Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 189

 

   2019            06             26                                         2019/ШЦТ/189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, шүүгч Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

-иргэдийн төлөөлөгч Н.Болд,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын мөрдөн шалгах, хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын  прокурор Б.Эрхэмбаяр,

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэрэнпагма

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сарантуяа

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар

-гэрч Ч.Цэенрэгзэн, А.Дэлгэрмаа

-шүүгдэгч Т.Ж нарыг оролцуулан Төв аймгийн Жаргалант суманд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.Ж-д холбогдох эрүүгийн 1934000000147 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр баг Шандын 4-1 тоотод оршин суух хаягтай, урьд нь

-Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 09- ний өдрийн 28 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгэй ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Т.Ж /РД:___75121673/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.Ж нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн Шандын 4-1 тоотод 2019 оны 04 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Ууганжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Ж : “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй ” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сарантуяа: “2019 оны 04 дүгээр сарын 01-ний 23 цагийн өдөр манай эгчийн нөхөр рүү Т.Ж  утсаар ярьсан. Тэгээд яваад очиход Т.Ж  гэртээ байсан. Охин хаачсан гэхэд гэрийн гадаа байгаа гэсэн. Тэгээд гартал охин нь цус болсон байсан. Тэгээд хажуу айлын Б.Цэерэгзэнийг дуудаж авчирсан байдаг. Тэгээд эмнэлэг дуудахад амь хохирогч нас барсан байсан гэсэн. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 5.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байсан. Би амь хохирогчийн оршуулгын зардлыг нь хариуцаж байсан. Тэгэхэд 800.000 төгрөг Буян компанид өгсөн боловч хавтаст хэрэгт 500.000 төгрөг гэж бичсэн байсан. Би бүх баримтыг ахдаа өгсөн боловч устгасан байсан. Манай эгч одоо 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Ажил явдалд Т.Ж -ы ах дүү нар нь 500.000 төгрөг төлсөн байсан” гэв.

Гэрч Ч.Цэенрэгзэн: “...Тухайн өдөр доод дэлгүүрээс архи авсан...2 шил Улаанбаатар архи авсан...тухайн хэрэг гарах өдөр Батжаргал, Ууганжаргал, Т.Ж  4-үүлээ уусан...Манай эхнэр орж авсан 0.5, 0.75 литрийн 2 шил архи авсан...Би гэртээ ороод унтаж байхад Ууганжаргалын ээж нь ирээд намайг орой 11 цагийн үед дуудсан...Би Т.Ж -ыг оройны 21 цаг 30 минутын хавьд гэрт нь хүргэж өгсөн...Манай хоёр хөрш айлууд, 100 метр зайтай...би Т.Ж -тай 2006 оноос хойш найзалсан...Т.Ж  амь хохирогч хоёр хааяа л маргаж байсан...хониндоо явахгүй байна энэ тэр гээд Т.Ж -ыг загнаад байдаг байсан...Би тухайн өдөр 21 цаг 30 минутад гэртээ орсон. Анх 2 шил архиТ.Ж -тай хамт айлд уусан. Тэгээд Т.Ж  бид хоёр тэдний гэрт ороод гэрт нь байсан хараа архийг талд нь ортол уугаад би гэртээ харьсан...Манай эхнэр архи уугаагүй...гэрт нь ээж, аавтай нь ороход Т.Жаргалсайхан зүүн орон дээр, баруун талын орон дээр амь хохирогч байсан...гэр нь замбараагүй болоогүй байсан. Тэгээд Жаргалсайхан өөрийгөө ална гээд хутга хайгаад байсан...Хутгыг Пагам эгч нуусан байсан...Би Т.Ж -ыг бариад сууж...Би тухайн үед согтуу байсан болохоор би талийгаачийг согтуу байсан талаар анзаараагүй, Т.Ж -ын гэрт уусан архинаас хохирогч уугаагүй, өдрийн уусан 2 шил архинаас уусан...Т.Ж  хадмындаа очоод ирлээ гээд архи уугаад ирдэг. Хадам аав ээж аавтайгаа 4 үүлээ хамт уудаг юм шиг байна лээ...Машин би жолоодсон. Т.Ж -ыг хүргэж өгөхөд манай эхнэр машин барьсан...талийгаач манайд өдөр болгон орж ирдэг. Хааяа Жагаа намайг зодлоо ээждээ хэлнэ гээд байдаг байсан...архи хэрэглээгүй бол энэ хэрэг гарахгүй...Т.Ж  эрүүлдээ гайгүй, согтуудаа муухай ааш гаргадаг...яриа хөөрөө нь тааруу архи уухаараа гацаад байдаг...Би яагаад эхнэрээ хутгалсан талаар асуугаагүй яагаад ийм юм хийчхэв гэсэн амьдралаас уйдсан гэсэн...Би Т.Ж -ы өмдний тэлээнээс нь бариад цагдаа ирэх хүртэл 1 цаг гаран болсон...Би архи уусандаа гэмшиж байна. Би нээх уруу татаж архи уугаад байдаггүй...Хохирогч нарт юу хэрэгтэй талаар нь асууж байгаад тусална...гэртээ байхдаа орилоон чарлаан болохыг мэдээгүй, унтаж байсан...” гэв.

