Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01536

 

 

 

*******н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04188 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоотод байрлах, 10х6 метр хэмжээтэй байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* зусланд байрлалтай, нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эзэмшдэг.

1.2. Уг газраа ашиглах гэтэл ******* нь барьсан хашааг нураан, хууль бусаар хашаа хатгаж, байшин барьсны улмаас тухайн газрыг ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

 1.3. ******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ******* дүүргийн Засаг даргад холбогдуулан, гэр бүлийн зориулалтаар газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох арга хэмжээ авахыг даалгах, ******* дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 352 дугаартай захирамжийн *******д холбогдох хэсэг, *******н газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, гуравдагч этгээдээр ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2023/0641 дугаар шийдвэрээр *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан хэдий ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2023/0687 дугаар магадлалаар гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, *******г  ******* дүүрэг, ******* хороо, ******* зусланд байрлалтай, нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоосон.

1.4. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу ******* дүүрэг, ******* хороо, ******* зусланд байрлалтай, нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг *******ы эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь гэр бүлийн хамт 2011 оноос эхлэн маргаж буй 475 м.кв талбай бүхий газар дээр амьдарсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2023/0641 дугаар шийдвэрээр *******ыг 2012 оноос эхлэн маргаж буй газар дээр амьдарч байгаа болохыг тогтоосон.

2.2. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуучнаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байхаар, мөн энэ зүйлийн 75.2.2-т үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан байдаг. ******* нь хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсний дараа шаардах эрхээ хэрэгжүүлэн нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч тал үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

Өөрөөр хэлбэл *******ы амьдарч байгаа үл хөдлөх эд хөрөнгийг буулгаж, газар чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

2.3. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд ямар нэгэн хүн, хуулийн этгээд, байгууллагын зүгээс газартай холбоотой маргаан үүсгэж байгаагүй, дүүргийн газрын албанаас мэдэгдэл, албан бичиг ирүүлээгүй байдаг.

Хамгийн сүүлд ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр газар албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Өмнө нь хянан шийдвэрлэгдэж байсан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч ******* нь газар албадан чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

3.1. ******* нь гэр бүлийн хамт 2011 оноос эхлэн маргаж буй 475 м.кв талбай бүхий газар дээр амьдарсан бөгөөд 2014 онд 10х6 метр харьцаатай өвлийн байшин барьж, өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа болно.

*******, түүний гэр бүлийн хувьд шударгаар олсон хөрөнгө мөнгөө гарган, өөрсдийн хөлс хүчээ зарцуулан хашаа хатгаж, байшин барьсан. ******* нь 10х6 метр хэмжээтэй өвлийн байшингаа 50,000,000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд өөрийн шударгаар олсон хөрөнгө мөнгөө гарган, хөлс хүчээ зарцуулан барьсан.

Газрыг 13 жилийн турш эзэмшиж ашигласан тул тухайн газар дээр барьсан 10х6 метр хэмжээтэй байшингийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. ******* нь Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* зусланд байрлалтай, нэгж талбарын ******* дугаартай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2010 оноос эзэмшиж байгаа бөгөөд газар эзэмших гэрчилгээ нь 15 жилийн хугацаатай хүчин төгөлдөр байгаа. *******г Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШШ2023/0641 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2023/0687 дугаар магадлалаар тус газрын шударга эзэмшигч болохыг тогтоосон.

4.2. ******* нь зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмших эрхгүй, хууль бусаар *******н эзэмшлийн газарт 2011 оноос эхлэн амьдарч, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ба газар эзэмших эрхгүй этгээд хууль бусаар байшин барьсан. 

4.3. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан.

Тухайн байшинг өмчлөөд, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхийн тулд бусдын газар эзэмших эрхийг зөрчиж болохгүй. Байшин нь тухайн газартайгаа холбоотой байгаа. Эхлээд газар эзэмших эрхийн асуудал яригдаж байж дараа нь үл хөдлөх эд хөрөнгийн асуудал яригдана.

4.4. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх асуудал биш учраас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 699 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай эзэмших эрхтэй газар /хуучнаар Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв талбай бүхий газар/-ыг хариуцагч *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч *******д холбогдох ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоотод байрлах, 10x6 метр хэмжээтэй байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч *******ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх газар эзэмших эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч ******* нь анх 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл миний үйлчлүүлэгч ******* нь 2011 оноос хойш маргаан бүхий газарт амьдарч байсан. Хорооны Засаг даргын тодорхойлолтоор 2012 оны 06 дугаар сараас амьдарч байсан гэж тодорхойлсон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр *******ыг 2012 оноос эхлэн маргаан бүхий газарт амьдарч байгааг тогтоосон. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно.

6.2. Онолын хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь иргэний эрх зүйн харилцааны тогтвортой, тодорхой байх шинж чанарт нөлөөлөхөөс гадна гэрээний сахилга батыг бэхжүүлэх, мөн үүргийн гүйцэтгэлд талуудын хяналт тавих нөхцөлийг сайжруулах ач холбогдолтой байдаг.

6.3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа өнгөрсний дараа шаардах эрхээ хэрэгжүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч тал үүргээс татгалзах эрхтэй гэх байр суурийг анхан шатны шүүхэд илэрхийлсэн. Давж заалдах гомдолд энэ үндэслэлийг мөн дурдсан.

Өөрөөр хэлбэл, 10 жил өнгөрсний дараа нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь үндэслэлгүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгах талаар шаардлага гаргасан. Үүнд хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэсэн.

6.4. Анхан шатны шүүх *******ы гаргаж өгсөн баримтыг үндэслээд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж шийдвэрт дурдсан. ******* болон түүний гэр бүлийн гишүүд шударгаар олсон хөрөнгө, мөнгөө зориулж өөрсдийн хүч хөдөлмөрөөр хашаа босгож, тухайн байшинг барьсан. Энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй.

6.5. Бодит байдалд ******* нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газрыг зориулалтын дагуу эзэмших үүргээ биелүүлээгүй. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д зааснаар гэрээнд заасан нөхцөл журмыг биелүүлээгүй. Дээрх нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, 2012 оны 06 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл ямар нэгэн хүн хуулийн этгээд, төрийн байгууллагын зүгээс маргаж буй газартай холбоотой маргаан үүсгээгүй. Мөн дүүрэг, нийслэл, хорооноос ямар нэгэн мэдэгдэл, албан бичиг ирүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

6.6. Иймд ******* нь 10х6 метр хэмжээтэй өвлийн хашаа, байшинг 50,000,000 төгрөгөөр үнэлсэн. *******н хувьд газрыг албадан чөлөөлүүлэх эрхээ алдсан учраас хариуцагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэлд дурдсанаар 2010 оноос хойш тухайн газрыг зохих зөвшөөрөл, хүсэлтийн дагуу буюу хууль ёсны дагуу ******* нь гэрчилгээ гарган авсан учраас тухайн газрыг эзэмших, ашиглах эрхтэй. Үүнд хөөн хэлэлцэх тусгай хугацаа буюу 6 жилийн хугацааны талаар гомдолд дурдсан. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан учраас ******* болон *******ы хооронд ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй.

7.2. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хариуцагч өөрөө байшин барьсан үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцсон нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог. Өөрөөр хэлбэл, ******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй өндөр настай хүн байх ба хүүхэд нь удаан хугацаагаар гадаад руу явж ирээд газраа ашиглах болоод тухайн газарт очиход ******* байшин барьсан байсан учраас газар чөлөөлөх асуудал яригдсан. Газар чөлөөлүүлэх, шаардах эрх нь 2022 онд уг асуудал хөндөгдсөнөөр үүссэн.

7.3. Иймд хариуцагч талын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Мөн өөрийн хөрөнгө мөнгө, шударга хөдөлмөрөөр байшин барьсан учраас байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй байна.

Нэгдүгээрт, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлүүлэхийн тулд үндсэн шаардлагатай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нийцэж байгаа тохиолдолд сөрөг шаардлагыг хүлээж авч шийдвэрлэдэг.

Гэвч энэ хэргийн тухайд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Харин барьсан байшингийн зардлыг нэхэмжилсэн бол үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай дүйцэхүйц сөрөг нэхэмжлэл гэж үзээд шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл үндсэн нэхэмжлэлтэй огт хамааралгүй сөрөг нэхэмжлэл гаргасныг хангахгүй байх үндэслэлтэй.

7.4. Түүнчлэн, тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохын тулд хөрөнгө гэдэг нь аливаа этгээдийн хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялгийн эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан.

7.5. Иргэний хуулийн 100 дугаар зүйлд зааснаар гол үндэслэл нь хууль ёсны буюу хуульд нийцсэнээр өмчлөлийн асуудал яригдана гэдгийг анхаарах нь зүйтэй. Учир нь таны болон миний эзэмшлийн газарт хэн нэгэн этгээд байшин барьсныхаа дараа байшин миний өмч учраас газар нь миний өмч байх ёстой гэх асуудал хөндвөл энэ хууль бус болно. Дээрх агуулгаар сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

7.6.  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, 699 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоотод байрлах, 10х6 метр хэмжээтэй байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. ******* дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаартай захирамжаар тус дүүргийн ******* дугаар хороо, ******* хаягт *******д нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгож, 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээ олгосон. /хх 5-6, 130-132/

3.2. ******* дүүргийн Газрын алба болон ******* нар нь 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. /хх 7-8/

3.3. ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв талбай бүхий газрын нэгж талбарын ******* дугаартай газар болж өөрчлөгдсөн. /хх 24/

3.4. ******* дүүргийн Газар зохин байгуулалтын албаны даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар ******* дүүргийн ******* хороо, *******  хаягт *******д нэгж талбарын ******* дугаартай, 699 м.кв талбай бүхий газрыг гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, иргэний газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээ олгосон. /хх 105/

3.5. ******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах газарт 10х6 метрийн хэмжээтэй байшин барьсан, уг байшин нь бүхэлдээ *******н эзэмшил газарт баригдсан болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэж шийдвэрлэсэн байна. /хх 9-23/

3.6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хариуцагч ******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* зусланд газар эзэмшдэггүй, мөн эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрээр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байна.

 

4. Хариуцагч ******* нь бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр 10х6 метр хэмжээтэй байшин барьсан байх тул шүүх уг байшинг албадан буулгаж, газрыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцжээ.

 

5. Хариуцагч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа, мөн зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дууссан үндэслэлээр Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэсэн заалтыг дагуу нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа нь үндэслэлгүй, түүний энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмших эрхээ олж авсан тул үүнд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

6. Хариуцагч ******* нь газар эзэмших эрхгүй болохыг мэдсэн атлаа бусдын эзэмшлийн газар дээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр байшин барьсан тул хариуцагчийн “...хөрөнгө зарцуулсан...” гэсэн үндэслэлээр өмчлөгчөөр тогтоох боломжгүй талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт зөв болжээ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

                                       ШҮҮГЧИД                                     Б.УУГАНБАЯР

 

                                                            Ч.МӨНХЦЭЦЭГ