2019 07 16 2019/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг
-улсын яллагчаар Б.Энхболд,
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн
-шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн
-шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Б-д холбогдох эрүүгийн 1834008910012 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч, эксковаторын операторчин мэргэжилтэй, Батлан хамгаалах их сургуулийн Эчнээ 2 дугаар курсын инженерийн ангийн оюутан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян замын 7-33 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт С.Б /РД:__98011874/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Б нь “Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг Дуган хад гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 98-70 УБЦ улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 98-70 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Дулмаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Н.Дүүрэнбатын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Б: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-12 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт болон осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 13-14 тал/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-19 тал/, хууль ёсны төлөөлөгч Г.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/, хохирогч Б.Дулмаагийн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/, иргэний нэхэмжлэгч С.Амарбаянгийн мэдүүлэг /хх-ийн 32 тал/, гэрч Н.Лхагважаргалын мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, шүүгдэгч С.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/, гэрч Ч.Баттамирын мэдүүлэг /хх-ийн 37 тал/, гэрч Б.Эрдэнэсүхийн мэдүүлэг /хх-ийн 145 тал/, гэрч Ч.Энхтүвшингийн мэдүүлэг /хх-ийн 146-147 тал/, шүүх эмнэлгийн №142 дүгнэлт /хх-ийн 43 тал/, шинжээчийн 189 дүгнэлт /хх-ийн 40-41 тал/, шинжээчийн №47 дүгнэлт /хх-ийн 52-53 тал/, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 152-153 тал/, хууль ёсны төлөөлөгч Г.Наранцэцэгийн нотариатаар баталгаажуулан бичгээр гаргасан хүсэлт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 72 тал/ зэрэг болон шүүгдэгч С.Б-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Шүүгдэгч С.Б нь “Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг Дуган хад гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 98-70УБЦ улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 98-70 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Дулмаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Н.Дүүрэнбатын амь насыг хохироосон болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн “..хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймаг Борнуур сумын 4 дүгээр багийн нутаг Дуган хад нэртэй газар үзлэгийг эхлүүлэв” гэх тэмдэглэл /хх-ийн 5 тал/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “..98-70 УБЦ улсын дугаартай саарал өнгийн приүс маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийв” гэх тэмдэглэглэл /хх-ийн 06-12 тал/,
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 13-14 тал/,
- Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-19 тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай тогтоол /хх-ийн 57 тал/
- Лизингийн зээл болон барьцаа гэрээний хуулбар /хх-ийн 62 тал/
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранцэцэгийн гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 86-103 тал/
- Хохирогч Б.Дулмаагийн өвчтөний түүх /хх-ийн 106-125 тал/
- Шүүгдэгч С.Б амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранцэцэгт хохирлын мөнгө төлсөн талаарх баримт /хх-ийн 152-153 тал/
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 155,172 тал/
- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №189 дугаартай “..Н.Дүүрэнбатын биед гавал ясны хугарал, хатуу хальсан доорхи цусан хураа, тархины зүүн ховдолд цусан бүлэн, баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун талын хавирганы хугарал, биед зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Н.Дүүрэнбат нь 3-р бүлгийн цустай байна. Цусанд спиртийн зүйл илрээгүй байна. Н.Дүүрэнбатын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Н.Дүүрэнбат нь гавал ясны хугарал, хатуу хальсан доорхи цусан хураа, тархины ховдолын цусан бүлэнгийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 тал/,
- Замын цагдаагийн тасгийн шинжээчийн №142 дугаартай “..хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 98-70 УБЦ улсын дугаартай Тоёота приүс маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв. Тоёота приүс маркийн 98-70 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв” гэх дүгнэлт /хх-ийн 43 тал/,