Гэрч А.Дэлгэрмаа: “...Арвинжин дэлгэрэх дэлгүүр манай эгч Дэнсмаагийн дэлгүүр...1995 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа...Архины зөвшөөрөлтэй...5 жилийн өмнө авсан...зөвшөөрлөө 2018 оны 7 сард сунгуулсан...би Т.Ж -ыг танина, найз нөхөд хамаатан садангийн холбоо байхгүй. Нэг нутгийн хүмүүс. Би хар багаасаа танина...2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр архи зардаггүй өдөр байсан, манай найз Өсөхжаргал гуйгаад байсан... Өсөхжаргал нь хүнтэй хамт айлд малаа тавих гэсэн юм, яаж айлд хоосон орох вэ гээд гуйгаад байсан...амь хохирогчийг нэг нутаг учраас танина...архи зарснаас болж нэг хүний амь нас хохирсонд гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

Хавтаст хэргээс хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-11 тал/, цогцсын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 тал/, цогцосын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлүүд /хх-ийн 25-26 тал/, хохирогч З.Цэрэнпагамын мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/, гэрч Ч.Энхдалайгийн  мэдүүлэг /хх-ийн 35 тал/, гэрч Б.Наранзулын мэдүүлэг /хх-ийн 36 тал/, гэрч Ц.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/, гэрч Б.Батмөнхийн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/, гэрч Ч.Цэенрэгзэнгийн мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/, гэрч Д.Дашдаваагийн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, гэрч А.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/, шинжээчийн №595 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50 тал/, шинжээчийн №1933 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-77 тал/, шинжээчийн №52 дугаартай дүгнэлт /хх-ийн 98-99 тал/, шинжээчийн №2257 дугаартай дүгнэлт /хх-ийн 103 тал/, Т.Ж -ы сэжигтэнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 112 тал/, Т.Ж -ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 131-133 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-ийн 127-130 тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

        Шүүгдэгч Т.Ж нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн Шандын 4-1 тоотод 2019 оны 04 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Ууганжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цээжин тус газарт хутгалж алсан болох нь:

  • Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-11 тал/
  • Цогцосны хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 12-14 тал/
  • Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүл, /хх-ийн 15-17 тал/
  • Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 18-21 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 127 тал/
  • Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 141 тал/
  • Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэрэнпагмын “...Өчигдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед нөхөр бид хоёрыг гэртээ унтаж байхад манай охин Ц.Ууганжаргалын утсаар хүргэн Т.Ж  манай нөхөртэй яриад өөрөө гадаа уначихсан байна гээд байгаа юм уу мэдэхгүй учир нь ойлгогдохгүй юм согтуу утсаар яриад байна бушуу яваад ирье гээд бид хоёр хувцасааа өмсөөд гэрээсээ 23 цаг 30 минутын орчимд байх гарч яваад 00 цагийн үед хүргэн Т.Ж -ы гэрт иртэл гэр дотор Т.Ж  ганцаараа сууж байсан ба охин хаана байна гэж намайг асуухад гадаа байгаа миний хань гэрээс гараад явсан гэж байсан. Тэгэхээр нь нөхрийн хамт гэрээс гараад урд зүгт гарч явтал гэрээс холгүй 8-9 метр зайд миний охин дээшээ харчихсан байдалтай биеийн цээж энгэр хэсэг нил цус болсон цус нь газарт туначихсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь би нөхрийн хамт охиноо дамжлаад гэрт оруулаад дээгүүрээ өмсөж байсан цустай хувцасыг нь солиод түргэн дуудаад эмнэлэг рүү авч явах гэж байхад гэрт эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр нас барчихсан. Би Т.Ж -тай хамт архи уусан Шонхоо гэх залууг гэрээс нь авч ирэхэд Шонхоо согтуу байсан ба Т.Ж -ы гэрт ороод Т.Ж  нь гэрээсээ гарч явах гэж байхаар нь Шонхоо барьж сууж байгаад цагдаа ирэхээр нь Т.Ж -ыг сумын цагдаад хүлээлгэн өгсөн. Намайг талийгаачийн гэрт очиход Т.Ж  нь нилээн согтолттой байсан ба юу болж байгаагаа сайн ойлгож мэдэхгүй байгаа юм шиг байсан...Т.Ж  надад талийгаачийг хутгалж алсан талаараа хэлээгүй, миний эхнэр гадаа байгаа гэсэн үг хэлсэн, гарч хартал миний охин цусандаа хутгалдчихсан хэвтэж байсан...Эхнэрээ гэрээсээ хөөгөөд гэр рүү явуулчихдаг, манай охин гэртээ уйлж ирээд байж байхад нь Т.Ж  нь араас нь ирээд гэр рүүгээ дагуулаад явдаг байсан...Миний охин надад хэлэхдээ архи уухаараа хутга шөвөг барьж дайрах гээд байдаг гэж хэлж байсан. Т.Ж -ы гэрийн ширээн дээр байсан 2 хутгыг харсан ба шар болон хар иштэй 2 хутга байсан хар иштэй хутга нь цус болчихсон байсан...Т.Ж  хувьд жаахан жоохон муухай ааштай, догшин дээрэнгүй, түрэмгий түргэн ууртай хүн шиг санагддаг юм. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/
  • Гэрч Ч.Сувд-Эрдэнийн “Би 2019 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө...01 цагийн үед миний утас дугараад манай бэр эгч Өсөхжаргал залгаад машинаа асаагаад хурдан хүрээд ир багын засаг даргын утас холбогдохгүй байна, унтаж байсан чинь Пагма эгч Мөнхөө ах 2 цонх нүдээд Жагаа манай хүүхдийг алсан байна гээд байна чи яаралтай хурдан ир гэсэн тэгээд би машинаа асаах зуураа багын засаг дарга руу залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би ахындаа иртэл Өсөхжаргал эгч гэртээ охиноо тэврээд уйлаад сууж байсан...тэгээд би цагдаатай гэрт нь ортол  талийгаач шалан дээр газар хэвтэж байсан, цээжин хэсэг нь цус болсон байсан, аав, ээж нь бас Т.Ж , Ценрэгзэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/
