Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 48

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, улсын яллагч Г.Мөнхболд, шүүгдэгч О.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ш холбогдох эрүүгийн 1940000800053 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа, шагнал байхгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай О.Ш

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

О.Ш нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ний өглөө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг, О.Г-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн О.Г-ын эзэмшлийн “Huawei” P-8 маркийн гар утсыг шилжүүлж авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ш “О.Г  утсыг авсан нь үнэн. Утсыг аваад ломбарданд тавьсан” гэв.

Шүүгдэгч О.Ш мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хажуу айл болох найз А  гэрт 2 хүүхдээ аваад унтаж байтал 02-03 цагийн үед гаднаас миний таньдаг эгч болох Б  нь орж ирээд намайг “гараад ирээ, юм хэлье” гэхээр нь хувцсаа өмсөөд гараад очиход Б  эгч “Эгч нь танайд ороод ганц хоёр юм уучихъя” гэхээр нь “Та ямар хүмүүстэй яваад байгаа юм бэ” гэхэд “Эгч нь О  найз залуу болон түүний хоёр найзтай хамт явж байна” гэсэн. Тэгэхээр нь би “гэр орон цэвэрлээгүй муухай байгаа ш дээ” гэхэд Б  эгч “Зүгээр зүгээр” гэхээр нь би гэр рүүгээ дагуулж орсон. Ингээд манай гэрт орж ирэхэд Б  нь О  хуучин найз залуу Т өмнө нь таньдаг байсан О.Г , Э нар байсан. Тэд гаднаас орж ирэхэд 0.75 литрийн савалгаатай 3 шил Хараа гэх нэртэй архи, 2 том колатай аваад орж ирсэн. Ингээд бид хэд манай гэрт уг авчирсан архийг уусан. Ингээд уугаад сууж байтал Э нь гэртээ харилаа гээд явсан. Харин Б , О.Г , Т  бид дөрөв үлдсэн …Би тэр үед нь Б д хандан уурлаж “Өөрийн чинь дагуулж ирсэн хүмүүс ийм авир гаргаж байна, дараа нь хэрэв асуудал гарч энэ хашаанаас нүүхээр болвол та нар нүүлгэж чадах юм уу” гэхэд Б  өөдөөс уурлаж “Чи намайг цагдаа дээрээс батлан даалтаар авсандаа бардаад байгаа юм уу? намайг өөр авах хүн олддог юм” гэхээр нь миний уур хүрч албатай биш гэж бодоод Б гийн байцаагчид энэ талаар хэлэх гээд О.Г  утасыг гуйж авч ярьсан. Ингээд би О.Г  утсаар ярчихаад өмднийхөө арын халаасанд хийчихээд байж байтал О.Г  өөрөө миний халааснаас авсан. Энэ үед Б  нь О.Г , Т  хоёрыг дагаж явах гээд байхаар нь цагдаа дээрээс батлан дааж авсны хувьд “Б г явуулахгүй” гэхэд би өөрөө байцаагч дээрээ очиж батлан даалтаа солиулчихна гээд байхаар нь би дахин О.Г аас утсыг нь авч нойлд орж байцаагч руу нь ярих гэсэн боловч О.Г  утсанд нь нэгж байхгүй залгаж чадаагүй. Ингээд би О.Г  утсыг эргүүлж өгөхгүйгээр нойлын дээд хэсэгтээ нуучихсан юм. ...би О.Г аас авч нуусан rap утсаа нуусан газар байгаа эсэхийг шалгахад уг утас байсан. Би энэ талаар хэнд ч хэлээгүй юм. Ингээд би уг утсыг ахиж үзэж харахгүй байж байгаад 2019 оны 05 дугаар сарын 10-даар гаргаж ирээд өөрийн утасны дугаарыг хийгээд барьж байгаад 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хот руу хоёр хүүхдээ дагуулж явж найз Баяржаргалтай уулзаад “Давхар” дэлгүүрт байх ломбарданд Баяржаргалын иргэний үнэмлэхээр уг “Huawei” Р-8 маркийн гар утсыг 70.000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан юм ...Тухайн үед О.Г  нь манай гэрт ирсэн цаг хугацаанаасаа хойш намайг хэл амаар доромжилж шоглоод байхаар нь би айлгах гэж анх утсыг нь авч нуусан юм. Тэгсэн О.Г  цагдаад хандсан байсан. Би тухайн үед цагдаа нарыг утасны талаар асуухад нь “Мэдэхгүй” гэж хэлсэн. Учир нь би Б гоос санаа зовоод тэгээд хэлчихсэн юм. Хэрэв би утсыг нь тухайн үед гаргаад өгчихсөн байвал Б  намайг гадуур муу ярих байсан юм. Би тэгэж бодоод гаргаж өгөөгүй. Уг нь анх бол би О.Г ыг айлгах гэж утсыг нь нуусан байсан. Даанч гаргаж өгөхөд нийлээд оройтсон байсан. Би ажил хөдөлмөр эрхэлдэггүй юм. Тухайн үед ээжтэйгээ муудалцаад гэрээсээ хөөгдөхдөө хоёр хүүхдээ дагуулаад Хэнтий аймгийн Чингис хот руу найз Баяржаргал дээрээ очсон юм. Тэгсэн Чингис хотод очоод гадуур явж байхад манай хоёр хүүхэд өлсөөд байна гэхээр нь тухайн үед мөнгөгүй байсан учир О.Г  утсыг ломбарданд тавьж хоёр хүүхэддээ хоол унд авч өгсөн. Би өөрийн хийсэн буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Би О.Г  утсыг ломбарднаас эргүүлж авч өгөн хохиролгүй болгоно. Иймд миний хийсэн хэрэгт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж шүүх хяналтын байгууллагаас хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-н 41-42-р хуу/

