Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2026/0056

 

“ТТМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,

Үнэлгээний хороонд тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                           М.Батсуурь

Танхимын тэргүүн:                        Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                             Г.Банзрагч

                                                                Д.Батбаатар

Илтгэгч шүүгч:                                 П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:                 У.Оюунзаяа

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 119/ШШ2026/0005 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2026/0204 дүгээр магадлалтай,

Хэргийн оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О (цахимаар), Б.Б, Д.П, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 217 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зөвлөмж, тэмдэглэлийн ““И” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн” хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ХАХМ/20251063 дугаар “Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн дүгнэлт”-ийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, “И” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10884 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “И” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, “ТТМ” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох,

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 6,157,000,000 төгрөгийн үнэ бүхий Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг нийлүүлэх тендерийг зарласан байх бөгөөд Үнэлгээний хорооноос “ТТМ” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн боловч захиалагчаас “тендерийг дахин хянуулах”-аар шийдсэн тул Үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дахин хуралдаж, бүх тендерээс татгалзаж, тендерийг дахин зарласан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, тендерт оролцогч “И” ХХК, “ТТМ” ХХК Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг 02/9261 дугаартай албан бичгээр “ТТМ” ХХК-ийн гомдлыг “компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй” гэж буцааж, харин “И” ХХК-ийн гомдлыг Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/9416 дугаартай албан бичгээр “... “И” ХХК-ийн тендерээс татгалзсан 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийлгэх”-ээр шийдвэрлэсэн байна.

2.2.Үнэлгээ хороо 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин хуралдаж, “ТТМ” ХХК-ийг ТШЗ 20.1-д заасан “үйдвэрлэгчийн зөвшөөрөл, борлуулагчийн зөвшөөрөл шаардлага хангаагүй буюу захиалагчийн шаардсан Автомат iEk BA47-100 бараанд холбогдох үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн аль нэгийг ирүүлээгүй” гэж, “И” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэж, захиалагчид хүргүүлснээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “И” ХХК-ийн хооронд 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Худалдах худалдан авах” гэрээ байгуулагджээ.

3.Нэхэмжлэгчээс: “... “И” ХХК-иас хуурамч нотлох баримт хавсарган ирүүлсэн байхад “И” ХХК-ийн тендерийг шалгаруулсан нь хууль бус. Албан бичигт гарын үсэг зурсан В.К.З нь “Р****” компанид ажиллахаа больсон, “Р” компани нь “ООО УК Р****” нэртэй болж өөрчлөн байгуулагдсан ба “И” ХХК-ийн тендерийн баримт бичигт хавсарган өгсөн албан баланкийг ашигладаггүй. “И” ХХК тендерт дурдсан 6 компаниас бус, харин тендерт дурдагдаагүй “Т” ХХК-иас 4,312,418,01 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна. Захиргааны актад дурдсан iEk BA47-100 нь өргөн хэрэглээний гал хамгаалагч бөгөөд нэхэмжлэгч талаас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, итгэмжлэлийг нь авсан, УК Р**** ХХК болон Баяжуулалтын тоног төхөөрөмж ХХК-иуд зөвшөөрөл, итгэмжлэлдээ 30 ширхэг iЕк ВА47-100-г гал хамгаалагчийг нийлүүлэхээр хамааруулсан. “И” ХХК нь захиалагчийн тендерийн баримт бичигтээ дурдаагүй, илүү баримт ирүүлсэн нь түүнийг шалгаруулах, бусад оролцогчдыг ижил үндэслэлээр татгалзах үндэслэл болохгүй” гэж,

4.Хариуцагч нараас “... “У Р В” ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “И” ХХК-д олгосон үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн тул шаардлага хангасан гэж үзсэн. Хуулиар оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийн хариуцна гэж заасан бөгөөд захиалагч үнэн зөвийг нотлохгүй. “И” ХХК-ийн тендерийн материал хуурамчаар үйлдсэн гэх баримтуудыг шалгуулахаар Сангийн яаманд хүргүүлсэн. “И” ХХК нь үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн гэх асуудлаар захиалагч болон оролцогч, шүүх дүгнэлт гаргахгүй, улсын байцаагч дүгнэлт гаргана” гэж,

5.Гуравдагч этгээдээс “... оролцогч нар өөрсдөө хууль бус нотлох баримт гэдэг агуулгынхаа хүрээнд үүнийгээ нотлох ёстой. В.К.З гэдэг хүний гарын үсгийг дуурайлган зурсан гэх тухайд манай компани ямар нэгэн байдлаар хуурамч нотлох баримтыг бүрдүүлээгүй, Нотариатын тухай хуульд заасны дагуу эх хувиас нь хуулбар үнэн даруулаад, тендерийн материалдаа хавсаргаж өгсөн, “Р***” гэсэн нэртэй олон компани ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг, нэхэмжлэгч өөрөө тендерийн шаардлага хангаагүй тул гомдол гаргах эрхгүй” хэмээн тус тус маргажээ.

6.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлага болох ТШЗ 20.1-д зааснаар Автомат iEk BA47-100 бараанд холбогдох үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон гэрээт борлуулагчийн зөвшөөрлийн аль нэгийг ирүүлэх нөхцөл шаардлагыг хангаагүй болох нь “ТТМ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримтуудыг шинжлэн судлахад тогтоогдсон.

6.2.Тендер шалгаруулалтын баримт бичгийн 18.1.2.2.3-т “Ижил төстэй гэдэгт өрмийн машины сэлбэг нийлүүлж байсныг ойлгоно” гэж заасан байх бөгөөд “И” ХХК-ийн “Д****” ХХК-тай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээгээр MKS брендийн Dilmer makina-ийн өөрөө явагч гинжтэй өрмийн машин, сэлбэг хэрэгслийн хамт нийлүүлэхээр гэрээ байгуулжээ. Иймд хариуцагчийн “өрмийн машины төрлөөс шалтгаалан сэлбэг хэрэгсэл өөр өөр байна” гэсэн тайлбар үндэслэлтэй.

6.3.Р**** гэх нэртэй хуулийн этгээд нэг эсхүл ялгаа бүхий хэд хэдэн хуулийн этгээд байдаг эсэх нь тодорхой бус, Р**** компанийн үйлдвэрлэгчийн итгэмжлэлд гарын үсэг зурсан В.К.З гэх хүн тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх, гарын үсэг зураагүй гэсэн Сангийн яаманд гаргасан В.К.З гэх гарын үсэг бүхий гомдолд өөрөө тухайн хүн гарын үсэг зурсан эсэх нь тодорхой бус, эдгээр гадаад улсад үйлдэгдсэн баримтууд, түүнд зурагдсан гарын үсэг, тамга тэмдэг үнэн зөв эсэх нь нотлогдохгүй байна.

7.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

7.1.“И” ХХК нь үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн гэх асуудлаар захиалагч болон оролцогч, шүүхээс дүгнэлт гаргах боломжгүй байх бөгөөд гагцхүү худалдан авах ажиллагаанд оролцогчийн тендерт оролцохдоо хуурамч баримт бичиг бүрдүүлсэн эсэх асуудлаар улсын байцаагч дүгнэлт гаргах зохицуулалттай байна.

7.2.“И” ХХК-ийн тендерийн материал хуурамчаар үйлдсэн гэх баримтуудыг шалгуулахаар Сангийн яаманд хүргүүлсэн, улсын ерөнхий байцаагчаас удирдамжийг гаргаж, хяналт шалгалт эхлүүлсэн, тус хяналт шалгалтын талаар ямар нэгэн шийдвэр гараагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа энэ тохиолдолд шүүхээс уг нөхцөл байдлыг нэг мөр тодруулж холбогдох баримтыг бүрэн гүйцэт цуглуулсны үндсэн дээр талуудын маргаж буй үндэслэл тус бүрд дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

7.3.Үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн гэх асуудлаар маргаж байх бөгөөд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар уг нөхцөл байдлыг тогтоох боломжгүй, эрх бүхий этгээдээс уг асуудлаар хяналт, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн хэдий ч тус хяналт шалгалттай холбоотой шийдвэр эцэслэн гараагүй ... энэ тохиолдолд уг маргаан бүхий нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах нь хэргийг нэг мөр, бүрэн гүйцэд шийдвэрлэхэд ач холбогдолтой, уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд  шууд хамааралтай гэж үзэхээр байна.

8.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

8.1.Нэхэмжлэгч нь шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн М-ДБ-112-12/10885 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны үе шатанд тус захиалагчийн шийдвэртэй нэхэмжлэгч нь тухайн өдөр танилцсан болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлдэг. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлж, 37 хоногийн дараа шүүхэд хандсан.

8.2.Сангийн яамнаас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9781 дугаартай албан бичгээр “...Танай албан бичигт ерөнхий захирал А.П.К-ын гарын үсгийг эх хувиар хэрэглээгүй байх тул дээрх журмын 2.4-т заасны дагуу гомдлыг буцааж байна” гэсэн байна. Үүнээс үзэхэд шаардлага хангаагүй гомдлыг хүлээн авахаас татгалзаж, буцааж буй хариуг дээд шатны захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд гаргаж буй шийдвэртэй адилтган үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь дээд шатны байгууллагад зохих журмын дагуу гомдол гаргаагүй.

8.3.Нэхэмжлэгч компани нь манай компанийг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн буюу “УГМК Р*****” ХХК нь “УК Р****” ХХК болгож нэрээ сольсон гэж маргадаг боловч, хавтаст хэрэгт “ГМК-РГМ” ХХН гэх нөхөрлөлийн Е.А.С гэх захирлын гарын үсэгтэй бичгийг баримтаар өгсөн байдаг. Үүнээс үзэхэд төстэй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ойролцоо төрлийн нэртэй хуулийн этгээдийг нэг ижил компани, нөхөрлөл гэж шууд дүгнэж болохгүй. Гуравдагч этгээдийн тендерийн баримт бичигтээ хавсаргаж өгсөн компани болон нэхэмжлэгчийн дурдсан компани, нөхөрлөлүүдийн эрх бүхий этгээд, удирдлага, компанийн нэр, хуулийн этгээдийн төрөл өөр байна.

8.4.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, тендерийг дахин эхлүүлж, өөрсдийн алдааг засахаар санаархаж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчийн хууль бус ашиг сонирхлыг зөвтгөж байна.

8.5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд IЕk болон Рудгормаш брэндүүд нь тусдаа, үйлдвэрлэгчид гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн асуусан асуултад хариулсан. Үүнээс үзвэл IЕk брэндийн үйлдвэрлэгч нь Р**** биш тул борлуулагчийн зөвшөөрлийг тендертээ ирүүлэх ёстой байсан. Нэхэмжлэгч өөрөө шаардлага хангахгүй буюу захиргааны актыг хүчингүй болгосноор эрх сэргэхгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.

8.6.Манай захиргааны хэрэгтэй ижил төстэй агуулга бүхий хэрэг шийдвэрлэгдээгүй буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн захиалагч байгууллага, түүний Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн үнэн зөвийг хянах ёстой гэсэн дүгнэлт бүхий шүүхийн практик үүсэж жишиг тогтохоор байна. Захиргааны шүүх тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын үйл ажиллагааг хянах, дүгнэлт өгөх ёстой атал зөвшилцөх байгууллага бус өөр тусдаа улсын байцаагчийн үйл ажиллагааг хамаатуулан үзэж байгаа нь Захиргааны салбар эрх зүйн хууль тогтоомжид ноцтой зөрчлийг бий болгож байна.

8.7.Давж заалдах шатны шүүхээс улсын байцаагчийн дүгнэлтийг хэрэгт тусгах, авах шаардлагатай гэх боловч, тэрхүү дүгнэлттэй холбоотой ажиллагаа захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд шалгах, ажиллагаа хийх боломжгүй гэсэн байна. Үүнээс үзэхэд энэ захиргааны хэрэг хэзээ ч шийдвэрлэгдэхгүй, манай компани тодорхойгүй хугацаагаар маш их хэмжээний алдагдалд хүрэх буюу эцсийн эцэст бид гэрээ байгуулахаас өөрсдөө татгалзах хүсэлтийг гаргахаас өөр аргагүй болно.

8.8.Анхан шатны шүүх рүү буцаасан ч гэсэн нэхэмжлэгч компанийн тендерийн материал шаардлага хангахгүй үйл баримтыг өөрчлөхгүй бөгөөд гагцхүү цаг хугацаа алдах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ эвдэрсэн өрмийн машинаа засварлах боломжгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй нөхцөлд хүрэх, харин манай “И” ХХК нь гэрээний дагуу нийлүүлэхээр төлөвлөсөн сэлбэг, бараа хил дээр тодорхойгүй хугацаагаар гацах, гаалийн агуулахын зардал, үйлдвэрлэгч, борлуулагчид алданги төлөх зэрэг маш их хэмжээний төлбөр гарч хохирол амсаж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.

10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад, давж заалдах шатны шүүхийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болсон “баримт бичиг хуурамч” эсэхийг тогтоох улсын байцаагчийн шийдвэр эцэслэн гараагүй байгаа нөхцөл байдал нь маргааны үйл баримтад шууд нөлөөлөх, хэргийг нэг мөр бүрэн гүйцэд шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш байна.

11.Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Үнэлгээний хороо болон захиалагчийн тендерийг хянан үзэх үе шатанд “хуурамч баримт бичиг ирүүлсэн” асуудлаар маргаж байгаагүй, харин эрх бүхий байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” гэж шийдвэрлэсний дараа 2025 оны 10 дугаар сарын 31-нд гомдол гаргажээ.

12.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ” гэж, 57  дугаар зүйлийн 57.7-д “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш гомдол хүлээн авахгүй” гэж заасан байх тул тендерийг хянан үзэх үе шатанд гаргасан шийдвэр нь бие даасан захиргааны акт байх бөгөөд заавал улсын байцаагчийн дүгнэлт гарсан байх, хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахад шууд нөлөөлөхгүй, хамааралгүй байна.

13.Тодруулбал, тендерийг хянан үзэх үе шатанд өөрийн санаачлагаар болон мэдээлэлд үндэслэн хуурамч баримт бичгийн асуудлыг нягтлан шалгах эрх Үнэлгээний хороо болох Захиалагчид аль алинд байгаа боловч энэ тохиолдолд тендерийг хянах үзэх үе шат дууссаны дараа хуурамч баримт бичгийн асуудал үүссэн, энэ нь тусдаа журамтай, шийдвэрлэх этгээд нь өөр байгууллага байх тул давж заалдах шатны шүүхийн “… хяналт шалгалт эхлүүлсэн, тус хяналт шалгалтын талаар ямар нэгэн шийдвэр гараагүй” гэх дүгнэлт буруу байна.

14.Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, 48.2.10-т “энэ хуулийн 56.5-д заасан нөхцөл илэрсэн оролцогчийн талаарх мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хянуулахаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх” гэж, 56 дугаар зүйлийн 56.5.1-д “худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн” гэж тус тус заасны захиалагч тендерийн баримт бичиг хуурамч эсэхийг шалгуулахаар шийдвэрлэсэн байдал нь Үнэлгээний хорооны өмнө гаргасан шийдвэрийн үр дагаврыг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй.

15.Иймээс давж заалдах шатны шүүхийн  “… үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн гэх асуудлаар захиалагч болон оролцогч, шүүхээс дүгнэлт гаргах боломжгүй” гэх дүгнэлт буруу буюу тендерийн аль үед шатанд байгаагаас хамаарч ялгаатай зохицуулалт үйлчлэх бөгөөд тендерийг хянан үзэх үе шатанд баримт бичгийн үнэн зөв эсэхэд эргэлзэх илэрхий баримт байгаа бол Үнэлгээний хороо болон захиалагчаас уг нөхцөл байдал дүгнэлт хийх, өөрийн эрх хэмжээний хүрээнд хянан үзэх эрхтэй, харин энэ тохиолдолд цаг хугацааны хувьд ялгаатай нөхцөл байдал үүссэн учир захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хүрээгээр хязгаарлагдаж, маргааныг шийдвэрлэх боломжтой юм.

16.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Захиалагч тендер шалгаруулалттай холбоотой хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл сонирхогч этгээд, оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана” гэж, 57.3-д “Захиалагч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрт үндэслэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дурдана” гэж тус тус зааснаар тендер шалгаруулалт нь тодорхой үе шат, цаг хугацааны дараалалтай, хэрэв тендерийн баримт бичгийн хуурамч эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа урт хугацаанд үргэлжлэх бол тухайн тендер зарлах шаардлагагүй болох, төсвийн хугацаа дуусах, шүүхийн шийдвэр ач холбогдолгүй болох эсэхийг давж заалдах шатны шүүхээс анхаараагүй байна.

17.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2026/0204 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

  Д.БАТБААТАР

  П.СОЁЛ-ЭРДЭНЭ