- Хүний биед үзлэг хийсэн №47 дугаартай “..Б.Дулмаагийн биед зүүн чамархай, духанд сорви, зулай чамархай ясанд хугарал, хатуу хальсан дээр, доор цусан хураа, тархи дарагдал, тархины эдэд няцралын голомтууд, тархи доргилт, субарахнойдаль зайнд цус харвалт, ховдолд цус, умдаг яс, ууц яс, цээжний зүүн 4-р хавирганд хугарал, баруун чамархайн хуйх, зүүн шанаанд шарх, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, мөр ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир ирмэг ба мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын улмаас үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 52-53 тал/,
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн үед ээж би гэртээ харьчих уу гээд асуугаад байсан, маргааш хичээлээ таслаж яах гээд байгаа юм гээд тэгээд дүүгээ санаад гэрээ санаад байна гэсэн, дүү нь утас аваад агаа эгээ 2 хараад хажуудаа тавиад тэрнээс хойш холбоо бариагүй. Би нөхөртэйгээ Орхон аймагт ирсэн байсан шөнө 02.00 цагийн орчим нөхрийн дүү Отгондаваа нөгөө өрөөнөөс орж ирээд нөгөө хэд чинь онхолдсон байна гээд орилоод ороод ирсэн. Тэгээд Баруунхараа дээр ирээд эмнэлэгт ирэхэд аль хэдий нь өнгөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,...дахин өгсөн: “талийгаач хүү маань 2018 оны 11 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчимд үеэл ах Баттөмөртэй бид хоёр маргааш өглөө Эрдэнэт рүү гарна гэж ярьсан. Тэгэхээр нь би хичээлээ таслаад яах вэ хичээлдээ суугаад орой гарахгүй юу даа гэж хэлсэн. Тэгтэл хүү маань ээжээ би дүүгээ, гэрээ санаад байна, харъяа л даа гэхээр нь хичээлээ таслаж болохгүй шүү дээ оноо хасагддаг гэхэд утсаа салгачихсан. Ингээд 23 цаг өнгөрч байхад охин маань залгаад манай ангийн Дулмаа Эрдэнэт рүү явна гээд грүпп чатанд зар биччихсэн байна, би Дулмаатай явна гэхээр нь наад хоёр чинь машинтай Улаанбаатар Эрдэнэтийн хооронд явж байсан юм уу гэж асуухад явж байсан гэж хэлсэн. Ингээд би охиндоо тэгвэл өөрсдөө мэддээ гэж хэлсэн. Ингээд тухайн үед манай охин дүү Отгондаваа жолоочтой нь ярих уу зөөлөн яваарай гэж хэлэх үү гэхээр нь би хамт явах хүн нь гэр бүлийн хүмүүс гэнэ, гайгүй байлгүй дээ гэхэд за за гээд жолоочтой нь ярилгүй өнгөрөөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/
- Хохирогч Б.Дулмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..би өөрийн нөхөр С.Б-той 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 23:00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Орхон аймагруу 98-70 УБЦ улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг манай нөхөр жолоодоод хажуу талд нь би суугаад арын суудалд манай Лхагважаргал, төрсөн дүү Дүүрэнбат хоёр суугаад гарсан. Ингээд замдаа явж байгаад осолд орсон. Би юунаас болж осол гарсныг одоо болтол санахгүй байгаа. Тухайн үед ухаан алдсан байсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
- Иргэний нэхэмжлэгч С.Амарбаянгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..би 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Гуртын тавилан ХХК-тай 06 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж барьцаанд нь өөрийн эзэмшлийн 98-70 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавьж тус байгууллагын нэр дээр эзэмшлийг түр шилжүүлж графикийн дагуу зээлээ төлж барагдуулсан байгаа. Одоо нэрээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна. Энэ талаархи бичгийг тус байгууллагаас надад өгсөн. Миний машиныг төрсөн дүү С.Баттогтох маань жолоодож яваад осолд орсон учир би тээврийн хэрэгслийнхээ эвдрэлийг С.Б-оос нэхэмжлэхгүй, надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,
- Гэрч Н.Лхагважаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2018 оны 11 сарын 07-ны өглөө Орхон аймаг явна гээд унаатай ярьсан байсан. Тэгтэл манай 10 жилийн 2 хүүхэд эхнэр нөхөр 2 байгаа юм тэр 2 хүүхэд дээрээ очих гээд 06-ны орой Улаанбаатар хотоос 00 цаг 30 минутын үед гараад замдаа унтаад явсан ба нэг мэдсэн клонк дээр зогсоод бензин авсан. Тэгээд хөдлөөд эргээд унтаад өгсөн, манай дүү бас унтсан байсан, нөгөө 2 маань дуу сонсоод явж байсан хальт сэрсэн машин 2 тийшээ дайвалзаад байсан нэг мэдсэн машин өнхөрөөд замаас гараад зогссон. Би сэргээд ямар нэг хөдөлгөөн хийж чадаагүй, шоконд орсон. Тэгээд эргэн тойрноо хартал жолоо барьж байсан найз маань байсан. Нөгөө хоёр маань байхгүй байсан. Хаалгаа онгойлгож чадахгүй, арын зүүн хаалгаараа 2-лаа буугаад хартал засмал замын уруу шороон далан дээр 2-лаа хэвтэж байсан. Ухаангүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
