Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01537

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/04502 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, дутуу олгосон цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй авсан 7,443,177 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. *******ийн захирлын 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалаар нягтлан бодогчийн хавсран орон тоон дээр анх ажилд орж, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан.

1.2. *******д нягтлан бодогчоор ажилд томилогдон ажиллах үед төсөвт байгууллагын нягтлан бодогч нарт 2-3 байгууллагын ажлыг давхар хийж гүйцэтгэхийг санал болгож, ажилладаг байсан. Энэ хугацаанд миний бие ******* цэцэрлэг, ******* цэцэрлэг, ******* цэцэрлэг, Баянгол дүүргийн ******* цогцолбор сургуульд тус тус нягтлан бодогчийн үндсэн орон тоонд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг байсан ба Баянгол дүүргийн ерөнхий боловсролын ******* сургуульд эзгүй ажилтны оронд түр хугацаанд нягтлан бодогчийн ажлыг давхар гүйцэтгэж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, миний бие үндсэн ажлын зэрэгцээ өөр байгууллагад ажил үүрэг хавсран, хослон гүйцэтгэж, 2020 оны 07 дугаар сарыг хүртэл хугацаанд *******ийн нягтлан бодогчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэхдээ хавсран, хослон гүйцэтгэсэн ажлын албан тушаалын цалингийн 40 хувиар нэмэгдэл хөлс авч ажиллаж байсан.

1.3. *******ийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар үндсэн ажилтан болж, албан тушаалын цалингаа 100 хувь авах болсон.

1.4. Намайг ээлжийн амралттай байх хугацаанд надад мэдэгдэлгүйгээр 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар миний цалинг 60 хувиар бууруулж, хавсран ажиллах орон тоон дээр ажиллуулах шийдвэр гаргасан. Миний бие уг тушаалыг эс зөвшөөрч, тус төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******д өргөдөл гаргаснаар хамт олны хурал хийж, тус хурлын шийдвэрээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б/51 дугаар тушаалаар үндсэн ажилтнаар дахин томилогдож цалинг 100 хувь болгон шинэчилсэн.

1.5. *******ийн захирал нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар миний цалинг 40 хувь хүртэл бууруулан олгосон ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, акт, албан шаардлагын биелэлтийг түдгэлзүүлсэн байхад цалинг бууруулсныг эс зөвшөөрснөө захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******д хэлэхэд хүлээж аваагүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн.

1.6. Дээрх ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн актын шаардлага хангаагүй. Тодруулбал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан аль үндэслэлээр цуцалж байгаа нь тодорхойгүй, мөн намайг ерөнхий боловсролын ******* сургуулийн нягтлан бодогчийн ажил үүргээс сэлгэн ажиллуулсан тушаалыг үндэслэн хавсарсан нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байх хугацааны дутуу олгосон 60 хувийн үндсэн цалин, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь *******д 2005 оноос хойш нягтлан бодогчоор үндсэн ажлынхаа хажуугаар хавсран ажиллаж төрийн үйлчилгээний ТҮ-8-5 ангиллын цалингийн 40 хувиар нэмэгдэл хөлс авч ажилладаг байсан.

2.2. Хавсран ажилладаг байсан нягтлан *******ийн үндсэн ажил олгогч нь өөрчлөгдсөн бөгөөд тус дүүргийн албан бус насан туршийн боловсролын төвд бүтэн цагаар сууж ажиллах боломжгүй байсан тул орон тооны бүтцэд багтаан үндсэн ажилтнаар *******г Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас санал болгосны дагуу ажилд авч нягтлан бодогчоор томилсон.

2.3. *******ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу хавсран ажиллах орон тоо манай байгууллагад байхгүй тул ажилд эгүүлэн тогтоох боломжгүй. Мөн ажил хүлээлцэх үед бүх цалин хөлсний тооцоог хийж дуусгасан учир цалин хөлс өгөх үндэслэлгүй. 

2.4. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаал хүчингүй болсноор өмнөх 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тушаалын үйлчлэл хэвээр үлдсэн ба уг тушаалд тухайн ажлын байранд хавсран ажиллаж, 40 хувиар цалинжихаар заасан.

2.5. *******ийг ажлаас чөлөөлөх тушаал гаргах үндэслэл нь 04 дүгээр сарын 27-ны өдрийн албан шаардлага, аудитын дүгнэлтээр тогтоогдсон асуудал байсан ба аудитын дүгнэлттэй холбоотой асуудлыг захиргааны шүүхээр шийдвэрлэж, аудитын дүгнэлт үндэслэлтэй болох нь тогтоогдсон.

2.6. Хэдийгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслээгүй боловч уг тушаал гарах болсон үндэслэл нь тус заалтад заасан нөхцөл байдал үүссэн явдал юм. Ажилчдын цалинг бодож хэнд нь хэдэн хувиар тооцохыг захирал ******* нэг бүрчлэн бодвол манай байгууллагад нягтлан бодогчийн шаардлага байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

3.1. ******* нь Баянгол дүүргийн ерөнхий боловсролын ******* сургуульд үндсэн нягтлан бодогчоор ажиллахын зэрэгцээ *******ийн нягтлан бодогчийн ажлыг 2005 оноос хойш хавсран хийж, үндсэн цалингийн 40 хувиар цалинжиж байсан. Гэтэл 2020 оноос хойш тус төвийн нягтлан бодогчийн ажлын хамт нярвын ажлыг зэрэгцүүлэн гүйцэтгэж нярав, нягтлан бодогчийн цалинд нийт 14 сарын хугацаанд 6,880,605 төгрөгийг давхардуулан авсан.

3.2. *******т *******ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар балансын урамшуулал олгохыг зөвшөөрсөн. Энэхүү зөвшөөрөл нь *******ийн 1 сарын үндсэн цалин нь 797,676 төгрөгийн 40 хувь буюу 319,070 төгрөг юм. Гэвч уг тушаалыг гуйвуулан 100 хувийн цалингаар буюу 797,676 төгрөгөөр өөртөө цалин бодож авсан. Үүний зөрүү төлбөр нь 562,572 төгрөг болно.

3.3. Төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албаны нэмэгдэл, урамшууллыг давхардуулан авахыг хориглосон байдаг. Гэтэл нягтлан бодогч ******* нь үндсэн ажил болох ******* сургуулиас нэмэгдэл авахын зэрэгцээ хавсран ажилласан тус төвөөс мөн давхардуулан авч байсан тул 2020 оны 06 дугаар сараас хойш олгосон 14 сарын хугацааны нэмэгдэлд нийт 6,880,605 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Миний бие *******д ажиллаж байх хугацаандаа тус дүүргийн ерөнхий боловсролын ******* сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэж ирсэн болно. Аливаа хууль тогтоомжоор давхар буюу хавсран ажил, хөдөлмөр эрхлэхийг тухайлан хориглоогүй байх тул миний бие хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хөдөлмөр эрхэлж буй дээрх байгууллагуудаас өөрийн гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирох цалин хөлс, хуульд зааснаар нэмэгдэл, урамшуулал авах эрхтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн байгууллагад ажилласан хугацааны нэмэгдэл олгох журамд төрийн байгууллагад ажилласан хугацааны нэмэгдлийг төрийн албан хаагчид давхардуулан олгохыг шууд хориглоогүй байх бөгөөд хууль болоод бусад эрх зүйн хэм хэмжээний актад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл давхардуулан олгохыг тухайлан зохицуулсан зохицуулалт байхгүй, үүнийг хориглосон аливаа хэм хэмжээ байхгүй.

Иймд төрийн байгууллагад ажилласан хугацааны нэмэгдэл надад олгосныг хууль зөрчсөн гэж үзэн 6,880,605 төгрөгийг гаргуулахаар шаардаж буй хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн надад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл давхардуулан олгосонтой холбоотой асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 онд шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

4.2. 2022 оны балансын урамшууллыг үндсэн цалингийн 100 хувиар тооцон 562,572 төгрөгийг илүү авсан гэх тухайд, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд заасны дагуу мөнгөн урамшууллыг журамд заасан шаардлага хангасан албан хаагчид олгохоор заасан байдаг.

Мөн миний бие тус төвд ажиллаж байх хугацаандаа албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө болоод хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэж ирсэн бөгөөд ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй тул санхүүгийн 2021 оны жилийн эцсийн балансын үнэлгээ “хангалттай сайн” гэж үнэлэгдсэн болно.

*******ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар надад санхүүгийн 2021 оны жилийн эцсийн балансын үнэлгээ “хангалттай сайн” үнэлэгдсэн тул 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний балансын урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.

Тус төвийн төсвийн ерөнхийлөн захирагчийн тушаалын дагуу миний бие өөрийн балансын урамшууллыг тооцсон бөгөөд уг захирлын тушаалд дурдсанаас зөрүүтэй тооцсон, илүү урамшуулал өөртөө бодож олгосон зүйлгүй болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан гаргасан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 29,937,682.50 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 7,443,177 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч нь *******д 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан. Тухайн өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх учраас хариуцагч байгууллага хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой боловч хариуцагч байгууллага *******ийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаар хавсран ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан аль үндэслэлээр ажлаас чөлөөлж буй нь тодорхойгүй бөгөөд “*******ийг хавсран ажлаас чөлөөлөв” гэж заасан.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж буй үндэслэлээ ажилтанд тодорхой тайлбарласан байх ёстой боловч хариуцагч байгууллага уг үүргээ гүйцэтгээгүй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “хавсран ажиллаж байсан нягтлан *******ийн үндсэн ажил нь өөрчлөгдсөн бөгөөд тус төвд бүтэн цагаар ажиллах боломжгүй байсан тул орон тооны бүтцэд багтаан үндсэн ажилтнаар *******г томилсон тул *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан” гэж тайлбар гаргасан.

6.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан үндэслэлээр буюу ******* нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэх хариуцагчийн тайлбар, Баянгол дүүргийн дотоод аудитын газрын төсөл төвлөрүүлэх тухай албан шаардлага болон зөрчил арилгуулах тухай шаардлагыг тус тус үндэслэн анхан шатны шүүх *******ийг ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

6.3. Хариуцагчийн тайлбар болон Баянгол дүүргийн дотоод аудитын газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3901/34 дугаар зөрчил арилгуулах тухай албан шаардлагын шаардах хэсэгт нягтлан бодогчийн цалинг хавсран ажилласны нэмэгдлээр тооцож олгохоор шаардсан. Энэхүү шаардлагад ажил олгогчийн итгэлийг хэрхэн алдсан талаар учир шалтгаан нь тодорхойгүй.

Тухайлбал, тус төвийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 дугаар *******ийг үндсэн орон тооны ажилд томилох тухай тушаалын 2-т *******ийн үндсэн цалинг ТҮ-8-5 шатлалаар 797,676 төгрөгөөр тооцож олгохыг даалгасан. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дугаар тушаалын 2-т *******ийн сарын үндсэн цалинг мөн ТҮ-8 шатлалаар тооцож олгохыг даалгасан.

Хариуцагч байгууллагын захирлын тушаалын дагуу нэхэмжлэгч ******* нь өөрийн цалинг 100 хувиар тооцож өөртөө олгосон байхад энэхүү цалинг 40 хувиар бодоогүй нягтлан бодогчийн алдаа гэж үзээд ажил олгогчийн буруутай үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.4. Баянгол дүүргийн дотоод аудитын байгууллагын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3901/33 дугаар зөрчил арилгуулах тухай албан шаардлагын шаардах хэсэгт цагаар ажиллах ажилтантай байгуулах гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, цалин хөлсийг хэрхэн тооцох талаар тодорхой тусгаж гэрээ байгуулах гэж дурдсан. Үүнээс үзэхэд гэрээ байгуулах болон ажилтантай ажил үүрэг, цалин хөлсний хэмжээг хэрхэн тооцох талаар тохиролцох үүрэг нь тухайн байгууллагын захирлын эрх хэмжээ байна.

Гэтэл тухайн зөрчил нь захирлын үйл ажиллагаатай холбоотой байхад нягтлан бодогчийн үйл ажиллагаатай холбоотой гэж дүгнээд *******ийг ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж үзээд шалтгаант холбоогүйгээр зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

6.5. Мөн Баянгол дүүргийн дотоод аудитын газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3901/03 дугаар төсөв төвлөрүүлэх тухай актаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг давхардуулан олгосон 1,700,000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ акт аль этгээдийг чиглэж гарсан нь тодорхойгүй.

Нэхэмжлэгч ******* төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2 байгууллагаас зэрэг авсан боловч хариуцагч байгууллага энэ талаар мэдэж байсан. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг нягтлан бодогч бодож олгодог боловч тооцож олгох зөвшөөрлийн тухайн байгууллагын захирал өгдөг. Гэрчийн мэдүүлэгт энэ талаар тодорхой дурдсан. Нэгдүгээр гарын үсэг зурагдсаны дараагаар төрийн сангаас энэхүү нэмэгдэл цалин шилждэг талаар гэрч тодорхой тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгчийн албан үүрэгтэй холбогдолгүй, ямар нэгэн шалтгаант холбоогүй зөрчлөөс үүдээд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

6.6. Хариуцагч талын гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд нь хоорондоо зөрүүтэй. Хариуцагчийн хариу тайлбарт ******* гэх нягтлан бодогчийг ажилд авсан учраас *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж дурдсан.

6.7. Мөн Баянгол дүүргийн дотоод аудитын газраас ирсэн албан шаардлага болон актууд нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан ба үүнээс хойш 7 сарын дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *******ийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь тухайн актыг хүлээн авсан даруйдаа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хэргийг хянан шийдвэрлээгүй байхад ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

7.1. *******ийг ажлаас чөлөөлөхдөө Баянгол дүүргийн дотоод аудитын газрын 2 дүгнэлтийг үндэслэсэн. Тухайн дүгнэлтэд ******* болон ******* нарыг зөрчил гарахад нөлөөлсөн гэдэг байдлаар дурдсан.

7.2. Сангийн сайдаас баталсан 2012 оны 297 дугаар тушаалын хавсралтаар төсвийн ерөнхий болон ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага шалгуурыг баталсан. Уг хавсралтын 4.1.5-д зааснаар төсвийн ерөнхий болон ахлах нягтлан бодогч нь Төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг үндэслэн батлагдсан төсвийг үр ашигтай зориулалтын дагуу зарцуулж, төрийн өмч, төсвийн хөрөнгө зарцуулалтад бүртгэлээр хяналт тавих, хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд ажиллах үүрэг хүлээнэ.

7.3. *******ийн хувьд тухайн байгууллагад 2005 оноос хойш ажилласан гэх боловч хавсран ажил гүйцэтгэж байгаа тохиолдолд ямар төрлийн цалин авах талаар байгууллагын удирдлагуудыг мэдээллээр хангах үүрэгтэй ба нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүрэгт харьяалагддаг.

Гэтэл энэ хугацаанд өнөөдрийг хүртэл аудитын төлбөрийг буцааж төлдөггүй, санал нийлдэггүй. Тухайн дүгнэлттэй холбоотойгоор захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гарсан байхад ******* хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нөхцөл байдлаас байгууллагад хохирол учирсан байхад хагас цагаар ажиллаж буй *******ийн хувьд тухайн байгууллагын нягтлан хийх дадлага, туршлага дутуу гэсэн үүднээс Баянгол дүүргийн төрийн санд хүсэлт гаргаад төрийн сангаас санал болгосон нягтлан бодогч *******г *******ийн орон тоонд томилж, *******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ агуулгын хүрээнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, дутуу олгосон цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлгүй авсан 7,443,177 төгрөгийг гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Нийслэлийн *******ийн захирлын 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалаар *******ийг нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэх, үндсэн цалингийн 40 хувь болох 20,920 төгрөгөөр цалинжуулахаар томилсон;

 

3.2. *******ийг *******ийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар нярвын үндсэн орон тоонд, 797,676 төгрөгөөр цалинжуулахаар томилж, тус төвийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар нярвын орон тоон дээр ажилтан авсан тул ******* сургуулийн орон тооны нягтлан бодогч *******ийг хавсран орон тоон дээр ажиллуулахаар шийдвэрлэсэн;

 

3.3. *******ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дугаар тушаалаар нягтлан бодогч *******ийг үндсэн орон тоон дээр, 797,676 төгрөгөөр цалинжуулахаар томилсон боловч тус төвийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар захирлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дугаар тушаалыг хүчингүй болгосон;

 

3.4. Нийслэлийн ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар *******ийг нягтлан бодогчоор томилж, хувийн өргөдлийг нь үндэслэн сургуулийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн;

 

3.5. *******ийг *******ийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар үндсэн ажил олгогч өөрчлөгдсөн үндэслэлээр мөн өдрөөс эхлэн нягтлан бодогчийн хавсран орон тооны үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

4. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

 

4.1. *******ийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаар тушаалын 1 дэх заалтаар “Нийслэлийн ******* сургуулийн нягтлангаас Нийслэлийн ******* сургуульд үндсэн орон тооны нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаа *******ийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс тус төвийн нягтлан бодогчийн хавсарсан орон тооны үүрэгт ажлаас нь ажил олгогчийн санаачилгаар чөлөөлсүгэй” гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 57, 78, 80, 83 дугаар зүйл, тус төвийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаар тушаалд тус тус заасныг үндэслэн *******ийг нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлжээ.

 

4.2. Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Нийслэлийн ерөнхий боловсролын ******* сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалд томилогдож, мөн *******ийн нягтлан бодогчийн албан тушаалд зэрэгцэн хөдөлмөр эрхэлж байсан.

 

4.3. Нэхэмжлэгч *******ийн гүйцэтгэж байгаа албан тушаал нь хоёр өөр байгууллагад нягтлан бодогчийн албан тушаалд зэрэг ажиллаж байгаа нь ажил хөдөлмөр хавсран гүйцэтгэх Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хуулийн ойлголтод хамаарахгүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар зэрэгцсэн хөдөлмөр эрхлэх гэдэг ойлголтод хамаарна.

 

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй.” гэж, 57.3-т “Зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээтэй ажилтны нийт ажлын цаг энэ хуулийн 84.4-т заасан ажлын цагийн дээд хязгаарт багтах ёстой бөгөөд үүнд ажилтан, үндсэн болон зэрэгцсэн ажил олгогч тус тус хяналт тавина” гэж тус тус зохицуулжээ.

 

Ажил олгогч ******* болон Нийслэлийн ерөнхий боловсролын ******* сургууль нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд бөгөөд улсын төсвөөс санхүүждэг байгууллагууд байх тул нэхэмжлэгч ******* нь эдгээр байгууллагуудад үндсэн ажлын цагаас бусад цагт зэрэгцүүлэн хөдөлмөр эрхлэх боломжгүй.

 

Нийслэлийн ерөнхий боловсролын ******* сургуулийн нягтлан бодогчийн үндсэн ажлын байранд ажиллаж байгаа тохиолдолд ажлын бус цагаар *******ийн нягтлан бодогчийн албан тушаалд зэрэгцэн ажиллах боломжгүй тул хариуцагч *******ийн нягтлан бодогчийн албан тушаалаас нэхэмжлэгч *******ийг чөлөөлж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д нийцжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

5.1. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч байгууллагын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаар тушаалын 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийг баримталж, уг зохицуулалтад заасан үндэслэлээр *******ийг нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн байх тул ажлаас чөлөөлсөн тушаал хуульд заасан шаардлага хангаагүй талаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

5.2. Хариуцагч байгууллага нь ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримталсан боловч нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд зэрэгцэн хөдөлмөр эрхлэх боломжгүй үндэслэлээр чөлөөлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх нарийвчилсан зохицуулалтыг баримтлах шаардлагагүй.

 

6. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэлд хариуцагч нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/04502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХБАЯР

 

                                                              ШҮҮГЧИД                                      Б.УУГАНБАЯР

 

                                               Ч.МӨНХЦЭЦЭГ