Хохирогч О.Г  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид Ш гэрт ороод 0.75 литрийн савалгаатай 1 шил архийг л уусан байсан. Би бааранд байхдаа 4 ширхэг пиво уусан байсан болохоор нилээн согтсон байсан …ингээд бид босож би дэлгүүр рүү явж Ш хоёр хүүхдэд идэх зүйл, өөрсдөдөө бэлэн гоймон аваад Ш гэрт ирсэн. Намайг дэлгүүр рүү яваад ирэхэд тэд мөн л архи ууж байсан. Ингээд би гоймон дэвтээлгэж идэх зуураа дахин архи уусан. Энэ үед О.Ш нь миний гар утсыг гуйгаад авсан юм. Ингээд О.Ш нь гар утсаар ярьчихаад надад утсыг маань эргүүлж өгөөгүй. Тэгэхээр нь би Ш  өмднийхөө арын халаасанд хийсэн байх үед нь өөрөө авсан. Ингээд үргэжүүлэн уугаад сууж байхад О.Ш нь дахин миний утсыг гуйж авсан юм. Ингээд миний утсыг авч гэрээс гараад удалгүй орж ирэхээр нь би Ш “Утсаа авъя” гэж хэлэхэд О.Ш нь “Чи надад утсаа өгөөгүй шүү дээ” гээд миний утсыг өгөхгүй байсан. Тийм болохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан. Миний Ш  өгсөн гар утас нь хар өнгийн корпустай Huawei Р-8 маркийн гар утас байгаа. Би энэ утсаа 2018 оны 10 дугаар сард 750.000 төгрөгөөр зээлээр авч байсан юм. Уг утсыг нээхэд код шаардагддаг. Ш  миний утасны кодыг асуухаар нь би хэлж өгсөн. Миний утасны код нь тоогоор буюу 0318 гэсэн кодтой байсан. Би утсаа эргүүлэн олж аваагүй байгаа. Одоо хаана байгаа эсэхийг би хэлж мэдэхгүй, хамгийн сүүлд О.Ш л надаас утсаар ярина гэж авсан цаг хугацаанаас хойш би утсаа дахин хараагүй. Би алдсан гар утсаа олоод авчихвал миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Ш Huawei Р-8 маркийн гар утсаа, эсвэл 500.000 төгрөгөө нэхэмжилнэ. Хэрэв утсыг маань эргүүлж өгвөл цаашид нэхэмжлэх болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 6-7-р хуу/

Гэрч Г.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би О.Ш гэх хүнтэй найзлаад 3-4 жил болж байна. О.Ш нь манай дунд ах Ган-Эрдэнэтэй үерхдэг байж байгаад нээх удалгүй хоёр тийшээ болсон тэрнээс хойш Ш эй найзалдаг болсон. Манай найз Т  21-22 хоногийн өмнө байх яг хугацааг нь санахгүй байна Ш  ямар гар утас барьж байна харчхаарай гэсэн юм. 2019 оны 05 дугаар сарын 06, 07-ны үед байх О.Ш  эгч нь гар утастай болсон гээд чат бичихээр нь аваад ир харъя гэсэн тэгтэл О.Ш хоёр хүүхдийнхээ хамт манай гэрт ирсэн юм. Манайд ирэхдээ Huawei гэсэн бичигтэй хар өнгийн ямар нэгэн кейсгүй гар утас барьчихсан явж байсан тэгэхээр нь гар утасных нь зургийг аваад Т д харуулахад О.Г  утас мөн байна гэж хэлсэн. Миний гар утсан дээр дарсан зургийг манай ээж Булганаа оролдож байгаад устгачихсан байсан. Ард талын камерны хавьд цуурсан зураас байсан. Т  ард талдаа камерны ойр орчимд цуурсан зураастай гэж байсан…” гэх мэдүүлэг /хх-н 16-17-р хуу/

Гэрч Н.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр намайг гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт байж байхад манай Бор-Өндөр суманд ажиллаж амьдардаг О.Ш гэх найз маань 2 хүүхдээ дагуулаад манай гэрт ирсэн. Ингээд О.Ш нь тэр өдрөө манай гэрт 2 хүүхдийнхээ хамт хоноод маргааш нь буюу 2019 оны 05 дугаар 15-ны өдөр О.Ш нь өөрийн барьж байсан Huawei P-8 маркийн гар утсыг ломбарданд тавих хэрэгтэй байна, 2 хүүхдэдээ хоол авч өгөх гэсэн юм, би иргэний үнэмлэхгүй учир чи ломбарданд тавьчих гэхээр нь би зөвшөөрөөд О.Ш барьж байсан хар корпустай Huawei P-8 гар утсыг өөртэй нь хамт Хэнтий аймгийн Хэрлэн суманд байх Шүүх, Прокурорын байгууллагын замын хойд талд байрлах Гар утас ломбард гэх нэртэй ломбарданд 70.000 төгрөгөөр тавьсан. Ингээд уг 70.000 төгрөгийг О.Ш аваад хүүхдүүдээ болон өөртөө зарцуулсан. О.Ш нь манайд 2 хоночихоод 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай гэрээс найзындаа очиж хононо гээд явсан. Энэ цаг хугацаанаас хойш би дахин Ш эй холбоо бариагүй. Тэгсэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр уг утас тавьсан ломбардны эзэн над руу залгаж таны тавьсан утасны хугацаа дуусч байгаа шүү гар утасныхаа хугацааг сунгах уу гэхээр нь би сунгана гэж хэлж сунгалтаа хийлгэчихээд нөхөртэйгээ ярилцаж байгаад 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ш тавиулсан Huawei P-8 маркийн гар утсыг 75.000 төгрөг төлж авсан. Учир нь уг утсыг алдаад яахав гэж бодоод авчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23 хуу/

Гэрч Д.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “О.Ш нь айлын том охин, доороо 2 эмэгтэй дүүтэй, багаасаа эцэггүй өсөж ээжийн хүмүүжлээр өсөж торнисон хүүхэд байгаа юм. Бага насандаа Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд хүүхэд насаа өнгөрөөж сургуульд буюу нэгдүгээр ангид орохдоо Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ээж дүү нарын хамтаар ирж эрдэм боловсролтой болсон. О.Ш нь бүрэн дунд боловсролтой, 10-н жилээ төгсөөд их, дээд сургуульд суралцаагүй шууд ажил хөдөлмөр хийж ажиллаж эхэлсэн. О.Ш нь бага балчир наснаасаа амьдрал ахуй нь тийм ч таатай байгаагүй, амьдралын нөхцөл тааруу байсан. Хувь хүний зан чанарынхаа хувьд бага насандаа их л дуулгавартай, томоотой хүний үгнээс гардаггүй их сэргэлэн цовоо хүүхэд байсан. Ажилсаг, хөдөлмөрч найз нөхөдийн хүрээнд нэр хүнд сайтай хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 24 хуу/

Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Би Ш миний бичиг баримтыг ашиглаж тавиулсан Huawei P-8 маркийн гар утсыг ломбарданд алдахгүйн тулд 75.000 төгрөг төлөөд авчихсан. Иймд би Ш энэ 75.000 төгрөгийг л нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-н 9 хуу/

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 27-р хуу/,  эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-н 33-34-р хуу/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 35-р хуу/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 49-р хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч О.Ш  гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Дээрх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах дараах үйл баримтыг тогтоов. Мөрдөгч хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Ш нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Говийн 3-1320 тоот дахь гэртээ байхдаа О.Г  Хуй Вай Пи-8 /Huawei P-8/ загварын гар утсыг нь “ярьчихаад өгье” гэж хуурах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан шилжүүлэн авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч О.Г  “...О.Ш нь дахин миний утсыг гуйж авсан юм. Ингээд миний утсыг авч гэрээс гараад удалгүй орж ирэхээр нь би Ш “Утсаа авъя” гэж хэлэхэд О.Ш нь “Чи надад утсаа өгөөгүй шүү дээ” гээд миний утсыг өгөхгүй байсан...” гэх мэдүүлэг

Гэрч Г.О  “...О.Ш эгч нь гар утастай болсон гээд чат бичихээр нь аваад ир харъя гэсэн тэгтэл О.Ш хоёр хүүхдийнхээ хамт манай гэрт ирсэн юм. Манайд ирэхдээ Huawei гэсэн бичигтэй хар өнгийн ямар нэгэн кейсгүй гар утас барьчихсан явж байсан тэгэхээр нь гар утасных нь зургийг аваад Т д харуулахад О.Г  утас мөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг

Гэрч Н.Баяржаргалын “...О.Ш нь тэр өдрөө манай гэрт 2 хүүхдийнхээ хамт хоноод маргааш нь буюу 2019 оны 05 дугаар 15-ны өдөр О.Ш нь өөрийн барьж байсан Huawei P-8 маркийн гар утсыг ломбарданд тавих хэрэгтэй байна, 2 хүүхдэдээ хоол авч өгөх гэсэн юм, би иргэний үнэмлэхгүй учир чи ломбарданд тавьчих гэхээр нь би зөвшөөрөөд О.Ш барьж байсан хар корпустай Huawei P-8 гар утсыг өөртэй нь хамт Хэнтий аймгийн Хэрлэн суманд байх Шүүх, Прокурорын байгууллагын замын хойд талд байрлах Гар утас ломбард гэх нэртэй ломбарданд 70.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Шүүхээс шүүгдэгч О.Ш  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч О.Ш  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгчийг “хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч О.Г  алдсан гэх “Хуа Вэй Пи-8” загварын гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 35-р хуу/ хэрэгт авагдсан мөн иргэний нэхэмжлэгч Н.Баяржаргал нь “О.Ш нь 2019.07.02-ны өдөр 70.000 төгрөгийг надад өгсөн тул миний бие гомдолгүй” гэх бичгийг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд өгсөн байх тул шүүгдэгчийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ш  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч О.Ш  өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн                              36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг

тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч О.Ш  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш  240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Тамгын газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл О.Ш  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР