Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 199

 

Д.Самданцоодолд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Д.Булганцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 79 дүгээр магадлалтай 201518000393 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоогийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1960 онд төрсөн, ял шийтгүүлж байгаагүй Жалайр овогт Дэрэмийн Самданцоодол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Самданцоодолыг уг хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан  мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Самданцоодолыг 03 жил 05 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Самданцоодолын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...гэмт хэргийн зүйлчлэлийг буруу тогтоосон, анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн Д.Самданцоодолын үйлдсэн гэмт хэргийн хувьд байхгүй. Д.Самданцоодол нь хохирогч Ч.Чимэгцэцэгтэй 4 жил хамтран амьдарсан бөгөөд тэдний хооронд хэрүүл маргаан үүссэн хувийн сэдэлттэйгээр, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас хутга хэрэглэн хохирогч нарын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь гэрч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Д.Самданцоодолын хувьд шалтаг шалтгаангүй танхайрсан гэж сэдэлт, санаа зорилгыг буруу тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэс болсон. Үйлдсэн гэмт хэргийн объект нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн, эсхүл нийгмийн аюулгүй байдлын эсрэг чиглэсэн эсэхийг ялгаж дүгнээгүй, хохирогч Ч.Чимэгцэцэг маргааныг эхэлж өдүүлэн чамтай алалцана, нэгийгээ үзнэ гэж хутга барин босч ирсэн үйлдлийн эсрэг хутгыг нь булаан авч түүнийг хутгаар хатгаж хөнгөн гэмтэл учруулсан байдаг. Энэ үйлдлийг зогсоох гэсэн хохирогч М.Бат-Өлзийг Д.Самданцоодол хутгаар хатгаж хөнгөн гэмтэл учруулсан нь хүний амь бие эрүүл мэндийн эсрэг чиглэсэн санаатай үйлдэл юм. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 99.2-т заасан гэмт хэргийн шинжтэй байдаг. Давж заалдах шатны шүүхээс ялтны үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Хэргийг шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж эд мөрийн баримт болох хутгыг таньж олуулах ажиллагаа хийснээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар нотлох баримтын эх сурвалж болж чадаагүй бөгөөд эд мөрийн баримт болох хар иштэй хутгийг, гэрээс гаргаж цас руу шидсэн эрж олмоор байна гэдэг асуудлыг мөрдөн байцаалтын шатанд Д.Самданцоодол мэдүүлсэн байдаг. Гэвч уг хутгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу үзлэг хийж хурааж аваагүй, хэрэгт хавсаргаагүй хууль зөрчсөн байдаг. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д заасан гэмт хэрэг үйлдэгдэхэд  нөлөөлсөн  шалтгаан  нөхцөлийг шалгаж тогтоогүй байдаг. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг өөрчилж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоогийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Д.Самданцоодол нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр багийн 08-04 тоот хашаанд оршин суух Ч.Баасанжавын гэрт шалтаг шалтгаангүйгээр зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан Ч.Чимэгцэцэг, М.Бат-Өлзий нарыг хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Д.Самданцоодол нь согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч, хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглан Ч.Чимэгцэцэг, М.Бат-Өлзий нарыг хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд тодорхой хүний эрүүл мэндийн эсрэг чиглэсэн бус харин Ч.Баасанжавын гэрт байсан хүмүүс рүү хандан хүч хэрэглэн, мөн хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж заналхийлэн, тэдний амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа дээрх 2 хүнийг хутгалж гэмтэл учруулан, улмаар танхайрах үйлдлээ үргэлжлүүлэн гэрийн гадаа байсан бусдын автомашиныг өөрийн автомашинаар мөргөж гэмтээсэн байх тул Д.Самданцоодолын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, тухайн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ. 

Харин давж заалдах шатны шүүхийн зүгээс шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, түүнчлэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1, 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Самданцоодолд оногдуулсан хорих ялын хэмжээг бууруулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэл бүхий байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоогийн гаргасан “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэх...” гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 79 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоогийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БАТЦЭРЭН

                                 ШҮҮГЧ                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН