| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0105/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
хохирогч Э.Наранцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч А овгийн Б.Т-д холбогдох эрүүгийн 1834006070105 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын 2 дугаар төрөх газар 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо 5-547 тоотод оршин суух, улсаас гавсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 033121 дугаарын регистртэй, А овгийн Б.Т
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өсвөр насны яллагдагч Б.Т нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 2-Б-09 тоотод байрлах иргэн Э.Наранцогтын өмчлөлийн байнга амьдрах зориулалтай байшинд нэвтэрч, дунд гарын цагаан хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 3.548.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч, хохирогчоос
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Т:
“... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...”
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Наранцогт:
“...Энэ хүүхэд нь манайд багаасаа морь унадаг байсан. Нодлин хичээлийн амралтын үеэр морин дээр байж байгаад өөрөө энд сургуульд сурмаар байна гэсэн. Тэгэхээр нь авчраад манайхаас сургууьдаа явдаг байсан. Энд 9 дүгээр ангиа төгсөөд манайхаас яваад өгсөн. 8 сарын 4-ний өдөр би Оросын Холбооны Улсын Улаан Үүд хот руу яваад ирэхэд манай эхнэр хөөрөг алга болсон тухай хэлсэн. Цагдаад мэдэгдээд өнгөрсөн. 8 сарын хэдний өдөр энэ хүүхэд Төв аймагт ирсэн гэж дуулдахаар нь энэ хүүхдийг шалгаж өгөөч гэж цагдаад хэлсэн. Тэгсэн манай хөөргийг авсан байсан. Хохирлоо гэрээ байгуулсан хугацаанд төлөөд дуусгах юм бол гомдол санал байхгүй гэв...”
Эрүүгийн 1834006070105 дугаартай хэрэгт хохирогч Э.Наранцогтын /хх-ийн 9, 10 дугаар хуудас/, гэрч Ч.Эрдэнэсувдын /хх-ийн 11-12, 15 дугаар хуудас/, гэрч Э.Наранцогтын /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч А.Батхишигийн /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Г.Эрдэнэболдын /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Г.Амбасэлмаагийн /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Т-ийн /хх-ийн 20-22 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч Б.Т-ийн /хх-ийн 41-42 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0741 дугаартай ...иргэн Ч.Эрдэнэсувдын өмчлөлийн хөөрөгнийн үнэлгээний тайлан, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 24-29, 30-32 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-6 дугаар хуудас/, Э.Наранцогтын алдсан гэх хөөрөгний зураг /хх-ийн 48 дугаар хуудас/, Г.Эрдэнэболдын цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49 дүгээр хуудас/, төлбөр барагдуулах гэрээ, хохирлоо нөхөн төлөх хэлцэл /хх-ийн 52-53 дугаар хуудас/, өсвөр насны хүүхдийн зан байдлын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 47 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51, 54-68 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Өсвөр насны яллагдагч Б.Т нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 2-Б-09 тоотод байрлах иргэн Э.Наранцогтын өмчлөлийн байнга амьдрах зориулалтай байшинд нэвтэрч, дунд гарын цагаан хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 3.548.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Э.Наранцогтын ...ОХУ-ын Улаан-Үүд хот руу явах даа эхнэр Ч.Эрдэнэсувдад өөрийн хөөргөө үлдээгээд явсан. Намайг явсны маргааш өдөр нь гэрээсээ миний хөөргийг хулгайд алдсан байсан. Миний хөөрөгний онцлог содон шинж нь гэвэл шахмал шүрэн толгойтой, хашны холтос дээр хийморь морь сийлсэн /хөөрөгний нэг талын бөөрөн дээр морь сийлсэн/ дунд гарын цагаан хаш хөөрөг байсан... /хх-ийн 9, 10 дугаар хуудас/,
гэрч Ч.Эрдэнэсувдын ...41-р байранд ээж Цэндсүрэнгийн гэрт очоод 18 цагт гэртээ ирээд нөхрийн хөөргийг үзтэл байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан... ...би 2018 оны 08 дугаар сарын 05-ны орой хүүхэддээ зайрмагны мөнгө өгөх гээд цүнхээ онгойлгоход хөөрөг байсан. Тэрнээс хойш дахин үзээгүй... ...Даваа гарагийн өглөө ажилдаа явах даа цүнхнээсээ хөөргөө гаргах гэтэл цүнхэнд хөөрөг байхгүй түрийвч онгорхой байсан. Тэгээд агдаад хөөрөгөө алдсан талаар мэдэгдээд хандсан... /хх-ийн 11-12, 15 дугаар хуудас/,
гэрч Г.Эрдэнэболдын ...бид нар хамт гар бөмбөг тоглож дуусахад Б.Т надаас хөөрөг авах уу гэж асуусан. Алив хөөргийг чинь харья гээд харахад шаргалдуу өнгөтэй, морин сийлбэртэй, нух нь сэтэрсэн, шүрэн толгойтой хөөрөг байсан... ...Маргааш нь хархорин зах дээр очиж хамгийн эхэнд таарсан хүнд 400.000 төгрөгөөр зарчихаад... ...Б.Ттэй уулзаад 300.000 төгрөгийг нь өгсөн... /хх-ийн 17 дугаар хуудас/,
гэрч Г.Амбасэлмаагийн ...Нарантуул зах, Дүнжингарав, урт цагаанаар өөрийн биеэр явж ханшийг нь судалж үнэлгээ гаргасан... ...Хаш нь цэвэр цагаан байвал үнэтэй, шардуу өнгөтэй байвал үнэ ханш нь буурна. Хамгийн хямд хаш нь нөгөөн өнгөтэй болохоор үнэ нь буурдаг. Уг үнэлүүлсэн хөөрөг нь шаргал өнгөтэй байсан болохоор зах зээлийн ханшаар нь үнэлсэн... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