  • Гэрч Ч.Энхдалайгийн “...2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө 00 цаг 28 минутанд Төв аймгийн Жаргалант сумын эмнэлгээс ярьж байна гээд 88737332 дугаарын утсаар мэдэгдэхдээ Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт хутгалуулсан байдалтай ухаангүй эмэгтэй хүн байна гэх дуудлагын дагуу сумын хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах, ахлагч Ц.Ганбатын хамт Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Шандын 4-1 тоотод очиход гэрийнх нь гадаа зүүн талд нь саарал өнгийн тоёота приус -20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан ба гадаа гэрийнх нь үүдэнд талийгаачийн аав нь байгаа юм эмнэлэг ирж байгаа юу гээд эрэгтэй хүн байж байсан. Гэрт ороход гэрийн зүүн талд 2 эрэгтэй хүн газарт сууж байсан, баруун талын орон дээр эмэгтэй хүн сууж байсан ба орны урд газарт амьсгал хураасан байдалтай эмэгтэй хүний цогцос байсан. Тэгэхээр нь Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд мэдэгдэж бүрэлдэхүүн явуулах талаар дуудлага өгөөд гэрийн зүүн талын орны урд газарт сууж байсан архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан 2 эрэгтэй хүнийг саатуулсан. Намайг асуухад Т.Жаргалсайхан нь надад тайлийгаач бид хоёр хоорондоо гэр бүлийн харилцаанаас болж маргалдаж хэрэлдээд би хутга автал талийгаач гэрээс гараад зугтаасан тэгэхээр нь би хойноос нь гүйж очиж барьж аваад араас нь мөрөн дээгүүр нь гараа давуулаад цээжин тус газарт нь хар иштэй хутгаар нэг удаа хутгалсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/
  • Гэрч Б.Наранзулын “...Би 2019 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө эмнэлэг дээр өөр дуудлаганд яваад ирсэн байсан, тэгээд 00 цаг 27 минтад хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага аваад бэлтгэл байдлаа хангаад 00 цаг 42 минутанд эмнэлэг дээрээс гараад хэргийн газар дээр 01 цаг 25 минутанд очиход гэрийн гадаа газар шороон дээр их хэмжээний цус байсан. Гадаа байсан хүмүүс хохирогчийг гэрт оруулсан гэж хэлсэн. Тэгээд гэрт ороход газар хөнжил нөмрүүлсэн эмэгтэй хүний цогцос байсан. Тэгээд би пүлс үзсэн байхгүй 0 заасан тэгтэл бие хөрсөн хөшчихсөн, цамцыг нь сөхөөд хартал зүүн талын хөхнөөс дээш 2-3 дугаар хавирганы завсар 2-2.5 см өргөн ил шархтай байсан. Тэгээд эргүүлээд хартал нуруунд хүүрийн толбо үүссэн байсан, тэгээд хөшсөн байсан үүнээс үзэхэд дуудлага өгөхөөс өмнө нас барсан байж болзошгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36 тал/
  • Гэрч Ц.Ганбатын “...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Жаргалант сумын замын цагдаагийн зохицуулагч Ч.Энхдалай 88702828 дугаарын утаснаас залгаж Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт хутгалуулсан байдалтай ухаангүй эмэгтэй хүн байна гэж дуудлага ирлээ гээд бид хоёр дуудлагын дагуу Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Шандын 4-1 тоотод очиход гэр дотор гэрийн зүүн талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 2 эрэгтэй хүн, гэрийн баруун талд орон дээр нэг эмэгтэй хүн сууж байсан орны урд шалан дээр нас бараад удаагүй ягаан хөнжлөөр бүтээсэн эмэгтэй хүний цогцос байсан. Гэрийн эзэн Т.Ж -ыг хамт архи уусан хүний нь түр саатуулах арга хэмжээ авсан. Замын цагдаагийн зохицууулагч цагдаагийн дэслэгч Ч.Энхдалай бид хоёр Т.Ж -ыг түр саатуулан тээврийн хэрэгсэлд суулгаж байгаад гэрэлд гарыг нь харахад зүүн гарын алга цустай, өмдний өвдөг хэсэг цус болсон байдалтай байсан. Ч.Энхдалай юу болсон талаар асуухад Т.Ж  нь би эхнэрээ хутгалсан юм гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/
  • Гэрч Б.Батмөнхийн ”... 2019 оны 04 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед байх миний талийгаач охины утсаар нөхөр нь болох Төмөрбаатар овогтой Т.Ж  нь залгаад согтуу юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй ямар ч байсан гадаа хэвтэж байна гэж хэлээд байхаар нь би эхнэрээ сэрээгээд талийгаачийн гэр лүү яваад ирэхгүй бол болохгүй нь Т.Ж  залгаад гадаа хэвтэж байна гэх шиг ойлгогдохгүй юм яриад байна гэж хэлээд эхнэрээ дагуулаад талийгаачийн гэр лүү явсан. Эхнэр бид хоёр шөнө 23 цаг нилээн өнгөрөөд бараг 00 цагийн үед талийгаачийн гэрт явж очсон байх,  талийгаачийн гэрт нь ортол Т.Ж  гэртээ согтуу ширээн дээр нь шар иштэй болон хар иштэй 2 хутга байсан, тэгээд би талийгаачийг хаана байгаа талаар нь асуутал Т.Ж  миний хань гадаа байгаа гэхээр нь эхнэр бид хоёр гэрээс нь гараад гэрийнх нь урд талд очтол миний охин Ц.Ууганжаргал газарт дээшээ хараад хамаг хувцас нь цус болчихсон цустайгаа хутгалдчихсан байхаар нь эхнэр бид хоёр өргөж гэрт нь оруулаад хувцасыг нь солиод өөр хувцас өмсүүлээд байж байхад талийгаач амьсгал хураасан. Бид хоёрыг талийгаачийн гэрт очоод удаагүй байж байтал Шонхоо гээд залуу тайлийгаачийн гэрт орж ирсэн ба Т.Ж -ыг гэрээс гарч зугтах гэж байхад нь Шонхоо барьж аваад цагдаа иртэл дарж байгаад цагдаад хүлээлгэн өгсөн...Т.Ж -ы ширээн дээр байсан 2 хутганы хар иштэй хутга нь цус болчихсон байсан. Нилээн гүн орсон юм шиг байна лээ их том хутга байсан...Т.Ж  талийгаач хоёр нь зөндөө маргалдаж муудалцаж байсан. Т.Ж  нь архи уухаараа талийгаачийг маань гэрээсээ хөөж ална барина гээд байдаг байсан. Манай талийгаач тэр болгон ээждээ болон надад хэлээд байдаггүй байсан. Талийгаач гэрээсээ хөөгдөөд манай гэрт хүрээд ирдэг байсан ба Т.Ж  араас нь ирээд талийгаачийг аваад л яваад өгдөг байсан. Т.Ж  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ их тавтаргүй агсан тавьдаг, агсан зантай уур омогтой байдаг юм. Т.Ж  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутга барьж эхнэрээ айлгаад байдаг байсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38 тал/
  • Гэрч А.Батжаргалын: “...2019 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр...Цэенрэгзэнттэй тааралдаад гэрт нь хамт очоод хоол идээд сууж байтал Т.Ж  эхнэр Ц.Ууганжаргалын хамт Шонхоогийн гэрт нь орж ирээд байж байгаад Шонхоо намайг түрүүлж яваад ногооны талбайн ойролцоо очоод байж бай гэсэн тэгэхээр нь би Т.Ж -ы хамт сууж байхад Шонхоо араас эхнэр хүүхэдтэйгээ талийгаачийн хамт ирсэн ба бил нар тэнд сууж байгаад 2 шил Улаанбаатар нэртэй 0,5 литрийн болон 0,75 литрийн архийг Т.Ж , Шонхоо, талийгаач бид дөрөв хувааж уусан. Тэнд архиа ууж дуусаад намайг хүргэж өгөхөөр бид нар хамт яваад би гэртээ хүргүүлээд гэртээ үлдсэн ба өөр зүйл би санахгүйш байна, би их согтсон байсан...тухайн өдөр Т.Ж  талийгаач хоёр нь маргалдаж муудалцсан зүйл ажиглагдаагүй хэвийн л байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/
  • Шүүгдэгч Т.Ж -ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би тус зүйл ангитай болон прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан би хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед эхнэр бид хоёр хөрш айлын Шонхоогийн гэрт орсон тэгтэл Шонхоогийн гэрт эхнэр нь хүүхэдтэйгээ, Шонхоо болон миний танил Батжаргал нар нь байж байсан Батжаргал нь хөдөөнөөс машинаа техникийн үзлэгт оруулахаар сумын төвд орж ирээд байж байна гээд сууж байсан ба Шонхоо Батжаргалыг хэдүүлээ зүүн гол руу дөхүүлээд өгье гээд бид нар Зүүн гол руу явахаар болоод би Батжаргалын машинд суугаад зүүн голын ойролцоо байдаг ногооны талбайн хажууд суугаад Шонхоо болон Шонхоогийн эхнэр, өөрийн эхнэрээ ирэхийг хүлээгээд байж байсан. Тэд нар удалгүй 10-20 орчим минутын дараа ногооны талбай дээр Батжаргал бид хоёрын байсан газарт ирсэн ба бид нар бөөндөө юм ярьж суугаад Шонхоо бид хоёр Батжаргалын малд өөрсдийн хонь, ямаагаа тавих талаар ярьж байхдаа 1 шил 0.75 литрийн Улаанбаатар, 0.5 литрийн Улаанбаатар нийт 2 шил архийг талийгаач, би, Шонхоо, Батжаргал бид дөрөв хувааж уусан ба Шонхоогийн эхнэр нялх хүүхэдтэй тул архинаас уугаагүй машин барьж явсан. Бид нар тэндээ сууж архиа ууж дуусгаад Батжаргалын машиныг Шонхоо унаад Батжаргалыг хажуудаа суулгаад явсан ба Шонхоогийн машинд эхнэр бид хоёр суугаад Шонхоогийн эхнэртэй Шонхоог дагаад Батжаргалын гэрийн гадна очоод Батжаргалын гэрийн хажууд байх Баяраагийн гэрт Батжаргал, Шонхоо хоёр орсон ба би араас нь орход Баяраа нэг шил 0,5 литрийн архи задалж өгсөн ба бид гурав хувааж уугаад сууж байтал Шонхоогийн эхнэр гаднаас Баяраагийн гэрт орж ирээд Шонхоог явъя гээд уурлаад Баяраагийн гэрээс аваад гарахаар нь би араас нь дагаж гараад бид нар машиндаа суугаад Жаргалант сумын Загдал 4 дүгээр баг Шандын 4-1 тоотод байх манай гэрийн гадна ирсэн ба Шонхоо манай эхнэр бид гурав манай гэрт орсон Шонхоогийн эхнэр гэр рүүгээ явсан. Би гэрт ороод хөргөгчнөөсөө 0.5 литрийн Хараа нэртэй архи гаргаж эхнэр бид гурав хувааж уугаад Шонхоо манай гэрээс гараад явсан гэрт эхнэр бид хоёр үлдсэн. Эхнэр баруун талын орон дээр сууж байхад нь би надад архины мөнгө өгчих гэхэд талийгаачийн өөдөөс юу гэж хэлсэнийг санахгүй байна би архины мөнгө нэхэж байснаа л санаж байна би талийгаачтай мөнгөнөөс болж хэсэг маргалдсан юм, тэгэхэд талийгаач уурлаад гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би талийгаачийн араас гарахдаа гартаа хутга авч гараад талийгаачийг айлгаж байгаад мөнгө авах гэж араас нь очихдоо мөрөн дээгүүр нь гараа давуулах шиг болсон боловч цээжний зүүн талд нь нэг удаа хутгалчихсан байсан ба эхнэр газарт хэвтээд үлдсэн, хутгаа бариад гэр рүүгээ орсон. Тэгээд би хэсэг гэрт байж байгаад талийгаачийг гэрт орж ирэхгүй удаад байхаар нь буцаж гараад гэрийн урд талийгаачийн хэвтэж байсан газарт очтол талийгаач хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би гэр рүү ороод талийгаачийн утаснаас би хүн алчихлаа гэсэн утгатай юм яриад хүмүүс рүү залгасан байсан. Тэгээд би хэсэг хугацаанд ухаангүй юу болоод байгааг ойлгохгүй байж байгаад нэг сэргэтэл манай гэрт Шонхоо болон хадам аав, ээж ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-133 тал/
  • Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №595 дугаартай “Т.Ж  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна, өөрийнхөө үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байна, төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №1933 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн цамцанд 27 мм, саарал өнгийн цамцанд 26 мм, 12x12 мм хурц иртэй зуйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. 2.Шаргал өнгийн өмдөнд 8 мм, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт байна. З.Шинжилгээнд ирүүлсэн хар иштэй хутганд цайвар ногоон цамцны материал болох химийн ширхэгт материалын сэмэрдэс байна. 4.Иймд шинжилгээнд ирүүлсэн хар иштэй хутгаар үүссэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 73-77 тал/

  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 52 дугаартай “...1,2.Ц.Ууганжаргалын биед цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэн болон хураагуур, тараагуур судас гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. З.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4.Ц.Ууганжаргалын уушгины дэлбэнгийн нэвтэрсэн шарх, уушгины хураагуур судас, тараагуур судасны гэмтлийн улмаас цээжний хөндийд цус хуралдалтын улмаас нас баржээ. б.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. б.Талийгаачийн цуснаас 2.6 промилли, ходоодны шингэнд 4.1 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 7.Дээрх гэмтэл нь нэг тал нь мохоо, нэг тал нь хурц ир бүхий зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 8. Ц.Ууганжаргал нь анхан шатны тусламж үзүүлсэн ч амьд үлдэх боломжгүй гэмтэл байна. 9.10. Талийгаачийн үтрээнээс авсан шинжилгээнээс эр бэлгийн эс илрээгүй байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 98-99 тал/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Оюунаагийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2257 дугаартай “...1 .Шинжилгээнд ирүүлсэн 32 см урттай хутган дээрээс цус илэрсэн. АВО системээр В /III/ бүлгийн харъяалалтай хүний цус байна...” гэх дүгнэлт /хх-ийн 103 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн баримтаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдсон байна.

                            

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь “...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй. Хамтран архидаж байгаад нэг хүний амь нас нь хохирсон. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг нь гэр бүлийн хүчирхийллийн төвийн дүгнэлт, Засаг даргын дүгнэлт зэргээр нотлогдох ёстой атал хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Учир нь хэдийгээр Т.Ж , хохирогч Ц.Ууганжаргал нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байсан талаар гэрч, хохирогч, шүүгдэгч тэдгээрийн аав ээжийн мэдүүлгүүдээр нотлогддог.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна.” мөн хуулийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэрт амьдарч байгаа этгээд “ гэж,

            Мөн хуулийн 3.2-т “...гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна. гэж,

            Мөн хуулийн 5.1.1 -т “гэр бүлийн хүчирхийлэл “ гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.” гэж заасан байна.

            Т.Жаргалсайхан нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ц.Ууганжаргалаас архины мөнгө нэхэж сүрдүүлж сэтгэл санаанд дарамт учруулсан, улмаар сэтгэл санааны дарамт үзүүлээд зогсохгүй түүнийг бие махбодид халдаж, хутгалж алсан үйлдэлийг тус тус гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэстэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ж -ыг хамтран амьдрагч Ц.Ууганжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Т.Ж -ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ц.Ууганжаргалыг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

  

Шүүгдэгч Т.Ж  нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн буюу уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай  хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 10-р тогтоолоор батлагдсан “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг зөрчиж “Арвижин Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн худалдагч А.Дэлгэрмаа нь архи согтууруулах ундааны зүйл Ч.Цэенрэгзэнгийн эхнэр болох Өсөхжаргалд зарж, Ч.Цэенрэгзэн нь шүүгдэгч Т.Ж , Ц.Ууганжаргал нартай архидан согтуурсаны улмаас үүдэлтэй байна.

Гэрч Ч.Цэенрэгзэн нь мөрдөн байцаалтын шатанд “...Ц.Ууганжаргал, Т.Ж  нар нь хоорондоо маргалдаж муудалцаад хэрэлдээд байдаг байсан. Тэгээд маргалдахаараа Ц.Ууганжаргал манай гэрт ороод ирдэг байсан, араас Т.Жаргалсайхан ууртай орж ирдэг байсан ба хонь малдаа явах, гэрийн ажил хийхдээ маргалдаж муудалцаад байдаг  юм шиг байсан...сүүлийн хоёр жил орчим хугацаанд хоорондоо нийлж хоёулаа архи уугаад байдаг болчихсон...” /хх-ийн 41 тал/ гэж,  шүүхийн хэлэлцүүлэгт “...Т.Ж амь хохирогчтой муудалцаж байгаагүй, Ц.Ууганжаргал, Т.Ж  нар нь нээх их архи дарс уудаггүй...” гэж зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд гэрч Ч.Цэенрэгзэнгийн мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн үнэлээгүй болно.

Харин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэйгээр худал мэдүүлэг өгсөн гэрч Ч.Цэенрэгзэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасан үүргийг биелүүлээгүй байх тул мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар,

Мөн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 10-р тогтоолоор батлагдсан “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын 4.3-д “Сар бүрийн 01-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчиж тухайн гэмт хэрэг гарсан өдөр 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан “Арвижин дэлгэрэх” хүнсний дэлгүүрт тус тус хуульд заасан арга хэмжээг авахуулахаар Цагдаагийн газарт холбогдох материалыг хүргүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэрэнпагма нь мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зан үйл болон бусад зардалд 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 5.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно.” гэж, мөн хуулийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэрэнпагмын нэхэмжилсэн 5.300.000 төгрөгийг шүүгдэгч Т.Ж -аас гаргуулахаар шийдвэрлэлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэрэнпагма нь “...Ажил явдалд Т.Ж ны ах дүү нар нь 500.000 төгрөг өгсөнийг нэхэмжилж байгаа 5.300.000 төгрөгт оруулаагүй...” гэж мэдүүлж байх тул шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэрэнпагмын нэхэмжилсэн 5.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Т.Ж -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 20 жил хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь: “Ял шийтгэлийн гол зорилго нийгэмшүүлэх учраас ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Т.Ж -д 12 жилийн хорих ялыг нээлтэй хорих ангид эдлүүлж өгнө үү” гэх саналыг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Миний эгч Т.Ж -ыг уучилсан гэж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналаар ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

            Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Ж -ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.Ж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

 

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг тамхины иш, талийгаач Ц.Ууганжаргалын өмсөж байсан хувцас болох хар өнгийн өмд, цайвар өнгийн футболка, ногоон өнгийн нимгэн цамц, ногоон өнгийн куртик, 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архины шил 1 ширхэг, шар өнгийн иштэй ажлын хэсэг нь 12,5 см, нийт урт 24,5 см хутга, хан өнгийн иштэй ажлын хэсэг нь 19,5 см, нийт урт нь 32 см хутга зэргийг устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Ж  нь 2019 оны 04 сарын 04-ний өдрөөс эхлэн 2019 оны 6 сарын 26-ны өдөр хүртэл нийт 84 хоног цагдан хоригдснийг ял эдлэх хугацаанд оруулан тооцвол зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Т.Ж -ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б овогт Т.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч шүүгдэгч Б овогт Т.Ж-д оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Т.Ж-ы урьдчилан цагдан хоригдсон 84 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Т.Ж нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэрэнпагмад оршуулгын зардалд 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б овогт Т.Ж-аас  5.300.000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэрэнпагмад олгосугай.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг тамхины иш, талийгаач Ц.Ууганжаргалын өмсөж байсан хувцас болох хар өнгийн өмд, цайвар өнгийн футболка, ногоон өнгийн нимгэн цамц, ногоон өнгийн куртик, 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архины шил 1 ширхэг, шар өнгийн иштэй ажлын хэсэг нь 12,5 см, нийт урт 24,5 см хутга, хан өнгийн иштэй ажлын хэсэг нь 19,5 см, нийт урт нь 32 см хутга зэргийг устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус даалгасугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б овогт Т.Ж-д авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                          ШҮҮГЧИД                                  Ю.ЭНХМАА

 

                                                                                        Ш.ГАНДАНСҮРЭН