2. Нэхэмжлэгчийн зүгээс “гэрээгээ цуцлаагүй, гэрээ хүчин төгөлдөр байгаа” гэж тайлбарлаж байгаа боловч гомдлоо Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг үндэслэн гаргасан тул анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг гэрээ нь цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.
5.3. Гэрээний дагуу хүлээсэн үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр төлөх эсэх асуудал нь гэрээ цуцлагдсантай холбоотой учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч талд алданги нэхэмжлэх эрх үүсэхгүй. Харин 280,000,000 төгрөгийн төлбөрийн хувьд хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг дараагийн худалдан авагчид худалдсан учраас уг төлбөрийг шилжүүлэх боломж бүрдсэн тул уг мөнгийг төлөх үүрэгтэй.
5.4. Түүнчлэн нэхэмжлэгч тал манай байгууллагын мөнгийг авч ашигласан гэх гомдол гаргасан ба уг мөнгийг авч ашиглаагүй. Барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд ажлын зогсолт нь манай компаниас бус, тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалсан.
5.5. Нэхэмжлэгчийн гаргасан алданги нэхэмжлэх шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан хохирол гэх утгаар тайлбарлаж байгаа боловч хэрэгт үүнийг нотлох баримт авагдаагүй.
5.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 280,000,000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас алдангид 140,000,000 төгрөг, нийт 420,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангитай холбоотой хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Талуудын хооронд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч тал болох “*******” ХХК нь ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 62.04 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 08 дугаар сард хүлээлгэн өгөх, захиалагч тал болох “*******” ХХК нь орон сууцны үнэ болох 280,000,000 төгрөгийг 80,000,000 төгрөг, 200,000,000 төгрөгөөр тус тус гүйцэтгэгч талын банкны дансанд шилжүүлэхээр тохиролцсон. /хх-ийн 4-7-р тал/
3.2. “*******” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн Хас банкин дахь ******* тоот данснаас “Гэрээний төлбөр, *******” гэх гүйлгээний утгатайгаар 80,000,000 төгрөгийг “*******” ХХК-ийн эзэмшлийн Хас банкин дахь ******* тоот дансанд, мөн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот данснаас “Гэрээний төлбөр, *******” гэх гүйлгээний утгатайгаар 200,000,000 төгрөгийг “*******” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь ******* тоот дансанд тус тус шилжүүлснээр орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн байна. /хх-ийн 10-11-р тал/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн дээрх эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв дүгнэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч “...гэрээ цуцлагдаагүй байсныг шүүх анхаарч үзээгүй, хохиролд биш алдангид 140,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 140,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
5.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагчаас гэрээний төлбөрт төлсөн 280,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийг талууд эс зөвшөөрч гомдол гаргаагүй.
5.2. Гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний үүргээ зөрчсөн этгээдээс гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд хохирол шаардах эрхтэй бөгөөд гэрээнээс татгалзсан бол анз шаардах эрхгүй тул анзын зохицуулалт нь гэрээний хүчинтэй хугацаанд буюу гэрээ хэрэгжиж буй нөхцөлд шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
5.3. Анхан шатны шүүхийн хохиролтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй буюу нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй талаар дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэв. Учир нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол шаардаж байгаа тохиолдолд уг хохирол бодитой байхыг шаардах бөгөөд талуудын гэрээгээр тохиролцсон анзын хэмжээгээр буюу 140,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримталсан нь буруу байх тул гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрхийн зохицуулалт буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05906 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад “225 дугаар зүйлийн 225.1” гэснийг “227 дугаар зүйлийн 227.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 857,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