| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 182/2024/05220/И |
| Дугаар | 210/МА2025/01784 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01784
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/05659 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. “*******” ХХК нь ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 81 м.кв /0.008 га/ талбай бүхий газрыг хуулийн дагуу эзэмшиж, жил бүр газрын төлбөрийг төлж байна.
1.2. Тус газар дээр иргэн *******ийн гараж байх бөгөөд “*******” ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг ашиглаж үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул шүүхэд уг гаражийг буулгаж, газрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
1.3. Ийнхүү манай компани нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд дээрх газрыг албадан чөлөөлүүлэхтэй холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр албан бичгээр хүсэлт гаргасан боловч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тус маргааныг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн.
1.4. Иймд хариуцагч *******ийн гаражийг буулгаж, түүний хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, түүний эзэмшлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байршилтай, 81 м.кв талбай бүхий газарт хууль бусаар баригдсан хариуцагч *******ийн эзэмшлийн гаражийн давхацсан хэсэг /57.4 м.кв/-ээр газрыг албадан чөлөөлж,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн буюу *******ийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангалгүйгээр хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн.
Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/27874 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн зүгээс уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...124 дүгээр зүйлд заасан шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасныг зөрчсөн байна.
Дээрх хууль бус шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3-т тус тус заасныг удирдлага болгосон байх бөгөөд мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн ... шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасны дагуу уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй байна.
Гэтэл анхан шатны шүүх хариуцагч *******ийн уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг зөрчиж, улмаар шүүх хуралдаанд хариуцагчийг биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангалгүй хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн нь хариуцагч *******д хэргийн материалтай танилцах, тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлох боломжийг олгоогүй гэж үзэхээр байна.
4.2. Мөн шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэж үйл явдал, нөхцөл байдлыг сэргээн тогтоохдоо “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн захирамжийг үндэслэн тухайн газрын эзэмшигч мөн тул шаардах эрхтэй” гэж дүгнэсэн байдаг. Гэвч хариуцагчийн зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 15 жил гаруй хугацаанд өмчилж байсан. Өөрөөр хэлбэл, шүүхээс тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байгаа эсэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болох эсэхийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан зохицуулалтыг зөв үр дүнтэй хэрэглэж чадаагүйг харуулж байна.
4.3. “Шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тул хэргийг эзгүйд шийдвэрлэв” гэж дүгнэсэн. Утсаар холбогдсон тухай тэмдэглэлд 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэж тэмдэглэгдсэн байх боловч хэдэн цагт аль дугаараар холбогдон хэдэн минут ярьсан талаар нарийвчлан тусгаагүй.
Мөн “шуудангаар тов хүргүүлсэн” гэж тэмдэглэгдсэн байх боловч хариуцагч тухайн мэдэгдлийг гардаж авсан нь тодорхой бус, “хүлээн авлаа” гэх гарын үсэг бүхий баримт хэрэгт байхгүй. Хариуцагчаас тодруулахад “шуудангаар ямар нэгэн мэдэгдэл ирээгүй” гэдэг. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хариуцагчид хүргэж, түүнийг шүүх хуралдаанд оролцох эрхээр нь хангаагүй гэж үзэж байна.
4.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч байгууллага 2015 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг газрын эзэмших эрх авч, хууль ёсны дагуу бүртгүүлсэн. Тухайн газрын хажууд манай байгууллагын оффис байрладаг бөгөөд уг оффис нь хожим ашиглалтад орсон. Бид тухайн үед барилгын каркас нь баригдаж хаягдсан байсан байшинг сэргээн босгосон.
5.2. Харин хариуцагч *******ийн нэр дээр байгаа гэж дурдагдаж буй гараж нь хэзээ ч ашиглагдаж байгаагүй, хаалттай, эзэмшигчгүй. Уг гараж нь өмнө нь барилга барьж байсан этгээдийн эзэмшлийн талбайд хамааралтай. Үүнтэй холбогдуулан бид нотлох баримтаа гаргаж өгөхийг хариуцагчаас шаардсан.
5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7-8 удаа шүүх хуралдаан товлогдсон боловч хариуцагч нэг ч удаа оролцоогүй. Өөрөөр хэлбэл, “гадаадад байгаа” гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй.
5.4. Талууд өмнө нь утсаар холбогдож, асуудлыг харилцан ойлголцож шийдвэрлэх талаар санал солилцсон боловч тодорхой үр дүнд хүрээгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор /контор/-ын зориулалттай, 81 м.кв /0.008 га/ талбай бүхий эзэмших эрхтэй газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. “*******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/993 тоот шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 81 м.кв /0.008 га/ талбайтай газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор /контор/-ын зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-ийн 5-р тал/
3.2. ******* дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон “*******” ХХК нар нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******* дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. /хх-ийн 8-12-р тал/
3.3. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2024/19958 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, хэмжилт хийлгэхэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/37 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хариуцагч *******ийн эзэмшлийн гэх гараж нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын ******* дугаар бүхий 81 м.кв талбай бүхий газрын 57.4 м.кв талбайтай давхацсан болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 57-65-р тал/
4. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 81 м.кв /0.008 га/ талбайтай газрын эзэмших эрхийг олж авсан байх тул нэхэмжлэгч нь тухайн газрын шударга эзэмшигч мөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасантай нийцсэн байна.
5. Хариуцагч нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гардан авч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******г томилж, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хууль зүйн үндэслэл бүхий тайлбарыг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны дараа дэлгэрэнгүй өгөх болно...” гэсэн тайлбар гаргасан боловч хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан болсон 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нэмэлт тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд хариуцагчийг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэргийн материалтай танилцах, тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлох боломжийг олгоогүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эзэмшлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах, 81 м.кв талбай бүхий газарт хууль бусаар баригдсан хариуцагч *******ийн эзэмшлийн гаражийн давхацсан хэсэг /57.4 м.кв/-ээр газрыг албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу баримталсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх зохицуулалт нь өмчлөгчийн шаардах эрхэд хамаарах зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч нь эзэмшигчийн хувиар өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шаардлага гаргаж байгаа, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж заасан тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг баримтлах нь хууль хэрэглээний хувьд оновчтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэж, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулна.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан дараах давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
7.1. Шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч *******ийн ******* дугаарт утсаар мэдэгдэж, “...нөгөө газрын маргаантай асуудал уу. За ойлголоо...” гэсэн тэмдэглэл үйлдсэн байх тул шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдээгүй гэх гомдлыг хүлээж авахгүй.
7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр гаргасан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/27874 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан гомдол гаргаж болох захирамжид хамаарахгүй.
Иймд хариуцагчийн “хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан гомдол гаргах эрхээр хангаагүй” гэх гомдлыг хүлээн авахгүй.
7.3. Түүнчлэн, анхан шатны шүүх тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байгаа эсэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болох эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй. Учир нь, хариуцагчаас эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй талаар маргаж, баримт гаргаагүй ба нэхэмжлэгч “*******” ХХК-ийн газар эзэмших эрх нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрчилгээтэй байна.
Энэ тохиолдолд анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримтыг бүрдүүлээгүй гэж үзэхгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/05659 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, түүний эзэмшлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий газарт хууль бусаар баригдсан хариуцагч *******ийн эзэмшлийн гаражийн давхацсан хэсэг /57.4 м.кв/-ээр газрыг албадан чөлөөлсүгэй.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