Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 144

 

Ж.М-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, хохирогч Э.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 741 дүгээр магадлалтай, Ж.М-т холбогдох 2209000001593 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Ж.М

Шүүгдэгч Ж.М  нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, .... байрны .... тоот гэртээ эхнэр Э.Л-ыг гадуур хонолоо гэх шалтгаанаар толгой руу нь цохих, шал мөргүүлэх зэргээр зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.М т холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ж.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг зөвшөөрч байна. Тэрээр мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээж, чин санаанаас гэмшиж буйгаа илэрхийлсэн. Хохирогч Э.Лын түүнийг уучилж, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ удаа дараа хэлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүссэн. Үүнээс гадна Ж.М нь элэгний өмөн /цирроз/ 4 дүгээр үедээ орсон хүнд өвчтэй, одоогийн байдлаар Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэрэгт авагдсан эрүүл мэндийн байдлыг тодорхойлох нотлох баримтуудаас харахад элэг солиулах хагалгаанд яаралтай орох шаардлагатай байгаа. Иймд эдгээр байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.М-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогч Э.Л хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний хувьд нөхөртөө ямар ч гомдол, санал байхгүй. Нөхрийн минь орон зай, хайр халамж нь охин бид хоёрт маш их дутагдаж байна. Бид хэн хэндээ алдаа дутагдал өгөхгүйгээр ирээдүйгээ ярилцаж, үүрэг, хариуцлагаа ухамсарлаж байна. Эргэж очих бүртээ сайхан амьдрах талаар ярилцдаг. Хэн хэн нь алдаагаа ухамсарласан байдал, нөхрийн минь биеийн байдал, охин аавыгаа үгүйлж санаж байгаа байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгч Ж.М-ын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн бага ял буюу 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг зэрэгт тохирсон байх нь шударга ёсны зарчим юм. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.М  нь 2015 оноос олон удаа зөрчил үйлдсэн байдаг. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.М-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Шүүгдэгч Ж.М нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, .... байрны .... тоот гэртээ согтуугаар эхнэр Э.Л-ыг гадуур хонолоо гэж маргалдах явцдаа толгой руу нь цохих, шал мөргүүлэх зэргээр зодож бие махбодид нь гавлын зүүн зулай яснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман, далд хугарал, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох шаардлагатай бүхий л ажиллагаа хийгдсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3.Хоёр шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй боловч хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг байнга буюу гурав, түүнээс дээш удаагийн давтамжтай үйлдэл гэж хууль зүйн алдаатай дүгнэлт хийсэн байх тул шүүхийн энэхүү хууль хэрэглээний зөрүүг арилгаж зөвтгөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдийн үйлдлийн шинж чанар, давтамж, хохирол, хор уршгийг харгалзан Эрүүгийн, эсхүл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг удаа дараа үйлдэх нь дахин давтагдах шинжээрээ хүний эрхийн ноцтой зөрчилд хүргэж, хүнд хохирол, хор уршиг учруулж болзошгүйг хууль тогтоогч харгалзан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэхийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлээр гэмт хэрэгт тооцсон байна. 

Гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх нь зөвхөн Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан гэмт хэрэгт хамаарах бөгөөд аль нэг үйлдлийг, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг ойлгоно.

Харин гэр бүлийн хамааралтай хүнийг зодсон зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэг болж шилжихдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт санаа зорилго, тухайн үйлдлээ хэрэгжүүлсэн арга хэлбэр, учруулсан хохирлын шинж чанар, гэр бүлийн харьцааны тогтсон хэв шинж зэргээс хамааран Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн аль тохирох гэмт хэргээр зүйлчилдэг нь хууль хэрэглээний тогтсон ойлголт, жишиг билээ.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга” гэсэн шинжийг төсөөтэй хэрэглэж хууль ёсны зарчмыг зөрчсөн байна.

4.Гэр бүлийн хамааралтай хүмүүсийн таарамжгүй харилцаанаас үүссэн гэмт хэрэг бүрийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх нь учир дутагдалтай.  Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдаж гэр бүлийн гишүүний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, уг үйлдэл, эс үйлдэхүй нь хамтын амьдралын хугацаанд дадал зуршил болсон байх ба энэхүү сэдэлт, санаа зорилгоор хохирогчийн эрүүл мэндэд халдсан байдаг онцлогтой. Тухайлбал, огт шалтаг шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтагласан байж болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч Э.Л, гэрч О.С, Б.Ж, шүүгдэгч Ж.М нарын мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Ж.М нь хохирогч Э.Л-ыг “гадуур хонолоо” гэх эр, эмийн хардалтаас үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.Шүүгдэгч Ж.М-т Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн хууль зүйн үндэслэлийг зөвтгөж, агуулгын хувьд хэвээр үлдээн, ял хөнгөрүүлэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 741 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

    Б.БАТЦЭРЭН

    М.ПҮРЭВСҮРЭН

    Ч.ХОСБАЯР