Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01529

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05308 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: *******,

 

Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь *******т 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ахлах тогоочоор ажиллаж байсан.

1.2. Тогооч *******ийн туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон үндэслэлээр ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй.

1.3. Нэхэмжлэгчид өгсөн тушаалаас үзэхэд яг ямар үндэслэлээр ажлаас халаад байгаа нь тодорхойгүй, хууль бус үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халж, асуудалд шууд хувийн үзэмжээр хандсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.4. Иймд *******ийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилгүй байсан 3 сар 10 хоногийн цалин хөлс 6,040,200 төгрөгийг нөхөж гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зохих бичилт, тэмдэглэл хийхийг *******т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийг цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/37 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.3, 64.5 дахь хэсэгт тус тус зааснаар буюу туршилтын хугацаагаар ажилд авсан.

2.2. Хөдөлмөрийн гэрээгээр туршилтын хугацаатай ажилд авсан ба туршилтын хугацаа нь 3 сар гэсэн. Мөн хөдөлмөрийн гэрээний 1.5.3-т дахин 3 сараар сунгаж, нийт 6 сарын хугацаатай туршилтын гэрээ байгуулсан.

2.3. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дуусаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар цаашид сунгагдахгүй болсон тул эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн.

2.4. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа туршилтын гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр дуусгавар болсон тул заавал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг тушаалд баримтлах шаардлагагүй.

2.5. Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар ахлах тогоочийн орон тоо байхгүй болсон. Иймд ахлах тогоочийн ажилд эгүүлэн томилуулах гэдэг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1., 158 дугаар зүйлийн 158.2.2.-т заасныг баримтлан Нийслэлийн ******* цэцэрлэгийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* нь анх *******т ахлах тогоочоор ажиллаж байсан. УСУГ-ын хажууд *******ийн салбар цэцэрлэг үйл ажиллагаа явуулж ажилладаг. Иймд ижилхэн цэцэрлэг учраас нэг байгууллага гэж нэхэмжлэгч тал ойлгож байгаа. Нэхэмжлэгч ******* нь УСУГ-ын өмчит салбар цэцэрлэгт ажиллаж байгаад *******т ахлах тогоочоор шилжин ажиллах болсон. Хавтаст хэрэгт *******ийг үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлт болон гэрээ, холбогдох баримтууд авагдсан. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй учраас *******ийн буюу ажилтны эрх ашгийг ноцтой зөрчсөн.

4.2. Нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн эрхлэгчийн тушаалын агуулгад үнэлэлт, дүгнэлт огт өгөөгүй. Энэхүү тушаалд хөдөлмөрийн гэрээний ямар зүйл, заалтыг үндэслэж байгаа нь тодорхой бус, мөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэг, мөн хуулийн 50 дугаар зүйл, 83 дугаар зүйлийг үндэслэл хэсэг болгосон хэдий ч ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хуулийн аль заалтыг үндэслэн чөлөөлж байгаа нь тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг үндэслээгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг хэдий ч тушаалд энэхүү хуулийн зүйл, заалт байхгүй байхад анхан шатны шүүх хийсвэрээр дүгнэлт хийсэн.

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулдаг бусдаар хугацаагүйгээр сунгаж ажиллах ёстой. 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээнд хугацаатай эсэх талаар тэмдэглэсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 1.5.4-т хэрвээ хөдөлмөрийн гэрээ дуусвал ажлын 2 хоногийн өмнө ажилтны туршилтын хугацааны ажлын тайлантай танилцаж, үндсэн ажилтан болгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан.

 

4.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “******* нь ажилдаа тэнцэхгүй байсан учраас цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзсэн” гэх,  мөн “хугацаа нь дууссан учраас цуцалсан” гэх тайлбарыг хүлээж авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

4.5. Эрхлэгчийн тушаалд хөдөлмөрийн гэрээний хугацаа 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон тул гэж дурдсанд дүгнэлт хийгээгүй. Үндсэндээ хөдөлмөрийн гэрээ нь 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан. Гэрээний нөхцөлөө дагавал 2025 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байгаа боловч 5 хоногийн өмнө ажлаас нь чөлөөлсөн байдаг.

4.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасныг баримталж ажлаас чөлөөлж байгаа бол мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасныг дагах ёстой. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан эрх зүйн харилцаа явагдаагүй байгаа учир энэхүү зүйл, заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй.

4.7. Мөн анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж шийдвэр гаргасан. Тэрхүү баримт нь *******ийг ажилд авах тухай 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/37 тоот тушаалыг үндэслэж шийдвэр гаргаж болохгүй юм.

 

4.8. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт тус тус заасныг баримталж нотлох баримтыг үнэн зөв дүгнээгүй учраас мөн хуулийн шаардлагыг хангаж шийдвэр гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд туршилтын хугацаагаар ажилд орсон нь үнэн гэх байдлаар тайлбар гаргасан. ******* нь салбар цэцэрлэг гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй.

 

5.2. Хариуцагчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь туршилтын хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хэрвээ дуусгавар болох ёсгүй байсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулж үндсэн ажилтнаар авах байсан. Нэхэмжлэгч туршилтын хугацааны гэрээ дуусгавар болж байгааг мэдэж байсан талаарх баримт хэрэгт авагдсан. Энэ нь захиргааны ажилтнуудын гарын үсгийг цуглуулж ******* ажилд нь эгүүлэн авах талаарх баримт байдаг.

 

 

5.3. Ажилд авсан тушаалыг ажил олгогч 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Тушаал гарснаас хойш хөдөлмөрийн гэрээг байгуулах боломж бололцоо байхгүй байсан учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 10 хоногийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулж нэхэмжлэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Үүнээс хойш хугацааг нь тоолбол хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. *******ийг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ахлах тогоочийн албан тушаалд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ. 

 

4. *******ийн эрхлэгчийн 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 тоот тушаалын 1 дэх заалтаар тогооч *******ийн туршилтаар хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон тул 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.1, 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлийн 64.2, 83 дугаар зүйлийн 83.2, 83.5 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2024 оны А/85, А/34 тоот “Орон тооны хязгаарын жишиг норматив батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хх 7/

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно” гэж зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. 

 

5.1. Туршилтаар ажиллуулах гэрээний хугацааг сунгах эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарах боловч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.5.4-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас ажлын 2 хоногийн өмнө ажилтны туршилтын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлантай шууд удирдлага нь танилцаж, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах талаар гарснаар энэхүү гэрээний 1.5.3-т заасан хугацаагаар сунгах, эсхүл үндсэн ажилтнаар авах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж тохиролцжээ. 

5.2. Хариуцагч байгууллага нь туршилтын хугацааг дуусахаас ажлын 2 хоногийн өмнө нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын тайлантай танилцаагүй, үргэлжлүүлэн ажиллуулах, эсвэл үндсэн ажилтнаар авах талаар удирдлагын зөвлөлөөр хэлэлцэх ажиллагааг явуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

5.3. Туршилтаар ажиллах хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч нэхэмжлэгчтэй 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2025 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дуусах байтал хугацаа дуусахаас өмнө чөлөөлсөн, ажилд 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр авсан гэдгээ хариуцагч нотлоогүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч *******ийг *******ийн ахлах тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 3 сар 10 хоногоор тооцож нийт 6,040,200 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, уг олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч *******т даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус нийцнэ.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05308 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийг *******ийн ахлах тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******ээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,040,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, уг олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч *******т даалгасугай” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 111,593 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР

 

      ШҮҮГЧИД                                   Б.УУГАНБАЯР

 

                  Ч.МӨНХЦЭЦЭГ