Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0256

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Н.Г-Э, өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 22.4, 22.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангах ёстой. Энэ нь шүүхийн шийдвэр гарахдаа зөвхөн хуульд үндэслэх, хуулийг дээдлэх Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцсэн байхыг ойлгодог. Өөрөөр хэлбэл, гаргасан шийдвэр нь зөвхөн хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн хууль ёсны дүгнэлтээр илрэх ёстой хэмээн ойлгодог. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “... шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж тус тус заасан ба эдгээрийг шүүх зөрчсөн байна. Учир нь маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын сүлжээнд холбогдоогүй асуудлаар гараагүй бөгөөд нэхэмжпэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд уг асуудлаар талууд мэтгэлцээгүй байтал шүүх ийнхүү шийдэж байгаа нь үндэслэлгүй шийдвэр гарахад нөлөөлжээ. Хэргийн материалд буй ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудасны “Төслийн байгаль орчны нөлөөллийн урьдчилсан үнэлгээ” хэсгийн Усан орчин гэсэн хүснэгтэд буй 3 үзүүлэлтийн зөвхөн ТИЙМ гэсэн хэсгийг шүүхийн шийдвэрт дурдаад тэдгээрийн тайлбарыг үнэлээгүй байна. Уг 4 тайлбарын 4 дэх хэсэгт “Усны тухай хууль, тогтоомж болон бусад хууль тогтоомжоор хориглосон хязгаарласан бүсийн дэглэмийг зөрчихгүй байх талаар зөвлөмж боловсруулж тайланд хавсаргах /цооног өрөмдөх, худаг гаргах/' гэсэн хэсгийг үнэлсэнгүй. Мөн шүүх маргаан бүхий газарт хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж буюу ариутгах татуургын сүлжээнд холбогдох шугам уг байршил бүхий газар байгаа эсэхийг огт тодруулалгүйгээр түүнд холбогдоогүй гэж мөн нэхэмжлэгчийн зүгээс угаас тэнд холбогдох улсын эсхүл нийслэлийн шугам байдаггүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бохирын цооног суулгаж буй ажлын зураг болон “Говийн марз хайрхан” ХХК-тай байгуулсан гэрээгээр Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын аялап жуулчлалын зориулалттай байр сууц. Үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага МNS 6426:2013 стандартын 5.6.4-д зааснаар “байгальд ээлтэй технологи бүхий био жорлонтой байна, түүнээ механик цэвэрлэгээ ашиглана” гэж зааснаар бохир усны битүү цооног ажиллуулж байгаагаа нотлох баримт өгсөн ч огт анхаарч үзэлгүй байгальд шууд шингээдэг хэмээн журмын заалтыг зөрчсөн мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д заасан Захиргааны актын илэрхий алдааг засах гэдэгт захиргааны актаар чиглэсэн этгээдийн нэр, хаягийг буруу бичих гэх мэт алдаа орохоор хуульчилсан байна. Үүнээс гадна хуулиар захиргааны актын алдааг дээрх байдлаар зассан бол уг засварыг оролцогчид буюу чиглэсэн этгээдэд мэдэгдэх үүргийг захиргааны байгууллага хүлээхийг хуулиар тогтоож өгчээ. Анхан шатны шүүхээс дээрх байдлыг тодруулаагүйгээс гадна уг асуудлыг анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад огтоос дурдаж мэтгэлцээгүй бөгөөд хариуцагчийн зүгээс ч сайдын А/427 тушаалаар баталсан нэмэлт өөрчлөлтийг нэхэмжлэгч байгууллагын газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл хэмээн тайлбарлаж байгаагүй болно. Дээрх үндэслэлүүдээс гадна анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан алдааг засч түүнд дүгнэлт өгөх байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээд шатны захиргааны байгууллагын үүргийг гүйцэтгэж буй сайдын гаргасан шийдвэрийг зөвтгөхийн тулд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, хариуцагчийн тайлбар, талуудын шүүх хуралдаанд мэтгэлцээгүй үйл баримтуудыг зориудаар үүсгэж, түүндээ дүгнэлт өгөх байдлаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.          

  Нэхэмжлэгч “И” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/76 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

  Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг тус тус баримтлан, “Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй” гэх үндэслэлээр 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байх ба үүнд “И” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газар, Бага тэнгэрийн аманд байрлах 0,42 га газар багтжээ.

 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “И” ХХК-д  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газарт байрлах Бага тэнгэрийн аманд 0,42 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгож, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2016/232 дугаар гэрчилгээ олгосон байх бөгөөд уг газар нь Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс болон Туул голын энгийн хамгаалалтын бүстэй бүрэн давхцалтай, онцгой хамгаалалтын бүстэй 2223 м.кв хэмжээгээр давхцалтай болох нь Туул голын сав газрын захиргаанаас ирүүлсэн зургаар тогтоогдсон байна.

 Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн давхцлын зургууд зөрүүтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй бөгөөд тухайн сав газрын усны харилцааны талаар бүрэн эрхийг хэрэгжүүлж усны тоо бүртгэл, усны мэдээллийн дэд санг хариуцдаг Туул голын сав газрын захиргаанаас ирүүлсэн давхцлын зургийг үнэн зөв гэж үзнэ.

 Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.3-д “усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.5 “Онцгой хамгаалалтын бүсэд дор дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно”, 2.9 “Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 2.9.2-т “хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах”, 3.9 “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 3.9.12-т “газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох” гэж тус тус заажээ.

Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглаж буй газар нь ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс болон Туул голын энгийн хамгаалалтын бүстэй бүрэн давхцалтай, онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давцалтай байгаа үйл баримт нь дээрх журмаар тогтоосон дэглэм зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болох ба Усны тухай хуулийн 22.6-д заасан хориглосон хэм хэмжээ зөрчигдсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

Хэдийгээр хариуцагч нь анх газар ашиглах эрх олгохдоо хууль зөрчиж олгосон буруутай боловч усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх зорилгоор Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” зөрчсөн зөрчлийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлд хамааруулан маргаан бүхий газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Захиргааны хэргийн шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүрэгтэй учраас хариуцагч талаас цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй үйл баримтын талаар тайлбар гаргаагүй ч маргаан бүхий актын үндэслэл нь “усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх зорилгоор” гэж гарсантай холбоотойгоор холбогдох хууль, дүрэм журам зөрчигдсөн эсэх нөхцөл байдлыг шалгаж тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын сүлжээнд холбогдоогүй асуудлаар гараагүй, нэхэмжпэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд уг асуудлаар талууд мэтгэлцээгүй байтал шүүх ийнхүү шийдэж байгаа нь үндэслэлгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн, газар ашиглах эрх олгохыг хориглосон төдийгүй хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглахыг хориглосон газарт үйл ажиллагаа явуулж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьсан үйл баримт тогтоогдож байхад  хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж буюу ариутгах татуургын сүлжээнд холбогдох шугам байдаг эсэх, байгальд шингээдэггүй битүү цооногтой эсэх нөхцөл байдал нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой биш, энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 Харин шүүх усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн талаар дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай ч энгийн хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн талаар хийсэн дүгнэлт хуульд нийцсэн.

 Мөн хариуцагч талаас маргаан бүхий актад нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны А/427 дугаар тушаал “И” ХХК-д  хамааралгүй гэж тайлбар гаргасан байхад уг тушаалын талаар дүгнэлт хийх шаардлагагүй, газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байхад эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон талаар дүгнэсэн нь буруу ч энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гол үндэслэл биш байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Э.Лхагвасүрэн    

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН