Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02018

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/07044 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, ******* дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* гуйлтаар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж, ******* дугаарыг барьцаалсан. Зээлийн эргэн төлөлтийг ******* төлж байсан боловч зээлийг төлөхөө байснаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдөж эхэлсэн. ******* дээрх үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа.

Хариуцагч нь зээлийн мөнгөнөөс 38,673,500 төгрөгийг надад олгож, 81,266,444 төгрөг нь *******-д шилжүүлсэн учир гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Зээлийн гэрээ нь эргэн төлөгдөх хуваарьгүй, сардаа хүүгээ төлөх, эсвэл 2 жилийн сүүлээр үндсэн зээлтэйгээ төлөх эсэх нь тодорхойгүй ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдүүлэгч болон зээлдэгч нар байгуулаагүй.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг заасан бөгөөд 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэжээ. Энэ тусгай зөвшөөрөл хариуцагчид байхгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар ******* дугаарыг бусдад шилжүүлэхийг хориглосон байхад уг арга хэмжээ авснаас хойш 2 хоногийн дараа бусдад шилжүүлсэн.

Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, барьцааны зүйл болох ******* дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлж байгаад огт төлбөр төлөхгүй жил гаруй хугацаа өнгөрсөн. Талуудын байгуулагдсан гэрээний 3.5-т 2 сарын хугацаа хэтрүүлсэн тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар захиран зарцуулах эрхтэй гэж заасан.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр зохицуулсан байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-т заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох, ******* болон *******-ийн хооронд багуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №25 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны зүйл болох ******* дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШЗ2024/06921 дугаартай шүүгчийн захирамжаар ******* дугаарыг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах буюу аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Гэтэл *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль ёсны шаардлага, мэдэгдлийг хүлээн зөвшөөрч, мэдэгдэл дээр гарын үсэг зурсан атлаа ******* 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн.

Мөн ******* нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй байж бусдад хууль бусаар зээл олгож, мөнгө угааж, хууль бус орлого олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийж, бусдын хөрөнгийг завшиж, бусдад үлэмж их хэмжээний хохирол учруулсан болох нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч тогтоож, Г.Бархасбадь-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх нь маргаж буй маргааны зүйлийн талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч давж заалдах шатанд эрүүгийн хэргийн талаар шинэ нотлох баримт заасан нь хуульд нийцэхгүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ анхан шатанд нотлоогүй нь шүүхийн алдаа биш. Талуудын байгуулсан зээлийн хүчин төгөлдөр бөгөөд энэ төрлийн харилцааг зохицуулсан шинэ хууль батлагдахаас өмнө зээл олгосон компани нь эрх бүхий байгууллага байсан нь тогтоогдсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үүний үр дагаварт барьцааны зүйл болох гар утасны ******* дугаарыг буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь гэрээ хүчин төгөлдөр гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.

 

3. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч нь 120,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгчид олгож, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ******* дугаарыг барьцаалжээ.

Гэрээ байгуулах үед ******* дугаар нь барьцаанд байсан тул хариуцагч нь зээлийн дүнгээс 81,266,444 төгрөгийг тухайн барьцаалагч ******* руу шилжүүлж, үлдэх зээлийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн байна.

 

3.1. Гар утасны ******* дугаарын эзэмшигчээр 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гуравдагч этгээд Б.Амарбаясгалан бүртгэгдсэн.

 

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.1. Гэрээнд нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан, зохих бүртгэлийн дагуу гар утасны дугаарыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, нэхэмжлэгчид болон нэхэмжлэгчийн нэрлэн заасан этгээдэд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн зэргээр гэрээ бодитой хэрэгжсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэхгүй.

 

4.2. Талууд гэрээ байгуулах үед хариуцагч хуулийн этгээд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан бөгөөд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн тул уг хуулиар тусгайлан тавигдаж буй зөвшөөрлийн шаардлагыг энэ гэрээгээр зээл олгоход шаардахгүй гэж анхан шатны шүүх Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт нийцүүлэн зөв дүгнэсэн.

Мөн талууд бичгээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан.

Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй.

 

4.3. Талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулснаас хойш буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гар утасны дугаарыг хариуцагч нь гуравдагч этгээдэд шилжүүлсэн, түүнчлэн ******* нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй байж бусдад хууль бусаар зээл олгож, мөнгө угааж, хууль бус орлого олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийж, бусдын хөрөнгийг завшиж, бусдад үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэж эрүүгийн хэрэгт шалгагдаж буй гэх асуудал нь дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэл үүсгэхгүй.

 

5. Харин уг хүчин төгөлдөр зээлийн гэрээний хүрээнд гар утасны дугаар барьцаалсан үйл баримтын талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.

 

5.1. ******* дугаарын өмчлөгч нь ******* байх боловч гэрээний үндсэн дээр эзэмшиж буй нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн гар утасны дугаарыг барьцаалах, бусдад шилжүүлэх эрхтэй болно.

 

5.2. Гар утасны дугаарыг үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгон ашиглаж байгаа тохиолдолд тухайн дугаарын эзэмшил, ашиглалтын эрх, өмчлөл хэрхэн шилжих, мөн дугаарыг цаашид худалдан борлуулах, шилжүүлэх боломжийг талууд хэрхэн тохиролцсон нь гэрээний эрх зүйн шинжийг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.

Өөрөөр хэлбэл, талуудын тохиролцооноос шалтгаалан уг харилцаа нь фидуцийн гэрээний агуулгатай байсан уу, эсхүл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан уу гэдгийг тодорхойлох боломжтой.

 

5.3. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заасан.

Энэ зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байх үед талууд гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 3.5, 3.6 дахь хэсэгт үүргийн зөрчил гарсан тохиолдолд гар утасны дугаарыг худалдан борлуулахаар харилцан тохиролцсон.

Өөрөөр хэлбэл, талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гар утасны дугаарыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээг байгуулж, агуулгын хувьд мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан журмаар гар утасны дугаарыг худалдан борлуулахаар тогтсон, уг гэрээ хүчин төгөлдөр.

Энэ маргааны хүрээнд гар утасны дугаарыг худалдан борлуулах журам хэрэгжсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөхгүй.

 

6. Иймд зээл болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үүний үр дагаварт ******* дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д нийцсэн байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/07044 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