| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2019/0180/Э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 190
2019 06 28 2019/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг
-улсын яллагчаар Б.С
-хохирогч Ж.Мөнхзаяа
-шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр
-шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Г.Д-д холбогдох эрүүгийн 1934003250202 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 2-р багийн Хийдийн 9-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг харуцах чадвартай гэх У овогт Г.Д, /регистрийн дугаар ___67111763/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Г.Даваа нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ Бэрсүүд” хүнсний дэлгүүрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ж.Мөнхзаяатай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч У овогт Г.Д: “Нэмж хэлэх зүйл байхгүй. Нүүрийг шалбалсан нь үнэн. Ээж охин хамтарч над руу дайраад гар хөлөө өөрсдөө цэнхэр болгосон байгаа. Мэдүүлгээ үнэн зөв өгөх шаардлагатай. Гэм буруугаа ойлгож байгаа” гэв.
Хохирогч Ж.Мөнхзаяа “2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 09 цаг болж байхад энэ хүн орж ирээгүй. Энэ хүнийг орж ирэхэд би ганц ч удаа хэл амаар доромжлоогүй. Энэ хүн орж ирэнгүйтээ ус тамхи авъя гэсэн. Цуг орж ирсэн эгч нь ус, тамхи аваад гарсан. Тэгээд гарангуутаа тамхийг нь аваад татсан. Усыг нь задлаад уусан. Мобайль нь ажиллахгүй байна гээд зогсоод байсан. юм байна. Согтуу байгаа юм шиг байхаар нь би энэ хүнд архи өгөөд дэмий юм байна гээд архийг нь авч өгөөгүй. Энэ утсыг аваад үлдчих 500.000 төгрөгийн үнэтэй утас гэж хэлсэн. Үгүй эгчээ тийм зүйл байхгүй, авсан юмныхаа мөнгийг төл гэж хэлсэн. Тэгсэн чинь шууд Цолмон эгчийн ууж байсан усыг аваад таглаад байсан. Би ширээ рүү шидчих байлгүй гээд бодоод доошоо хараад захиалах барааны нэрийг бичиж байсан. Би энэ хүнийг гуйлгачин гэж дуудаагүй. Энэ хүн намайг их доромжилсон. Би энэ хүнтэй байж болох бүх ёс суртахуунаар нь харьцсан. Би өөрөөр яаж харьцахаа мэдэхгүй байна. Хөгшин хүнтэй юу ярихав дээ. Намайг цохиод гараад гүйсэн. Ээж араас нь цагдаа дууд гэж хэлээд гараад гүйсэн чинь ээжийг Цолмон эгч зодсон. Энэ хүн урд нь зогсож байсан. Би очоод ээжийг салгаж авахад миний нүүрийг дагаад юм урсаж эхэлсэн. Цус гарч байсан. Би энэ хүнийг цохиж, үснээс нь зулгаагаагүй. 153.000 төгрөгийг авсан. Манай дэлгүүр 3 өдрийн орлого байхгүй болсон. Би хичээлээсээ чөлөө авсан байгаа учраас дэлгүүртээ суудаг. Эмчид үзүүлэх гээд явсан. Би орой дэлгүүртээ байхаар согтуу хүн ороод ирэхээр их айж байгаа. Миний хөмсөг саяхан эдгэрсэн. Би хөмсгөө будаж үзээгүй. Хөмсөг дээр маань үс ургаагүй болохоор будсан байна. Ганц ч удаа надаас уучлалт гуйгаагүй. Энэ хэрэг болсноос хойш цагдаа дээр явж байхад таараад та нар гомдол гаргаад яваад байх юм. Би гэртээ байж байх байсан юм гээд байсан. Хэрэг болсон өдөр ээж миний хүүхдийг зодчихлоо чамд үр хүүхэд байхгүй юм уу гэхэд надад үр хүүхэд байхгүй. Хүүхдийг чинь зодсон ч яадаг юм бэ гээд байсан. Би тэрийг сонссон. Өөрийгөө уучлалт гуйсан гээд яваад байгаа нь таалагдахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Эмчилгээний зардал 153.300 төгрөг, олох байсан орлого гэж 600.000 төгрөгөөр нэхэмжилж байна. Хөмсөгний үс нь ургаагүй учраас энэ дээр хүртэл нэмж нэхэмжлэлийн шаардлага гаргамаар байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Ц.Мөнхзаяагийн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, гэрч Д.Нэргүйн мэдүүлэг /хх-ийн 14 тал/, хохирогч Ц.Мөнхзаяагийн эрүүл мэндэд хийсэн шинжээчийн №264 дугаартай дүгнэлт /хх-ийн 23 тал/, шүүгдэгч Г.Даваагийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/, хохирогч Ц.Мөнхзаяагаас нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх-ийн 48-19, 56-59 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 50-53 тал/, шинжээч И.Ганбололрын мэдүүлэг /хх-ийн 69 тал/ болон шүүгдэгч У овогт Г.Д-ийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Шүүгдэгч У овогт Г.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ Бэрсүүд” хүнсний дэлгүүрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ж.Мөнхзаяатай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч У овогт Г.Д-ийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч Ж.Мөнхзаяагийн биед “баруун хөмсөгт шарх, баруун гарын сарвуу, 4 дүгээр хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт“ гэмтэл учруулсан У овогт Г.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Ж.Мөнхзаяагийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ззааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч У овогт Г.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон,У овогт Г.Д-ийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч У овогт Г.Д бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Мөнхзаяа нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 153.300 төгрөг, дэлгүүрийн 3 өдрийн орлого 600.000 төгрөг нийт 753.300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгч У овогт Г.Д нь эмчилгээний зардал 153.300 төгрөгийг төлсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Мөнхзаяа нь дэлгүүрийн 3 өдрийн орлого болох 600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нэхэмжидсэн бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт авагдсан Бэрсүүд дэлгүүрийн өдрийн орлого бүртгэсэн гар бүртгэлийн дэвтэрийн хуулбар /хх-ийн 156 тал/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу хэдэн төгрөгийн ямар бараа авдаг, авсан бараагаа хэдэн төгрөгөөр зардаг, тухайн зарсан бараанаас хэдэн төгрөгийн ашиг олдог зэрэг санхүүгийн анхан шатны баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Ж.Мөнхзаяагийн 600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч У овогт Г.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр нь “У овогт Г.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн. Хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Хүүхэдтэйгээ амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тухайн нөхцөл байдал нь хувийн таарамжгүй харилцааны улмаас үүссэн байгаа. Иймд торгуулын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна
ШүүгдэгчУ овогт Г.Д-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч У овогт Г.Д-г тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан хэдий ч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч У овогт Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж,
Уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан 90 хоногийн хугацаанд төлж барагдуулахыг сануулж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулав.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У овогт Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Мөнхзаяад 153.300 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: