| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/06449/И |
| Дугаар | 210/МА2025/01535 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/01535
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/06106 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: ******* ХХК,
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 11,826,000 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 12,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Хариуцагч ******* ХХК-ийн автобусны жолооч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өглөө зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгчийн Тоёота Аллион загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан.
3.2. Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 0125313 тоот дугаартай шийтгэлийн хуудсаар *******ыг 400,000 төгрөгөөр, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 0125316 тоот дугаартай шийтгэлийн хуудсаар *******ыг 100,000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулсан. /хх 59/
3.3. ******* ХХК-ийн үнэлгээний тайлангаар *******гийн өмчлөлийн Тоёота Аллион загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 11,050,000 төгрөг гэж тогтоосон байна. /хх-ийн 7-9/
4. Энэхүү зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хариуцагч ******* ХХК ямар хэмжээгээр хариуцах нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
5. Хариуцагч байгууллагын жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг ажил олгогчоос шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.
6. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын эд хөрөнгийн байдлыг харгалзан хохирлын дүнг 30 хувиар бууруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол хүлээн авах үндэслэлгүй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох, хариуцагчийг солих эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаагүй тул анхан шатны шүүх хариуцагчаар жолооч *******ыг татах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг гаргуулах тул үнэлгээний төлбөр 721,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулсан нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дахь хэсэгт нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт үнэлгээний зардал 721,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/06106 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******ХХК-иас 11,050,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 721,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-иас 191,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,714 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