өсвөр насны яллагдагч Б.Т-ийн ...Наранцогт ахын гэр рүү явсан. Гэрт нь очиход хүн байхгүй байсан болохоор баруун хойд талын цонхыг түлхэж ороод өөрийн хувцаснуудаа хайж олоод буцаад гарах гэж байхад унтлагын өрөөний орон дээр хар цахилгаантай цүнх байсан. Тэгэхээр нь цүнхийг нь онгойлгож харахад шаргалдуу өнгөтэй, морин сийлбэртэй, нух нь халцарсан хөөрөг байхаар нь аваад гарсан... ...сагсны шийдэн дээр тоглох гэж очиход Г.Эрдэнэболд зогсож байсан. Би тэгээд хөөргөө үзүүлээд зарахаар болсон... /хх-ийн 41-42 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0741 дугаартай ...иргэн Ч.Эрдэнэсувдын өмчлөлийн хөөрөгнийн үнэлгээний тайлан, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 24-29, 30-32 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-6 дугаар хуудас/, Э.Наранцогтын алдсан гэх хөөрөгний зураг /хх-ийн 48 дугаар хуудас/, Г.Эрдэнэболдын цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49 дүгээр хуудас/, төлбөр барагдуулах гэрээ, хохирлоо нөхөн төлөх хэлцэл /хх-ийн 52-53 дугаар хуудас/, өсвөр насны хүүхдийн зан байдлын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 47 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51, 54-68 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Өсвөр насны яллагдагч Б.Т-ийн 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн Э.Наранцогтын өмчлөлийн байнга амьдрах зориулалтай байшинд нэвтэрч, дунд гарын цагаан хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 3.548.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Т-ийн дээрх үйл баримт нь бусдын амьдарч буй орон сууц, байр, гэрт нууцаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, өөрт нь болон бусдад мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр авах нь хууль бус болохыг мэдсээр байж авахыг хүсч үйлдсэнээрээ, уг хууль бусаар авч байгаа үйлдэл, эд хөрөнгөнд хохирол, хор уршиг учирсан үр дагаврын хооронд шалтгаант холбоо үүсгэж байгаагаараа санаатай гэм буруугийн хэлбэрийг хангасан үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Т-г хүн байнга амьдрах орон байранд нууцаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч Б.Т нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар удаа дараа мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч Э.Наранцогт, гэрч Г.Эрдэнэболд, Ч.Эрдэнэсувд нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хаш хөөргийг 3.548.000 /гурван сая таван зуун дөчин найман мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан зэргээр давхар нотлогдож байх тул яллах үндэслэл болж байна гэж үзсэн.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Наранцогтод хаш хөөрөг алдагдаж, 3.548.000 /гурван сая таван зуун дөчин найман мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна.
Хохирогч Э.Наранцогтод гэмт хэргийн улмаас нэг талын бөөрөн дээр морины сийлбэртэй, доороо өлзий хээн сийлбэртэй, шахмал шүрэн толгойтой, алтан нуухтай, ясан халбагатай, цагаан хаш дунд гарын хөөрөг хулгайд алдагдаж, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ий гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 07/41 дугаартай мэргэжлийн үнэлгээчин Н.Мажигсүрэнгийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 3.548.000 /гурван сая таван зуун дөчин найман мянга/ төгрөгөөр тогтоогдсон хэдий ч өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нар хоорондоо тохиролцож 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 2019 оны 09 дүгээр хүртэл 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар хохирол нөхөн төлөх тухай хэлцэл хийсэн байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс нийт 3.600 000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Э.Наранцогтод олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Т-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай наймдугаар бүлэгт заасан зарчмаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нь хоёр дахин багасгаж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж үзлээ.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Т-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд давхар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Мөн өсвөр насны шүүгдэгч Б.Т-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулахыг мэдэгдэж, түүний хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1., 18.2., 36.2., 36.6., 36.7.,
36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч А овгийн Б.Т-г хүн байнга амьдрах орон байранд нууцаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А овгийн Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар багасгаж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А овгийн Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар багасгасан эдлэх ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А овгийн Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар эдлэх ялыг багасгасаж хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А овгийн Б.Т нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Өсвөр насны шүүгдэгч А овгийн Б.Т-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Өсвөр насны шүүгдэгч А овгийн Б.Т нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А овгийн Б.Т-гийн хууль ёсны төлөөлөгч А.Батхишигээс 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч НЭ85111515 дугаарын регистрэй, Бат овгийн Эрдэнэбатын Наранцогтод олгосугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч А овгийн Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч А овгийн Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН