Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 46

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, улсын яллагч Г.Мөнхболд, хохирогч Б.Г шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У холбогдох эрүүгийн 1940001050055 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, Б.У

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.У нь Б.Г г хувиараа жонш түүж байхад 2019 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 05 цагийн орчимд зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У “Б.Г гийн хоёр ах нь архи уучихсан байсан тэгээд бид дөрөв дээр ирээд муудалцах гээд байхаар нь би тантай юм ярихгүй ээ эрүүл үедээ надтай уулзаарай гэж хэлсэн. Тэр үед Б.Г  хүрч ирээд чи яах гээд байгаа гөлөг вэ гэхэд нь би чамтай муудалцах шаардлага надад байхгүй ээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Г  үгийн зөрүүгүй цохиод авсан, тэгсэн М гэдэг нь ах нь намайг цохиод байхаар нь доороо оруулж цохиод гарыг нь барьчихсан харин Б.Г г Төрөө барьчихсан байсан. Б.Г  ахиж ирээд миний нүүр лүү цохисон тэгэхээр нь би Б.Г д чи эхэлсэн шүү надад чамтай зодоон хийх ямар ч шалтгаан байгаагүй шүү гэж хэлээд хоёр удаа өшиглөсөн. Б.Г  намайг мангастаагүй цохисон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г  “Би 2019 оны 05 дугаар сарын 31-ний орой буюу 23 цагийн үед хүргэн ахтайгаа жонш олборлож үзэхээр явсан. Намайг очиход Б  гэх хүн, хүмүүс авчирч ухуулж байгаа гээд нийт 5 хүн байсан. Тэгээд ах бид гурав тэнд байсан хүмүүстэй уулзчихаад нүхний урд талаас ухаж эхэлсэн. Тэгээд би удалгүй та хоёр ухаж бай, би машиндаа очиж амарч байгаад ирье гэж хэлээд машиндаа очиж унтсан. Тэгээд өглөө үүрээр хүмүүс шуугилдаад байсан. Хүмүүс шуугилдаад байна гээд Б  ах доошоо явсан. Би араас нь гүйгээд очтол манай хүргэн ахтай Б.У маргалдаад зогсож байсан. Б.У манай хүргэн ахтай өмнө нь маргалдсан юм шиг байсан. Манай хүргэн ах бага зэрэг дайраад байсан. Намайг Б.У яах гээд байгаа юм бэ гэхэд чамтай огт хамаагүй гээд дайраад байхаар нь нэг удаа мангастсан, тэр бол үнэн. Төрөө гэх залуу намайг салгахаар би больсон. Гэтэл хүргэн ахтай Б.У муудаад байсан. би Төрөө гэх залууд одоо би муудахгүй гэж хэлээд байж байтал Б.У манай хүргэн ахын дээр гараад цохиж байсан. Тэгээд би Б.У дээш өндийлгөөд нэг удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс буюу Төрөө намайг дахин салгахаар нь би больсон. Намайг хүргэн ахыгаа босгох гээд тонгойтол Б.У гүйж ирээд эрүү хэсэг рүү өшиглөсөн. Би эрүүгээ дараад унатал дахин миний хамрын хэсэг рүү нэг удаа цохисон” гэв.

Хохирогч Б.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 05 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед хүргэн ах М төрсөн ах Г  нарын хамт Дархан сумын 2 дугаар багийн нутаг “Сайрын гол” гэх газар байх хуучин жоншны уурхай байсан газарт очиж өөрсдөө хувиараа ажилласан. Бид нарыг жонш ухах газраа ирэхэд бид нараас өмнө Б.У болон түүнээс гадна 4 залуу ирчихсэн бас жонш ухаж байсан. Бид нар “Сайрын гол” гэх газар очоод нэг судалтай газрыг 2 талаас нь дотогшоо ухаж эхэлсэн, нэг талаас нь бид нар, нөгөө талаас нь тэд нар ухаж байсан. Би “Сайрын гол” гэх газар очоод газар ухаж байгаад нэг цаг гарны дараа унтлаа гэж хэлээд машиндаа очоод унтсан. Манай 2 ах жоншоо ухаад үлдсэн. Тэгтэл намайг унтаж байтал 2019 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 05 цагийн үед хүмүүс хоорондоо муудаж байгаа чимээ гарахаар нь машинаас буугаад гүйгээд очтол манай хүргэн ах Мөнхцэлмэгтэй Б.У гэдэг залуу маргалдаад байж байсан. Тэгэхээр нь Б.У яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд танай ах чинь өөрөө өөдөөс олон юм яриад байна гэж хэлэхээр нь согтуу хүнтэй юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь над руу муухай хараад, над руу дайрахаар нь би Б.У нүүр лүү гараараа мангастаад цааш нь нилээн хүчтэй түлхсэн. Тэгтэл Б.У  хамт байсан залуучууд намайг хориод боль гэхээр нь би арагшаа ухарч алхаад Б.У холдсон. Намайг хориод байж байтал Б.У манай хүргэн ахыг унагаагаад дээр нь гарч суугаад толгой руу цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Б.У рүү гүйж очоод мөрнөөс нь түлхэж босгоод нэг удаа цохисон чинь У-ийг хамт явсан залуучууд нь бид хоёрыг салгаад цаашаа аваад явсан. Тэгэхээр нь хүргэн ахыг босгох гээд доошоо тонгойтол Б.У над руу гүйж ирээд миний эрүү хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд эрүүгээ дараад доошоо тонгойгоод хэвтээд өгтөл Б.У миний нүүр рүү дахин нэг удаа өшиглөөд чи өөрөө эхэлж намайг цохисон биз дээ хохь чинь гэж хэлээд надаас холдсон. Б.У  өшиглүүлээд миний ам, хамраас цус их гараад тогтохгүй байхаар нь Б.У  би чамтай муудахгүй ээ, гээд машин руугаа очоод суусан. Тэгээд Бор-Өндөр сумын эмнэлэгт ирж үзүүлэхэд намайг яаралтай Улаанбаатар хот руу яв гэж хэлсэн. Намайг Бор-Өндөр сумын эмнэлэг рүү явахад Б.У хамт ирсэн. Би архи уугаагүй. Харин надтай хамт явж байсан хүргэн ах М ах Г  хоёр архи уусан. Б.У архи уугаагүй, эрүүл байсан. Миний эрүү хоёр өөр газар хугарсан, хамрын яс хугарсан. Өөр учирсан гэмтэл шарх байхгүй. Би Б.У нүүрэнд нэг удаа цохисон. Гэхдээ надад цохиулаад Б.У биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан бүх зардал болон ажилгүй байх үеийнхээ цалинг нэхэмжилж байна. Би эмчилгээний үед гарсан баримтуудаа хэрэгт хавсаргасан” гэх мэдүүлэг /хх-н 32-33-р хуу/

Гэрч А.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг “Сайрын гол” гэх газар байдаг хуучин жонш олборлож байсан газар очиж жонш ухахаар аав Б, Б.У болон танихгүй 2 хүн, нийт тавуулаа 2019 оны 05 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед очсон. ... Тэгтэл шөнө 23 цаг өнгөрч байхад дахиад танихгүй 3 хүн газар ухахаар ирсэн. Сүүлд ирсэн 3 залуу бид нарын ухаж байсан нарийн судалтай газрын нөгөө талаас дотогш нь ухаж байсан. Тэгж байгаад манай аав шөнө дунд амрах гээд өөрийнхөө машин руугаа явсан. Нөгөө 3 залуугийн нэг нь бас амрах гэж байгаа бололтой машин руугаа явсан байсан. Би үлдсэн 3 хүнтэй хамт газар ухаж байтал надтай хамт явж байсан Б.У гэдэг залуу нөгөө 2 залуугийн нэгтэй  нь маргалдсан. Тухайн үед өглөө 05 цаг болж байсан. Б.У тэр ахтай маргалдаж байхад машинаас Б.Г  гүйгээд ирсэн, мөн манай аав машинаас гараад ирсэн. Б.Г  гүйж ирээд Б.У цаашаа бай, яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд Б.У өөдөөс нь танай ах чинь өөрөө олон юм яриад байна гэж хэлсэн. Тэгэхэд Б.Г  Б.У согтуу хүнтэй юу яриад байгаа юм бэ гэж хэлээд Б.У нүүр рүү нэг удаа гараараа цохиход нь би Б.Г г барьж аваад салгасан. Би Б.Г г барьж байгаад муудаж яах гээд байгаа юм бэ гэж хэлээд тэнд нь үлдээгээд би машин руу явж байтал Б.Г , Б.У дахин муудсан. Тэгтэл эргээд харсан чинь Б.У Б.Г гийн нүүрэнд нь өшиглөсөн байсан, хамраас нь цус гараад хамар хугарчихлаа гэж байсан. Тэгээд машинаа авчраад Б.Г г суулгаад Бор-Өндөр сум руу эмнэлэг рүү аваад явсан. Б.Г гийн хамраас цус гарч байсан, өөрөө хамар хугарчихлаа гэж хэлж байсан. Гэхдээ би эмнэлэг рүү очоогүй. Бид нар архи уугаагүй байсан. Б.У ч гэсэн архи уугаагүй байсан. Б.У эхлээд Б.Г гийн хамт явж байсан хүнтэй маргалдах шиг болсон, тэгээд Б.Г  тэр хүнийгээ өмөөрөөд Б.У цохисон. Энэ асуудлаас Б.У Б.Г гийн нүүрэнд өшиглөөд зодчихсон, хэдэн удаа өшиглөснийг нь хараагүй. Өшиглөхөөр нь гүйгээд очиход Б.Г гийн нүүрэнд  хоёр удаа өшиглөлөө гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 35-р хуу/

Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 05 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед байхаа хадам болох Г , Б.Г  нартай Бор-Өндөр сумын төвөөс хойшоо Дархан сумын 2 дугаар багийн нутаг “Сайрын гол” гэх газар байх хуучин жонш ухсан газар луу очиж жонш ухахаар явсан. ... Бид нарыг очиход бид нараас өмнө 5 залуу ирчихсэн газар ухаж байсан. Тэд нарын дунд надтай өмнө хамт ажиллаж байсан залуугийн найз Б.У гэдэг залуу байсан. Г  бид хоёр тэнд очоод газар ухаж байхдаа нэг шил архи уусан. ...Тэгэж байгаад Б.Г  унтах гээд машин руу яваад өгсөн. Г  бид хоёрыг газар ухаж байхад өглөө 05 цагийн үед Б.У надтай муудсан. Би өмнө нь Б.У  нэг удаа муудаж байсан юм, Б.У тэр асуудлаа яриад надтай маргалдсан. Б.У бид хоёрыг маргалдаж байхад Б.Г  машинаас гарч ирээд бид хоёрын голоор ороод Б.У цаашаа бай, яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд Б.У өөдөөс нь танай ах чинь өөрөө олон юм яриад байна шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд нь Б.Г  согтуу хүнтэй юу яриад байгаа юм бэ гэж хэлээд Б.У нэг удаа нүүр лүү гараараа мангастаж цааш нь түлхсэн. Тэгэхэд Б.У  хамт явсан залуучууд Б.Г г боль гэж хориглоод хойш нь холдуулсан. Энэ хооронд Б.У надтай зууралдаад намайг газар унагаагаад миний дээр гараад толгой руу мөргөсөн нэг удаа цохисон байх. Тэгэхэд Б.Г  гүйж ирээд миний дээрээс Б.У татаж босгоод нүүр лүү нь нэг удаа цохисон чинь Б.У  хамт явж байсан залуучууд нь Б.У цаашаа дагуулаад холдож байсан. Тэгээд намайг газар хэвтэж байхад Б.Г  татаж босгох гээд тонгойход Б.У гүйж ирээд Б.Г гийн эрүү орчим руу нь нэг удаа өшиглөсөн чинь эрүүгээ бариад доошоо хэвтсэн чинь Б.Г гийн нүүр рүү дахин нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд Б.Г гийн ам, хамраас цус гараад тогтохгүй байсан. Б.У Б.Г г өшиглөчихөөд хохь чинь, чи өөрөө эхэлж намайг цохисон шүү гэж хэлж байсан. Тэгээд Г , Ууган-Эрдэнэ, Б.Г  гурав хамт Бор-Өндөр сум руу эмнэлэг рүү явсан. Би нөгөө газартаа багаж хэрэгслээ хараад үлдсэн. Тухайн үед Б.Г н ам, хамраас цус гоожоод тогтохгүй байсан. Эмнэлэг дээр ирж үзүүлэхэд эрүүний яс нь 2 газар хугарсан байна гэж байсан. Б.У бага зэрэг уусан байсан, архи үнэртэж байсан. Миний согтолт гайгүй байсан. ... Ууган-Эрдэнийн нэг найз нь надтай хамт ажиллаж байсан бөгөөд тэр найз нь Б.У  хамт байхдаа одоогоос 4 сарын өмнө намайг баахан зодсон талаар ярьж байгаад сүүлдээ маргалдсан. Тэгээд энэ нь сүүлдээ  хэрүүл маргаан болсон. Б.У бид хоёрыг маргалдаж байхад Б.Г  гарч ирээд намайг өмөөрч байгаад ийм асуудал болсон” гэх мэдүүлэг /хх-н 6-7-р хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 271 дугаартай

  1. Б.Г н биед доод эрүү яс болон зүүн үений сэртэнгийн хэсгийн зөрөөгүй хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Доод эрүү яс болон зүүн үений сэртэнгийн зөрөөгүй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад  хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварийн тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн  шинэ гэмтэл байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 11-р хуу/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч Б.Б.У гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.У нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сайрын гол” гэх газар Б.Г тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж доод эрүү яс болон зүүн үений сэртэнгийн хэсгийн зөрөөгүй хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Г гийн мөрдөх шалгах ажиллагаанд өгсөн “...хүргэн ахыг босгох гээд доошоо тонгойтол Б.У над руу гүйж ирээд миний эрүү хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд эрүүгээ дараад доошоо тонгойгоод хэвтээд өгтөл Б.У миний нүүр рүү дахин нэг удаа өшиглөөд чи өөрөө эхэлж намайг цохисон биздээ хохь чинь гэж хэлээд надаас холдсон...” гэх мэдүүлэг

Гэрч А.Төрбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б.Г г барьж байгаад муудаж яах гээд байгаа юм бэ гэж хэлээд тэнд нь үлдээгээд би машин руу явж байтал Б.Г , Б.У дахин муудсан. Тэгтэл эргээд харсан чинь Б.У Б.Г гийн нүүрэнд нь өшиглөсөн байсан, хамраас нь цус гараад хамар хугарчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг

Гэрч А.Мөнхцэлмэгийн “...Б.Г  гүйж ирээд миний дээрээс Б.У татаж босгоод нүүр лүү нь нэг удаа цохисон чинь Б.У  хамт явж байсан залуучууд нь Б.У цаашаа дагуулаад холдож байсан. Тэгээд намайг газар хэвтэж байхад Б.Г  татаж босгох гээд тонгойход Б.У гүйж ирээд Б.Г гийн эрүү орчим руу нь нэг удаа өшиглөсөн чинь эрүүгээ бариад доошоо хэвтсэн чинь Б.Г гийн нүүр рүү дахин нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 271 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн биед учирсан гэмтлийг шүүгдэгч Б.У учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч, гэрч хэн аль нь мэдүүлсэн, хохирогчийн нүүрэн тус газар хоёр удаа өшиглөсний улмаас Б.Г гийн биед учирсан доод эрүү яс болон зүүн үений сэртэнгийн хэсгийн зөрөөгүй хугарал гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл, бусад гэмтэл болох хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. 

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдсэн хэр нь уг хор уршигт зориуд хүргэжээ. 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын хоорондох зүй бус харилцаа нөлөөлжээ.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч Б.У  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар тогтов.

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 2.316.229 төгрөг зарцуулсан гэж шүүгдэгчээс дээрх мөнгийг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан, үндэслэл бүхий баримтуудаар эмчилгээ болон бусад зардалд 508.625  төгрөг зарцуулсан болох нь тогтоогдож байна. Хэрэгт авагдсан хохирол нэхэмжилсэн баримтуудаас хоол, болон хүнсний бүтээгдэхүүн худалдсан авсан 152.994 төгрөг, юунд зарцуулагдсан тодорхой бус 62.400 төгрөг нийт 215.394 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Учир нь эрүүл мэндэд нь гэм хор учирсантай холбогдон хохирогч нэмэгдэл хоол, эсхүл эмнэлгийн байгууллагаас тогтоосон тусгай хоол, хүнс хэрэглэсэн тохиолдолд энэхүү зардлыг шүүгдэгч хариуцах үүрэгтэй юм. Дээрх тохиолдолд хохирогчийн хэрэглэсэн хоол, хүнсний бүтээгдэхүүн нь хүний өдөр тутмын хэрэгцээг хангах зориулалт бүхий бүтээгдэхүүн байна.  Хохирогч нь мэс засалд орохдоо эмнэлгийн хэрэгсэл буюу ялтас, шураг хэрэглэсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин болох 900.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч үүнийг бодож тогтооход шаардагдах нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсхүл сүүлийн 3 сарын цалингийн цэс хэрэгт байхгүй тул дээрх нотлох баримтыг бүрдүүлэн энэхүү хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай зөрчилдөөгүй тул тус шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

  1. Шүүгдэгч Б.У хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У 508.625 /таван зуун найман мянга зургаан зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Г д олгож, 215.394 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.У  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР