Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01637

 

 

 

*******, *******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 193/ШШ2025/00728 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* нар,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүйн алдангид 13,819,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй 695 хоног хугацаа хэтрүүлсэн тул *******д олговол зохих цалин 1,657,000 төгрөгөөс алданги 0,3 хувиар тооцон 3,454,845 төгрөгийг, *******ад олговол зохих цалин 2,475,000 төгрөгөөс алданги 0,3 хувиар тооцон 5,723,325 төгрөгийг, *******ад олговол зохих цалин 2,226,000 төгрөгөөс алданги 0,3 хувиар тооцон 4,641,210 төгрөгийг, нийт 13,819,380  төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. *******, “*******” ХХК-ийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 3 сарын хугацаанд Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажилд арматурчнаар, *******, “*******” ХХК-ийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 3 сарын хугацаанд Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажилд барилгын туслахаар, *******, “*******” ХХК-ийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 3 сарын хугацаанд Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажилд арматурчнаар ажиллахаар болжээ.

3.1. Ажиллах хугацааны цалин хөлс олгоогүй талуудын дунд маргаан гарч, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 189/ШШ2024/00060 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2025/00316 дугаар магадлалаар “*******” ХХК-аас *******д 1,657,000 төгрөг, *******ад 2,745,000 төгрөг, *******ад 2,226,000 төгрөгийг тус тус гаргуулж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

3.2. “*******” ХХК болон *******, *******, ******* нарын хоорондын цалин хөлстэй холбоотой маргааныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар түүнийг дахин нотлох шаардлагагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон эрх зүйн дүгнэлт нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4.1 Нэхэмжлэгч нарын цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй алданги гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ажил олгогчийн цалин хөлс олгох өдрийг тусгайлан тогтоож өгөөгүй, цалин хөлс олгох тогтсон өдрийг нарийвчлан тохиролцоогүй тул ажил олгогч цалин хөлс олгох хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэх эрх зүйн дүгнэлтийг хийсэн нь үндэслэл муутай болжээ.

 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана” гэж заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд цалин хөлс олгох өдрийг тодорхой тусгаагүй тохиолдолд  тухайн сарын сүүлийн өдрийг цалин хөлс олгох өдөр гэж үзэх нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан хугацаа тоолох журамд нийцнэ.

 

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж, 154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”  гэж тус тус заасан.

 

4.4. Нэхэмжлэгч нар нь 2022 онд олгогдох ёстой байсан цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүйтэй холбоотой алданги шаардсан нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8-д тус тус заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгч *******, *******, ******* нарын хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүйн алдангид 13,819,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

                       

5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч нарын шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх заалтыг баримталсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, уг заалтыг тогтоох хэсгийн 1 дэх хэсгээс хасаж, уг хэсэгт “124 дүгээр зүйлийн 124.1” гэсний араас “154 дүгээр зүйлийн 154.2.2-т тус тус” гэж нэмсэн өөрчлөлтийг оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцнэ.

 

6. Нэхэмжлэгч нар нь цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гаргахдаа хугацаанд нь олгоогүй цалин хөлснөөс алданги тооцож шаардах боломжтой байсан ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цалин хөлс олгож шийдвэрлэсэн тул алданги олгох үндэслэлтэй талаар гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 193/ШШ2025/00728 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад “104 дүгээр зүйлийн 104.1.,” гэснийг хасаж, “124 дүгээр зүйлийн 124.1” гэсний араас “154 дүгээр зүйлийн 154.2.2-т тус тус” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2- т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УУГАНБАЯР

 

                                                          ШҮҮГЧИД                                   С.ЭНХБАЯР

 

                                                                                                                           Ч.МӨНХЦЭЦЭГ