- Гэрч Ч.Баттамирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..98-70 УБЦ улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбат овогтой Амарбаян гэх хүн манай байгууллагаас 8 сарын хугацаатай 4 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж тус машиныг барьцаанд тавьж манай байгууллагын нэр дээр шилжүүлж авсан байгаа. Тус хүн гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж байгаа, хэрэв зөрчигдвөл бид иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр гэрээгээ байгуулсан учир эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,
- Шүүгдэгч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “..2018 оны 11 дүгээр сарын 06-ны орой 01 цагийн орчим эхнэр Дулмаа, найз Лхагважаргал болон түүний дүү Дүүрэнбат нарын хамтаар Улаанбаатар хотоос Орхон аймаг гарсан. Тэгээд замдаа Урьхан хоолны газар өнгөрөөд нүдний урд гэнэт юуг нь мэдэхгүй саарал юм гарч ирээд би тэрнээс зайлаад дарсан. Тэгээд нэг мэдсэн замаас гараад далангийн хажууд машин дотроо сэрсэн...архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...манай эхнэр урд сууж явж байсан хамгаалах бүсээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,
- Гэрч Б.Эрдэнэсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “би 2018 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 00-01 цагдаагийн газрын жижүүрийн 102 дугаарын утаснаас над руу залгаж зам тээврийн осол гарсан талаар мэдэгдээд би жижүүрийн бүрэлдэхүүнийг ахлаж хэргийн газарт очиход шөнийн 01-02 цаг болж байсан. Ингээд харанхуй учир үзлэг хийх боломжгүй байсан тул хэргийн газрыг хамгаалалтанд авч, замын хөдөлгөөнийг хааж өглөө 07 цаг 30 минутад үзлэгийг эхлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 145 тал/,
- Гэрч Ч.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “би Орхон аймаг дахь хорих 437 дугаар хорих ангиас ялтан шилжүүлж авах, Улаанбаатар хотоос гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг авчрах ажлаар Улаанбаатар хот руу жолооч, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Бямбасүрэнгийн хамт 78-03 ХӨВ улсын дугаартай фургон тээврийн хэрэгслээр яваад Улаанбаатар хийж гүйцэтгэх ажлаа хийгээд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны орой Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд хөдөлсөн. Ингээд Төв аймгийн Борнуур сумын нутаг Дуганхад гэх газарт явж байхад үл таних 20 орчим насны залуу гар өргөхөөр нь зогсоход тэр залуу бид нар дээр ирээд ахаа машин онхолдчилоо туслаарай гэж хэлээд буцаад гүйсэн. Тэгээд жолооч Бямбасүрэнгийн хамт машинаас буугаад очиход приус-20 маркийн 98-70 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдсон байдалтай, тээврийн хэрэгслийн ойролцоо эрэгтэй, эмэгтэй хоёр хүний биеийн байдал муу ёолсон байдалтай байхаар нь жолооч цагдаа Бямбасүрэнг эмэнлэгт хүргэхгүй бол болохгүй юм шиг байна гэж хэлээд албаны 73-08 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд биеийн байдал нь муу байсан хоёр хүнийг өргөж суулгаад эмнэлгийн байгууллагад ьхүргээд өгчих гэж хэлээд явуулсан. Ингээд би цагдаад дуудлага өгөөд хэргийн газрын хамгаалалтыг авч, жолоочоос яагаад зам тээврийн осол гарсан талаар асуухад машиныг жолоодож явсан гэх залуу миний нүдэнд нэг юм харагдаад онхолдчихлоо гэж байсан. Ингээд хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн ирэхээр нь дуудлага өгсөн талаараа мэгдэгдэж яаралтай ажилтай байсан учир явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147 тал/,
- Шүүгдэгч С.Б-ын мөрдөн байцаатын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн үед явахаар болоод Лхагважаргалыг дүүтэй нь оюутаны дотуур байрны хойд талын автобусны буудал дээрээс суулгаад Эрдэнэт рүү гарсан. Ингээд замдаа явж байгаад урдуур сааран өнгийн нэг зүйл гэнэт гараад ирсэн. Ингээд би тус зүйлээс жолоогоо зайлуулж баруун гар тал руугаа дараад цаашаа юу болсныг мэдэхгүй, нэг мэдэхэд машин дотороо замын хажууд машин гарчихсан зогсож байсан. Сэрээд харахад миний хажууд сууж байсан эхнэр маань байхгүй байсан, хойшоо харахад Лхагважаргал хойд суудлын түшлэг машины тааз хоёрын голд хэвтээгээрээ хавчуулагдсан, дүү нь байхгүй байсан...гадаа гарахад манай эхнэр замын хажуу талын налуу хөвөөн дээр хэвтэж байсан, Лхагважаргалын дүү замын хажуу талын хөвөөн дээр хэвтэж байсан...очиход хоёулаа ухаангүй, сэрэхгүй байсан...би осол болохын өмнө 80 орчим км/цагийн хурдтай явж байсан...би болон манай эхнэр бүс зүүсэн, арын суудалд суусан хүмүүс бүс зүүгээгүй байсан...зам ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, мөн хальтиргаа гулгаа байгаагүй, хойно урдаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч С.Б-ын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүгдэгч С.Б нь “98-70 УБЦ улсын дугаартай Тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Н.Дүүрэнбатын амь нас хохирсныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч С.Б-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдэлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч С.Б-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насанд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Б нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранцэцэгт оршуулгын зан үйл болон бусад зардалд 27.178.000 төгрөгийг төлсөн /хх-ийн 152-153 тал/ шүүхийн шатанд гаргасан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранцэцэгийн бичгээр гаргасан “...С.Б нь хохирол төлбөр болох 27.178.000 төгрөгийг бүрэн барагдуулсан... С.Б нь хохирол төлбөр бүрэн барагдуулсан, залуу хүн, цаашдын амьдарлыг нь бодож манай гэр бүлийхэн уучилсан тул түүнд ял оногдуулахдаа хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 172 тал/, шүүхээс хохирогч Б.Дулмаа, иргэний нэхэмжлэгч С.Амарбаян нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.
Харин энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дулмаад хүнд гэмтэл учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус зааснаар хохирогч Б.Дулмаа нь цаашид гарах эмчилгээний зардалаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга “С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй гэмт хэрэг байна. Гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь болгоомжгүй үйлдсэн гэж харуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Мөн шүүгдэгч С.Б нь өмнө нь ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангаж байна. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд эхнэр хүүхдийн хамт амьдардаг, батлан хамгаалах их сургуулийн оюутан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх,
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн: “Ял хариуцлагын асуудал дээр би урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд өөрөө шүүхэд гаргасан баримтандаа залуу хүн цаашид амьдралыг нь бодож уучилсан юм гэж бичсэн байгаа. Энийг тайлбарлаж хэлвэл өнөөдөр миний үйлчлүүлэгч шүүгдэгч С.Б-оос хоёр насаар дүү 19 настай хүүхдээ зуурдаар алдчихаад би гомдолгүй гэж хэлэх эрх байхгүй. Мэдээж эх хүнд бол хэцүү байгаа. Гэхдээ хохирогчийн ээж нь С.Б-ын эхнэр нь хүнд гэмтэл авсан, нялх хүүхэдтэй учраас цаашид амьдралыг нь бодож уучилж байгаа гэдгийг хэлж өгөөсэй гэж хүссэн. Ял хариуцлагын асуудалд тусгайлан хэлэх зүйл байхгүй байна” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч С.Б-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч С.Б-ыг тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй зэрэг хувийн байдал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранцэцэгийн “...С.Б нь хохирол төлбөр бүрэн барагдуулсан, залуу хүн, цаашдын амьдарлыг нь бодож манай гэр бүлийх нь уучилсан түүнд ял оногдуулахдаа хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү..” гэснийг, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг харъяа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу С.Баттогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1834008910012 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 98-70 УБЦ улсын дугаартай автомашиныг иргэний нэхэмжлэгч С.Амарбаянд буцаан олгосон болохыг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Б нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранцэцэгт хохиролд 27.178.000 төгрөгийг төлсөн, хохирогч Б.Дулмаа, иргэний нэхэмжлэгч С.Амарбаян нар гомдолгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурав жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний №1081588 дугаарын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Б овогт С.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б овогт С.Б-д үүрэг болгосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б овогт С.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний №1081588 дугаарын жолоочийн үнэмлэх /1 ширхэг/-ийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 98-70 УБЦ улсын дугаартай автомашиныг иргэний нэхэмжлэгч С.Амарбаянд буцаан олгосон болохыг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б овогт С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Дулмаа, иргэний нэхэмжлэгч С.Амарбаян нар гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
- Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б овогт С.Б нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранцэцэгт хохиролд 27.178.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Дулмаагийн цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б овогт С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА